Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Хохирогч Л.Б

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ө-О,

Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт З.Г-д холбогдох 2009006020287 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Гүүд Экспресс Транс ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан гэх Д овогт З.Г. /РД:ЖЯ86032333/,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд Л.Б-тай хоолой боож, цамц урлаа гэх шалтгаанаар маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, 31 -р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэнд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд Л.Б-тай хоолой боож, цамц урлаа гэх шалтгаанаар маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж биед тархи доргилт, 31-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 20090006020287 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие шүүгдэгчтэй ямар нэгэн танилын холбоогүй, тухайн хэрэг болох өдөр уулзсан. Би Баттулгатай ажлын найзууд. Б.Б, Д.Б хоёр миний урд явсан, би ард нь Б-ын найз гэх залуутай хамт явсан. Тэгээд бид хоёр яг юунаас болж хоорондоо маргалдсаныг санахгүй байна. Нэг мэдэхэд би тэр З.Г гэдэг залуутай зууралдаад байж байсан. ...тэр залуу миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гарч нүдний шил газарт унаж рам нь гажиж нэг талын шил нь хагарсан байсан. Амнаас цус гараад байхаар нь харсан чинь нэг шүд хугараад газарт уначихсан байсан. Намайг мөргөсөн залууг чи яаж байна аа гээд ардаас нь бариад авсан. Тэгсэн чинь Б, Б 2 цаанаас ирээд бид хоёрыг салгасан. 518000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Эмчилгээ хийлгэсэн болон цаашид хийлгэхэд 7.460.000 төгрөг болно. Иймд хохирлыг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

 

- Шүүгдэгч З.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Б-ын эхнэр над руу утсаар залгаж “найзыгаа очоод авчих” гэж хэлсэн. Намайг очиход Б, Б нар нилээд согтсон байдалтай байсан.Б.Булган хүрч ирээд бид дөрөв хамтдаа гарцгаасан. Л.Баярмагнай гадаа гарчхаад ...нэмж ууя явъя өөр газар орно гээд байсан. Тэгэхээр нь би одоо та хоёр болсон байна. Би Д.Б-ыг хүргэж өгчхөөд явлаа гэсэн. Би түрүүлээд Б.Б-тай хамт юм яриад явж байсан. Тэгсэн чинь тэр 2 маргалдаад Баярмагнай гэдэг залуу манай найз н.Баттулга руу дайраад хоорондоо зууралдаад хүзүү амыг нь боогоод байсан. ...тэр залуу над руу асаад хүзүү хоолой боогоод цамц ураад 2-лаа үзэх үү тулах уу гээд өөдөөс агсарсан. ...намайг цохих гээд гараа далайхаар нь би бултсан. Тэгээд Л.Б намайг цохих гээд дайраад ирэхээр нь би татсан. Тэгээд миний толгой руу нүүрээрээ тулаад мөргөлдсөн. ...би Л.Б-ийн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирлыг төлнө. Би өөрийн найз эмч нараар шүдийг нь янзлуулж өгнө гэж хэлсэн боловч зөвшөөрөхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

            - Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би З.Г-тэй урд талд нь түрүүлээд алхаад явж байсан чинь хойно байсан Баярмагнай, Баттулга нар хоорондоо муудалцаад заамдалцаад авсан байсан. Тэгэхээр нь Г бид хоёр очоод салгаад би Баттулгыг аваад баруун тийшээ ажлын зүг явсан. Тэгээд Баярмагнай, З.Г хоёр ард үлдсэн. Тэгсэн чинь ардаас Б ирчхээд намайг З.Г цохиод миний шүдийг хугалчихлаа гэж харуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

            - Гэрч Л.Б, Б.Б нарыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            - Шинжээч эмч С.Ч-ээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

            - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2204 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Л.Б-н биед тархи доргилт, 31-р шүдний булгарал, буйланд цус хуралт, 32, 41-р шүдний ганхалт, ёзоор сулрал, эрүүнд зулгаралт, доод уруулын дотор салстад цус хуралт, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/,

               Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

               Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, бусад холбогдох баримтууд /хх-ийн 47-59-р хуудас/,

               Хохирогч Л.Б-н хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт болон хохирол төлсөн баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

               Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн СБ1-20-314 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 20090006020287 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд Л.Б-тай маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/, яллагдагч З.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 8-9, 32 дугаар хуудас/, гэрч Б.Б-ы мэдүүлэг /хх-ийн 11-12/ дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2204 дугаартай дүгнэлтийн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Л.Б, Б.Б нарыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 66-67 дугаар хуудас/, шинжээч эмч С.Ч-ээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, хохирогч Л.Б-д хохирол төлсөн баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн СБ1-20-314 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ө-О нь улсын яллагчийн саналыг дэмжиж, гэм буруутайд тооцуулах санал гаргасан,  

Шүүгдэгч З.Г нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Г-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч З.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд Л.Б-тай маргалдаж нүүр рүү нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохиж ...эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр залуу миний нүүр рүү нэг удаа мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гарч нүдний шил газарт унаж рам нь гажиж, нэг талын шил нь хагарсан, амнаас цус гараад байхаар нь харсан чинь нэг шүд хугараад газарт уначихсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/,

Шүүгдэгч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний толгой руу нүүрээрээ тулаад мөргөлдсөн. ...би Баярмагнайн нүүр рүү нэг удаа гараараа цохисон. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

            - Гэрч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ардаас Б ирчхээд намайг З.Г цохиод миний шүдийг хугалчихлаа гэж харуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

            - Шинжээч эмч С.Ч-ээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2204 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Г-ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн архи ууж согтуурсан байдал, шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Энэ хэргийн улмаас хохирогч Л.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэсэн 8000 төгрөг, Натур эмнэлэгт толгойн компьютер томографикийн шинжилгээний 120.000 төгрөг, Улаанбаатар Сонгдо эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлсэн 25.000 төгрөг, “Дижитал дентал оффис” шүдний эмнэлэгт үзлэг, эмчилгээ, цэвэрлэгээ, шүдний рентген зураг авахуулсаны 320.000 төгрөг, эмийн зардалд 45.000 төгрөг, нийт 518.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /хх-ийн 36-37 дугаар хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч З.Г нь дээрх эмчилгээний зардал болох 518.000 төгрөгийг хохирогчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт /хх-ийн 61 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Л.Б-н эмчилгээний зардлын 66.130 төгрөг, нүдний шилний хохирол 51.000 төгрөг нийт 117.130 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.Г-ээс дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б хохиролтой холбоотой  “Цагаан паалан ХХКомпани” 7460000 төгрөгийн орлогын ордерын тасалбарын 6 ширхэг баримтыг гаргаж өгсөн бөгөөд тус орлогын ордерын баримтыг төлбөрийн баримт гэж үзэх боломжгүй байна.

Төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж хуульчилсан байна.  

Мөн “Цагаан паалан” шүдний эмнэлгийн тодорхойлолтод 4 төрлийн эмчилгээ хийгдэж байгаа, цаашид 2 төрлийн эмчилгээ нь 5, 6 дугаар саруудад хийгдэнэ, эмчилгээ хийгдэж дуусаагүй гэж байх тул эмчилгээ хийгдэж дууссаны дараа хохирлын баримтаа бүрдүүлэн хохирогч Л.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй. Шүүгдэгчээс 117.130 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа:

“...Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тэрээр хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. З.Г нь өмнө нь шүүхээс  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял авч, шийтгүүлж байсан. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч нь прокурорын эрүүгийн хариуцлагатай хүлээлгэх дүгнэлттэй маргалдаагүй болно.

 

Шүүгдэгч З.Г хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Г нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт гаргасан тул шүүх хуралдаанд түүнийг өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт З.Г /РД:ЖЯ86032333/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Д овогт З.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д овогт З.Г-ээс 117.130 /нэг зуун талан нэгэн мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт Л.Б /РД:НЭ85082410/-д олгосугай.

 

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Хохирогч Л.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын 7460000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН