Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2021/02354

 

 

 

 

 

 

 

 

   2021             09            28                                         184/ШШ2021/02354                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүсийн 22 тоот хаягт байрлах “И” ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, сонсголон 181, Р үйлдвэрийн байр, 55 тоот хаягт байрлах Р ХК-д /регистрийн дугаар: 5191823/ холбогдох

 

“Үлдэгдэл төлбөр 38,855,000 төгрөг гаргуулж, 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг “И” ХХК-ийн нэр дээр шивэхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.Манай компани нь “Р” ХК-д бетоны нэмэлт бүтээгдэхүүн худалдах, “Р” ХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг өөрийн үйлдвэрлэдэг бетон зуурмаг эсхүл мөнгөн хэлбэрээр төлж байхаар харилцан тохиролцож, хамтран ажилласаар ирсэн. 2019 онд” Р” ХК-д нийт 93,600,000 төгрөгийн үнэ бүхий үнэ бүхий 36,000 кг  РС2 /Пи Си 2/  төрлийн бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагчийн зүгээс бэлэн мөнгө төлөх болосжгүй гэсэн тул төлбөртөө “ Х” ХХК-д бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. “Р” ХК тохиролцсоны дагуу Х ХХК-д бетон зуурмагийг нийлүүлээд явж байсан боловч 54,745,000 төгрөгийн үнийн дүнтэй 337 м3  бетон зуурмагийг нийлүүлж байгаад нийлүүлэлтээ зогсоосон.Үлдэх төлбөртөө оногдох бетон зуурмагийг нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч нийлүүлээгүй, мөнгөн хэлбэрээр ч төлөөгүй.Өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 38,855,000 төгрөгийг төлөхгүйгээр манай компанийг хохироосоор байна.Манай компани...хариуцагчид өөрийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэд тохирох 93,600,000 төгрөгийн НӨАТ-ыг 2019 оны 09 сарын 17-нд бүрэн шивж өгч тооцоо дууссан.Харин хариуцагч нь дээрх хуулиудыг зөрчиж Х ХХК-д нийлүүлсэн 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шивж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна...шаардлага тавьсан. Бид “Р” ХК-д удаа дараа шаардлага тавьж байсан боловч хариуцагч нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ НӨАТ-ын шивэлтийг хийж өгөхгүй байсаао 2020 оны 12 сарыр хүрсэн. Бид арга буюу  Х ХХК-д 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг  2020.12.20-ны өдөр шивж  тооцоо нийлсэн.Иймд  “Р” ХК-аас 38,855,000 төгрөгийг гаргуулж,54,745,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг манай И ХХК-ийн нэр дээр шивэхийг хариуцагчид даалгаж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайрбарт... “И” ХХК нь “Р” ХК-д холбогдуулан “1-рт бетоны нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрт 38,855,000 /гучин найман сая зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулах, 2-рт 337 м3 бетон зуурмагийн үнэ болох 54,745,000 /тавин дөрвөн сая долоон зуун дөчин таван мянган/ төгрөгийн НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдснаар тайлбарлан тодруулж байна. Үүнд:

1.Бетоны нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрт 38,855,000 /гучин найман сая найман зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“И” ХХК нь бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Р ХК-тай амаар харилцан тохиролцсоны дагуу түүний хүссэн хэмжээгээр бетоны нэмэлт бүтээгдэхүүн худалдаж, нийлүүлэх, худалдан авагч Р ХК нь бараа бүтээгдэхүүний үнийг бартераар буюу худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнэтэй дүйцэх өөрийн үйлдвэрлэдэг бетон зуурмагийг манайд шилжүүлэн өгөх, эсхүл мөнгөн хэлбэрээр төлж байхаар болсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд үүссэн дээрх тохиролцоо нь худалдах, худалдан авах гэрээ болох юм. Бетоны нэмэлт бүтээгдэхүүн нь хөдлөх эд хөрөнгө учир гэрээг заавал бичгээр хийхийг шаардахгүй бөгөөд амаар харилцан тохиролцож, хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн тохиолдолд ХХАГ-г байгуулсанд тооцдог. Худалдан авагч “Р” ХК нь 2019 онд 36,000 кг PC2 /Пи Си 2/ төрлийн бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авсан бөгөөд үүний нийт үнэ нь 93,600,000 төгрөг болсон. Хариуцагчийн зүгээс бетоны нэмэлт бүтээгдэхүүний төлбөртөө өөрсдийн үйлдвэрлэдэг бетон зуурмагийг бидний гаргасан хүсэлтийн дагуу нийлүүлэх, зарим төлбөрийг мөнгөөр төлж байхаар тохиролцсон. Манай компанийн хувьд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй тул өөрийн нэр дээрх бетон зуурмагийг хүлээн авах, хэрэглэх боломжгүй байсан. Тиймээс барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-д “Р” ХК-аас авах бетон зуурмагаа худалдахаар болсон бөгөөд худалдан авагчид хүсэлт тавьсны дагуу өөрийн төлбөртөө авах бетон зуурмагаа шууд “Х” ХХК-д нийлүүлэхээр болсон юм. “Р” ХК нь тохиролцсны дагуу “Х” ХХК-д 54,745,000  төгрөгийн үнийн дүнтэй 337 м3 бетон зуурмагийг нийлүүлсэн байдаг. Үүнээс хойш дахин бетон зуурмаг нийлүүлээгүй. Үлдэх 38,855,000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл манайд төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 38,855,000 төгрөгийг төлөхийг шаардаж байгаа юм.

 

2. 337 м3 бетон зуурмагийн үнэ болох 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах

Дээр дурдсанчлан талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 93,600,000 төгрөгийн үнэ бүхий бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг худалдсан. Үүнээс худалдан авагч буюу хариуцагчийн зүгээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 54,745,000 төгрөгөнд дүйцэх 337 м3 бетон зуурмагийг бидний гаргасан хүсэлтийн дагуу “Х” ХХК-д нийлүүлсэн...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий Монгол улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний борлуулалт хийсэн этгээд нь албан татвар суутган төлөгч байна” гэж заасан байх ба албан татвар суутган төлөгч нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д заасны дагуу бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэг хүлээсэн байдаг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан байдаг...Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Р ХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан тухай бүрт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй бөгөөд өгөхөөс татгалзахыг хориглоно гэж заасан байх тул төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримт нь худалдсан бараа бүтээгдэхүүний дагалдах баримт бичиг болохоор байна...Бид “Р” ХК-д удаа дараа шаардлага тавьсан боловч хариуцагч нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ төлбөрийн баримтыг олгохгүй байсаар 2020 оны 12-р сар хүрсэн. Бид арга буюу “Х” ХХК-д 54,750,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг 2020 оны 12 сарын 20-ны өдөр шивж өгч тооцоо нийлсэн. Иймд “Р” ХК-ийн худалдсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийн баримтыг олгохыг буюу 54,750,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг манай И ХХК-ийн нэр дээр шивэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.. Өмнөх 2021 оны 7 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх талаар уулзах тооцоогоо гаргахаар  мөн талууд эвлэрэх боломжтой юм байна гээд шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Тооцоо нийлэхэд И ХХК-ийн тооцоо дээр 2017 онд Р ХК-д 541,388 төгрөгийн өглөгтэй болох нь гарч ирсэн, тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 541,388 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагчаас 38,313,612 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжилж байна... Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэдэг нь манайд нийлүүлсэн барааны дагалдах зайлшгүй хамт байх баримт бичиг юм. Төлбөрийн баримтыг шивж өгөөчээ гээд хариуцагчид гаргуулах нь хуульд нийцсэн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Манайх бетон зуурмагын нэмэлт бүтээгдэхүүнийг хийдэг. Манайхаас авсан бүтээгдэхүүнээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд зуурмаг гаргадаг  газар нь Р ХК юм гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                       

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч  “И” ХХК нь  хариуцагч  “Р” ХК-д холбогдуулан  “Үлдэгдэл төлбөр 38,855,000 төгрөг гаргуулах, 337 м3 бетон зуурмагийн 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр хийхийг хариуцагчид даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

                      

            1.Үлдэгдэл төлбөр 38,855,000 төгрөг гаргуулах”  тухай шаардлагын талаар:

 

        Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: “И” ХХК нь бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүн, хариуцагч “Р” ХК нь бетон зуурмаг үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд Р” ХК нь бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээс худалдан авах, худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрт бетон зуурмаг нийлүүлэх эсхүл төлбөрийг төлөхөөр талууд амаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдов. /хх 4-21, 45 /

 

         Үүний дагуу “И” ХХК нь 93,600,000 төгрөгийн үнэ бүхий 36,000 кг  РС2 төрлийн бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийг “Р” ХК-д бэлтгэн нийлүүлсэн болох нь нотлогдсон, худалдан авагч тал “Р” ХК нь худалдан авсан бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийхээ төлбөрт 93,600,000 төгрөгийг   төлөх боломжгүй тул бетон зуурмаг нийлүүлэхээр амаар харилцан тохиролцсон ба  худалдагч  “И” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаггүй  тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Х” ХХК-д   “Р” ХК-аас төлбөрт авах бетон зуурмагаа худалдах, “Р” ХК-аас  93,600,000 төгрөгийн бетон зуурмагыг “Х” ХХК-д шууд нийлүүлэхээр болсон бөгөөд үүнд талууд маргаагүй.

 

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу “И” ХХК нь 93,600,000 төгрөгийн үнэ бүхий 36,000 кг РС2 төрлийн бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийг “Р” ХК-д бэлтгэн нийлүүлсэн байна.

 

         Хэдийгээр талууд бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх талаар худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний гол нөхцөлийн талаар амаар харилцан тохироцож, худалдагч тал  “И” ХХК нь 93,600,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлсэнийг худалдан авагч тал  “Р” ХК  хүлээн авч өөрийн  үйлдвэрлэдэг бетон зуурмагт ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

 

         Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно“ гэж, энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт ” Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тус тус зохицуулжээ.

          Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзлээ.

         Хариуцагч “Р” ХК-аас Х болон түүний хамаарал бүхий компаниудад 93,600,000 төгрөгийн  бетон зуурмаг нийлүүлэх  байсан боловч 54,745,000 төгрөгийн  337 м3  бетон зуурмагийг нийлүүлж, үлдэх  38,855,000 төгрөгт тооцогдох бетон зуурмаг нийлүүлээгүй болохоо хариуцагч талаас хүлээн зөвшөөрдөг ба харин уг төлбөрөөс  “И” ХХК-ийн төлөх 541,388 төгрөгийг  хасуулна гэж маргасан.

 

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд тооцоо нийлж, нэхэмжлэгч талаас 2017 онд Р ХК-д 541,388 төгрөгийн өглөгтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа 541,388 төгрөгийг хасаж, үлдэх 38,313,612 төгрөгийг   шаардаж байгааг хариуцагч тал төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь 2021оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Уянгаас...38,855,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, бага  хэмжээний зөрүү байгаа нягтлангууд хоорондоо ярилцаад болчихно гэх тайлбараар нотлогддог./хх 83/

       Түүнчлэн хариуцагч талаас хуульд заасны дагуу хариу тайлбараа бичгээр шүүхэд ирүүлээгүй  боловч үлдэгдэл төлбөрийг төлөхийг   хүлээн зөвшөөрсөн болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүгчийн туслахыг утсаар ярихад 38,313,612 төгрөгийг зөвшөөрч байгаа гэсэн талаарх тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзаж,  38,313,612 төгрөг  шаардаж байгааг  хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэж  шүүх дүгнэлээ.

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заажээ.

 

          Дээрх шаардлагад зохигчид хоорондоо мэтгэлцээгүй байх тул хуульд заасны дагуу зохигчид эвлэрсэн гэж шүүх үзсэн тул  зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

             2. “54,745,000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр шивэхийг  хариуцагчид даалгах”  шаардлагын талаар:

 

        Хариуцагч “Р” ХК нь бетон зуурмаг үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2019 онд бетон зуурмагийн  нэмэлт бүтээгдэхүүнийг  “И” ХХК-аас  худалдан авч, бетон зуурмаг үйлдвэрлэх үйл ажиллагаандаа ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь тогтоогдсон, мөн “Р” ХК нь 93,600,000 төгрөгийн бетон зуурмагийг “Х” ХХК-д  нийлүүлэх байснаас 54,745,000 төгрөгийн  зуурмаг нийлүүлсэнээ хүлээн зөвшөөрдөг,

       энэ талаар талууд маргаагүй боловч хариуцагч талаас 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр шивэхийг даалгах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

        Нэхэмжлэгч талаас: “Р” ХК нь 93,600,000 төгрөгийн бетон зуурмаг Х” ХХК-д  нийлүүлэх байснаас 54,745,000 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн, “Х” ХХК  нь  дээрх нийлүүсэн бетон зуурмагын НӨАТ-ын баримтыг хариуцагч “Р” ХК-аар  шивүүлсний дараа манайхтай тооцоо нийлнэ гэсэн шаардлага тавьсан боловч хариуцагчаас төлбөрийн баримтыг олгоогүй тул  манайх 2020.12.20-ны өдөр шивж өгч /54,745,000 төгрөг/ тооцоо нийлсэн гэж тайлбарладаг.

 

        Хариуцагч талаас “НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр шивэхийг даалгах “ гэсэн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа хэдий ч   үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” гэж заасны  дагуу шүүхэд татгалзаж буй үндэслэлийнхээ талаар бичгээр тайлбар гаргаагүй,

         25.2.2 дах хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж,   энэ хуулийн  38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.      

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дах хэсэгт “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж,

17.5 дах хэсэгт “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн тул хариуцагч тал дээрх хуульд заасны дагуу худалдсан бараа бүтээгдэхүүнд баримт олгох юм.

Иймээс уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой  талаас нь  үнэлж  хэргийг  хянан шийдвэрлэв.

 

Шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2021/04884  дугаар захирамжаар хариуцагч “Р” ХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 38,855,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг   баталгаажуулсанг хэвээр үлдээв. /хх40/

Хариуцагч талаас “Бүтээгдэхүүн худалдан авсан НӨАТ-ын 543,433,612 төгрөгийн бичилт хийхийг даалгах “ тухай сөрөг шаардлага гаргасныг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар  үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох боломжгүй гэх үндэслэлээр шүүгчийн 2021.07.20-ны өдрийн 184/ШЗ/07718 дугаар захирамжаар  хүлээн авахаас татгалзсан болохыг дурдав. /хх77,85-87/

           

                  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрт 38,855,000 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,225 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүн 38,313,612 төгрөгт  тооцогдох  349,516,06 төгрөгийн 50 хувь болох 174,758 төгрөг 03 мөнгийг хариуцагч “ Р” ХК-аас,  улсын төсвөөс 174,758 төгрөг 03 мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч  “И” ХХК-д

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дах хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс 54,745,000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр шивэхийг  хариуцагчид даалгах”  шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Р” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид  70,200  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “И” ХХК-д тус тус олгохооор тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн хариуцагч  “Р” ХК-д холбогдохҮлдэгдэл төлбөр 38,855,000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.5 дах хэсэгт заасныг баримтлан хэрэглэгчийн системд 54,745,000 төгрөгийн төлбөрийн баримтыг “И” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг хариуцагч “Р” ХК-д даалгасугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 352,225 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ Р” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,758 төгрөг 03 мөнгө, улсын төсвөөс 174,758 төгрөг 03 мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч  “И” ХХК-д тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар  хариуцагч “Р” ХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 38,855,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг  баталгаажуулсан шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2021/04884 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дах хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Р” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “И” ХХК-д олгосугай.

 

            6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОЮУНЖАРГАЛ