Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01746

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01746

 

 

 

ИБХ ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02354 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ИБХ ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

хариуцагч Р ХК-д холбогдох

худалдан авсан бүтээгдэхүүний төлөгдөөгүй үнийн үлдэгдэл 38 855 000 төгрөг гаргуулж, 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг ИБХ ХХК-ийн нэр дээр бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Р ХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

1.Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: а) Худалдан авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 38 313 612 төгрөг гаргуулах;

б) Хурд групп ХХК-д нийлүүлсэн 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын баримтын бичилт хийхийг хариуцагчид даалгах;

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл:

1.2.а) ИБХ ХХК нь  2019 онд Р ХК-д нийт 93 600 000 төгрөгийн үнэ бүхий үнэ бүхий 36 000 кг РС2 /Пи Си 2/ төрлийн бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Хариуцагчийн зүгээс бэлэн мөнгө төлөх боломжгүй гэсэн тул төлбөртөө Хурд групп ХХК-д бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Р ХК тохиролцсоны дагуу Хурд групп ХХК-д 54 745 000 төгрөгийн үнийн дүнтэй 337 мбетон зуурмагийг нийлүүлж байгаад нийлүүлэлтээ зогсоосон. Үлдэх төлбөртөө оногдох бетон зуурмагийг нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч нийлүүлээгүй. ИБХ ХХК-ийн тооцоон дээр 2017 онд Р ХК-д 541 388 төгрөгийн өглөгтэй болох нь гарч ирсэн, тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 541 388 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагчаас 38 313 612 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2.б) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.5-д заасны дагуу Р ХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан тухай бүрт төлбөрийн баримт өгөх үүрэгтэй бөгөөд өгөхөөс татгалзахыг хориглоно гэж заасан тул төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримт нь худалдсан бараа бүтээгдэхүүний дагалдах баримт бичиг болохоор байна. Хариуцагч нь Хурд групп ХХК-д нийлүүлсэн 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Манай компани Хурд групп ХХК-д НӨАТ-ын баримтыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шивж өгч тооцоо нийлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт гэдэг нь манайд нийлүүлсэн барааны дагалдах зайлшгүй хамт байх баримт бичиг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.1.а Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд ...38 855 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, бага хэмжээний зөрүү байгаа нягтлангууд хоорондоо ярилцаад болчихно ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 541 148 төгрөгийн авлага гарсан тохиолдолд үлдэгдэл төлбөрийн төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн тайлбар гаргасан.

2.1.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтдээ ...нэхэмжлэгч талаас 2013 оноос хойшхи НӨАТ-ын баримтыг хариуцагч талд шивж өгсөн тохиолдолд манай компанийн зүгээс эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй... гэсэн тайлбар гаргасан.

 

3. Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан ИБХ ХХК-ийн хариуцагч Р ХК-д холбогдох үлдэгдэл төлбөр 38 855 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэглэгчийн системд 54 745 000 төгрөгийн төлбөрийн баримтыг ИБХ ХХК-ийн нэр дээр бүртгэхийг хариуцагч Р ХК-д даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 352 225 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174 758 төгрөг 03 мөнгө, улсын төсвөөс 174 758 төгрөг 03 мөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4 Хариуцагч Р ХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь Р ХК-ийн өмнөөс НӨАТ-ын бичилт хийсэн гээд НӨАТ-ын бичилтийг өөрийн компани дээр хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн. Их биндэр хайрхан ХХК-аас авсан бараа материалын нийт үнийн дүн болох 93 600 000 төгрөгөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу татвар суутган төлөгч нь НӨАТ-ыг суутган төлөх үүргийн дагуу бичилт хийсэн. Р ХК нь Хурд групп ХХК-д борлуулсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 54 745 000 төгрөгт ногдох татварыг улсын төрийн санд төвлөрүүлэх үүрэгтэй. Харин нэхэмжлэгч Их биндэр хайрхан ХХК-ийн хувьд Хурд групп ХХК-д бараа, материал нийлүүлээгүй тул хуулиар тусгайлан албан татвар суутган төлөх үүрэг хүлээхгүй этгээд болно.

4.2. Татвар төлөгч, татвар суутган төлөгчийн хооронд үүссэн маргаантай асуудал нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болохгүй. Татварын хуульд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой маргаантай асуудлыг харьяалах татварын улсын байцаагч, татварын албанд гаргаж шийдвэрлүүлдэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 заасны дагуу нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэхээс гадна түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д заасны дагуу албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгох үүрэг хүлээсэн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу албан татвар суутган төлөгч нь төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан.

Төлбөрийн баримт гэдгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д заасны дагуу тайлбарласан байна. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл энэхүү төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримт нь худалдсан бараа бүтээгдэхүүний дагалдах баримт бичиг болох юм. Өөрөөр хэлбэл Р ХК нь манай компанид нийлүүлсэн бетон зуурмаг бүртээ НӨАТ-ийн баримт өгөх үүрэгтэй. Зохигчид хоорондоо харилцан тохиролцсон ёсоор хариуцагч нь Хурд групп ХХК-д НӨАТ-ийн баримтыг нь өгчихсөн байсан бол уг маргаан гарахгүй байсан. Гэтэл Р ХК-д удаа дараа шаардлага тавьсан боловч хариуцагч нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ төлбөрийн баримтыг олгохгүй байсаар 2020 оны 12-р сар хүрсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдсан бараа бүтээгдэхүүнийх нь дагалдах баримт бичиг болох 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг олгохыг буюу манай Их Биндэр Хайрхан ХХК-ийн нэр дээр шивэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

 

5.2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болдог бөгөөд талуудын хооронд үүсгэн маргаан нь талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнээс үүдэлтэй худалдсан бараа бүтээгдэхүүнийх нь дагалдах баримт бичигтэй холбоотой маргаан тул иргэний эрх зүйн харилцаанд хамаарна. Мөн уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний шүүхээр шийдвэрлэгдвэл зохих маргаан тул хэргийн харьяалал огт зөрчөөгүй юм. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн байгааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах шаардлагатай.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

1.1. Нэхэмжлэгч ИБХ ХХК нь 93 600 000 төгрөгийн үнэ бүхий 36 000 кг РС2 төрлийн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг Р ХК-д бэлтгэн нийлүүлж, Р ХК нь худалдан авсан бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 93 600 000 төгрөгт бетон зуурмаг нийлүүлэх, Р ХК-аас төлбөрт авах бетон зуурмагийг Хурд групп ХХК-д нийлүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч Р ХК-аас Хурд групп болон түүний хамаарал бүхий компаниудад 93 600 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх байсан боловч 54 745 000 төгрөгийн 337 м3 бетон зуурмагийг нийлүүлж, үлдэх 38 855 000 төгрөгт тооцогдох бетон зуурмаг нийлүүлээгүй болохоо хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. / хх-ийн 45-47, 79 /

 

Нэхэмжлэгч ИБХ ХХК нь хариуцагч Р ХК-д холбогдуулан худалдан авсан бүтээгдэхүүний төлөгдөөгүй үнийн үлдэгдэл 38 855 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 38 313 612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бууруулсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг байгуулж, энэ тухай бичгийн баримтад хоёр тал гарын үсэг зурж зөвшилцсөн гэдгээ нотолсон баримт байх учиртай. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 38 313 612 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбаруудаар тогтоогдсон байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар тогтов.

 

1.2. Нэхэмжлэгч ИБХ ХХК нь хариуцагч Р ХК-д холбогдуулан 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр хийхийг даалгах тухай шаардлага гаргасан ба хариуцагч нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас 2013 оноос хойшхи НӨАТ-ын баримтыг хариуцагч талд шивж өгсөн тохиолдолд манай компанийн зүгээс эвлэрэн хэлэлцэнэ гэж маргадаг.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж, уг нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэдэг тул НӨАТ нь худалдах-худалдан авах гэрээний талуудын бие биендээ харилцан тавих шаардлагын зүйл биш байхаас гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан баримт бичиг гэдэгт гэрээний зүйлийн талаарх бүх төрлийн мэдээлэл агуулсан ашиглалтын заавар, баталгаат засварын хуудас, гэрчилгээ, чанарын баталгааны гэрчилгээ зэрэг хамаарах болохоос НӨАТ-ын баримт хамаарахгүй болно.

 

Мөн хариуцагчид НӨАТ-ын баримтын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр хийхийг даалгаж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан үүргээ хариуцагч зөрчсөн эсэх маргаан байх бөгөөд иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан журмын дагуу баримт өгөхгүй байхыг хориглох, баримт өгөх, НӨАТ-ын тайландаа тусгах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол уг асуудлаар харьяалах Татварын алба, татварын улсын байцаагчид гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх учиртай.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул Нэхэмжлэгч ИБХ ХХК нь хариуцагч Р ХК-д холбогдуулан 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын бичилтийг нэхэмжлэгчийн нэр дээр хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2021/02354 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р ХК нь 38 313 612 төгрөгийг нэхэмжлэгч ИБХ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 54 745 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг ИБХ ХХК-ийн нэр дээр бүртгэхийг хариуцагч Р ХК-д даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 5 дахь заалтын ...хэвээр үлдээж, хариуцагч Р ХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИБХ ХХК-д олгосугай гэснийг ...хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Н.БАТЗОРИГ