Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2021/00386

 

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Х овогт Н-ийн У-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н овогтой У нь Их Засаг их сургуулийг Гадаад харилцааны ажилтан, Орхон их сургууль Боловсрол судлалын магистр, ШУТИС-ийг багшлах эрхтэйгээр суралцаж төгссөн. Улсад 8 жил, төрийн албанд 4 жил гаруй ажиллаж байна. 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үйлчилгээний нэгдсэн төвийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар менежерээр томиглогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж, ажлын хариуцлага алдалгүй, иргэдэд нэг дороос түргэн шуурхай үйлчлэх бүхий л боломжийг өөрийн санаа санаачилга гарган ажиллаж ирсэн билээ. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны Б дарга өрөөндөө дуудаж бүтэц орон тоонд өөрчлөлт орж байна, цалин мөнгө хүрэлцэхгүй байна гэж мэдэгдэх хуудас өгч улмаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарч, 5 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа гардаж авч ажлаа хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Бүтэц, орон тоо баталсан аймгийн Засаг даргын захирамжтай танилцъя гэхэд Бид ч мэдэхгүй байна гэсэн тайлбар өгөн бүтэц орон тоо өөрчилсөн захирамжийг танилцуулаагүй. Энэ мэтчилэн ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг хууль бус өөрсдийн үзэмжээр гаргаж байгаа гэж үзэж байгаа тул шүүхэд өргөдөл гаргаж байна. Энэ тухай төрийн албаны салбар зөвлөлд бичгээр хандсан болно. Надад ажлаас өөр цалингийн эх үүсвэр байхгүй, 7 настай охинтойгоо амьдардаг, цаашид өөрийн гэсэн орон байртай болох хүсэл эрмэлзлэлийг харгалзан үзэх хүсэлт тавьж 2 удаа өргөдөл гаргасан боловч албан харилцаанд орж хүлээж аваагүй болно. Мөн 2021 оны гүйцэтгэлийн гэрээг баталж өгөөгүй. Иймд намайг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нямаагийн У нь аймгийн ЗДТГ-ын даргыг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Монгол Улсын Засгийн газар нь Үндсэн хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 4-д, Аймгийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг ....ийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж тус тус заасныг үндэслэн 2016 оны 09 дугаартай Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоол баталсан байдаг. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-аас жил бүр бүтэц, орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас жил бүр шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж цомхон байдлаар ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан. Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан. Аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж Угийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хугацаанд нь өгч шийдвэр гаргахаас өмнөх ажиллагааг хуулийн дагуу, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргаан бүхий Захиргааны акт гаргахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гарсан бөгөөд ЗДТГ-н бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗДТГ-ын дарга албан өрөөндөө үйлчилгээний нэгдсэн төвийн менежер У-г дуудаж, түүнийг ажлаас чөлөөлөх болсоныг мэдэгдэж, албан мэдэгдлийг гардуулсан байдаг. Үүнээс хойш 41 дэх хоног дээрээ буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б нь Б/24 дугаартай үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Уг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, тушаалыг өөрт нь гардуулан өгсөн байдаг. Монгол Улсын Засгийн газар нь Үндсэн хуулийн 61 зүйлийн 4 дэх хэсэгт аймаг нийслэлийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс тасагтай байна гэж тус тус заасныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 9 дүгээр Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоол баталсан байдаг. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-аас жил бүр бүтэц орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дугаар захирамж гаргаж бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас тухайн захирамжид нийцүүлэн шийдвэр гаргаж, зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж, цомхон байдлаа ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын17-ны өдөр 43 дугаартай Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Засгийн газар төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.7 төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, 10.1.11 төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж, улсын төсвийн байгууллагаас нийлүүлэх арга хэмжээний чанарын шаардлагыг хангуулах гэж заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан, цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан тогтоол, хуулийн заалтаар нийцүүлэн аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлыг алба нь хэрэгжүүлж ажилласан. Илүү орон тооны ажилтан нарыг буюу төсвийн дутагдлыг техник хяналтын зардлын 10 хувийн 2 хувиас нь цалингийн зардлын зөрүүд шилжүүлэн ажиллаж байсан. Жишээлбэл 2019 онд 217.558.738 төгрөг, 2020 онд 141.404.390 төгрөгийн зардлууд тусгагдаж байсан бол эдгээр зардлууд 2021 онд байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон. Увс аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч У нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Нэхэмжлэгч У нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерээр томилогдсон ба мөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалаар Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

     Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн боловч, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардаж авсан болох нь нэхэмжлэгч Угийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тушаалаа аваагүй, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөхдөө авсан, хариуцагчийн төлөөлөгчийн Нэхэмжлэгч У-д 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг нь өгөх гэсэн боловч аваагүй бөгөөд маргааш нь ажлаа хүлээлцэхдээ авсан гэх тайлбараа тус тус тогтоогджээ.

     Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба нэхэмжлэгч У нь ажлаас чөлөөлсөн талаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдсэн бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа гардаж авсан болох нь нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан өдрөөс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу шүүхэд гаргах эрхтэй байсан тул ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзлээ.

    Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

    Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            П.БОЛОР