Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 224/МА2021/00019

 

 

 

 

 

 

 

 

 

Н.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч, Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаар шийдвэртэй,

Н.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерээр томиглогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж, ажлын хариуцлага алдалгүй, иргэдэд нэг дороос түргэн шуурхай үйлчилгээ хүргэхийн тулд бүхий л боломжоороо,  санаачлага гарган ажиллаж ирсэн.

2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б дарга өрөөндөө дуудаж,  бүтэц орон тоонд өөрчлөлт орж байна, цалин мөнгө хүрэлцэхгүй байна гээд надад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч, улмаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарч, 05 дугаар сарын 11-ний өдөр тушаалаа гардаж авч ажлаа хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бүтэц, орон тоо баталсан аймгийн Засаг даргын захирамжтай танилцъя гэхэд бид ч мэдэхгүй байна гэсэн тайлбар өгсөн ба бүтэц орон тоо өөрчилсөн захирамжийг танилцуулаагүй. Энэ мэтчилэн ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг хууль бус, өөрсдийн үзэмжээр гаргаж байгаа гэж үзэж байгаа тул шүүхэд өргөдөл гаргаж байна. Энэ тухай төрийн албаны салбар зөвлөлд бичгээр хандсан болно.

Надад ажлаас өөр цалингийн эх үүсвэр байхгүй, 7 настай охинтойгоо амьдардаг, цаашид өөрийн гэсэн орон байртай болох хүсэл эрмэлзлэлийг харгалзан үзэх хүсэлт тавьж, 2 удаа өргөдөл гаргасан боловч хүлээж аваагүй болно. Мөн 2021 оны гүйцэтгэлийн гэрээг баталж өгөөгүй. Иймд намайг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Урансанаагийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол улсын  Үндсэн хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 4-т: “Аймгийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т: Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан байдаг. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-аас жил бүр бүтэц, орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас жил бүр шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн.

Үүний нэгэн адилаар аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гаргаж, бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас тухайн захирамжид нийцүүлэн зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж цомхон байдлаар ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан. Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж 2021 оны цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар аймгийн удирдлага шийдвэр гаргасныг ажлын алба нь хэрэгжүүлж ажилласан.

Аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж Н.У-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуульд заасан хугацаанд нь өгч шийдвэр гаргахаас өмнөх ажиллагааг хуулийн дагуу, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий Захиргааны акт гаргахаас өмнө Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамж гарсан бөгөөд ЗДТГ-н бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдэж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗДТГ-ын дарга Г.Б албан өрөөндөө үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Н.У-г дуудаж, түүнийг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж, албан мэдэгдлийг гардуулсан байдаг.

Үүнээс хойш 41 хоногийн дараа буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Н.У-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, тушаалыг өөрт нь гардуулан өгсөн.

Монгол Улсын Засгийн газар нь Үндсэн хуулийн 61 зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т тус тус заасны дагуу Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон. Тухайн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ-аас жил бүр бүтэц орон тооны зохицуулалтыг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас шинэчлэн баталж, цалингийн сан, бүтэц, орон тооны асуудлаа шийдвэрлэж ирсэн. Үүний нэгэн адил аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас тухайн захирамжид нийцүүлэн, зарим нэг орон тооны асуудлыг цалингийн сан, орон тооны зөв зохистой харьцааг бий болгох хүрээнд зохицуулалт хийж, цомхон байдлаар ажиллахаар цэгцэлж шийдвэр гаргасан.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц, орон тоо 2016 оноос эхлэн огцом өссөнтэй холбогдуулан жил бүр төсөвт ирэх ачаалал нэмэгдэж, цалингийн сан хүрэлцэхгүй болж байсан. Энэ асуудлыг цэгцэлж, төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан цар тахлын үед илүү цомхон боловсон хүчинтэйгээр ажиллахаар гарсан аймгийн удирдлагын  шийдвэр гаргасныг ажлыг алба нь хэрэгжүүлж ажилласан.

Илүү орон тооны ажилтан нарыг буюу төсвийн дутагдлыг техник хяналтын зардлын 10 хувийн 2 хувиас нь цалингийн зардлын зөрүүд шилжүүлэн ажиллаж байсан. Жишээлбэл 2019 онд 217.558.738 төгрөг, 2020 онд 141.404.390 төгрөгний зардлууд тусгагдаж байсан бол эдгээр зардлууд 2021 онд байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сан хүрэлцэхгүй нөхцөл байдал бий болсон.

Увс аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны хязгаарт багтаан ямар ажлын байранд бүтцийн өөрчлөлт хийх эсэх нь ажил олгогчид буюу ажлын албаны даргад хадгалагдах өөрийнх нь үндсэн эрх байдаг учраас энэ хүрээндээ шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заасныг зөрчсөн бөгөөд шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Н.У би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс  06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл корона вирусын хавьтагч болж хяналтын хугацаанд хорионд байсан тул гомдлоо гаргаж чадаагүй, гэтэл шүүх нь миний гомдлыг хүлээн аваад хоёр сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа 2 сарын дараа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан үндсэлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхнаасаа гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулан 2 сарын хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүйгээр алдаа дутагдлыг минь тухайн цаг үед нь илрүүлэн асуудлыг таслан зогсоосон бол шударга шүүхэд итгэх иргэний итгэл минь хэвээр хадгалагдаж шүүхийг хүндлэх байсан.

Гомдол гаргах 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дэндүү харамсалтай ба хуулийн мэдлэггүй иргэний хөдөлмөрлөх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг давхар зөрчсөн, эрх зүйн ач холбогдолгүй, хүнд сурталтай шүүхийн шийдвэр гарсан гэдгийг нотолж байна. Мөн шүүх нь ажлаас чөлөөлөгдсөн сүүлийн өдөрт анхаарал хандуулахгүйгээр зөвхөн захиргааны байгууллагын хууль бус тайлбар, нэхэмжлэгчийн амралт тооцсон эсэхэд анхаарал хандуулахгүй шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль бус нотлох баримтанд суурилж гарсныг нотолж байгаа тул анхан шатны шүүхийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Н.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргахдаа Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/116 дугаар захирамжаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалтай танилцаагүй байсан.

Би ажиллаж байх үедээ уг бүтэц орон тоо баталсан тушаалтай танилцаж, байгууллагын хуралдаанаар авч хэлэлцүүлнэ гэж холбогдох албан тушаалд шаардлага хүргүүлсэн боловч бичгээр болон амаар хариу өгөөгүй ба бүтэц, орон тооны материалтай танилцуулаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/116 дугаар захирамжаар гаргасан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалтай танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа уг бүтэц, орон тооны тушаалыг хавсаргаж ирүүлээгүй.

Шүүхийн явц дунд уг баримт нотлох баримтаар ирсэн гэдгийг мэдсэн. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаалын хавсралт гараагүй байсан гэж үзэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулийн мэдлэггүйгээс болж 30 хоног гэдэгт бүх нийтийн амралтын өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болон 2021 оны 06 дугаар сарын 09-ний сонгуулийн өдрүүдийг оруулан тооцож, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхийн зүгээс 30 хоногт багтааж нэхэмжлэл гаргаагүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан” гэв.

  ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.  

Нэхэмжлэгч Н.У нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн менежерээр ажиллаж байгаад тус Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба ажлаас чөлөөлсөн тухай  ажил олгогчийн шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, зохигчид энэ талаар маргаангүй байна.  

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгуулж  ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 03 минутад ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэж заасныг зөрчиж, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлжээ.

Хугацааг тодорхойлох, тоолох ерөнхий журмыг Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт хуульчилсан ба Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т : “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т : “ Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс эхлэн тоолно”, 73 дугаар зүйлийн 73.1-т: “ Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан байна.  

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлсэн болон хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй талаар  хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.У-ийн  давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс  06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл корона вирусын хавьтагч болж хяналтын хугацаанд хорионд байсан тул гомдлоо гаргаж чадаагүй, гэтэл шүүх нь миний гомдлыг хүлээн аваад хоёр сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа 2 сарын дараа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгасан үндсэлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх агуулга бүхий гомдол хууль зүйн үндэслэлгүй .  

Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хуульд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн шалтгаан, үндэслэлээ зааж, нотлох баримтын хамт хугацаа сэргээлгэх хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр буюу коронавируст халдварын үеийн хорио цээрийн дэглэм, хөдөлгөөний хязгаарлалтын улмаас нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргаж чадаагүй бол энэ тухайгаа зааж, хугацаа сэргээлгэх хүсэлтээ нотлох баримтын хамт нэхэмжлэл гаргахдаа  болон анхан шатны шүүхийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн тохиолдолд  шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч энэ талаархи хүсэлтээ шүүхэд гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотлоогүй байна.

Түүнчлэн шүүхэд гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг шүүх иргэний хэрэг үүсгэхээс өмнө хянаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хүлээн авч, шүүхэд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “шүүх нь миний гомдлыг хүлээн аваад хоёр сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа 2 сарын дараа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно.

Ажлаас буруу халсан тухай шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг   хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ . 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.У-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 ШҮҮГЧИД                                                Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                              Л.АЛТАН