Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00168

 

О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00228 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/00639 дүгээр магадлалтай,

О-ийн нэхэмжлэлтэй

“Т” ХХК-д холбогдох,

Илүү цагийн цалин хөлс 2,961,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Пын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Э, хариуцагчийн өмгөөлөгч С, З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О-ээс хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан илүү цагийн нэмэгдэл хөлс 2,961,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00228 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлс 2,961,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/00639 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-д заасан эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж, тус хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжийн зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотой энэхүү хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн ба ажилтан О- нь тус хуулийн 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсөө тооцуулан авах эрх нь зөрчигдсөн тул нэхэмжлэл гаргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ажилтны эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, ажилтны хуулиар олгогдсон эрхийг дордуулсан гэж үзэж байна.

Энэхүү маргааныг шийдвэрлэсэн магадлал нь бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, магадлалын 5.3-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан хугацаагаар ажиллаж байгаа ажилтны 1 сарын дундаж ажлын цагийг 168 цаг гэж тооцож, илүү цагаар ажилтныг амраагаагүй бол ийнхүү илүү цагаар ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж тооцож нэмэгдэл хөлс олгох учиртай. Ажилтан О- нь сард 14 хоног амарч байгаагаас гадна сарын ажлын 168 цагаас илүү цагаар ажилласан байдал тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан.

4.1. Магадлалын 5.3 дахь хэсэг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэсэн заалттай нийцэж байгаа эсэх талаар тухайн хуулийн зохицуулалт, харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл:

- Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хязгаарыг заасан /92.3/.

- 12 цагаар ажиллахыг зөвшөөрсөн боловч энэ тохиолдолд Хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан ээлжээр ажиллах ажлын цагийн үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар олгохыг шууд зааж өгсөн /92.3, 87.2/.

- Хуулийн 87.2-т заасанчлан ээлжээр ажиллах ажлын нэг удаад ажиллах ажлын цагийг 8 цагаар тооцож зөрүү 4 цагийг 109.1-т заасны дагуу 1.5 дахин нэмэгдүүлж хөлс төлөхийг тодорхой заасан байна /92.3, 109.1/.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6 дах хэсэгт “Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж ажил олгогчийн зүгээс баримталж болох дундаж ажлын цагийн дээд хязгаарыг заасан буюу заавал сард ажилтан 168 цаг ажиллахыг үүрэг болгоогүй зөвшөөрсөн эрх олгосон зохицуулалт юм. Энэхүү дундаж цалин хөлсийг тодорхойлох журмаар тогтоосон 168 цагийг уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтанд хэрэглэх боломжгүй юм.

Тодруулбал, уртын ээлжийн ажилтны ажиллах хугацаа болон цагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсэг болон 87.3 дахь хэсгээр шууд 112 цаг гэж зохицуулсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хуулийн зорилго, үзэл баримтлалыг анхаараагүй тухайд.

Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар Уртын ээлжээр ажиллах ажлын цагийг зохицуулалтыг шинээр оруулж ирэхдээ ажил амралтын цагийн харьцаа тэнцүү байх зарчмыг баримталсан нь хуулийн 92.4, 92.5 дахь хэсгээс тодорхой харагдана. Тодруулбал, ажилтан ажил үүргээ 14 хоног биечлэн гүйцэтгээд 14 хоног амрахаар зохицуулсан.

Ажилтан кемпэд 14 хоног 12 цагаар ажиллахдаа дараагийн өдрийн ажлаа хийхийн тулд амарч байгаа буюу тухайн амралтын цагийг энгийн ажлын горимоор ажиллаж, амарч байгаа ажилтантай харьцуулан тооцох боломжгүй юм. Учир нь тухайн ажилтан кемпэд байх хугацаандаа дараах нөхцөл, хязгаарын хүрээнд байдаг. Зарим хэсгээс дурдвал:

- Амралтын цагийг өөрийн хүссэнээр нийгмийн харилцаанд шууд орох, гэр бүл, найз нөхөдтэй зарцуулах боломжгүй.

- Ажлын газарт буюу кемпэд байгаа тул бусад хамтран ажиллагч, ажил олгогчийн өмнө дүрэм журмаар тогтоосон үүрэг хүлээх, зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл үр дагавартай.

- Зөвхөн дараагийн ээлжийн ажлаа гүйцэтгэхийн тулд хооллох, унтаж амрах, ажил олгогчоос гаргаж өгсөн чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл боломжийн хүрээнд байх.

- Кемпэд гаргасан аливаа зөрчлийг ажлын байранд гаргасан зөрчилд тооцдог бөгөөд кемп нь ажил олгогчийн хяналтын хүрээнд байдаг. Иймд Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг тэнцүү байх зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т зааж өгсөн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл баримтлалд ажилтны ажил, амралтын хугацаа өөрчлөгдөж байгаатай холбоотой ажилтны цалин хөлс буурах эрсдэлийг гаргахгүй байхыг анхааруулахын зэрэгцээ ажилтны илүү цагаар ажилласан ажлын цагийг хуульд заасан амрах хугацаанд нь багтааж зохицуулсан тухай тусгагдаагүйг дурдах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт нь ажилтанд ажиллах, амрах хугацаа, илүү цагийн хөлсөө хуульд заасны дагуу авах эрхийг шууд заасан эерэг үр дагавар бүхий тусгай зохицуулалт юм. Уртын ээлжийн зохицуулалт нь ажилтан болон ажил олгогчид сөрөг үр дагаврыг үүсгээгүй харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцааг тодорхой болгож хуульчилж өгсөн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Пын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00740 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэльэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч О- нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2022 оны 9, 10, 11 сард илүү ажилласан 168 цагийн хөлс 2,961,373 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...ажил олгогч нь 14 хоног ажиллуулж, 14 хоног амрааж байгаа боловч өдөрт 8 цаг ажиллахаас 12 цагаар ажиллуулж, өдөр бүр 4 цаг илүү ажиллуулж байгаа атлаа илүү цагийн хөлсийг олгоогүй...” гэж тодорхойлсон,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...ажилтан сард 168 цаг ажиллаж байгаа нь тухайн ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй, ...ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа багтан тооцогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрий тухай хуулийн 92.3 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журамд зааснаар уртын ээлжийн ажилтны өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг, сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулсан гэж үзэхгүй.

Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн илүү гарсан цагт ногдох нэмэгдэл хөлсийг олгож байгаа, ...иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо. “...Улсын ИХ хурлаас Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлан гаргахдаа уг хуулийн 92 дугаар зүйлд “уртын ээлжээр ажиллуулах”-ыг тусгайлан зохицуулсан. Хэрэгт авагдсан хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд ...ажилчдын амрах, ажиллах хоногийг 14, 14 болговол хөдөлмөрийн хөлс буурахыг тооцоолж, цалин хөлс нь илүү цагийн хөлсөөс бүрдэхийг онцолж, 14  хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг ажиллах боломжтой гэх агуулгаар хэлэлцэж, хуулийг баталсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх заалтыг хууль тайлбарлах сиситемчлэлийн болон агуулгын логикоор авч үзвэл хуулийн 92.3 дахь заалтад хуулийн 87, 109.1 дэх заалтыг багтаасан, мөн хуулийн 87.2-т нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэсэн тул өдөрт 8 цаг ажиллах, уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан нь 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх бөгөөд хуулийн 109.1 дэх заалтын урьдчилсан нөхцөл болох илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү цагийн хөлс олгох агуулгыг багтаасан байна..., 92.4 дэх заалтад  “ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж зохицуулсан нь 92.3 заалттай уялдуулан өдөрт 12 цаг ажиллах, илүү цагааар ажилласан ажилтныг нөхөн амруулах нөхцлийг үндэслэн амрах хугацааг нарийвчлан зохицуулсан гэж үзнэ. ...дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн илүү цагаар ажилласныг нөхөн амруулсан тул нэмэгдэл хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ: “...ажилтанд сард олгох цалинг 760 ам.доллар гэж тохиролцсноос үзэхэд ...энэ нь нэг өдөрт ердийн ажиллах 8 цагийн хөлсөн дээр илүү ажилласан 4 цагийн хөлсийг нэмж тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна, ...түүнээс гадна ажилтанд гэрээнд заасан 760 ам.доллараас илүү цалин хөлс олгож байгаа нь ...баримтаар нотлогдож байна. Нөгөөтэйгүүр ...ажилтан сард 14 хоног амарч байгаагаас гадна 168 цагаас илүү цагаар ажилласан байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 92 дугаар зүйлд Уртын ээлжээр ажиллуулах зохицуулалт шинээр нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхэд эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг нэг мөр ойлгож хэрэглэх, хууль хэрэглэхэд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

11. Нэхэмжлэгч О- нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

12. О- нь “Т” ХХК-д Хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар ажиллах, сарын үндсэн цалин 760 ам.доллар, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2017.05.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ. (1хх 27-40, 2хх-102-104 хуудас)

Нэхэмжлэгч 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан үйл баримтыг зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь илүү цаг ажилласан гэж, хариуцагч нь нөхөн амраасан гэсэн тайлбар гаргаснаас үзвэл өдөрт илүү цаг ажилласан гэх үйл баримтыг маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь өдөрт 8 цаг ажиллах хязгаарыг 4 цагаар нэмж 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь ажилтан өдөрт 12 цагаар 14 хоног ажилласан тул 14 хоног амрааж илүү цагийг нөхөн амруулсан, хуулиар тогтоосон уртын ээлжийн зохицуулалтыг зөрчөөгүй, сард 168 цаг ажилласан тул илүү цагийн хөлс олгохгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.

13. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

13.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж заасан зохицуулалт нь “уртын ээлж” гэх энгийн горимоос ялгаатай онцлог ойлголтыг эрх зүйн хувьд тодорхойлж өгсөн байна. Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг хуулийн 92.1-д заажээ. Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.

Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан, тийм ч учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан, уг зохицуулалт нь 87 дугаар зүйлийн 87.3-т заасан үндсэн зарчим, хэм хэмжээний агуулгатай уялдсан байна.

13.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 84.4-т “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна” гэж ердийн ажлын цаг болон ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно” гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заажээ.

Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг 8 цаг байна, илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэсэн хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг гэж бус 12 цагаас илүүгүй байна гэж заасан байна.

13.3. “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.12.31-ний өдрийн 72 дугаар тушаалаар баталсан “ХН-Е.6.2: Ажлын цагийн тухай журам”-ийн 9.2.3-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно” гэж заажээ. (1хх 194-199 хуудас)

Энэ журмаас үзвэл ажилтныг илүү цаг ажиллуулсан учраас нөхөн амруулсан мэт агуулга байх боловч үнэн чанартаа нөхөн амруулсан гэж үзэх боломжгүй юм. Хуулийн утга санаа нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ингэхдээ илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, харин амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон. Хэрэв илүү цагийг нөхөн амраах замаар тооцож 14 хоног гэсэн хугацааг тогтоосон бол уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээ хэрэгжих боломжгүй, хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй болно.

Хуулийн системчлэлийн үүднээс авч үзвэл, хуульд 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоног нэг ээлжид ажилласантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй ба энэ хугацааг илүү цагаар ажилласан учраас нөхөн амруулах хугацаатай хамтад нь тооцсон гэх ойлголтыг хуульд зохицуулаагүй, харин ч илүү цаг ажиллуулсан бол нэмэгдэл хөлс олгох үр дагаврыг тусад нь 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчлан зохицуулсан байна.

13.4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д “Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж заасан.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй боловч энэ байдлыг уртын ээлжээр ажиллах нөхцөлтэй адилтган үзэж болохгүй, уг норм хэтрээгүй байгаа нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагийг үгүйсгэхгүй юм. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан. Энэ үндэслэлээр хариуцагч байгууллагын “Ажлын цагийн тухай журам”-ын 9.2.3-д заасан “... сард 168 цаг дотор ажилласан бөгөөд илүү цагийг 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно...” гэх татгалзал нь хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээнд нийцсэнгүй.

13.5. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлүүд хэрэгт авагдсан ба уртын ээлжээр 14:14 болговол одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах талаар дурдаж, 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжид 168 цаг ажиллах боломжтой гэж өөр өөр агуулгаар хэлэлцэж байсан боловч хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэх хэм хэмжээг үзэл баримтлалын үүднээс хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль батлагдахаас өмнө байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хамтын гэрээ, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, салбар, салбар дундын хамтын хэлэлцээрийг тухайн хамтын гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон хугацаанд дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан хамтын гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулах эсэхийг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ” гэж, 2 дугаар зүйлд хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна” гэж тус тус зохицуулсан байх тул уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж хуульд тогтоосон хэдий ч цалин хөлс нь өмнөхөөс буурах үндэслэлгүй байна.

Энэ ч үндэслэлээр хариуцагч “Т” ХХК нь хууль шинэчлэгдэн батлагдсны дараа ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахдаа 1.9-д заасан ажил амралтын хуваарийн 4/4 (ажлын өдөр/ ажлын бус өдөр) гэж байсныг 14/14 (ажлын өдөр/ ажлын бус өдөр) гэж өөрчилсөн атлаа 1.10-т заасан өдөрт ажиллах 8 цагт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт цагийг ажлын шаардлагаар гэж тохиролцсон тохиролцоо хэвээр байгаа нь ээлжийн ажлын ердийн ажиллах цагийг 8 цагаар тогтоосон, энэ нь амралтын 14 хоногт хамаараагүй агуулгатай байна. /хх-2 дугаар хавтас, 102 дугаар тал/

 14. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно” гэжээ.

Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цаг 1.5-олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.

Хамтын гэрээний 2.14, 2.15, 2.16-д шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1.2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол, унааны нэмэгдэл 500,000 төгрөг байхаар тохирсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэж зааснаар дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй.

Нэхэмжлэгч О- нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу сүүлийн 3 сарын хөлс /3,115,875+5,518,754.56+9,415,643=18,050,272.56 төгрөг/-ийг ажилласан 3 сард хуваахад нэг сард 6,016,757.52 төгрөг, үүнийг ажлын 21 хоногт хуваахад өдрийн 286,512.26 төгрөг, нэг өдрийн 8 цагт хуваахад цагийн 35.814 төгрөг гэж тооцон, сард 112 цаг ажиллахаас 168 цаг ажилласан буюу сар бүр 56 цаг илүү ажилласан гэж үзэж, илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой тул үүний 1 хувийг олгосон гэж үзээд, үлдэх 0.5-ыг тооцвол 3,008,376 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 2,961,373 төгрөгийг шаардсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэмэгдэл хөлсийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00572 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00229 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Т” ХХК-аас 2,961,373 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-т олгож, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Пын гомдлыг хангасугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 62,332 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-ын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД