Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1018

 

                                      

 

З.Бод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч З.Бын өмгөөлөгч Б.Долгорсүрэн,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Ц.Дайрийжав, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШТ/81 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Анхбаярын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 50 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн З.Бод холбогдох эрүүгийн 1705004550581 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ял шийтгүүлж байсан,  

 

З.Б нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр хохирогч З.Энхбаярын нүүр, цээжин тус газарт гар, архины шил, чулуугаар цохиж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн уушигний доод дэлбэнгийн урагдалт, язралт, цээжний хөндийн цусан хураа, зүүн шанааны шарх бүхий хүнд хохирол,

хохирогч З.Ихбаярын толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн ясны суурь яс,зулай ясруу орсон шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, зүүн чамархай, хамрын зүүн талд няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас:

З. Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Тус шүүх 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр шүүгдэгч З.Бод холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг прокурорт буцаах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Энхбаяр, З.Ихбаяр нарын мэдүүлэгт “...архины шилээр миний зүүн чихний дээрх хэсэг, толгой руу цохисон ...намайг бас архины шилээр цохиж унагаагаад газарт байсан тоосго шиг чулуугаар толгой руу цохиж, цээж рүү өшиглөсөн ...” гэх мэдүүлгүүд /хэргийн 38, 41 дүгээр хуудас/ байх бөгөөд уг мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн үйл баримт, зүйлчлэл тохироогүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

      Прокурор М.Анхбаяр эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд “Шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Энхбаяр, З.Ихбаяр нарын мэдүүлэгт “...архины шилээр миний зүүн чихний дээрх хэсэг, толгой руу цохисон ... намайг бас архины шилээр цохиж унагаагаад газарт байсан тоосго шиг чулуугаар толгой руу цохиж, цээж рүү өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд байх бөгөөд уг мэдүүлгүүд болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хэргийн үйл баримт, зүйлчлэл тохироогүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарч байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

       1. Хохирогч З.Ихбаярын “...2 шил 0.75 литрийн архи уугаад сууж байхад начин Ганбаа хочтой Батболд хүн болгон руу агсам тавиад, архины шилээр зүүн чихний дээр хэсэг толгой руу цохиж шил нь хагарах шиг болж нэг хэсэг ухаангүй болсон...” гэх мэдүүлэг /хх-37-39/

             2. Хохирогч З.Энхбаярын “...начин Ганбаа /Батболд/ агсам тавиад банди нар гээд уусан архины шилээ бариад Ихбаярыг зодоод байхаар нь манай ахыг зодож болохгүй гээд салгах гэхэд намайг бас архины шилээр цохиж унагаагаад, газар байсан тоосго шиг чулуугаар толгой руу цохиж, цээж рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-34-35, 41-42/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар З.Б нь нэг удаагийн тохиолдлын чанартай гарт таарсан архины шил, чулуу зэрэг зүйлсийг урьдаас тусгайлан бэлтгэж, засаж тохируулалгүй ашиглаж бусдын биед хүнд хохирол учруулсан байна.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “Зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.

         Дээрх хуулийн тайлбараас дүгнэхэд архины шилийг хагалах, ир, үзүүр бүхий зүйл буюу зэвсэг болгох зэргээр зориулалтыг өөрчилж, тусгайлан бэлтгээгүй болох нь хохирогч З.Ихбаярын мэдүүлгээр тогтоогдож байна.

        Мөн замын боржуурын хагарсан хэсэг буюу чулуу нь бүтцийн хувьд аливаа зүйлийг устгах, гэмтээх зориулалтгүй, газарт элбэг таарах бөгөөд шүүгдэгч З.Б нь тухайн чулууг урьдаас бэлтгээгүй, засаж тохируулаагүй, тохиолдлоор газарт байсан чулууг авч хохирогч З.Энхбаярын толгой руу цохисон болох нь хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон гэж дүгнэхээр байна.

       Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШТ/81 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хүний биед гэмтэл учруулахаар зэвсгийг тусгайлан урьдаас бэлтгэсэн, засаж тохируулсан асуудал байхгүй гэдэг нь хохирогч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;...” гэсэн хүндрүүлэх шинж З.Бын архины шил, тоосго шиг чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд байгаа эсэхийг шийдвэрлэх үндэслэлээр хэргийг прокурор буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хууль тогтоогч “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг тайлбарласан бөгөөд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.

 

З.Бын бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан эд зүйл болох архины шил нь зориулалтын хувиар тухайн үед ашиглагдаж байсан ба уг шилийг хагалах, ир, үзүүр бүхий зүйл буюу зэвсэг болгох зэргээр зориулалтыг өөрчилж, тусгайлан бэлтгээгүй болох нь хохирогч З.Ихбаярын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн замын боржуурын хагарсан хэсэг буюу чулуу нь бүтцийн хувьд аливаа зүйлийг устгах, гэмтээх зориулалтгүй, тухайн үйл явдал болсон газарт байсан буюу урьдаас бэлтгээгүй, засаж тохируулаагүй, тохиолдлоор газарт байсан байдаг.

 

Иймд З.Бод холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 1705004550581 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолд бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШТ/81 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, З.Бод холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол З.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ