Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

 

 

2020            10           12                                         889

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: О.Жавхлан, 

иргэдийн төлөөлөгч: С.Баянмөнх,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бод холбогдох эрүүгийн 1705 0045 50581 дугаар, 2 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт,

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, Б.

 

Шүүгдэгч З.Б нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр хохирогч З.Эын нүүр, цээжин тус газарт гар, архины шил, чулуугаар цохиж эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, язралт, цээжний хөндийн цусан хураа, зүүн шанааны шарх бүхий хүнд хохирол,

хохирогч З.Иын толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн ясны суурь яс, зулай яс руу орсон шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, зүүн чамархай, хамрын зүүн талд няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-З.Б мэдүүлэхдээ:

Би анх хөдөөнөөс орж ирээд “намайг начин Ганбаа гэдэг” гэж нэрээ худлаа хэлж байсан тул хүмүүс намайг начин Ганбаа гэдэг юм. Би 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр архи уусан байхдаа “Барс” захын зүүн талын авто зогсоол дээр ах дүү З.Э, И нарыг зодсон нь үнэн. Тэгээд нутаг руу явсан бөгөөд тэндээ хэрэг хийж ял шийтгүүлж, ялаа эдлээд гарч ирсэн. Хориход ял эдэлж байхдаа  И нас барсаныг мэдсэн. Би хэрэг хийж 2 хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нар хохирол нэхэмжлэвэл төлнө. Энэ хэрэг дууссаны дараа нутагтаа ээж дээрээ очиж мал маллаж амьдарна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-З.И мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн үед Барс зах дээр очтол түүхий эд авдаг Шүрээгийнд миний төрсөн дүү Э байсан. Тэгээд би Эыг хоёулаа явъя гэсэн. Тэгтэл начин Ганбаа, Саруул, Уулын Төмөр нар мөнгөө нийлүүлж архи авна гээд 2 шил архи авсан. Тэгээд бид нар Барс захын дэргэд байрлах дэлгүүрийн гадна архиа уугаад сууж байтал начин Ганбаа /З.Б/ агсам тавиад л хүн бүртэй маргалдаад байсан ба начин Ганбаа /З.Б/ 0.75 граммын архины шилээр миний зүүн чихний дээрх хэсэг, толгой руу цохисон чинь шил нь хагарах шиг болсон. Би нэг хэсэг ухаангүй болсон. Сэрсэн чинь хамар зүсэгдээд, зүүн гар зүсэгдээд цус гарч байсан. Э бас зодуулсан байдалтай байсан ба начин Ганбаа /З.Б/ хамт архи ууж байсан хүмүүстээ агсам тавиад хөөгөөд явуулсан. Намайг болон дүүг минь зодсон начин Ганбаад гомдолтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 38-39)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-З.Э мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Барс худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дотор начин Ганбаа /З.Б/, Саруул, И, Уулын Төмөр нарын хамтаар 2 шил 0.75 грамм архи хувааж уугаад юм яриад сууж байгаад начин Ганбаа /З.Б/ агсам тавиад банди нар гээд уусан архины шилийг бариад Иыг цохиж зодоод байхаар нь би салгах гэхэд намайг бас архины шилээр цохиж унагаагаад газарт байсан тоосго шиг чулуугаар толгой руу цохиж, цээж рүү өшиглөж байсан. Тухайн үед Саруул, Уулын Төмөр нар хажууд байсан. Тэгээд начин Ганбаа /З.Б/ зугтаагаад явсан. Цагдаа, түргэн ирээд бид хоёрыг Гэмтэл согог судлалын төвд авч ирсэн.

Тухайн үед начин Ганбаа /З.Б/ саарал өнгийн замын боржур шиг чулуугаар ах Иын толгой руу нь 1 удаа цохиход ах газар дээрээ ухаан алдаад унасан. Тэгээд би салгах гэж очиход намайг бас тэр чулуугаар цээж рүү цохиж унагаан дээрээс өшиглөсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 34-35, 41-42)

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-З.Б мэдүүлэхдээ:

Талийгаач З.И ах маань манайд надтай хамт амьдардаг байсан. Тэгээд 2017 онд хүнд зодуулж хагалгаанд орж тэрнээсээ болоод татаж унадаг болсон байсан. ...Гэмтлийн эмнэлэг дээр ах Э, И нар хүнд зодуулсан байхад нь мэдсэн. И ах тархиндаа хүнд гэмтэл авч хагалгаанд, Э ах хэвлийн хагалгаанд орж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 44)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Т мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 13-ны өглөө Барс захын урд талын Шүрээгийн түүхий эд авдаг цэг дээр сав лаазаа тушаачихаад начин Ганбаа, Саруул, Ноён солиот хочит Э, түүний ахтай тааралдаж 2 шил архи авч уусан. Тухайн үед муудсан байсан начин Ганбаа /З.Б/ агсам тавиад эхэлсэн. Тэгээд Ноён солиот хочит Э, түүний дүүтэй муудалцаад зодолдоод байсан. Саруул бид хоёр луу агсам тавиад хөөгөөд явуулсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10601 дугаар дүгнэлтэд:

1. З.Эын биед цээжний битүү гэмтэл, зүүн уушгины доод дэлбэнгийн урагдалт, язралт, цээжний хөндийн цусан хураа, зүүн шанааны шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10600 дугаар дүгнэлтэд:

1. З.Иын биед зүүн чамархай ясны суурь яс, зулай яс руу орсон шугаман ил хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, зүүн чамархай, хамрын зүүн талын няцарсан шарх гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 78-79 дүгээр хуудас)

 

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Барс” худалдааны төв байлаа. Уг Барс худалдааны төвийн зүүн талд авто зогсоол байрлах ба уг авто зогсоолын хойд талын зам талын доороо 4 үе тоосго бүхий дээрээ саарал төмөр хашааны “Барс” төв рүү авто машин ордог хэсгийн хашааны хэсгээс ертөнцийн зүгээр зүүн тийш хашааны 16 дахь хавтасны харалдаа урд 169 см зайд 3 хэсэг газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болж хатсан дээрээс нь шүүрдсэн байлаа. Уг цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болж хатсан 3 хэсэг газар нь 87х170 см талбайд байрласан ба уг газраас зүүн хойд талд хашаанд тулж 10х10 см хэмжээтэй саарал өнгийн дөрвөлжин тоосго мэт зүйл байх ба түүн дээр цус мэт улаан хүрэн өнгийн толбо болсныг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 24 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

З.Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 221 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч З.Б нь

2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн зүүн талын авто зогсоол дээр хохирогч З.Эын нүүр, цээжин тус газарт гар, архины шил, чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь цээжний битүү гэмтэл, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, язралт, цээжний хөндийн цусан хураа, зүүн шанааны шарх бүхий хүнд хохирол,

  мөн хохирогч З.Иын толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн ясны суурь яс, зулай яс руу орсон шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцрал, зүүн чамархай, хамрын зүүн талд няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.И, З.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б,  гэрч Ц.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10601, 8 дугаар сарын 24-ний өдрийн 10600 дугаар дүгнэлтүүд, 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд шүүгдэгч З.Быг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч З.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б нар гэм хорын хохирол нэхэмжлээгүй боловч нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч З.Боос хохирол нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Быг хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Быг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Бод оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Бын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.  Хохирогч З.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б нар энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧ                                 Ч.ОТГОНБАЯР

 

 

                                    ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ