Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2021/00134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ... “Х б” хязгаарлагдмал хариуцлагатай компани /Цаашид “Х б” ХХК гэх/ нэхэмжлэлтэй, хариуцагч ... оршин суугч Б овогт Н.Ө холбогдох “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний үүрэг 16,200,630 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Г нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Д, Н.Ө нар нь Х бны ... төвөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 тоот зээлийн гэрээ байгуулан 19,977,821.33 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Л.Д 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5,418,953.33 төгрөг, зээлийн хүүд 3,538,847 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 245 хоног хугацаа хэтрүүлсэн ба банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2, 4.2.2, 4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,558,868 төгрөг, зээлийн хүү 1,641,762 төгрөг нийт 16,200,630 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 дугаартай зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Н.Өаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү нийт 16,200,630 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Н.Ө нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Банкны зүгээс ноднин жил манай эхнэрийг нас барсны дараа анх удаа надтай уулзаж манай эхнэрийг зээл авсан, зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдсэн. Манай эхнэр Х бтай олон удаа зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэ бүгдэд надад банкнаас утсаар болон амаар мэдэгдэж байгаагүй ба би гэрээнд гарын үсэг зурж, хамтран зээлдэгчээр оролцож байгаагүй. Х б 2017 онд анх манай эхнэрт зээл олгохдоо миний 2014 онд хугацаа дууссан иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байсан. Би эхнэрээ Х бтай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 тоот зээлийн гэрээ байгуулан 19,977,821.33 төгрөгийн цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зураагүй. Эхнэрээ Х бнаас зээл авсан талаар мэдээгүй. Тухайн үед эхнэр надад зээл авсан талаар хэлж ярьж байгаагүй. Манай эхнэр Л.Д 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Үүний дараахан Х бнаас хүмүүс ирж манай эхнэрийг тус банкнаас зээл авсан талаар надад хэлээд зээлийн гэрээнүүдийг өгсөн. Гэтэл зарим гэрээнд миний гарын үсгийг дуурайж зурсан. Зарим гэрээ нь гарын үсэггүй байсан. Тэр үед банкны эдийн засагч Долгормаа нь намайг иргэний үнэмлэхээ өгөөч гэхээр нь асуухад “Таны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан байна” гэж хэлээд аваад явсан. Дараа нь банкны зээл олгосон эдийн засагчтай уулзаад 9 удаагийн ийм их хэмжээний зээл гарахад хамтран зээлдэгчээр намайг оролцуулахдаа надад мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй талаар асуухад, таныг дуудаж танд мэдэгдээгүй миний буруу буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Иймд би эхнэр Л.Дг Х бтай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 тоот зээлийн гэрээ байгуулан 19,977,821.33 төгрөгийн цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцоогүй учраас Х бны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ПЭ86031330 регистрийн дугаартай Авинаа овогт Ж.П оролцуулахаар итгэмжлэл олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг болон шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах эрхийг олгосон байх тул Ж.П нь “Х б” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Н.Ө холбогдуулан “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14,558,868 төгрөг, зээлийн хүү 1,641,762 төгрөг нийт 16,200,630 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х б” ХХК нь шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би эхнэр Л.Д Х бтай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,977,821.33 төгрөгийн цалингийн зээл авахад хамтран зээлдэгчээр оролцоогүй учраас Х бны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн уг гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч “Х б” ХХК-ийг төлөөлж ... Ж.П, зээлдэгч Л.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ө нар нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгчийн өмнөх зээлийн үлдэгдэл 19,027,821.33 төгрөг дээр нэмж 950,000 төгрөгийг олгож, нийт 19,977,821.33 төгрөгийн хэрэглээний зээлийн 201844139882 дугаартай гэрээг мөн зээлдэгчийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж БХГ201844139882 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан байх ба дээрх гэрээнүүд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.  

Үндсэн зээлдэгч Л.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь талуудын тайлбар болон “...ИГ74051409 регистрийн дугаартай М овогт Л.Д 46 настайдаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсныг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсны бүртгэлийн 04 дүгээрт бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн 0000231889 дугаартай гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Х б” ХХК нь үндсэн зээлдэгч Л.Д нас барсан учраас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээг байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Н.Ө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16,200,630 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

Харин 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээг зээлдэгч Л.Д нь “Х б” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулахад хариуцагч Н.Ө нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, зээлийн гэрээг байгуулж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000026 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Зээлийн гэрээ, Зээлийн гэрээний төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Н.Ө харьцангуй чөлөөт загвар-2 хуудас, чөлөөт загвар 2018 оны малын тооллого-3 хуудас /архивт/, туршилтын загвар-12 хуудас гарын үсгийн загваруудтай хөдөлгөөний эвсэл, хурд, суналт, даралт, элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг шинж тэмдгээрээ тохирохгүй байгаа нь дараах дүгнэлтийг өгөх үндэслэл болж байна. Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээ эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харьцуулахад шинжилгээнд ирүүлсэн Н.Ө харьцангуй чөлөөт загвар-2 хуудас, чөлөөт загвар-2018 оны мал тооллого-3 хуудас /архивт/, туршилтын загвар-12 хуудас загварууд нь шинжилгээний шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээ эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зурсан гарын үсгүүдтэй харьцуулахад загвараар ирүүлсэн гарын үсгүүд тохирохгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Н.Ө нь нэхэмжлэгч “Х б” ХХК-ийг төлөөлж Завхан аймгийн ... Ж.П, зээлдэгч Л.Д нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай өмнөх зээлийн үлдэгдэл 19,027,821.33 төгрөг дээр нэмж 950,000 төгрөгийг олгож, нийт 19,977,821.33 төгрөгийн зээл олгосон хэрэглээний зээлийн гэрээ, БХГ201844139882 дугаартай барьцааны гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зураагүй болох нь нотлогдож байна.

Мөн хариуцагч Н.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан “...Би бичиг үсэг мэдэхгүй, харин гарын үсгээ зурж чадна. Уг зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би эхнэрээ Х бнаас зээл авсан талаар мэдээгүй. Манай эхнэрийг нас барсны дараа манайд Х бны ажилчид ирэхэд түүнийг зээл авсан талаар хэлж, надад зээлийн гэрээнүүдийг өгөхөд зарим гэрээнд миний гарын үсгийг дуурайж зурсан, зарим гэрээнд миний гарын үсэг байхгүй байсан. Дараа нь банкны зээл олгосон эдийн засагчтай уулзаад 9 удаагийн ийм их хэмжээний зээл гарахад хамтран зээлдэгчээр намайг оролцуулахдаа надад мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй талаар асуухад, таныг дуудаж танд мэдэгдээгүй миний буруу буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Тиймээс зээлийн гэрээг байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна...” гэсэн тайлбар нь шинжээчийн дүгнэлтэд авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч “Х б” ХХК-ийг төлөөлж ... төвийн захирал Ж.П, зээлдэгч Л.Д нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай,  нийт 19,977,821.33 төгрөгийн зээл олгосон хэрэглээний зээлийн гэрээг байгуулахад хариуцагч Н.Ө нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зураагүй болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч тал нь “...“Х б” ХХК-тай зээлдэгч Л.Д нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээг байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Ө оролцож зээлийн гэрээг байгуулж, гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна...” гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нь няцаалт хийсэн, эс зөвшөөрч нотлох баримт ирүүлээгүй байх тул хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би Х бийг төлөөлж зээлийн гэрээг байгуулдаг боловч зээлийн эдийн засагч нь зээлийн гэрээг судалж, зээл олгох боломжтой гэж үзэж гэрээг байгуулсны дараа би гэрээнд гарын үсэг зурдаг. Би зээлийн гэрээнд гарын үсэг зурах үед гэрээний талууд бүгд ирж гэрээтэй танилцаж, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээг байгуулсан эсэхэд хяналт тавьдаггүй. Энэ бүх ажиллагааг зээлийн эдийн засагч хийдэг. Тиймээс зээлийн гэрээг байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Н.Ө өөрөө ирж зээлийн гэрээг байгуулж, гарын үсгээ зурсан байх гэж бодож байна...” гэсэн тайлбар нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээг байгуулахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагч Н.Ө оролцсон болохыг нотлохгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн зээлдэгч Л.Д 5498295513 дугаартай зээлийн дансны хуулга, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ201743228494 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зээлдэгч Л.Д 5498295513 дугаартай зээлийн данснаас 5498044217 дугаартай харилцах данс руу 14,500,000 төгрөгийн гүйлгээ хийсэн Х бны мөнгөн шилжүүлгийн баримт, Хас банкны 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын маягт, төлбөрийн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Д 5498044217 дугаартай харилцах дансанд Ө.Л 500,000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байх боловч эдгээр баримтууд нь 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээг байгуулахад хариуцагч Н.Ө хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болохыг болон нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй болохыг нотолж чадахгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, ...нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-д “Нэхэмжлэгч, ...тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тайлбарлаж, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Тиймээс нэхэмжлэгч “Х б” ХХК-ний хариуцагч Н.Ө “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний үүрэг 16,200,630 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ний хариуцагч Н.Ө “2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 201844139882 дугаартай хэрэглээний зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 14,558,868 төгрөг, зээлийн хүү 1,641,762 төгрөг нийт 16,200,630 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

                                ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ