Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2021/00021

 

******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* өргөн чөлөө-6, ******* тоотод байрлах ******* банк хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багт оршин суугч овогт *******ын *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.*******, хариуцагч Н.*******/ZOOM/, түүний өмгөөлөгч М.аа/ZOOM/ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 16,200,630 төгрөг гаргуулах тухай 

Нэхэмжлэгч ******* Банк ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Л.*******, Н.******* нар нь ******* банкны Тосонцэнгэл тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201844139882 тоот зээлийн гэрээ байгуулан 19,977,821.33 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Л.******* 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсэгт заасан зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 5,418,953.33 төгрөг, зээлийн хүүнд 3,538,847 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 245 хоног хугацаа хэтрүүлсэн ба банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2, 4.2.2, 4.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,558,868 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,641,762 төгрөг нийт 16,200,630 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд банк зээлийн гэрээнд заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр 16,200,630 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

... Банкны зүгээс ноднин жил анх удаа надтай уулзаж зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдсэн. Манай эхнэр банктай олон удаа зээлийн гэрээ байгуулахад би очиж байгаагүй, оролцож ч байгаагүй. Би банкны зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, зээл авахад оролцоогүй. Банкны зүгээс намайг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон талаар надад нэг ч удаа мэдэгдээгүй. Би үнэхээр хамтран зээлдэгчээр оролцож, банкнаас зээл авсан бол төлбөрийг төлнө. Би банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* Банк ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 16,200,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* Банк ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,953 /хоёр зуун гучин найман мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга::

******* Банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардаж авсан ба тухайн хэргийг анхан шатны шуух хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Зээлдэгч Л.******* ******* банкны Завхан салбараас зээл авахад Н.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ зээлийн гэрээ байгуулах үед илэрхийлсний үндсэн дээр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл П.******* нь зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэнэ эдгээ ойлгож, зээлийн төлбөрийг төлж барагдуулахаа өөрөө ухамсарлаж, зээлийг төлөх хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг.

Зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.2-т "Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасан бөгөөд зээлдэгч Л.*******, Н.******* нар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр нийт 19,977,821 төгрөгийн зээл авч хамтран үүрэг гүйцэтгэгч Н.******* гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээний нөхцөлүүд, хамтран үүрэг гүйцэтгэгчийн ******* банкны Завхан салбарт гаргасан өргөдөл, талуудын тайлбараар нотлогддог. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь ******* банкны Завхан салбар нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.*******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар -Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж, мөн зүйлийн 242.2-т "Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар.... үүснэ" гэж, мөн зүйлийн 242.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд уургийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

Мөн Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Зарим нэг гэрээнд миний гарын үсгийг дуурайлган зурсан. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр нийт 19,977,821 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй" гэж маргасан боловч бусад гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ үгүйсгээгүй.

Гэтэл анхан шатны шуух хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байхад шүүх дээрх зарчмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс тухайн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, талуудын хооронд үүссэн харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дэх гарын үсэг Н.*******ы гарын үсгийн загвартай тохирохгүй гэж тогтоосон боловч энэ нь Н.*******ыг зээлийг аваагүй, банкнаас авсан мөнгөө амьдрал ахуйдаа хэрэглээгүй гэх үйл баримтыг нотлохгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн зээлийг Л.*******, Н.******* авч өрхийн хэрэглээ, амьдралынхаа санхүүгийн хэрэгцээнд зарцуулсан тул банк Иргэний хуулийн 242.1, 242.3-т заасны дагуу Н.*******аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Н.*******, Л.******* нартай байгуулсан гэрээ нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр банкны нэр дээр байсан зээлийг манай банк руу шилжүүлж зээл авч банкны зээлийг хаасан зүйл байдаг. Энэ зээл нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14.5 сая төгрөгийн банкны нэр дээр байсан 2007 оноос анх авч эхэлсэн зээлийг 2017 онд манай банкнаас зээл авч шилжүүлэн хаасан зээл юм. Энэ зээлтэй холбоотой хариуцагч Н.******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа Л.******* бол тухайн зээлийн талаар надад огт танилцуулаагүй бөгөөд өрхийн хэрэглээнд зарцуулаагүй тул би мэдэхгүй гэдэг. Энэ зээл нь банкин дээр удаан хугацаанд үргэлжилж байсан зээл учраас тухайн зээл өрхөд хэрэглэсэн байх үндэслэлээр холбогдох материалуудыг өгсөн. Түүнтэй холбоотой банканд шилжүүлсэн хаасан баримтыг давхар гаргаж өгсөн байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.аа/ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

г Хариуцагч Н.******* нь тухайн Хаан банкны зээлийн гэрээн дээр гарын үсэг зураагүй байдаг. Н.*******ы гарын үсгийг дуурайлгаж зурсан байх магадлалтай тул шинжээч томилуулж дүгнүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Банк нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

Хариуцагч Н.*******/ZOOM/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би банк нь дээр очиж өөрөө ийм зээл аваагүй гэдгээ тодорхой хэлсэн. Гэтэл банкнаас надад зээлийн хүүг чинь зогсоож өгье гэж тухайн үед хэлж байгаад одоо болохоор шүүхэд өгөөд намайг хариуцагчаар татаад байдаг. Миний хувьд тухайн зээлийг аваагүй бөгөөд би гарын үсэг зураагүй гэв.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Н.*******аас 16.200.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг

хариуцагч Н.******* нь би зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

Хариуцагч Н.*******ы эхнэр Л.******* нь Хаан банкны Тосонцэнгэл тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19.977.821 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан байна. 

Зээлдэгч Л.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч банк хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнд үндсэн зээлдэгч Л.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.******* гэж бичигдсэн хэсэгт гарын үсэг зурагдсан байна. 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Н.*******ых мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг Н.*******ы гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байх ба анхан шатны шүүх энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэхь хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг,телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцох зохицуулалттай нийцсэн байна.  

Нөгөө талаар зээлийн гэрээнд тухайн зээл нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болох талаар заасан, гэрээний үүргийг хангах барьцааны зүйл нь зөвхөн Л.*******гийн цалингийн орлого байсан нь тогтоогддог бөгөөд Л.******* нас барснаар хариуцагч Н.******* зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэг хүлээсэн баримт хэрэгт авагдаагүй байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хаан банкны Л.*******аас зээлийн гэрээний үүрэг 16.200.630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 134 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 238.953 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай..

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР