| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2020/0372/Э |
| Дугаар | 1019 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1019
Б.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Отгончимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/2206 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Серикжаны бичсэн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 34 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох эрүүгийн 2003002650170 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
/,
Б.Б нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуй яамны урд замд 2020 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 23 цаг 00 минутын үед Тоуоta Prius-20 загварын 53-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Гончигийг мөргөж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас:
Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Хэргийн 21 дүгээр хуудсанд яллагдагчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргажээ. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол гарчээ. Уг тогтоолын олсон нь хэсэгт “...сэтгэцийн байдлыг шалгуулах шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзах үндэслэлтэй байна.” гэжээ.
Мөрдөгч ямар үндэслэл байгаа учир хүсэлтийг хангахаас татгалзаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлээ тодорхой бичээгүй байна.
Мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудайн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажпын 3 хоногийн дотор Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь зөрчиж яллах дүгнэлт үйлджээ.
Түүнчлэн шинжээчийн 806, 803, 241, 1696, 1697, 2023, 1920, 2006, 2005 дугаартай дүгнэлтүүдтэй 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу яллах дүгнэлт үйлдсэн өдрөө танилцуулсан нь тэдний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Серикжан эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн 2003002650170 дугаартай хэргийг түүний өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, “...яллагдагчийн өмгөөлөгчийн Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн шүүх хуралд оролцож байсан улсын яллагчаас шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулмагц шүүхэд хандаж “....хэргийг буцаасан үндэслэлээ тайлбарлаж өгнө үү...” гэж асуухад, шүүгч нь “....өмгөөлөгчийн Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь хангаагүй" гэсэн нэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байна гэж тайлбарласан.
Гэтэл “...яллагдагчийн өмгөөлөгчийн Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь зөрчиж яллах дүгнэлт үйлдсэн” гэсэн нэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүх хурлын танхимаас гаргасан боловч шүүгчийн захирамжийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч танилцахад “...мөрдөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаад байгаа нь ойлгомжгүй, үндэслэлээ тодорхой бичээгүй” гэж, мөн “....шинжээчийн дүгнэлтүүдийг яллах дүгнэлт үйлдсэн өдрөө танилцуулсан нь тэдний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн хоёр үндэслэлийг шинээр нэмсэн байх ба дээрх шийдвэрийг шүүх хуралдааны танхимд гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. /2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана/
Өмгөөлөгч Х.Даваахүүгээс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “...яллагдагч Б.Бгийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгүүлж өгнө үү” гэх хүсэлтийг мөрдөгч хүлээн авч, мөн өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.
Мөн мөрдөгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийн “..агуулга ойлгомжгүй, үндэслэлээ тодорхой бичээгүй” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өмгөөлөгч Х.Даваахүүгээс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтийг 42 хоногийн дараа дахин шийдвэрлэхээр заасан нь хууль зүйн үндэслэлгүй байх ба түүнчлэн дээд шатны прокурорын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолд “...яллагдагч Б.Бгийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлгүй байна” гэж тодорхой дурдаад хариу мэдэгдсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....мөрдөгчийн шийдвэр үйл ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр үйл ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокүрорт шийдвэр гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, мөрдөгчийн шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хяналт тавьж байгаа прокурор 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, түүнийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурор 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус хянан шийдвэрлэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвярлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “....гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана” гэж заасны дагуу тухайн нэгжийн дээд шатны прокурорын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрт 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлаж, өмгөөлөгч Х.Даваахүүд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хариу мэдэгдэх хуудсыг гардуулж өгснөөс хойш 6 хоногийн дараа буюу 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүхийн хэрэг хүлээж авсан дардаснаас харж болно. Өөрөөр хэлбэл тухайн нэгжийн дээд шатны прокурорын шийдвэр гарснаас хойш 7 хоног, уг шийдвэрийг гардуулж өгснөөс хойш 6 хоногийн хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхийн хангасан.
Нөгөө талаар нь авч үзвэл, яллагдагч Б.Бгийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр түүнд холбогдох эрүүгийн 2003002650170 дугаартай хэрэгт 2020 оны 5 дугаар сарын 28-ьы өдөр 222 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, мөн өдөр гардуулж өгсөн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэсэн заалтыг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2003002650170 дугаартай хэрэгт холбогдуулан гаргасан 1696, 1697, 2005, 2006, 2023 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, 806 дугаартай дүгнэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус тус яллагдагч Б.Б танилцуулж гарын үсэг зуруулсан, мөн 241 дугаартай дүгнэлтийг танилцуулах боломжоор хангасан боловч тэрээр “...шинэ өмгөөлөгчтэй ирж танилцана” гэж тэмдэглэл үйлдсэн, түүнчлэн 1920 дугаартай шинжээчийн дүгнэлтийн танилцуулахаар яллагдагч Б.Б болон түүний өмгөөлөгч Н.Золжаргал, Г.Оюунтуяа нар танилцуулахаар мэдэгдсэний дагуу хоёр өмгөөлөгч нь ирж танилцаад гарын үсэг зурсан болох нь хавтаст хэргийн 23, 225, 226, 228, 229 хуудсанд авагдсан мөрдөгчийн болон шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлээс тодорхой харж болно.
Мөн яллагдагч Б.Бд 241, 1696, 1697,2023, 25000, 1920, 2006, 2005 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин танилцуулсан болно. Тухайлбал, хавтас хэргийн 229 дугаар хуудасны “Танилцсан Б.Б” гэсэн хэсэгт “4-р сарын 18” гэж бичээд Б.Б өөрөө гарын үсэг зурсан, “Танилцуулж гаргасан санал, хүсэлт” гэсэн хэсэгт “...241, 1696, 1697,2023, 25000, 1920, 2003, 2005 дугаартай шинжээчийн дүгнэлттэй 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дахин танилцав” гэж тэмдэглээд гарын үсэг зурсан болохыг шүүх анзаарч хараагүй гэж үзэж байна.
Түүнчлэн шүүгчийн захирамжид 803 дугаартай шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж тэмдэглэсэн боловч хавтаст хэрэгт дээрх дугаар бүхий шинжээчийн дүгнэлт авагдаагүй болно.
Иймд шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулсныг танилцуулаагүй гэж, хавтас хэрэгт авагдаагүй шинжээчийн дүгнэлтийг байгаа болгож тодорхой бус ойлгомжгүй байдал үүсгэсэн, түүнээс гадна хэрэг бүртгэлт, мэрдэн байцаалтын шатанд хуулийн ямар зүйл, заалтыг ноцтой зөрчсөн болох нь эргэлзээтэй, хууль зүйн хувьд дүгнэлт хийгээгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/2206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Т.Серикжаний бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэрэгт нийт 10 дүгнэлт авагдсан байдаг. Оролцогч нар дүгнэлтүүдтэй тухай бүрд нь танилцаад явсан. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 806 дугаартай дүгнэлттэй танилцсан байхад анхан шатны шүүх захирамждаа 806 дугаартай дүгнэлттэй дахин танилцсан он, сар, өдрийг бичиж энэ нь хууль зөрчиж танилцуулсан байна гэж үзэж дүгнэсэн нь буруу дүгнэлт болсон. Прокуророос 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 222 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, тэр өдрөө яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулсан. Прокуророос Х.Даваахүү өмгөөлөгчийг гомдол гаргасан гэдгийг мэдсэн учраас 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл буюу өмгөөлөгч Х.Даваахүүгээс гаргасан хүсэлтийн хариу ирэхийг хүлээгээд хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлээгүй байдаг. Сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлаггүй юм. “Шүүгдэгч Б.Бгийн сэтгэцэт өөрчлөлт орсон зүйл байхгүй” гэж эмч Долгор тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү . ...” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь шүүхээр гэм буруугаа тогтоолгох үедээ эрүүл мэндийн асуудалтай байсан. Шүүгдэгч Б.Бгийн сэтгэцийг шалгуулах шаардлагатай байсан. Шар Хадны эмнэлэгт шүүгдэгч Б.Б нь 15 хоног хэвтэж эмчлүүлсэн байдаг. Эмнэлэгт хэвтэж байгаа тул шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэхэд эмчилгээ хийж буй эмч нарыг байцаана гэсэн. Эмчилгээ хийж байсан сэтгэцийн эмч нь мэдүүлэхдээ “сэтгэц нь хүчтэй өөрчлөлтөд орсон” гэдгийг хэлсэн байдаг. Ямар ч байсан сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэдгийг хэлсэн. Иймд зөвхөн эмчийн мэдүүлэг дүгнэлтээр биш, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж аваагүй. Миний хүсэлтүүдийн хариуг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 222 тоотоор өгсөн. Уг хариу тоотонд 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй гэдгийг зааж өгсөн учир тоотыг авсан өдрөө Улсын Ерөнхий прокурорын газарт шууд гомдлоо гаргаж өгсөн. Гомдол гаргасан болохоо би Т.Серикжан прокурорт хэлсэн. Гэтэл гомдлын хариу гараагүй байхад шүүх рүү хэргийг шилжүүлсэн байдаг. Гэтэл Улсын Ерөнхий прокуророос нэгэнт яллах дүгнэлт үйлдээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн учраас хэргийг татаж хянах боломжгүй байна гэсэн. Дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан. ...” гэв.
Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгчийн захирамжинд дурдсан шинжээчийн дүгнэлтүүдийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эдлэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул мөрдөн шалгах ажиллагааны үед эрхийг нь хязгаарласан гэж үзэхгүй.
“Б.Бгийн сэтгэцийн байдлыг шалгуулах шинжээч томилж өгнө үү...” гэсэн хүсэлтийг прокурор “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолдоо /1хх 25-26, 29-30/ хүсэлтийг яагаад хангахаас татгалзсан талаараа тодорхой бичсэн байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдуулан шүүхэд ирүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнө 23 цаг 00 минутын үед Тоуоta Prius-20 загварын 53-34 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Я.Гончигийг мөргөж, амь нас нь хохирсон...” гэх хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжинд заасан ажиллагааг заавал хийх шаардлагагүй.
Иймд яллагдагч Б.Бд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/2206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ