Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 141/ШШ2021/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Ө даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ...д байрлах “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч төлөөлөгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г, гэрч Ц.Ж нар цахимаар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК-ний төлөөлөгч Л.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг улсаас батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг З ЕБСийн захиалгын дагуу үйлдвэрлэн гэрээг хийж нийлүүлсэн юм. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганыг тус сургуульд өөрийн зардлаар хүргэн өгч гэрээний дагуу нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тооцоо хийж төлбөрийг барагдуулаагүй байгаа тул ... сумын ерөнхий боловсролын сургуулиас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай гэрээгээр хүлээн авсан барааны нийт үнэ 12,445,550 төгрөгөөс 2014-2015 онд төлөгдсөн төлбөр 4,932,456 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус хасан тооцож барааны төлөгдөөгүй үлдэгдэл 7,175,094 төгрөгийг гаргаж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч З ЕБС захирал Ц.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцсыг З ЕБС сурагчдад нийлүүлснээс 2014-2015 онд 5,042,720 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус төлснөөр 2,412,330 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн болно. Харин 2013 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тус сургуулийн захирал болон менежер гарын үсэг зураагүй байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь тухайн үед тус сургуульд захирлаар ажиллаж байсан Ц.Ж нь 2013 онд “Д” ХХК-тай гэрээ байгуулаагүй, мөн сурагчийн дүрэмт хувцас аваагүй гэж хэлдэг. “Д” ХХК-иас нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцсыг авсан хүүхдүүд нь Д ХХК-ний данс руу мөнгийг нь хийгээд ангийн багшдаа баримтаа өгдөг байсан болохоос бус манай сургуульд мөнгийг өгдөггүй байсан. Иймд “Д” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч З ЕБСд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч З ЕБС захирал Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  “...2013 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тус сургуулийн захирал болон менежер гарын үсэг зураагүй байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь тухайн үед тус сургуульд захирлаар ажиллаж байсан Ц.Ж нь 2013 онд “Д” ХХК-тай гэрээ байгуулаагүй, сурагчийн дүрэмт хувцас аваагүй гэдэг. 2014 онд “Д” ХХК-иас нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцсыг авсан хүүхдүүд нь “Д” ХХК-ний данс руу мөнгийг нь хийгээд ангийн багшдаа баримтаа өгдөг байсан болохоос бус манай сургуульд мөнгийг өгдөггүй байсан. Иймд “Д” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу З ЕБСд кардиган 119х26,400=3,141,600 төгрөг, майк бага 77х15,180=1,168,860 төгрөг, майк дунд 103х17,930=13,846,790 төгрөг, майк ахлах 79х20,700=1,635,300 төгрөг нийт 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцас нийлсэн болох нь хариуцагч З ЕБС захирал Ц.Гийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан “...2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7,792,550 төгрөгийн дүрэмт хувцсыг З ЕБС сурагчдад нийлүүлснээс 2014-2015 онд 5,042,720 төгрөг төлсөн, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөг болсон. Одоо төлөгдөөгүй 2,412,330 төгрөгийн үлдэгдэл байгаа...” гэсэн тайлбар, гэрч Б.Д “...2014 онд сурагчийн дүрэмт хувцсыг 1 удаа авсан. 2013 онд тус сургуульд эзэнгүй шинэ дүрэмт хувцаснууд байсныг нийгмийн ажилтнаараа цэгцлүүлж, 2014 онд боловсролын газраас дуудахад нь очиж илүү бүх хувцаснуудыг буцааж хүлээлгэж өгсөн...” гэсэн, гэрч П.Б “...Эхний буюу 2013 оны өвөл 10 дугаар сард дүрэмт хувцас тараахад З ЕБС захирал ирээгүй, өөр хүнээр авхуулж байсан талаар би санаж байна. Харин 2014 онд сурагчийн дүрэмт хувасыг сургуулийн захирал, эрхлэгч нар ирж авч байсан...” гэсэн, гэрч Ц.Ж: “...Манай сургууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний дагуу авсан дүрэмт хувцасны үнийг хүүхдүүд өөрсдөө “Д” ХХК-ний дансанд хийсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд болон гэрээний хуулбараар нотлогдож байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нийлүүлсэн сурагчийн дүрэмт хувцасны талаар маргаагүй байна.

Харин хариуцагч “...2013 оны гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний дагуу сурагчийн дүрэмт хувцсыг аваагүй...” гэж маргадаг боловч нэхэмжлэгч “Д” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу З ЕБСд кардиган 113х26,400=2,983,200 төгрөг, майк 110х15,180=1,669,800 төгрөг, нийт 4,653,000 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас нийлүүлсэн болох нь гэрч Д.Н “...Тухайн үед 2013 он байсан байх миний бие Завхан аймагт сургалтад суугаад сум руу явах гэтэл З ЕБС багш Ц.Ж шиг санагдаж байна утсаар яриад боловсрол соёлын газраас хувцас аваад ир гэхээр нь хувцсыг очиж авсан. Тэр үед хувцсыг авахдаа авсан гээд л гарын үсэг зурсан. Тэгээд ... сумын сургуульд аваачиж өгсөн...” гэсэн, гэрч Ц.Ж “...Би оныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Д.Н Завхан аймгийн төвд явж байхаар нь Завхан аймгийн Боловсрол соёлын газраас хүүхдийн дүрэмт хувцас авчруулж байсан...” гэсэн, гэрч Б.Д: “...2013 онд тус сургуульд эзэнгүй шинэ дүрэмт хувцаснууд байсныг нийгмийн ажилтнаараа цэгцлүүлж, 2014 онд боловсролын газраас дуудахад нь очиж илүү бүх хувцаснуудыг буцааж хүлээлгэж өгсөн...” гэсэн, гэрч П.Б: “...Эхний буюу 2013 оны өвөл 10 дугаар сард дүрэмт хувцас тараахад З ЕБС захирал ирээгүй, өөр хүнээр авхуулж байсан талаар би санаж байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Д” ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж сурагчийн дүрэмт хувцсыг З ЕБСд нийлүүлсэн байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч ... сургуулиас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч ... сургуулиас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13\018 дугаартай, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Нийлүүлэгч нь актаар сурагчийн дүрэмт хувцсыг хүлээлгэн өгснөөс хойш ажлын 21 хоногт багтаан төлбөрийг нийлүүлэгч “Д” ХХК-ийн ХААН банкны 5120016439 тоот данс руу шилжүүлнэ...” гэж заажээ.

Гэрээний уг заалтаас үзвэл хариуцагч З ЕБС нь сурагчийн дүрэмт хувцсыг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан үнийг төлөх үүрэгтэй байна. Мөн нэхэмжлэгч “Д” ХХК нь энэ хугацаа өнгөрмөгц төлбөрөө төлөхийг шаардах, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүссэн байна гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан: “...Сурагчийн дүрэмт хувцсыг тухайн сургуульд нийлүүлсэн өдөр гэрээг байгуулсан. Тийм болохоор 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус ... сургуульд сурагчийн дүрэмт хувцсыг хүлээлгэн өгсөн. Сум орон нутагт очиход нэгээс хоёр хоног өнгөрсөн байх. Завхан аймгийн төв дээр хүлээлгэн өгсөн он сар өдрөөр гэрээг байгуулсан...” гэсэн тайлбараас үзвэл 2013 он, 2014 онуудын гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 21 хоногийн дараа буюу ойролцоогоор 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэгч “Д” ХХК нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч ... дунд сургуулиас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13\018 дугаартай, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрөө төлөхийг шаардах эрх буюу нэхэмжлэл гаргах эрх нь ойролцоогоор 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс үүссэн буюу нэхэмжлэгч “Д” ХХК нь эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч “Д” ХХК нь анх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд З ЕБСд холбогдуулан “7,175,094 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч Л.А нь шүүх хуралдаанд “...З ЕБСиас сурагчийн дүрэмт хувцасны үнийг нэхэмжилж 2016 оноос хойш шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.  

Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 704 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг нотлох баримт буюу шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “...Хариуцагч тал нь өгнө төлнө гэсэн учраас нэхэмжлэгч Д ХХК нь хүлээсэн. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг гаргасан байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх Иргэний хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч З ЕБСд холбогдуулан “7,175,094 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2 дугаар хороолол 11 дүгээр байр 1А-д байрлах “Д” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хариуцагч З ЕБСд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн “Д” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

           

                                  ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ӨЛЗИЙХИШИГ