Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2021/00022

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 2 дугаар хороолол 11 дүгээр байр ******* байрлах ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч компанийн захирал Л.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч компанийн захирал Л.*******/Орхон аймгаас ZOOM/, түүний өмгөөлөгч Д.*******/Орхон аймгаас ZOOM/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.*******/Нөмрөг сумаас ZOOM/ нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэлийн шаардлага: 7.175.094 төгрөг гаргуулах тухай Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийг сурагчийн дүрэмт хувцсыг улсаас батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг Завхан аймгийн Нөмрөг сумын сургуулийн захиалгын дагуу үйлдвэрлэн гэрээг хийж нийлүүлсэн юм. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үйл ажиллагаанд нь зориулан эргэлтийн зээл болон хонины ноосон ээрмэл утас зээлээр олгосон юм. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн сурагчийн дүрэмт хувцас болон ноосон майк, кардиганыг тус сургуульд өөрийн зардлаар хүргэн өгч гэрээний дагуу нийлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тооцоо хийж төлбөрийг барагдуулахгүй байгаагаас манай ******* компани зээл, зээлийн хүү, ноосон ээрмэл утасны төлбөрөө барагдуулж чадахгүйд хүрч улсаас авсан зээл, ээрмэл утсаа манай компанид нийлүүлсэн аж ахуй нэгжүүд зээлээ төлөхийг шаардаж, зарим шүүхийн шийдвэрүүд гарч компани данс тооцоог хаасан болно. Иймд Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13/018, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 тоот гэрээгээр хүлээн авсан барааны нийт үнэ 12,445,550 төгрөгөөс 2014-2015 онд төлөгдсөн төлбөр 4,932,456 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус хасан тооцож барааны төлөгдөөгүй үлдэгдэл 7,175,094 төгрөгийг гаргаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* ХХК-ний сургуульд нийлүүлсэн барааны үнийн үлдэгдэл 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн дагуу ******* ХХК-ний 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7792550 төгрөгийн дүрэмт хувцсыг Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийлүүлснээс 2014-2015 онд 5,042,720 төгрөг, буцаан тушаасан барааны үнэ 337,500 төгрөгийг тус тус төлснөөр 2,412,330 төгрөгийн үлдэгдэл байгаа нь үнэн болно. Мөн 2013 оны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдэг. Ер нь аливаа гэрээг 2 тал гарын үсэг зурж баталгааждаг гэж бодож байна. 2013 оны гэрээн дээр тухайн үеийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежерийн гарын үсэг байхгүй байдаг. Иймд 2013 оны гэрээг хүчингүй гэж үзэж байна... гэжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай шийдвэрээр

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* багийн 2 дугаар хороолол 11 дүгээр байр ******* байрлах ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургуульд холбогдох 7,175,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,751 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Л.******* давж заалдах гомдолдоо:  

Завхан аймгийн Tocoнцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 07-ний өдрийн 147 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургуультай сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч хувцас хүлээж авсан тал буюу захиалагч тал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ******* ХХК нь 2017 оны 6 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.Шүүх тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2017 оны 7 сарын 6-ний өдрийн 571 дугаартай шуугчийн захирамжаар буцаасан.Дараа нь 2017 оны 7 сарын 25-нд тэмдэгтийн хураамж телехийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлттэй хамт нэхэмжлэлээ дахин хургуулсэн боловч телберийн чадваргүй гэдгээ нотолж ирүүлэээгүй гээд 2017 ны 09 сарын 04-ний өдрийн 704 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг юм. Дараа нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны едер шуухэд дахиж нэхэмжлэлээ хүргүүлсэн юм.Нөмрөг сумын Ерөнхий боловсролын дунд сургууль хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 25-нд 21 500 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй.

Ингэж үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч хамгийн сүүлд төлөлт хийсэн 2015 оны 5 сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж узвэл 2018 оны 5 сарын 25-нд хугацаа дуусах байсан. Гэтэл манай компани 2017 оны 6 сараас хойш 2 ч удаа шуухэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухай бүрд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан гэж байна. Хамгийн сүүлд 2017 оны 7 сарын 25-нд нэхэмжлэл гаргаад шүүх 2017 оны 9 сарын 4-нд нэхэмжлэлийг буцааснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж узвэл 2020 оны 9 сарын 04-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан. Гэтэл манай компани 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Цар тахал өвчний улмаас хөл хорио тогтоосноос болж шуухэд очиж хэргийн материалтай танилцах хүсэлт гаргах боломж хязгаарлагдмал байсан бөгөөд шүүхээс хэргийн материалыг хуулбарлан мейлээр явуулж танилцаж байсан нь маш их бэрхшээлтэй байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.Шуугч шүүх хурлаас өмнө талуудыг байлцан уулзаж хэргийг яриулж байсанд гайхдаг.Хариуцагчийн талд хэргийг шийдсэн гэж үздэг.Хеен хэлэлцэх хугацааны талаархи хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хангасан заалтыг шүүхийн шийдвэрт оруулна уу Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно.

ЖИЧ: Шүүхийн шийдвэрийг 2021 оны 8 сарын 10-ны өдөр мейлээр аваад 2021 оны 8 сарын 23-ны өдөр шүүхийн мейл хаягаар давж заалдах гомдлоо хургүүлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг шуудангаар явуулсан гэсэн боловч өмгөөлөгч болон би одоогоор хүлээж аваагүй байна. Мөн гомдол болон тэмдгийн хураамж төлсен баримтыг шуудангаар хүргүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Л.*******/Орхон аймгаас ZOOM/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургуультай сурагчийн дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ манай компани биелүүлсэн боловч хувцас хүлээж авсан тал буюу захиалагч тал нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж ******* ХХК нь 2017 оны 06 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаартай шүүгчийн захирамжаар буцаасан. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 23-нд тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлттэй хамт нэхэмжлэлээ дахин хүргүүлсэн боловч төлбөрийн чадваргүй гэдгээ нотолж ирүүлээгүй гээд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 702 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан байдаг. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ хүргүүлсэн юм. Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургууль манай компанид хамгийн сүүлд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 21.500 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш төлөлт хийгээгүй.

Ингэж үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч хамгийн сүүлд төлөлт хийсэн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзвэл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хугацаа нь дуусах байсан. Гэтэл манай компани 2017 оны 06 дугаар сараас хойш 2 ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тухай бүрд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байсан гэж үзэж байна. Хамгийн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаад шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг буцааснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзвэл 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгч компанийн захирал Л.*******ийн өмгөөлөгч Д.*******/Орхон аймгаас ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд шүүх хуралдаанаас эхэлж эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж ажилласан. Хэргийн материалд авагдсан шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Одоо болж байгаа цагийн үеийн нөхцөл байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байна. Энэ хэргийн материалтай танилцахын тулд бид нар Завхан аймагт очих боломжгүй учраас цахимаар хуулбарыг үзсэн тэгэхдээ яг бүгдийг нь үзэх боломжгүй байсан. Шүүгчийн захирамжид дурдагдсан эвлэрүүлэн зуулчлалд хандсан баримт болон бусад баримтыг одоо өгөх боломжтой байна. Анхан шатны шүүхийн шүүгч талуудтай биечлэн уулзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Мөн Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургууль үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гандориг/Нөмрөг сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч талын ярьж байгаагаар ор үндэслэлгүй хөрөнгөжиж болохгүй гэж байна. Энэ нь бол үндэслэлгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн тайлбар хэлээд байна. Тосонцэнгэл сумын сум дундын шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг буруу гэж үзээд байх шиг байна. Үүн дээр бол аль аль талаас анхан шатны шүүхийн шүүгч дээр нотлох баримт байна уу? нэмэлт нотлох баримт өгөх үү ? гэдэг байдлаар эрх тэгш асууж тодруулж байсан. Манай талаас шаардлагатай үед нь цахимаар нотлох баримтуудаа явуулж байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч талуудад эрх үүрэг нь тэгш хангагдсан байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим-д нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан сурагчийн дүрэмт хувцасны үнэ 7.175.094 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, шүүхийн шийдвэрт хангалттай дүгнээгүй байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрт ******* ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14/12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу Завхан аймгийн Нөмрөг сумын ерөнхий боловсролын дунд сургуульд кардиген 119 ширхэг, нэг бүрийн үнэ 26.400 төгрөг, нийт 3.141.600 төгрөг, майк /бага/ 77 ширхэг, нэг бүрийн үнэ 15.180 төгрөг, нийт 1.168.860 төгрөг, майк /дунд /103 ширхэг, нэг бүрийн үнэ 17.930 төгрөг, нийт 13.846.790 төгрөг, майк /ахлах/ 79 ширхэг, нэг бүрийн үнэ 20.700 төгрөг, нийт 1.635.300 төгрөг, бүгд нийт 7.792.550 төгрөгийн дүрэмт хувцас нийлсэн болох нь гэж дүгнэсэн байгаа нь тооцооллын хувьд алдааатай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7.792.500 төгрөг нь талуудын хооронд байгуулсан гэрээний нийт дүн эсхүл гэрээний үүргийн зарим хэсэг болох талаар дүгнээгүй, хариуцагч байгууллага нь 2013, 2014 онд нийт хэдэн ширхэг, хэдэн төгрөгний үнэтэй сурагчийн дүрэмт хувцас авснаас хэдэн ширхэг дүрэмт хувцасны үнэ төлөгдсөн, хэдийг нь буцааж өгсөн, одоо хэдэн ширхэг хувцасны үнэ төлөгдөөгүй үлдсэн байгааг нэг бүрчлэн дүгнэж бичээгүй байна.  

Мөн талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг ямар шинжээр нь ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн, уг гэрээний бусад гэрээнээс яллагдах онцлог шинж нь юу болох, гэрээний талуудын ямар эрх үүрэгтэй болохыг хэрэгт авагдсан баримтанд тулгуурлан эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. 

Шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлтийг оновчтой хийсний дараа маргааны төрлөөс хамаарч хуульд заасан ямар хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх эсэхийг тогтоох боломжтой болно.  

Нөгөө талаар шүүх хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэхийг бодитой тогтоолгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтэрүүлсэн гэж хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэсэн тайлбараа шүүхэд нотлох боломжоор хангаагүй, энэ талаар шүүхэд ирүүлсэн зарим баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар анхааруулаагүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч компанийн захирал Л.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129751 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР