Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/01536

 

 

2021 оны 07 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2021/01536 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 00тоотод оршин суух, А овогт М.Б /РД:ФБ71040171/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Ч.Г /РД:ТИ/-д холбогдох,

 

Арматур төмрийн үнэ болох 140 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.Б нь Ч.Г-тэй арматур төмөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан борлуулагдсаны дараа төлбөр тооцоо хийхээр харилцан тохиролцсон. Ч.Г нь худалдан борлуулсан үнийн дүнг өөрөө авч шилжүүлээгүйгээс энэ маргаан үүссэн байдаг. Тухайн үед үлдэгдэл зөрүү мөнгөнүүдийг шилжүүлж байсан. Сүүлд М.Б-ийн төрсөн дүү Б.Ү гэдэг хүнд Сонгинохайрхан дүүргийн Залуус хороололд орон сууц Э ХХК-ийн нэр дээрээс шилжүүлсэн байдаг. Гэвч Ч.Г нь тухайн байрны мөнгийг төлөөгүй байсны улмаас шүүхийн шийдвэрээр буцааж хурааж авсан. Цагдаагийн байгууллагаар шалгуулсны эцэст 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Г-тэй уулзаж арматур төмрийн үлдэгдэл болох 140 000 000 төгрөгийн 70 000 000 төгрөгт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороололд байрлах 0 өрөө орон сууцыг тооцон 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөрт багтаан нэр дээр нь шилжүүлэх, үлдэх 70 000 000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн. Хугацаандаа төлөхгүй бол шүүх, цагдаагийн байгууллагад хандахад гомдол байхгүй гэдгийг дурдаад Сонгинохайрхан дүүрэгт байрлах хаяг өгсөн байдаг. Сонгинохайрхан дүүргийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүрэг дээр бүртгэлтэй болсон тул харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Иймд Ч.Г-ээс арматур төмрийн үлдэгдэл төлбөр 140 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч 70,000,000 төгрөгийн арматурыг хэзээ, ямар байдлаар авсан болоод ямар төрлийн арматур авсан бэ гэдэг нь баримтаар тогтоогддоггүй. Түүнчлэн баталгаа гэж ярьдаг боловч ямар үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа бичүүлсэн талаар нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй байна. Баталгаа нь дээр 70 000 000 төгрөгт орон сууц шилжүүлнэ гэсэн боловч Б.Ү барилгын компанитай гэрээ хийсэн гэж харагддаг. 140 000 000 төгрөг авсан гэдэг баримт хэрэгт авагдаагүй нотлогдохгүй байна. Зээлээр худалдан авсан бол эргэн төлөлтийн тодорхой график байх ёстой. Хоорондоо тохиролцсон хэлэлцээр байхгүй тул ганцхан баталгаа гэдэг зүйлээр 140 000 000 төгрөг гаргуулах эрхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ч.Г-д холбогдуулан арматур төмрийн үнэ 140 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2017 онд Ч.Г-д арматур төмөр зээлээр өгсөн бөгөөд Ч.Г нь зараад мөнгийг нь өгөх байсан боловч өгөөгүйгээс цагдаагийн байгууллагад хандсан. Улмаар 140 000 000 төгрөгийн өр төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар 2020 оны 04 сарын 02-ны өдөр өөрийн гараар баталгаа бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй... гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан.

 

Зохигчдын тайлбар, хэргийн 5 дугаар талд авагдсан 2020 оны 04 сарын 02-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч М.Б нь гэрээний дагуу 2017 онд хариуцагч Ч.Г-д арматур төмрийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь 2020 оны 04 сарын 02-ны өдөр ...арматур төмрийн үлдэгдэл 140 000 000 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. 70 000 000 төгрөгт тооцон орон сууц, 70 000 000 төгрөгийг 2020 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулна... гэсэн агуулгаар баталгаа гаргах нь гэх баримт үйлдэн гарын үсгээрээ баталгаажуулсан байна. /хх-5/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ байгуулаагүй, үүрэг үүсээгүй гэх татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй, тэрээр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгон шүүхэд гаргаж өгсөн баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх баримтад заасан 70 000 000 төгрөгт тооцон орон сууц өгөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас хэлэлцэн тохиролцсон үнийг шаардах эрхтэй, шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн байх тул хариуцагч Ч.Г-ээс арматур төмрийн үнэ 140 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Гэрлээгээс арматур төмрийн үнэ 140 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 857 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ