Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01425

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01425

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01536 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Гд холбогдох арматурын үнэ 140 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б- нь Ч.Гтэй арматур төмөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бараа борлогдсоны дараа төлбөрийг хийхээр тохиролцсон. Ч.Г нь худалдан борлуулсан үнийн дүнг өөрөө авч шилжүүлээгүйгээс энэ маргаан үүссэн. Тухайн үед үлдэгдэл зөрүү төлбөрийг шилжүүлж байсан. М.Б-ийн төрсөн дүү Б.Үнэнбат Сонгинохайрхан дүүргийн Залуус хороололд орон сууцыг шилжүүлсэн. Гэвч Ч.Г нь тухайн орон сууцны төлөөгүй улмаас шүүхийн шийдвэрээр буцааж хурааж авсан. Ч.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр арматур төмрийн үлдэгдэл болох 140 000 000 төгрөгийн 70 000 000 төгрөгт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороололд байрлах 2 өрөө орон сууцыг тооцон 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөрт багтаан нэр дээр нь шилжүүлэх, үлдэх 70 000 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн. Иймд Ч.Гс арматур төмрийн үлдэгдэл төлбөр 140 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч 70 000 000 төгрөгийн арматурыг хэзээ авсан нь баримтаар тогтоогдоогүй. Баталгаанд 70 000 000 төгрөгт орон сууц шилжүүлнэ гэсэн боловч Б.Үнэнбат барилгын компанитай гэрээ хийсэн гэж харагддаг. 140 000 000 төгрөг авсан гэдэг баримт хэрэгт авагдаагүй. Зээлээр худалдан авсан бол эргэн төлөлтийн хуваарь байх ёстой. Хоорондоо тохиролцсон гэрээ байхгүй тул баталгааг үндэслэн 140 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ггээс арматур төмрийн үнэ 140 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-өд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 857 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 857 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэрэгт 140 000 000 төгрөгийн үнэ арматурыг зээлээр авсан талаар баримт авагдаагүй. Нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг нотлоогүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх байгуулахдаа орон сууц өгөх талаар харилцан тохиролцоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цагдаагийн байгууллагаар шалгуулж улмаар баталгааг бичүүлсэн гэх боловч цагдаагийн байгууллагад шалгуулсан баримт хэрэгт авагдаагүй. Баталгаанд 70 000 000 төгрөгт орон сууц шилжүүлнэ гэсэн боловч Б.Үнэнбат барилгын компанитай гэрээ байгуулсан. Баталгааг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 70 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Ч.Гд холбогдуулан арматурын үнэ 140 0000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.Б-ийн Ч.Гд арматур төмрийг нийлүүлж, уг бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны төлбөрийг дараа төлөхөөр харилцан тохиролцсон гэх тайлбар, Ч.Ггийн М.Б-өөс арматур худалдан авч борлуулж байсан, Зээлээр худалдах, худалдан авах гэрээг анх байгуулагдсан, орон сууц өгөх талаар тохиролцоогүй гэх тайлбараас дүгнэвэл, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд төлбөрийн үлдэгдлийн талаар маргаж байна.

Хариуцагч Ч.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Баталгаа гаргах нь гэх бичгийн баримт үйлдэж ... М.Б-өөс арматур төмөр худалдан авч борлуулж байсан. Энэ арматур төмрийн үлдэгдэл 140 000 000 төгрөгийн үлдэгдэл 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар тооцоо байгаа болно. 70 000 000 төгрөгт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 2 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөрт багтаан нэр дээр нь шилжүүлнэ. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 70 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-5/

Хариуцагч нь 140 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурыг зээлээр авсан баримтгүй гэж шүүхэд тайлбарласан боловч дээрх баталгаагаар 140 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч төлөх хугацаа, хэлбэрийг тогтоосон байх бөгөөд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчаас арматур төмрийн үнэ 140 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар нэхэмжлэгч Б.Баттөгст Ч.Ггийн төлөх 140 000 000 төгрөгөөс 70 000 000 төгрөгийг хасаж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ч.Г баталгаа гэх бичгийн баримтад тусгасан орон сууцыг төлбөрт тооцож шилжүүлсэн, эсхүл мөнгөн төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/01536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 507 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА