Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/01567

 

 

 

 

2021 оны 07 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2021/01567 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/1 байр, 83 тоот хаягт бүртгэлтэй, По ХХК /РД:6111327/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Парквыв хотхон 00 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух, Дандар овогт Д.Т. /РД:УЕ80000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол 00а байр, 00 тоот хаягт байрлах Ха ХХК /РД:00000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дугаар гудамж, 000 тоотод оршин суух, Боржигон овогт Э.У /РД:СВ000000/ нарт холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Э, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Э.У, хариуцагч нарын өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...По ХХК нь контент бүтээж сошиал орчинд хүмүүст түгээж ажилладаг. Үүний хүрээнд Ха ХХК-ийн захирал Э.Унь 2019 оны 12 сард бидэнд хандаж блог, подкаст зэрэг контент хийлгэх хүсэлттэйгээ илэрхийлсэн. Төлбөрийн боломжгүй тул манай компанийн үйлчилгээг аваач гэж хүссэн. Бид саналыг хүлээн авч 2020 оны 1 сараас хамтран ажиллаж эхэлсэн. Ха ХХК нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг талаар бидэнд танилцуулсан бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, идэвхжүүлэх зорилготой байгаагаа танилцуулсан. Бидний зүгээс 2020 оны 1 сараас 5 сар хүртэл Ха ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг авч үзсэн бөгөөд хамтран ажиллахаар шийдэж 2020 оны 05 сарын 18-ны өдөр харилцан тохиролцож Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр бид контент бэлтгэж өөрсдийн сошиал хуудаст нийтлэх, төлбөрийг хариуцагчийн үзүүлдэг хүүхэд асрагч болон гэр цэвэрлэх үйлчилгээгээр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу бид өөрсдийн Төө, Дө блог 2 удаа, Биг Биг фэмили контент 2 удаа, Подкаст 1 удаа, Май стори контент 1 удаа, Фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа, видео контент 3 удаа хийхээр тохирсон байсан. Гэрээний нийт үнийн дүн 17 750 000 төгрөг болсон бөгөөд үүний 13 200 000 төгрөгт хүүхэд асрах үйлчилгээг, 4 550 000 төгрөгт гэр цэвэрлэх үйлчилгээг авахаар тохирсон. Гэрээт ажлыг 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд багтаан хийж гүйцэтгэх байсан. Мөн хугацаанд хариуцагч нь ч гэсэн төлбөрт дүйцэх үйлчилгээг үзүүлэх ёстой байсан. 2020 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар бид хариуцагчийг төлөөлж С.А-тай ажил хүлээлцэх акт үйлдсэн. Энэ үед 2020 оны 2 сарын 3-ны өдөр Подкаст, 2020 оны 1 сарын 16-ны өдөр Пост, 2020 оны 4 сарын 16-ны өдөр Биг Биг фэмили контент, 2020 оны 5 сарын 30-ны өдөр Төө, Дө блогийг хийж гүйцэтгэсэн байсан. Үүнээс хойш бид гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуусгасан бөгөөд тус контентууд хүмүүст маш сайн хүрч, гэрээний зорилго болох Ха ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажиллагаа амжилттай болсон. Гэтэл Ха ХХК-ийн бидэнд үзүүлж байсан үйлчилгээнд маш их доголдол илэрч эхэлсэн. Энэ хугацаанд манай охиныг харах хүүхэд асрагч 6 удаа солигдсон бөгөөд сайн ажиллаж байсан охид байгаа ч түүнээс гадна хүүхэд асрах талаар ямар ч ойлголтгүй, сургалтад суугаагүй зэрэг шаардлага хангахгүй хүмүүсийг ирүүлж байсан. Тэд гадны стандарт судалгааг Монголд жишиглэн ажилладаг, ажилчдаа хүүхэд асрахад сургаж бэлддэг, түүний дараа айл руу илгээдэг, хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлдэг, чанартай цаг гарган хүүхдийг хүмүүжүүлдэг гэх мэтээр тайлбарлан танилцуулдаг байсан. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн байгаагүй. Үүнээс гадна бидний охиныг асрах явцад эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан байсан. Ха ХХК-ийн захирал Э.У энэ талаар амаар, бичгээр удаа дараа гомдол гаргаж байсан боловч огт тоогоогүй. Тиймээс бид тус хамтран ажиллах гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд 2020 оны 8 сар хүртэл Ха ХХК-иас үйлчилгээ авсан. 9, 10, 11, 12 сард огт үйлчилгээ аваагүй. Тиймээс 2020 оны 1 сараас 12 сар хүртэл авах ёстой Хамтран ажиллах гэрээний төлбөрт дүйцэх 17 750 000 төгрөгийн үйлчилгээг бүрэн авч чадаагүй. Гэтэл бид гэрээгээр тохиролцсон үүргийг бүрэн гүйцэтгэж, контентийг бүрэн хийсэн. Бид 2020 оны 1 сараас 8 сарын хугацаанд хүүхэд асрах, 6 сараас 8 сар хүртэл гэр цэвэрлэх үйлчилгээг авч байсан бөгөөд энэ хугацаанд тооцогдох төлбөрийг нэхэмжлэхгүй. Харин гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр болох 6 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ха ХХК-иас 2020 оны 05 сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Э.У би По ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд би болон манай компани По ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, харин иргэн Д.Т болон Э.Д нартай хамтран ажиллах гэрээ болон хүүхэд асрах үйлчилгээний гэрээ байгуулж ажилласан. Хэдийгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргаагүй боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан байх тул энэ хэрэгтэй холбоотой хариу тайлбараа тодруулж байна. Иргэн Д.Т, Э.Д нар хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тухайд иргэн Д.Т, Э.Д нар нь хамтран ажиллах гэрээний дагуу манай компанийн үйл ажиллагааг сурталчилж Төө, Дө влог 2 удаа, Биг Биг фэмили контент 2 удаа, Подкаст 1 удаа, Май стори контент 1 удаа, фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа. Видео контент 3 удаа хийж өгөхөөр тохиролцож, тухайн сурталчилгааны контентын төлбөрт харилцан тооцож манайхаас хүүхэд асрах үйлчилгээ болон гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийг авахаар болсон. Гэвч дээрх сурталчилгааны ажлыг бүрэн хийж өгөөгүйгээс гадна зарим нэг ажил нь манай хүссэн хэлбэр, загвар, бичиглэлтэй болоогүй тул бид дахин хийлгүүлэх хүсэлт гаргахад татгалзаж улмаар бид хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Тухайлбал, дээрх сурталчилгаануудаас 3 удаагийн видео контент, 1 удаагийн Биг Биг фэмили контент, 1 удаагийн фэйсбүүк, 2 удаагийн инстаграм пост, 2 удаагийн Төө, Дөл блог огт хийгээгүй. Энэ талаар бид удаа дараа сануулж, видео контент болон сурталчилгаагаа хийлгүүлэхээр шаардсан боловч одоог хүртэл хийж өгөөгүй байгаа. Манай компаниас авсан ажил үйлчилгээний үнийн дүн нэхэмжилж буй үнийн дүнгээс давж байгаа. Манай компанийн хувьд дээрх хамтран ажиллах гэрээний үнийн дүнд харилцан тооцохоор хүүхэд асрах үйлчилгээ, гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийг хийж өгөхөөр тохиролцсоны дагуу 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дараах үнийн дүн бүхий ажил, үйлчилгээг Д.Т, Э.Дөл нарт үзүүлээд байна. Хүүхэд асрах үйлчилгээг 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд нэг сарын НӨАТ орсон дүн 1 320 000 төгрөг, нийт 10 560 000 төгрөг, гэр цэвэрлэх үйлчилгээг 2020 оны 6-8 сарын хугацаанд сарын 650 000 төгрөгөөр үзүүлж, нийт 1 300 000 төгрөг, шинэ байранд нүүж ороход засварын дараах цэвэрлэгээг нэг удаагийн 350 000 төгрөгөөр 2 удаа үзүүлж нийт 700 000 төгрөг YouTube цахим сайт дээр Д.Т, Э.Д нарын 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115-р блог дээр 2 өдөр 4 хүн ажилласан талаар өөрсдөө ярьж байгаа, Д.Т, Э.Д нарын хүүхдийн төрсөн өдөр дээр нэмэлтээр хүүхэд асрагч авч ажиллуулсан бөгөөд уг ажлын хөлс өдрийн 70 000 төгрөг YouTube цахим сайт дээр Д.Т, Э.Д нарын 2020 оны 06-р сарын 11-ний өдрийн 116-р блог бичлэгний дээр 5:46-5:58 минут, 7:40 минут дээр тодорхой харагдана. Аялалын хүүхэд асрах үйлчилгээг 7 хоног авсан бөгөөд хүүхэд асрагч Байгалийг Хөвсгөл аймагт аялахдаа авч ажиллуулсны төлбөр 840 000 YouTube цахим сайт дээрх Д.Т, Э.Д нарын 2020 оны 07-р сарын 09-ны өдрийн 118-р блогны бичлэгийн 8:57-9:10 минут, 14:18 минут, 2020 оны 07-р сарын 16-ны өдрийн 119-р влогны бичлэгний 16:33-17:02, 17:42-17:50 минут дээрээс тодорхой харагдана), 2020 оны 07-р сард Архангай аймагт байх Цэнхэрийн рашаан руу 3 хоног аяллын хүүхэд асраг авч ажиллуулсны төлбөр 360 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн 500 000 төгрөгийн үйлчилгээний бэлгийн картыг авч найздаа бэлэглэсэн YouTube цахим сайт дээрх Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 120-р блогны бичлэгийн 13:43- 15:29 минут дээрээс тодорхой харагдана, 2020 оны 08-р сарын 27-ны өдөр Тэрэлжид амрахдаа мөн 2 өдрийн аяллын хүүхэд асрагч авч ажиллуулсны төлбөр 240 000 төгрөг YouTube цахим сайт дээрх Д.Т, Э.Д нарын 2020 оны 08-р сарын 27-ны өдрийн 121-р влогны бичлэг дээр тодорхой харагдана, мөн Д.Т, Э.Д нарт хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж байх явцад ажилчдын унааны мөнгөнд 408 000 төгрөг, илүү цагт 560 000 төгрөг өгч байсан. Ингээд Д.Т, Э.Д нар нь манай компаниас 15 538 000 төгрөгийн ажил, үйлчилгээ авсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс манайхаас нэхэмжлэх биш харин ч бид тэднээс нэхэмжлэх ёстой болоод байгаа юм гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч По ХХК, Д.Түвшинбаяр нар нь хариуцагч Хап ХХК, Э.У нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Хэрэгт По ХХК-ийг төлөөлж Д.Т, Хап ХХК-ийг төлөөлж Э.У нар 2020 оны 05 сарын 18-ны өдөр 2020/011 дугаартай Хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр А тал буюу По ХХК нь Б тал буюу Хап ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, идэвхжүүлэх, брендийн нэр танилцуулах ажлуудыг эхнэр Э.Д-ний хамт өөрсдийн сошиал сувгуудаар Төө, Дөл блог, Биг Биг фэмили фэйсбүүк болон инстаграм пост, подкаст, Май стори, видео контент хийх зэргээр 2020 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд багтаан хийж гүйцэтгэх, А тал хариу төлбөртөө хүүхэд харах үйлчилгээг, гэр цэвэрлэх үйлчилгээ гэртээ 1 жил тасралтгүй авахаар тус тус тохиролцжээ. /12-18/

 

Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Э.Уг нар нь хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүдийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан нь тухайн хуулийн этгээдүүд хооронд байгуулагдсан гэрээний харилцаанаас үүссэн үүргийг хүлээх үндэслэл болохгүй, хариуцагчийн гэрээг хуулийн этгээд биш иргэн Д.Т-тай байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Хамран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Хамтран ажиллах үүрэг нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэж хоёр хэсгээс бүрддэг гэрээний харилцаа байдаг.

 

Харин нэхэмжлэгч По ХХК болон хариуцагч Хап ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 сарын 18-ны өдөр 2020/011 дугаартай Хамтран ажиллах гэрээ гэх нэртэй гэрээний тохиролцооноос үзэхэд талуудын хооронд байгуулагдсан уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч тал захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул ажлын хөлсөнд ажил, үйлчилгээ /хүүхэд харах, гэр цэвэрлэх/ үзүүлэхээр тохиролцсон нь хуульд нийцнэ.

 

Талууд гэрээний хавсралтаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх ажлын нэр төрөл, тоо ширхэгийг тус тус тохиролцон тогтоосон байх ба үүнд Төө, Дөл блог 2 удаа, Биг фэмили контент 1 удаа, Подкаст 1 удаа, Май стори контент 1 удаа, Фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа, видео контент 3 удаа хийхээр, нийт гүйцэтгэх ажлын үнэлгээг 17 750 000 төгрөг байхаар тохиролцсон байна. 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 01 дугаартай ажил хүлээлцсэн актаар подкаст, пост, Биг Биг фэмили, блог гэх 4 нэр төрлийн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгчээ. /хх-68/

 

Зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь 2020 оны 01 сараас 2020 оны 09 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд асрах, гэр цэвэрлэх үйлчилгээг хариуцагч компаниас авсан болох нь тогтоогдож байх ба зохигчд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заагдсан 17 750 000 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн. 2020 оны 9, 10, 11, 12 саруудад хүүхэд асрах, гэр цэвэрлэх үйлчилгээ аваагүй тул ажлын хөлсний зөрүү 6 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Гэрээ цуцлагдсан 2020 оны 09 сарын 05-ны өдрөөс шинээр хариуцагчийн үйл ажиллагааг сурталчлах, идэвхжүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй хэдий ч өмнө хийсэн контентууд бүгд YouTube цахим сайтад олон нийтэд нээлттэй байгаа тул гэрээний үүргээ гүйцэтгэсэн... гэж, хариуцагч нь ...гэрээнд заасан 3 ширхэг видео контентийг огт хийгээгүй бөгөөд Төвшөө, Дөлгөөн хоёрын олон нийтэд хийсэн мэдэгдлээс болж нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэсэн сурталчилгааны ажил ач холбогдлоо алдсан... гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний хавсралтад заагдсан ажлуудаас 3 ширхэг видео контент хийж, хүлээлгэн өгсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэх шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, харин тодорхой хугацааны дараа биелэлээ олдог тул гэрээний оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлэхгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдах асуудал яригдах бөгөөд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон хариуцагчаас үзүүлсэн хүүхэд асрах үйлчилгээнд доголдол гарснаар цаашид хариуцагчийн үйл ажиллагааг олон нийтэд өөрсдийн цахим сүлжээгээр дамжуулан сурталчлахаас татгалзсанаар талуудын хооронд байгуулсан гэрээ 2020 оны 09 сарын 05-ны өдөр цуцлагдаж дуусгавар болсон байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж тус тус заасан.

 

Гэрээ цуцлагдсанаар гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цааш дуусгавар болгохыг ойлгох бөгөөд хариуцагчийн ...нэхэмжлэгчийн өмнө нь гүйцэтгэсэн сурталчилгааны ажил ач холбогдлоо алдсан... гэх тайлбар үндэслэлгүй, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр нь хүлээн авсан, ажлын хөлсөнд гэрээгээр тохирсон ёсоор үйлчилгээ үзүүлсэн байх тул талуудын хэн аль нь харилцан шаардлага гаргах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч По ХХК болон Д.Т нарын хариуцагч Хап  ХХК болон Э.У нарт холбогдуулан гаргасан 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122 150 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч По ХХК, Д.Т нарын хариуцагч Хап ХХК, Э.У нарт холбогдуулан гаргасан 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ