Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01475

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01475

 

П ХХК,

Д.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/01567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК, Д.Т нарын нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК, Э.У нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Э , хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Э.У, хариуцагч нарын өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П ХХК нь контент бүтээж сошиал орчинд хүмүүст түгээж ажилладаг бөгөөд Х ХХК-ийн захирал Э.У нь 2019 оны 12 сард бидэнд хандаж блог, подкаст зэрэг контент хийлгэх хүсэлттэйгээ илэрхийлсэн. Төлбөрийн боломжгүй тул манай компанийн үйлчилгээг аваач гэж хүссэн. Бид саналыг хүлээн авч 2020 оны 1 сараас хамтран ажиллаж эхэлсэн. Х ХХК нь хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг талаар бидэнд танилцуулсан бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, идэвхжүүлэх зорилготой байгаагаа танилцуулсан. Бидний зүгээс 2020 оны 1 сараас 5 сар хүртэл Х ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг авч үзсэн бөгөөд хамтран ажиллахаар шийдэж 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр бид контент бэлтгэж өөрсдийн сошиал хуудаст нийтлэх, төлбөрийг хариуцагчийн үзүүлдэг хүүхэд асрагч болон гэр цэвэрлэх үйлчилгээгээр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу бид өөрсдийн Түвшөө, Дөлгөөн блог 2 удаа, Биг Биг фэмили контент 2 удаа, Подкаст 1 удаа, Май стори контент 1 удаа, Фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа, видео контент 3 удаа хийхээр тохирсон байсан. Гэрээний нийт үнийн дүн 17 750 000 төгрөг болсон бөгөөд үүний 13 200 000 төгрөгт хүүхэд асрах үйлчилгээг, 4 550 000 төгрөгт гэр цэвэрлэх үйлчилгээг авахаар тохирсон. Гэрээт ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд багтаан хийж гүйцэтгэх байсан. Мөн хугацаанд хариуцагч нь төлбөрт дүйцэх үйлчилгээг үзүүлэх ёстой байсан. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар бид хариуцагчийг төлөөлж С.Агиймаатай ажил хүлээлцэх акт үйлдсэн. Энэ үед 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Подкаст, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр пост, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Биг Биг фэмили контент, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Түвшөө, Дөлгөөн блогийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш бид гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэж дуусгасан бөгөөд тус контентууд хүмүүст маш сайн хүрч, гэрээний зорилго болох Х ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажиллагаа амжилттай болсон. Гэтэл Х ХХК-ийн бидэнд үзүүлж байсан үйлчилгээнд маш их доголдол илэрч эхэлсэн. Энэ хугацаанд манай охиныг харах хүүхэд асрагч 6 удаа солигдсон бөгөөд сайн ажиллаж байсан охид байгаа ч түүнээс гадна хүүхэд асрах талаар ямар ч ойлголтгүй, сургалтад суугаагүй зэрэг шаардлага хангахгүй хүмүүсийг ирүүлж байсан. Тэд гадны стандарт судалгааг Монголд жишиглэн ажилладаг, ажилчдаа хүүхэд асрахад сургаж бэлддэг, түүний дараа айл руу илгээдэг, хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлдэг, чанартай цаг гарган хүүхдийг хүмүүжүүлдэг гэх мэтээр тайлбарлан танилцуулдаг байсан. Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн байгаагүй. Үүнээс гадна бидний охиныг асрах явцад эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан байсан. Х ХХК-ийн захирал Э.Ут энэ талаар амаар, бичгээр удаа дараа гомдол гаргаж байсан боловч огт тоогоогүй. Тиймээс бид тус хамтран ажиллах гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд 2020 оны 8 сар хүртэл Х ХХК-иас үйлчилгээ авсан. 9, 10, 11, 12 сард огт үйлчилгээ аваагүй. Тиймээс 2020 оны 1 сараас 12 сар хүртэл авах ёстой хамтран ажиллах гэрээний төлбөрт дүйцэх 17 750 000 төгрөгийн үйлчилгээг бүрэн авч чадаагүй. Гэтэл бид гэрээгээр тохиролцсон үүргийг бүрэн гүйцэтгэж, контентийг бүрэн хийсэн. Бид 2020 оны 1 сараас 8 сарын хугацаанд хүүхэд асрах, 6 сараас 8 сар хүртэл гэр цэвэрлэх үйлчилгээг авч байсан бөгөөд энэ хугацаанд тооцогдох төлбөрийг нэхэмжлэхгүй. Харин гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр болох 6 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Х ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Э.У би П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд би болон манай компани П ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, харин иргэн Д.Т болон Э.Д нартай хамтран ажиллах гэрээ болон хүүхэд асрах үйлчилгээний гэрээ байгуулж ажилласан. Иргэн Д.Т, Э.Д нар хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй тухайд иргэн Д.Т, Э.Д нар нь хамтран ажиллах гэрээний дагуу манай компанийн үйл ажиллагааг сурталчилж Түвшөө, Дөлгөөн влог 2 удаа, Биг Биг фэмили контент 2 удаа, Подкаст 1 удаа, Май стори контент 1 удаа, фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа, Видео контент 3 удаа хийж өгөхөөр тохиролцож, тухайн сурталчилгааны контентын төлбөрт харилцан тооцож манайхаас хүүхэд асрах үйлчилгээ болон гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийг авахаар болсон. Гэвч дээрх сурталчилгааны ажлыг бүрэн хийж өгөөгүйгээс гадна зарим нэг ажил нь манай хүссэн хэлбэр, загвар, бичиглэлтэй болоогүй тул бид дахин хийлгүүлэх хүсэлт гаргахад татгалзаж улмаар бид хамтран ажиллах гэрээгээ цуцалсан. Тухайлбал, дээрх сурталчилгаануудаас 3 удаагийн видео контент, 1 удаагийн Биг Биг фэмили контент, 1 удаагийн фэйсбүүк, 2 удаагийн инстаграм пост, 2 удаагийн Түвшөө, Дөлгөөн блог огт хийгээгүй. Энэ талаар бид удаа дараа сануулж, видео контент болон сурталчилгаагаа хийлгүүлэхээр шаардсан боловч одоог хүртэл хийж өгөөгүй. Манай компаниас авсан ажил үйлчилгээний үнийн дүн нэхэмжилж буй үнийн дүнгээс давж байгаа. Манай компанийн хувьд дээрх хамтран ажиллах гэрээний үнийн дүнд харилцан тооцохоор хүүхэд асрах үйлчилгээ, гэр цэвэрлэх үйлчилгээ зэргийг хийж өгөхөөр тохиролцсоны дагуу 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дараах үнийн дүн бүхий ажил, үйлчилгээг Д.Т, Э.Д нарт үзүүлээд байна. Хүүхэд асрах үйлчилгээг 2020 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд нэг сарын НӨАТ орсон дүн 1 320 000 төгрөг, нийт 10 560 000 төгрөг, гэр цэвэрлэх үйлчилгээг 2020 оны 6-8 сарын хугацаанд сарын 650 000 төгрөгөөр үзүүлж, нийт 1 300 000 төгрөг, шинэ байранд нүүж ороход засварын дараах цэвэрлэгээг нэг удаагийн 350 000 төгрөгөөр 2 удаа үзүүлж нийт 700 000 төгрөг Youtube цахим сайт дээр Д.Т, Э.Д нарын 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар блог дээр 2 өдөр 4 хүн ажилласан талаар өөрсдөө ярьж байгаа. Д.Т, Э.Д нарын хүүхдийн төрсөн өдөр дээр нэмэлтээр хүүхэд асрагч авч ажиллуулсан бөгөөд уг ажлын хөлс өдрийн 70 000 төгрөг Youtube цахим сайт дээр Д.Т, Э.Д нарын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар блог бичлэгний дээр 5:46-5:58 минут, 7:40 минут дээр тодорхой харагдана. Аялалын хүүхэд асрах үйлчилгээг 7 хоног авсан бөгөөд хүүхэд асрагч Байгалийг Хөвсгөл аймагт аялахдаа авч ажиллуулсны төлбөр 840 000 Youtube цахим сайт дээрх Д.Т, Э.Д нарын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар блогны бичлэгийн 8:57-9:10 минут, 14:18 минут, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 119 дүгээр влогны бичлэгний 16:33-17:02, 17:42-17:50 минут дээрээс тодорхой харагдана, 2020 оны 7 дугаар сард Архангай аймагт байх Цэнхэрийн рашаан руу 3 хоног аяллын хүүхэд асраг авч ажиллуулсны төлбөр 360 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай компанийн 500 000 төгрөгийн үйлчилгээний бэлгийн картыг авч найздаа бэлэглэсэн нь Youtube цахим сайт дээрх Д.Т, Э.Д нарын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар блогны бичлэгийн 13:43-15:29 минут дээрээс тодорхой харагдана, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Тэрэлжид амрахдаа мөн 2 өдрийн аяллын хүүхэд асрагч авч ажиллуулсны төлбөр 240 000 төгрөг Youtube цахим сайт дээрх Д.Т, Э.Д нарын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 121 дүгээр влогны бичлэг дээр тодорхой харагдана, мөн Д.Т, Э.Д нарт хүүхэд асрах үйлчилгээ үзүүлж байх явцад ажилчдын унааны мөнгөнд 408 000 төгрөг, илүү цагт 560 000 төгрөг өгч байсан. Д.Т, Э.Д нар нь манай компаниас 15 538 000 төгрөгийн ажил, үйлчилгээ авсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс манайхаас нэхэмжлэх биш харин ч бид тэднээс нэхэмжлэх ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК, Д.Т нарын хариуцагч Х ХХК, Э.У нарт холбогдуулан гаргасан 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүүлийн жилүүдэд сошиал орчинд монгол залуус өөрсдийн амьдрал, өдөр тутмын үйл ажиллагааг танилцуулж контент бүтээж үүнийг ч иргэд маш ихээр сонирхон үздэг болсон. Үүний нэгэн адилаар "П" ХХК нь үзэгч, дагагчийн хүсэлт, сонирхолын хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүн болох Түвшөө, Дөлгөөн блог, Биг Биг фэмили, Фрэйндс, Эрчүүд ийнхүү ярьж байна подкаст зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Эдгээр бүтээгдэхүүн бүрийн ард зураглаач, найруулагч, гэрэл тавигч, туслах зэрэг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр томоохон үйл ажиллагаа, үйлдвэрлэл явуулж их биш хүнийг ажлын байраар хангасаар иржээ. Эдгээр бүтээгдэхүүнийг үзэгч, хэрэглэгч, дагагч нь сонирхон үзэж, зөв үлгэр дуурайлал, тогтвортой гэр бүл зохиох, сайхан хос болох арга зэргийг нийгэмд түгээсээр байна. "П" ХХК-ийн дээрх бүтээгдэхүүн болон Fасеbоок, Instagram-ийн үзэгч, дагагч, хэрэглэгчийн тоо 1.2 саяд хүрсэн. Тиймээс ч маш олон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж, тэдгээрийн үйл ажиллагааг өөрсдийн бүтээгдэхүүндээ нэмж, шигтгэн, олон нийтэд танилцуулж, сурталчилж, хамтран ажилладаг. Харин байгууллагын реклам, сурталчилгаа, бие даасан нэвтрүүлэг огт хийдэггүй. Хариуцагч Э.У нь нэхэмжлэгчид санал тавьсны дагуу бид бүтээгдэхүүндээ "Х" ХХК-ийн үйл ажиллагааг таниулж, шигтгэхээр тохиролцож 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2020/0211 дугаартай "Хамтран ажиллах гэрээ" нэртэй гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Түвшөө Дөлгөөн влог 2 удаа, Биг биг фэмили контент 1 удаа, подкаст 1 удаа, май стори контент 1 удаа, фэйсбүүк болон инстаграм пост 2 удаа, видео контент 3 удаа хийхээр, нийт гүйцэтгэх ажлын үнэлгээ 17 750 000 төгрөг болсон. Хариуцагч үнийн дүнд сарын 1 100 000 төгрөгийн үнэтэй хүүхэд харах үйлчилгээг 12 сарын хугацаатай нийт 13 200 000 төгрөг, сарын 753 000 төгрөгийн үнэтэй гэр цэвэрлэх үйлчилгээг 6 сарын хугацаатай нийт 4 550 000 төгрөгт тооцож үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч ажлыг хугацаанаасаа өмнө хийгээд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар ажил хүлээлцсэн актаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Подкаст, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр пост, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Биг биг фэмили контент, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Түвшөө Дөлгөөн влогийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцсэн акт дээр Э.Агиймаа гэж хүн хариуцагчийг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг ба шүүх хуралдааны явцад "...Агиймаа нь манайд менежер хийдэг зуучилж өгдөг ажлыг хийдэг байсан" гэж хэлсэн бөгөөд энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 7 дугаар талд бичигдсэн байна. "Х" ХХК-ийн захирал Э.У нь гэрээгээр тохирсон зарим контентоос илүү олон бүтээгдэхүүнд сурталчилгаа хийлгүүлсэн. Түвшөө Дөлгөөн влог нь дээр дурдсанчлан өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааг харуулдаг учир үзэгч, дагагч олон байнга хүлээдэг контент. Энэ контент 1 дугаараас эхлээд хойшоо үргэлжлэн тоологдож явдаг. 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар влог 10 минут, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар влог 30 минут, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар влог 20 минут, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 119 дугаар влог 45 минут хариуцагч компанийн үйл ажиллагааг сурталчилган таниулж шигтгэж өгсөн. Өнөөдрийг хүртэл сошиал хаягт нээлттэй тавигдсан байгаа. Мөн хариуцагч компани өөрсдийн цахим хуудсанд эдгээр бичлэгийг байршуулан сурталчилгаагаа хийсээр л байна. Үүнийг шүүхийн үзлэгээр тогтоосон. Үүнээс гадна Биг биг фэмили контент 1 удаа, Подкаст 1 удаа, май стори контент 1 удаа, фрэйндс контент 1 удаа, Охидын ярилцлага видео 3 удаа, Фэйсбүүк болон инстаграм пост, стори зэрэг ажлуудыг бүрэн гүйцэт хийж өгсөн. Анх гэрээгээр тохиролцсон 17 750 000 төгрөгийн үнэлгээнээс илүү давсан ажлыг хийж гүйцэтгэсэн. Харин ажлын хөлс болох хүүхэд асрах, гэр цэвэрлэх үйлчилгээг үзүүлэхдээ удаа дараагийн хариуцлагагүй нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдэд гэмтэл учруулсан. Баянзүрх дуүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлал зэргээр тогтоогдсон. Энэ нөхцөлөөс шалтгаалан талууд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалсан. Шүүхээс "...хэрэгт авагдсан баримтаар гэрээний хавсралтад заагдсан ажлуудаас 3 ширхэг видео контент хийж хүлээлгэн өгсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Бидний ажлын үр дүн Youtube, Facebook, Instagram зэрэг сошиал орчинд байршдаг тул screenshot буюу зургыг нь угааж хавсаргасан. Ингээд шүүх хуралдааны явцад манай зүгээс ажлын үр дүн буюу бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар, одоо болтол ашиглаж байгаа талаар үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр тус үйл баримтад маргахгүй гэдэг тайлбар өгч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06789 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид туссан байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шатанд хүсэлт гаргаж /хх-76-77/ Youtube, Facebook-т үзлэг хийлгэж нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бүрэн бэхжүүлж өгсөн. Хүлээлцэх актгүйгээр хариуцагч урьд бий болсон харилцаа итгэлийг үндэслэн гуйж, нэхэмжлэгчийн зүгээс ч хүүхдээ харуулж байгаа нь гэсэн байдлаар хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнийг хүүхэд гэмтэх хүртэл нэмж хийж өгсөөр байсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үзүүлсэн хүүхэд харах үйлчилгээнд маргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч хүүхэд харах үйлчилгээ үзүүлсэн гэдгийг нотлох хүсэлт гаргаж, шүүхээс үзлэг хийлгэхдээ дээрх ажлын үр дүнг бэхжүүлж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 11 бүтээгдэхүүний 4 ширхэг нь хүлээлцэх акттай, үлдсэн 8 ширхэг нь актгүйгээр хариуцагчид хийж өгчээ. Хариуцагч одоо хүртэл үүнийг ашиглаж, шэйрлэж, өөрсдийн сайт дээр тавьсаар байна. Үүнийг үзлэг хийлгэе гэж хүсэлт гаргасан боловч хариуцагч маргахгүй гэж тэмдэглэлд тусгасан хэрнээ шийдвэртээ үүнийг үнэлэлгүй, баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүгч шүүхийн шийдвэрээ уншиж сонсгосны дараа тайлбарлаж өгөхдөө 1 жилийн хугацаанд хариуцагч хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч тус хугацаанд бүтээгдэхүүнийг сурталчлах ёстой байсан тайлбарлаж өгсөн. Энэ тайлбарыг харвал хөлсөөр ажиллах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг ялгаж чадаагүй. Шүүхийн шийдвэрээ бичихдээ танхимд тайлбарласан үндэслэлээ тусгаагүй. Ажил гүйцэтгэх гэрээ нь хамтран ажиллах, хөлсөөр ажиллах, хөдөлмөрлөх, даалгавар зэрэг гэрээнүүдээс, оролцогч тал, хугацаа, хөлс, гэрээний зүйлээр ялгагддаг ч хамгийн чухал шинж нь ажлын биежсэн үр дүн. Ажлын үр дүнг хариуцагч тал хүлээн авсан байтал үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П ХХК, Д.Т нар нь хариуцагч Х ХХК, Э.У нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 6 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан байна.

 

Ажлын үр дүнтэй холбоотой үзлэг хийлгэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан боловч анхан шатны шүүх хариуцагч ажлын үр дүнтэй маргаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн дутуу, доголдолтой гэж маргасан тохиолдолд гэрээгээр тохиролцсон ажлаас хэдий хэмжээний ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн, хэдий хэмжээний ажлыг хийж гүйцэтгээгүйг болон хийсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэхийг тодруулах шаардлагатай. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний ажлын үр дүн, доголдлын талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримтыг тодруулж хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зохицуулсан байна.

 

Түүнчлэн, зохигчид ажлын үр дүнгийн талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангасан эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

Иймд дээрх үндэслэлээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/01567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ