Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00161

 

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00793 дугаар магадлалтай,

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй

У.Б, Б.Н нарт холбогдох

17,430,521 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Т” ХК нь У.Б, Б.Н нарт холбогдуулан 17,430,521 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч У.Б, Б.Н нараас 2018.08.14-ний өдрийн 18/39 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэгт болон үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 17,430,522 төгрөг гаргуулах, 2018.08.14-ний өдрийн 18/39 тоот фидуцийн гэрээгээр барьцаалсан **** улсын дугаартай N******** арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 1490сс хөдөлгүүртэй, “Toyota corolla fielder” автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00793 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У.Б, Б.Н нараас 2,413,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,017,000 төгрөг гаргуулах, **** улсын дугаартай, Тоёота королла маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч нараас 53,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,217 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалын хянавал хэсгийн 6-д “Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний нийт үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, фидуцийн гэрээгээр дээрх автомашиныг хөрөнгө шилжүүлэх үеийн байдлаар 15,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнийн дүнгээр зээлийн гэрээний нийт үүрэг хангагдана. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн зээлд 9,652,583 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 588,467 төгрөг, нийт 17,413,521 төгрөг төлөх үүрэгт дээрх 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар тооцож, харин зөрүү 2,413,521 төгрөгийг хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Зөрүү 2,413,521 төгрөгийг олгуулах хууль зүйн дүгнэлт, үндэслэл тодорхойгүй байна.

...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 236 дугаар зүйлийн 236.1, Барьцаат зээлийн гэрээний 6.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. ...Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар барьцаат зээлийн гэрээний үүрэг мөн дуусгавар болно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-ын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00747 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

7.Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч У.Б, Б.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 9,652,583 төгрөг, хүү 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588,437 төгрөг, нийт 17,413,521 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, бүгд 17,430,521 төгрөгийг гаргуулах, фидуцийн зүйл болох “Toyota corolla fielder” маркийн **** улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба 2018.08.14-ний өдрийн зээлийн болон фидуцийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож, хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалсан, зээлдэгч нь эрүүл мэндийн байдал муудаж, хөдөлмөрийн чадвараа алдаж, зээлээ төлөх боломжгүй болсон гэж үзээд машиныг хурааж хамгаалалтад авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж, зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй, харин нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг 2022.05.10-нд У.Б-с хураан авч, өөрийн эзэмшилдээ авсан учир 2022.05.10-ны өдрөөс хойш хугацааны хүүг төлөх үндэслэлгүй, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу автомашиныг хураан авснаар зээлийн үүргийг хангуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “...банк үүрэг гүйцэтгэгчээс фидуцийн зүйлийг өөрийн эзэмшилд гаргуулан авснаар талуудын хооронд байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болж, улмаар энэ хугацааны зээлдэгч нарын үүрэг болох үндсэн зээл 9,652,583 төгрөг, хүү 4,899,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 266,535 төгрөг, нийт 14,818,158 төгрөгийн үүргийг хангагдсанд тооцно, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч нараас 2,413,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан ба “...фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй..., фидуцийн гэрээгээр дээрх автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг үнийн дүнгээр зээлийн гэрээний үүрэг хангагдана..., зээлийн үүрэг 17,413,521 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хасаж тооцож, зөрүүг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

9.Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан хэм хэмжээг зөрүүтэй тайлбарлан хэрэглэснээс гадна фидуцийн талаарх ойлголт, хуулийн 235.4-т заасан “...үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэсэн зохицуулалт нь үндсэн гэрээг дуусгавар болгох нөхцөл мөн эсэх талаар шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаа тул хяналтын шатны шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бүрэн эрхийн хүрээнд тайлбарлаж нэг мөр ойлголтыг бий болгох шаардлагатай гэж үзсэн.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгов.

10.Талууд 2018.08.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн, сарын 1,8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлэх, гэрээнд үүргийг хангуулахаар зээлдэгч нарын 600,000 төгрөгийн үнэ бүхий зурагт, хөргөгч, угаалгын машин болон 15,000,000 төгрөгөөр харилцан үнэлсэн **** улсын дугаартай, “Toyota corolla fielder” автомашиныг барьцаалсан талаар тусгасан боловч үүний дараа 2018.08.14-ний өдрөө “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г байгуулан, дээрх автомашиныг банкны өмчлөлд шилжүүлсэн, банк гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, зээлдэгч нь үндсэн зээлд 5,347,416 төгрөг, хүүд 4,090,590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,793 төгрөг төлсөн, хариуцагч У.Б 2022.05.10-ны өдөр “Т” ХК-д хандаж “...уг машинаа өрөндөө суутгаж өгч байна, хураагдаж байгаа машины гүйлт 294,024 км ...” гэсэн хүсэлт гаргаж, тэр өдрөө автомашиныг банканд хүлээлгэн өгсөн үйл баримт маргаангүй байна.

Харин фидуцийн зүйлээр зээлийн үүргийг хангасан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

10.1.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,652,583 төгрөг, 2023.05.23 хүртэл хугацааны зээлийн хүү 7,172,501 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588,437 төгрөг, нийт 17,413,521 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, бүгд 17,430,521 төгрөгийг гаргуулах, фидуцийн зүйл болох “Toyota corolla fielder” маркийн **** улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн хүрээнд зээлийн болон фидуцийн гэрээний талаар дүгнэлт өгчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан, түүнчлэн үүргийг хангуулах зорилгоор талууд бичгээр гэрээ байгуулан “Toyota corolla fielder” автомашиныг банкны өмчлөлд шилжүүлснээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байв.

Зээлдүүлэгч нь хариуцагч нарт зээл 15,000,000 төгрөгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч нар үүргээ зөрчсөн учраас гэрээг цуцлах үндэслэл бий болсон талаар нэхэмжлэгч дурдсан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа 2022.08.14-ний өдөр дууссан, нэхэмжлэгч 2023.09.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө 2022.05.10-ны өдөр фидуцийн зүйлийг банк авснаар энэ үеэс хойш хүү тооцох үндэслэлгүй, автомашин нь 15,000,000 төгрөгийн үнэтэй тул уг эд хөрөнгийг нэхэмжлэгч авснаар зээлийн үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

10.2.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, үндсэн үүрэг нь мөнгөн төлбөрийн үүрэг байх, энэ үүргийг хангах зорилгоор үүрэг хүлээгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хөрөнгийг буцаан өгөх нь фидуцийн үндсэн шинж байна.

10.3.Үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаас фидуци нь үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд эд хөрөнгөө шилжүүлдэг эрх зүйн харилцаа учраас үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгчийн нэгэн адил эд хөрөнгийг захиран зарцуулж, үүргээ хангуулдаг шинжээр ялгаатай байдаг бөгөөд үүний тулд анхнаасаа үндсэн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулж үүргийг дуусгавар болгох зорилгоор хийгддэг учир эрх зүйн хувьд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, улмаар үндсэн үүрэг дуусгавар болох нь фидуцийн үндсэн ойлголт болно.

11.Энэ маргааны тохиолдолд талууд автомашины үнэ 15,000,000 төгрөг учраас энэ хэмжээнд гэрээний үүргийг хангахаар анхнаасаа фидуцийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч “Т” ХК нь өмчлөх эрхийг бүртгүүлж, фидуцийн зүйлийг 2022.05.10-ны өдөр эзэмшилдээ авсан, энэ үед зээлдэгчийн үүргийн хэмжээ 14,818,158 төгрөг байсан баримтаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг зөрчөөгүй байна. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар гэрээ дуусгавар болжээ.

Энэ утгаар фидуцийн зүйлийг шилжүүлснээр үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

12.Түүнчлэн, фидуцийн зүйл болох хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулж дуусгавар болгох үндсэн зарчмыг гажсан, дүрмийн бус буюу фидуцээр үүргийг хангах боломжгүй тохиолдол байж болох бөгөөд эдгээр тохиолдол нь тухайн нөхцөл байдалд хүлээн зөвшөөрөгдөх болохоос фидуцийн үндсэн зарчмыг үгүйсгэхгүй юм. Тухайлбал, фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгч муутгаж гэмтээснээс эсвэл байгалийн хүчин зүйлээс шалтгаалж үнэ буурсан бол фидуцээр үүргийг хангуулж үндсэн гэрээний үүргийг дуусгавар болгох боломжгүй болно. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой, улмаар үндсэн гэрээний үүрэг, фидуцийн зүйлийн үнийн зөрүү байж болох бөгөөд энэ тохиолдлыг шийдвэрлэсэн шүүхийн тодорхой шийдвэрийг (Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024.05.14-ний өдрийн 001/ХТ2024/00101, 2024.06.11-ний өдрийн 001/ХТ224/00133) дурдах нь зүйтэй гэж үзэв.

13.Нэхэмжлэгч “Т” ХК нь фидуцийн зүйлийг өмчлөх эрхтэй, уг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан, зээлийн үүргийг хангуулах эрхтэй учир эрх нь зөрчигдөөгүй, улмаар “фидуцийн зүйлээс үүргийг хангуулах шаардлага” хангагдах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00793 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.24-ний өдөр төлсөн 53,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                                                     Н.БАЯРМАА

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Д.ЦОЛМОН