Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1020

 

Б.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1426 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Нт холбогдох эрүүгийн 2008000000928 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” төвийн үсчин дотор иргэн О.Шинэтуяагийн эзэмшлийн “Хувай П-смарт” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

Прокуророос шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба шүүх хуульд зааснаар хэд хэдэн нөхцөлийг хянах үндэстэй. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” журмыг заасан ба тус зүйлийн 4 хэсэгт “Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:”

4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр"-ийг нотлоно гэж хуульчилсан.

Прокуророос шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт “... гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан...” гэж тусгасан, яллах дүгнэлтэд тодорхойгүй асуудлыг шүүх хуралдаанд тодруулахад улсын яллагчаас “Бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэж яллаж байгаа гэж тайлбарлах бөгөөд “бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэх асуудал нь хэргийн үйл баримттай нийцээгүй, нөгөө талаас шүүгдэгчийн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, нотлоогүй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт хохирогч О.Шинэтуяагийн “...өөрийн “Хувай П смарт” маркын шар өнгийн гар утсаа цонхны тавцан дээр тавьсан байсан. ...утсаа авах гээд ...үсчин эмэггэйгээс асуухад... саяхан үсээ засуулж байсан залуугаас “энэ таны гар утас мөн үү” гэж асуусан чинь “мөн” байна гэж хэлээд аваад гарсан шүү дээ” гэж хэлсэн. ... тухайн эмэгтэйн гар утсаар өөрийнхөө ...гар утас руу залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй, ...холбогдох боломжгүй болчихсон....” гэх мэдүүлэг/хх19/

гэрч Б.Анхцэцэг /Үсчин/-ийн “...цонхны тавцан дээр цагаан өнгийн “Хувай” гэсэн бичигтэй гар утас харагдахаар нь ...энэ хэний гар утас бэ гэхэд үсээ засуулж байсан бор царайтай туранхай залуу “миний гар утас” гэж хэлэхээр нь өгсөн. ...нөгөө залуу тухайн гар утсыг аваад гарсан. ...удалгүй үсээ засуулж байсан эмэгтэй “цонхны тавцан дээр байсан миний гар утсыг хэн авчихваа” гэж асуусан. ... “саяхан үсээ засуулаад гарсан залуу миний гар утас гэж хэлээд аваад гарсан” гэж хэлсэн. ...цонхны тавцан дээрээс гар утас аваад тухайн эрэгтэйд өгөхөд гар утасны эзэн эмэгтэй угаалгын өрөөнд толгойгоо угаачихаад хатаагаад байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх26/

шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн “...Үсээ засуулчихаад гарах гээд байж байтал нөгөө үсчин “миний дүү гар утас чинь мөн үү” гэж хэлээд цагаан өнгийн гар утас надад өгөхөөр нь “мөн” гэж хэлээд тухайн гар утсыг авч өмднийхөө арын карманд хийгээд гарч яваад утсыг нь унтраасан....” гэх мэдүүлэг /хх 66-67/ зэрэг нотлох баримтууд цугларчээ.

Дээрх баримтаас үзвэл хохирогч О.Шинэтуяа үсчинд үйлчлүүлэх үед цонхны тавцан дээр гар утсаа тавьсан, үсээ угаалгасны дараа цонхны тавцан дээр тавьсан утсаа авахаар ирэх үед гар утас нь алга болсоныг мэдсэн үйл баримт байхад шүүгдэгч Б.Ныг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэх нөхцөл байдал нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, завшсан үйлдлийг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгөө хаясан гээсэн зүйлгүй, харин үйлчлүүлж байх үедээ гар утсаа цонхон дээр тавьсан байхад үсчин гар утсыг бусад дамжуулсан, уг дамжуулж буй этгээд нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа этгээдийн тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, нөгөө талаас гэмт этгээд нь орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар бусдын эд хөрөнгийг нь авсан үйлдэл байна.  

Иймд прокуророос шүүгдэгч Б.Нт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөр гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай, уг асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Мөн прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт тусгах хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчлийн алдаа байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана”. гэж заасныг үндэслэн тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

Прокурор Ж.Отгончимэг эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хохирогч О.Шинэтуяагийн “... 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” төвийн хоёр давхарын үсчинд үсээ засуулаад суусан. Тэгэхдээ өөрийн “Хувай П смарт” маркын шар өнгийн гар утасаа цонхны тавцан дээр тавьчихсан байсан. Тэгтэл надтай зөрөөд суугаад үсээ засуулсан залууд үсчин эмэгтэй миний гар утсыг тэр залууд андуураад өгөөд гаргасан юм шиг байна лээ би сүүлд утасаа авах гээд тэр үсчин эмэгтэйгээс асуухад дөнгөж саяхан үсээ засуулж байсан залуугаас энэ таны гар утас мөн үү гэж асуусан чинь мөн байна гэх хэлээд аваад гарсан ш дээ гэж хэлэхээр нь миний гар утас байсан юм...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Анхцэцэгийн”... Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл худалдааны төвийн 2 давхарт байрлах үсчинд өөрийн ажил дээрээ байж байсан чинь 13 цагийн үед бор царайтай туранхай эрэгтэй хүн ганцаараа орж ирээд үсээ засуулсан. Тэгээд тухайн үед цонхны тавцан дээр цагаан өнгийн “Хувай” гэсэн бичигтэй гар утас харагдахаар нь цонхны тавцан дээрээс гар утас аваад хэний гар утас юм бол гэж бодож очоод энэ хэний гар утас бэ гэхэд үсээ засуулж байсан бор царайтай туранхай залуу миний гар утас гэж хэлэхээр нь өгсөн юм. Тэгээд нөгөө залуу тухайн гар утсыг аваад гараад явсан....” гэх мэдүүлэг,

Б.Нын “...Үсчинд ортол хоёр эмэгтэй үсчин сууж байхаар нь үсээ засуулчихаад гарах гээд байж байтал нөгөө үсчин миний дүү гар утас чинь мөн үү гэж хэлээд цагаан өнгийн гар утас надад өгөхөөр нь мөн гэж хэлээд тухайн гар утсыг авч өмднийхөө арын карманд хийгээд гарч яваад утсыг нь унтраагаад тэр хавиар архи ууж явж байгаад орой 22 цагийн үед гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.

Дээрхи баримтуудаар хохирогч О.Шинэтуяа үсчинд үйлчлүүлж байхдаа гар утсаа цонхны тавцан дээр тавьсан, биедээ авч яваагүй, утсаа орхиж, өөр өрөөнд орсон нь хохирогчийн хувьд гээгдэл эд хөрөнгө, гэрч Б.Анхцэцэг нь шүүгдэгч Б.Нт гар утсыг өгч байгаа үйлдэл нь андуурагдсан эд хөрөнгө байх бөгөөд шүүгдэгч Б. Найдвар нь цонхны тавцан дээрээс гар утсыг аваагүй, гэрч /үсчин/ Б.Анхцэцэг нь цонхны тавцан дээрээс цагаан өнгийн “Хувай” гэсэн бичигтэй гар утас авч өгч байгаа баримт байх тул өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг ямар аргаар, ямар үйлдлээр, ямар хүсэл зорилгоор олж авч байгаагаас хамаарч ялгаатай зүйлчлэгдэнэ.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэлт төрж, шамшигдуулсан захиран зарцуулсан байдаг.

Гэтэл хэрэгт шүүгдэгч Б.Нын хувьд бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр шунахайн сэдэлтээр шууд санаатай авсан үйлдэл нотлогдоогүй харин эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэн байх бөгөөд завших сэдэлт санаа зорилго нь анхнаасаа бий болоогүй, дараа нь үүссэн байгаагаар хулгайлах гэмт хэргээс яллагдаж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн нь “Гэмт этгээд аливаа гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн” байх шинжийг агуулсан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас энэ нь объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдсэн байхаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэсэн заалт байх бөгөөд яллагдагч Б.Н нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт бичгээр гаргаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байхад шүүх шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасны дагуу эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1426 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.  

 

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үсээ засуулсан төлбөрөө өгөөд гарах гэхэд үсчин “чи утсаа үлдээсэн байна. Чинийх мөн үү” гэхээр нь би авсан. Тухайн үед үсчин бид хоёр л хамт байсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгчийн захирамжид заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх “...Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Хөтөл” төвийн үсчин дотор иргэн О.Шинэтуяагийн эзэмшлийн “Хувай П-смарт” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж 320,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж...” буюу гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авсан гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг нотлоно гэж хуульчилсан.

 

Прокуророос шүүгдэгч Б.Нт холбогдох 2008000000928 дугаартай эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт “... гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх хуралдаанд улсын яллагчаас “Бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэж яллаж байгаа хэмээн тайлбарлажээ.

 

Хохирогч О.Шинэтуяа нь тухайн үсчингийн газар үйлчлүүлж байхдаа утсаа цонхны тавцан дээр түр орхисон байсан нь гээгдэл эд хөрөнгөд хамаарахгүйгээс гадна О.Шинэтуяагийн гар утас андуурагдаж Б.Нын эзэмшилд очоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй нийцэхгүй байх тул зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай, уг асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Б.Нт холбогдох эрүүгийн 2008000000928 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Харин Б.Н нь О.Шинэтуяагийн гар утсыг “минийх” гэж үсчин Б.Анхцэцэгт хэлж авсныг өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЗ/1426 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                            ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ