Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/100

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,   

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Цэрэнбалжир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Г овогт Бгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Бгийн Н нь Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ачигч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “...” төвийн үсчин дотор иргэн О.Шгийн эзэмшлийн “Huawei P-smart” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ... төвд очиж үсээ засуулж дуусчихаад гарах гэтэл үсчин эгч “чиний утас мөн үү” гээд нэг гар утас харуулахад нь би “мөн” гэж хэлээд аваад гарсан. Маргааш нь 5 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагаас намайг дуудсан. Би хохирогчийн гар утсыг нь буцааж өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

1. Хохирогч О.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...Би  2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үсээ засуулахаар гэрээсээ 12 цагийн үед гарч Баянхошууны “...” худалдааны төвийн 2 давхрын үсчин орсон. Би үсээ засуулчихаад угаалгахаар босоход надтай зөрж туранхай, бор царайтай залуу үсээ засуулахаар суусан. Би үсээ угаалгаж байхдаа өөрийн Huawei P-smart загварын гар утсаа цонхны тавцан дээр тавьсан. Үсээ угаалгаж дуусаад цонхны тавцан дээрээс гар утсаа авах гэтэл алга болсон байхаар нь үсчин эмэгтэйгээс “энд байсан миний гар утсыг харсан уу” гэж асуухад “дөнгөж сая үсээ засуулж байсан залуугаас энэ таны гар утас мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлээд аваад гарсан” гэж хэлсэн. Тухайн эмэгтэйн гар утсаар өөрийнхөө 94547342 дугаартай гар утас руу залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Би гар утсаа 2018 оны 8 дугаар сарын эхээр гар утасны төвөөс 700.000 төгрөгөөр авч байсан. “Huawei P-smart” загварын, урд нүүр хэсгээрээ цагаан өнгөтэй, ар тал нь бор шаргал өнгөтэй гар утас байсан. Би өөрт учирсан хохирол болох гар утсаа буцааж авсан байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

2. Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “...” худалдааны төвийн 2 давхарт байрлах үсчин болох өөрийн ажил дээрээ байж байтал 13 цагийн орчимд бор царайтай, туранхай эрэгтэй хүн ганцаараа орж ирээд үсээ засуулсан. Тухайн үед цонхны тавцан дээр цагаан өнгийн “Huawei” гэсэн бичигтэй гар утас харагдахаар нь “энэ хэний гар утас вэ” гэж асуухад бор царайтай, туранхай залуу “миний гар утас” гэж хэлэхээр нь өгсөн. Нөгөө залуу гар утсыг аваад гараад явсан. Удалгүй үсээ засуулж байсан эмэгтэй цонхны тавцан дээр байсан миний гар утас хааччихваа гэхээр нь дөнгөж сая үсээ засуулаад гарсан залуу миний гар утас гэж хэлээд аваад гарсан гэж хэлтэл миний гар утаснаас өөрийнхөө гар утас руу залгаад “дуудаад байгаа мөртлөө авахгүй байна” гэж байснаа хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй болчихлоо гэж хэлээд цагдаа дуудсан. Намайг цонхны тавцан дээрээс гар утас аваад тухайн эрэгтэйд өгөхөд гар утасны эзэн эмэгтэй угаалгын өрөөнд толгойгоо угаачихаад хатаагаад байж байсан. Тэр эрэгтэйн амнаас архи үнэртсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

3. Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ 09 цагийн үед гарч дэлгүүр орж 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад танил Цогоо гэх хүнтэй гудамжинд хувааж уусан. 13 цагийн үед Баянхошууны “...” төвийн буудлаас салсан. Би үсээ засуулахаар болж “...” төвийн 2 давхарт байрлах үсчинд ортол хоёр эмэгтэй хүн сууж байхаар нь өөрийнхөө ойролцоо насны үсчингээр үсээ засуулчихаад гарах гээд байж байтал нөгөө үсчин нь “миний дүү гар утас чинь мөн үү” гээд цагаан өнгийн гар утас надад өгөхөөр нь мөн гэж хэлээд тухайн утсыг авч өмднийхөө арын халаасанд хийсэн. Гарч яваад гар утсыг нь унтраагаад, тэр хавиар архи ууж явж байгаад 22 цагийн орчимд гэртээ харьж амарсан. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал 10 цагийн үед цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн үед согтуу байсан болохоор архиныхаа халамцууд миний гар утас гэж хэлээд аваад явсан юм. 2-3 дуудлага ирэхээр нь унтраасан. “Huawei” гэсэн бичигтэй гар утас байсан. ...Гар утсыг эзэнд нь буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

-2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн:

“...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдээгүй. Анх миний гар утас байна гэж бодсон. Тэр хүн нь мөн үү ч гэж асуугаагүй. Намайг гарах гэж байхад үсчин нь өөрөө гар утсыг өгсөн. Би тухайн үед архи уусан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 151-153 дугаар тал),

4. 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэлд:“...Урд нүүр хэсгээрээ цагаан өнгөтэй, хойд талаараа бор шаргал өнгийн “Huwei” маркийн гар утас байх ба гадна талаараа гэргүй, цулгуй, урт нь 14 см, өргөн нь 5.5 см, урд хэсгээрээ шилэн наалттай, дээд хэсгээрээ цуурсан, Huawei гэсэн бичиглэлтэй, урд болон ар талдаа хэрэглээний сэв зураастай, 2 хос камертай, асааж үзэхэд хэвийн асаж байлаа. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт, уг гар утсыг хохирогч О.Шд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8 дугаар тал),

5. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

Гэрч Б.Ат сэжигтэй этгээдийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулав.

“...Таниулах гэж байгаа хүний гэрэл зургийг 3 гэсэн тэмдэглэлд байрлуулсан болно.

Асуулт: Та тухайн хүнийг ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ?

Хариулт: Хараад шууд танина, бор царайтай, туранхай, намхан нуруутай, их содон харагддаг.

Асуулт: Та 1-4 хүртэл дугаарлаж тавьсан гэрэл зураг дотроос танаас гар утас авч явсан гэх хүний зураг хэд дэх зураг дээр байгааг хэлнэ үү?

Хариулт: Надаас гар утас авч явсан хүний гэрэл зураг 3 дугаар дээр байрлуулсан хүний зураг мөн байна. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дүгээр тал),

6. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 20/048 дугаартай “...Huawei фирм, P smart загварын гар утасны үнийг 320.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

7. Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...Б.Н нь Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр цэцэрлэгт 3-7 нас хүртлээ хүмүүжиж байгаад 8 настайдаа Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 8 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 10-аад жилийн өмнө Заяа гэх хүнтэй хамт амьдарч, нэг хүүтэй болоод хоёр тийш салсан. Надад “хүний гар утас авчихсан чинь цагдаагийн газар шалгагдаж байгаа, очоод уулзчих” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

8. Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...Манай дүү Б.Н нь …8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд дахин сургуульд сураагүй. ...Б.Нын аав Б өнөөдөр манай гэрт ирээд “цаадах чинь үсээ засуулж байгаад хүний гар утас аваад явчихсан байна, хоёулаа цагдаагийн газарт хамт очоод уулзъя” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

9. Шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 73 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 52 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42, 57 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай албан бичиг (хавтаст хэргийн 45, 58 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59, 72 дугаар тал),  “...” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 77-81 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь иргэн О.Шгийн эзэмшлийн “Huawei P smart” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан  болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.

Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авдаг. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд тухайн үед гар утсаа цонхон дээр тавьсан байсан, гар утсаа хаяагүй байсан. Тиймээс энэ бол гээгдэл эд хөрөнгө биш, шүүгдэгч Н нь бусдын эд зүйлийг нууцаар хууль бусаар авч байна” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбалжир шүүгдэгчид ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцоно гэж байр суурийг илэрхийлж, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Нын үйлдлийг хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэнийг зөвшөөрөхгүй. Харин урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол хулгайлах гэмт хэрэг биш юм. Учир нь хулгайлах гэмт хэргийн объект болж байгаа зүйл эзэмшигчийн эзэмшилд бүрэн байж байгаад алдагдахыг ойлгож байгаа. Мөн хулгайлж байгаа хүнд хулгайлах санаа зорилго үйлдлээсээ өмнө нь үүссэн байх ёстой. Мөн эзэн холбогдогчид мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байх ёстой. Хохирогч “...үсээ засуулахдаа цонхны тавцан дээр утсаа тавьсан байсан...” гэж мэдүүлсэн. Тиймээс алдагдсан эд зүйлийн эзэмшигч нь тухайн үед хаана байсныг шүүгдэгч мэдэх боломжгүй байсан байна. Үсчин цонхны тавцан дээр хэнийх нь мэдэгдэхгүй гар утас байсныг хэлж байгаа. Хэний гар утас гэдгийг олох зорилгоор шүүгдэгчээс асуухад тухайн мөчид гар утасны эзэмшигч нь тодорхойгүй байсан байна. Тиймээс энэ гар утсыг андуурагдсан эд зүйл гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг “...” төв дотор үйл ажиллагаа явуулдаг үсчинд хохирогч О.Ш орж үйлчлүүлэн улмаар үсээ угаалгахаар гар утсаа цонхны тавцан дээр тавьсан байх үед тухайн газрын үсчнээс гар утасны эзэнг тодруулан асуухад тэнд үйлчлүүлж байсан шүүгдэгч Б.Н өөрийн гар утас гэж ойлгуулан О.Шгийн гар утсыг авч явсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг прокуророос бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт  хэргээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн ба харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хулгайлах гэмт хэрэг гэж үзэхгүй, шүүгдэгчийн үйлдэл нь бусдын гээгдэл эд хөрөнгийг авсан байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэж маргасан ба, өмгөөлөгчийн энэхүү дүгнэлт нь дараах үндэслэлээр хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Учир нь:

Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг олж авсан арга, сэдэлт, хүсэл зоригийн шинж чанар, үйлдлээс хамааран хэргийн зүйлчлэлийг тогтоодог.

Хууль зүйн хувьд гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон эд хөрөнгийг олж авч байгаа үйлдлийг ойлгох ба харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч эд хөрөнгөө хаясан гээсэн зүйлгүй, харин үйлчлүүлж байх үедээ гар утсаа цонхон дээр тавьсан байхад үсчин гар утсыг бусдад буюу Б.Нт дамжуулсан, улмаар үсчин бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч буй Б.Нын үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, нөгөө талаас Б.Н нь орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар бусдын эд хөрөнгийг нь авсан үйлдэл байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид “Гээгдэл эд хөрөнгө”-с гадна “андуурагдсан илгээмж” гэж заасан ба, энэ нь тухайн эд зүйл андуурагдсан болохыг мэдсээр байж завших явдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Н нь хохирогчийн гар утсыг андуурч авсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, яллагдагчаар мэдүүлэхдээ “гараад явж байхад тухайн утсанд 2-3 удаа дуудлага ирэхээр нь аваагүй, гар утсыг унтраасан” талаар мэдүүлсэн зэргээр түүний үйлдэл нь андуурсан гэх нөхцөл байдал байхгүй байна.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Нын үйлдлийг хулгайлах гэмт хэргээр зүйчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “...” төвийн үсчин дотор иргэн О.Шгийн эзэмшлийн “Huawei фирмийн “Р-Smart” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь :

-Хохирогч О.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянхошууны ... худалдааны төвийн 2 давхрын үсчин орсон. ... Би үсээ угаалгаж байхдаа өөрийн “Huawei “Р-Smart” загварын гар утсаа цонхны тавцан дээр тавьсан. Үсээ угаалгаж дуусаад цонхны тавцан дээрээс гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Үсчин эмэгтэйгээс “энд байсан миний гар утсыг харсан уу” гэхэд “дөнгөж сая үсээ засуулж байсан залуугаас энэ таны гар утас мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлээд аваад гарсан” гэж хэлсэн. ...гар утас руу залгатал дуудаад байгаа мөртлөө авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

-Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цонхны тавцан дээр цагаан өнгийн Huawei гэсэн бичигтэй гар утас харагдахаар нь “энэ хэний гар утас вэ” гэж асуухад бор царайтай, туранхай залуу “миний гар утас” гэж хэлэхээр нь өгсөн. Нөгөө залуу гар утсыг аваад гараад явсан. Удалгүй үсээ засуулж байсан эмэгтэй цонхны тавцан дээр байсан миний гар утас хааччихваа гэхээр нь сая үсээ засуулаад гарсан залуу миний гар утас гэж хэлээд аваад гарсан гэж хэлсэн. ... Намайг цонхны тавцан дээрээс гар утас аваад тухайн эрэгтэйд өгөхөд гар утасны эзэн эмэгтэй угаалгын өрөөнд толгойгоо угаачихаад хатаагаад байж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...үсчингээр үсээ засуулчихаад гарах гээд байж байтал …үсчин нь “миний дүү гар утас чинь мөн үү” гээд цагаан өнгийн гар утас надад өгөхөөр нь мөн гэж хэлээд тухайн утсыг авч өмднийхөө арын халаасанд хийсэн. ...2-3 дуудлага ирэхээр нь унтраасан. Huawei гэсэн бичигтэй гар утас байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),

-2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гар утсыг хохирогч О.Шд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5-8 дугаар тал),

-2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Б.Аийг оролцуулан гэрэл зургаар яллагдагчийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-14 дүгээр тал),

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Н нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үсчний газраар үйлчлүүлж байхдаа хохирогч О.Шгийн цонхны тавцан дээр үлдээсэн байсан гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун /300/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Нын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 320.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

“Мастер үнэлгээ” ХХК нь хохирогч О.Шгийн гар утасны үнийг 320.000 төгрөгөөр тогтоосон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Huawei” фирмийн P smart” загварын гар утсыг шүүгдэгч Б.Наас хураан авч хохирогч О.Ш /хх-5-8/-д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Н нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбалжир дүгнэлтдээ “Шүүхээс Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар саналаа гаргая. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй. Б.Н нь 2007 онд ял шийтгүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Н нь тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2007 онд ял шийтгэгдсэн байх ба, уг ялын хугацаа дууссан, нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт  хэрэг үйлдсэний дараа хохирол хор уршгийг арилгасаныг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Шүүхээс шүүгдэгч Б.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Б.Нт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ хэргийн улмаас хохирол учраагүй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг авч явсаны дараа хохирогч өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгч, уг хэрэг шалгагдах явцад шүүгдэгч Б.Наас “Huawei P Smart” гар утсыг мөрдөгч хураан авч  хохирогчид хүлээлгэн өгснөөр энэ хэргийн гэм хорын хохирол арилсан байх бөгөөд хохирол учраагүй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас хохирогчид учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч гэмт хэргийн шинжийг хангасан талаар шүүх дээр дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Нт энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Бгийн Ныг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Шд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Нт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА