Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01594

 

 

2021 оны 07 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2021/01594 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 10 байр, 12 тоот хаягт оршин суух, Шовогт Д:Д/РД:УГ50010110/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Хурд хороолол 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Ш.Т /РД:НА000000/-т холбогдох, 

 

Хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж 57 271 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорын хохирол нэхэмжилсэн иргэний хэрэгт Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 000 тоот прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэсэн зүйлчлэлийн өөрчлөлт оруулсан баримтыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Талууд хөрөнгө оруулалт өгсөн, авсан, гэрээ хэлцэл байгуулсан эсэхтэй маргаагүй зэргээс шалтгаалж гэм хорын хохирол нэхэмжилсэн шаардлагаа өөрчлөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дугаар зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг тус тус үндэслэн нийт хөрөнгө оруулалт шаардлагатай зардлын хэмжээг бодит байдлаас давуулан хэлж, хэлцэл хийхдээ зарим хэсэгт хууран мэхэлсэн, хөрөнгө оруулалтаар авсан хөрөнгөөс захиран зарцуулах давуу эрхээ ашиглан 57 271 100 төгрөгийг хөрөнгө оруулалтад огт зарцуулаагүй буюу энэ хэсэгт хэлцлийн зорилтыг хангахгүй байна гэж үзэж, хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж байна. Маргаан бүхий талууд анх 2010 онд анх уулзаж хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд үүнээс хойш 2011 онд Д.Д-ээс 2011 оны 07 сарын 28-ны өдөр 271 000 000 төгрөг, 2011 оны 09 сарын 19-ний өдөр 45 000 000 төгрөгийг авч нийт 316 000 000 төгрөгийн авсан байна. Хөрөнгө оруулалт авсан үйл баримтаас харах юм бол 2018 оны 11 сарын 23-ны өдөр Д.Д гуай гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тус мэдүүлэгт тухайн объектын төсөвт өртөг нь 530 000 000 төгрөг болсон би үүний 60 хувийг гаргасан гэсэн мэдүүлэг. Б.А-ийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт тухайн объектыг 250 000 000 төгрөгөөр баригдана гэж ойлгосон гэсэн мэдүүлэг байдаг. Үүнээс үзэхэд нийт төсөвт өртгийг Б.А болон Ш.Т нар нь 200 000 000 гаруй төгрөг болохыг мэдэж байсан ч нэхэмжлэгчид хэлээгүй нь тогтоогдож байна. Тус объект нь яг хэдэн төгрөгөөр боссон юм бэ гэхээр аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад энэ барилга нь 218 728 900 төгрөгийн өртөгтэй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь өөрөө өртгийг 530 000 000 төгрөг гэж хэлээд 60 хувийн үүрэг буюу 316 000 000 төгрөгийг авсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслээд бусдыг хууран мэхэлж хийсэн хэлцэл хийсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийгөө 60 хувийн үүрэг гүйцэтгэж байна гэж бодоод 316 000 000 төгрөг буюу 100-с илүү хувийн үүрэг гүйцэтгэсэн байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өгсөн 316 000 000 төгрөгөөс, хожим эргүүлэн төлсөн 40 000 000 төгрөг, дээрх эд хөрөнгөөр хохирол барагдуулсан 218 728 900 төгрөгийг тус тус хасан тооцож үлдэгдэл 57 271 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь 2010 онд болсон эргэлзээтэй нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 316 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцож, үүнээс гарах үр дагаврыг тогтоолгох гэсэн хууль зүйн шаардлага гаргасан. Гэтэл талуудын дунд үнэхээр хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийгдсэн үү гэвэл хийгдээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ огт байхгүй. 316 000 000 төгрөгийн тухайд хэрхэн тодорхойлж байгаа вэ гэхээр шинжээчийн дүгнэлт гэж яриад байгаа, энэ нь өөрөө иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоох хэмжээний эцсийн хууль ёсны нотлох баримт болох эсэх нь эргэлзээтэй, мөн хариуцагч 316 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтыг хүлээж авсан зүйл байхгүй, 2010 оноос хойш хамтарч ажиллах талаар ярилцсан, хөрөнгө оруулалт хийсэн гэдэг үйл баримт нь огтоос үндэслэлгүй зүйл дээр дурдагдаж ярьдаг. Энэ байдлыг тодруулах зорилгоор маш олон баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хамгийн сүүлд өгсөн нотлох баримт болох Б.Алтанцагийн гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа цаг хугацааг тодруулах нөхцөл байдал үүсэж байсан. Д.Д гэдэг хүн Ш.Т болон Б.А нарын хооронд үүссэн бизнесийн харилцаанд анхнаасаа чухал өнөөдрийн яг энэ нөхцөл байдалд байгаа шиг харилцаа үүсээгүй гэсэн. Б.А эхлээд Ш.Т-тэй ирж уулзсан, хариуцагч өөрөө суурь бизнес хийж байсан учраас хоёр найз хамтарч ажил хийе гэсэн яриа гараад мөнгөний асуудал үүсэхэд Б.А, .Д гэх ах маань байгаа гээд танилцуулсан. Эхний үед бол энэ мөнгийг хөрөнгө оруулалт гэхээсээ илүү зээлийн асуудалд яригдаж байсан. Ш.Т нь Д.Д-ээс мөнгө зээлээд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа санхүүжүүлье гэсэн санаа зорилго байсан. Өнөөдөр өгсөн нотлох баримтад Б.А-ийг гэрчээр асуусан мэдүүлэгт Ш.Т болон Д.Д нарын хооронд үүссэн асуудал нь анхнаасаа зээлийн харилцаа байсан талаар дурдсан байдаг. Энэ мөнгийг нь бизнестээ хөрөнгө оруулалт болгож ашигласан. Ш.Т нь төрийн албанд орж Б.А нь үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар болсон. Одоо болохоор хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн гэсэн үйл баримтыг няцааж байна. Анхнаасаа зээлийн харилцаа үүссэн боловч 2014 оноос хойш Б.А болон Д.Д нар хооронд таарамжгүй харилцаа үүсч Д.Д гэдэг хүн энэ асуудалд орж ирсэн байдаг. Ингэхдээ би их хэмжээний хөрөнгө оруулсан гэж ярьдаг байсан. Тухайн үед үндсэн үйл ажиллагааг нь хариуцаж ажиллаж байсан Б.А гэдэг хүнтэй огт ярилцахгүйгээр Ш.Т-ийг шууд эрүүгийн журмаар шалгуулсан. Өөрөөр хэлбэл компанийн дотоод үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчид болон удирдлагууд шийдвэрлэх боломжтой асуудал байхад энэ арга замыг сонгоогүй бөгөөд шууд эрүүгийн журмаар шалгуулж хүний эрхэнд шууд халдаж, эрүүгийн залилан гэмт хэрэгт шалгуулсан. Ингээд шалгуулах явцад 316 000 000 төгрөг гэж тодорхойлсон тухайн шинжээчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг гарахад хүлээн зөвшөөрөх эсэх асуудал гарч байсан. Хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс гомдол гаргаж, хөрөнгө оруулалт авсан эсэх, мөн бусад жижиг агуулгуудыг тайлбарлаагүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тус үйл баримт тогтоогдсон мэтээр шүүх хуралдаанд ярьж байна. Шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийн гараад 316 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж байна. Тус хөрөнгө оруулалт нь бодитой хийгдээгүй талаар Б.А болон Ш.Т нар нь тодорхой мэдүүлсэн байдаг. Ямар учраас Д.Д гэдэг хүний хөрөнгө оруулалтыг 316 000 000 төгрөгөөр тооцсон юм бэ, үүнд нь хэдэн төгрөг байгаа вэ, бэлнээр хэдэн төгрөг өгсөн, бодитой ямар хөрөнгө оруулсан, ширээ сандал хэн нь авчирсан юм, контейнер хэн авчирсан юм энэ бүх зүйлсийг Төв магис ХХК-ийн эзэмшил болох хашаанд буюу н.О-гийн эзэмшлийн 2 давхар дэлгүүрт авчирч тавьсан. Түүнээс биш Д.Д-гийн эзэмшлийн зүйлийг Ш.Т аваад зараад завшсан асуудал биш. Оруулсан хөрөнгийн хувьд ч тэр, мах хөргүүрийн 5 тоног төхөөрөмж оруулж ирсэн үйл ажиллагаанд ч тэр Ш.Т, Б.А нар хоёулаа оролцсон. Харин Д.Д гэдэг хүн энэ үйл ажиллагаанд огт оролцоогүй. Тухайн үед энэ маргаан үүсээгүй байсан. Ингээд 2014 оноос хойш уг маргаан үүсэж Д.Д, Б.А хоёр хоорондоо ярилцаад Д.Д-г хувь эзэмшигчээр оруулж, маргаан бүхий асуудлаа оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээнд шийдвэрлэн хамтран ажиллахаар ярилцсан л асуудал. Энэ нь 2010 онд биш 2010 оноос хойш яригдсан асуудал. Гэтэл одоо бодитой хөрөнгө оруулалт хийсэн 300 000 000 гаруй төгрөг өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагчийн зүгээс үгүйсгэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ш.Т-т холбогдуулан Л ХХК-ийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн тогтоол, 2016 оны 04 сарын 13, 2017 оны 06 сарын 30-ны өдрүүдэд өөрчлөн бүртгүүлсэн дүрмийн Ш.Т-т холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Л ХХК-ийн хувьцааг Д.Д-гийн эзэмшилд бүртгэж, холбогдох өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах, гэм хорын хохиролд 78 243 990 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2010 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж 57 271 100 төгрөг гаргуулах гэж өөрчлөн, өөрчилсөн шаардлагаа дэмжиж мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2010 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсэг хэлцлийн зорилго хангаагүй, өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Т нь хөрөнгө оруулалт шаардлагатай зардлын хэмжээг бодит байдлаас давуулан хэлж хуурч мэхэлсэн тул хөрөнгө оруулалтын дагуу өгсөн 316 000 000 төгрөгөөс хожим эргүүлэн төлсөн 40 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол барагдуулсан 218 728 900 төгрөгийг тус тус хасч үлдэх 57 271 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар 2011 онд Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт Т ХХК-ийн хашаанд махны үйлдвэр барьж ашиглалтад оруулан, 2012 он хүртэл хариуцагч Ш.Т, 2014 оны 11 сар хүртэл Б.А, 2014 оны 11 сараас нэхэмжлэгч Д.Д нар үйл ажиллагааг тус тус хариуцан явуулж, улмаар 2015 оны 04 сарын 29-ны өдөр Л  ХХК-ийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллаагаа явуулахаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирал буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр нэхэмжлэгч Д.Д бүртгэгдсэн байна. /хх-163/

 

Л ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 04 сарын 06-ны өдрийн хурлын тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчээс Т ХХК-ийг хасч, хувьцаа эзэмшигчээр Ш.Т, Б.А нарыг нэмж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 30 хувийг Ш.Т, 10 хувийг Б.А, 60 хувийг Д.Д нарт тус тус эзэмшүүлж, компанийн дүрэм шинэчлэн батлахаар шийдвэрлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-164, 167-172/

 

Дээрх дүрэмд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг хувьцаатай байхаар заасан ба 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Л ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 219 728 000 төгрөг болгон нэмэгдүүлснийг бүртгэсэн бүртгэлийн тогтоол болон дүрэмд зурсан хувьцаа эзэмшигч Ш.Т-ийн зурсан гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэлээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 04 сарын 14-ны өдрийн 0000 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл Л ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 1 000 000 төгрөг ба нэг бүрийн үнэ 1000 төгрөгийн үнэтэй 600 ширхэг хувьцаа буюу 60 хувийг нэхэмжлэгч Д.Д, 300 ширхэг хувьцаа буюу 30 хувийг хариуцагч Ш.Т эзэмшдэг байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Хамтран ажиллах үүрэг нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаа гэж хоёр хэсгээс бүрддэг ба талууд хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутагт байрлах махны үйлдвэрт оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээрээ Л ХХК-ийн хувьцааг хувь тэнцүүлэн эзэмшихээр тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Талууд хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгийг хураамж гэж ойлгох ба гэрээний оролцогчид хамтын ажилд зориулан төлсөн хураамж нь хуульд зааснаар тэдгээрийн дундаа өмчлөх эд хөрөнгө болдог. Зөвхөн гэрээгээр тохиролцсон тохиолдолд талуудын төлсөн хураамж дундын өмч болохгүй байх боломжтой боловч талууд гэрээг бичгээр байгуулаагүй, талуудын хооронд ийнхүү тохиролцоо байсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй., 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч ...махны үйлдвэрт 316 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан нь, Ш.Т хөрөнгө оруулаагүй атлаа хуурч мэхлэн миний оруулсан хөрөнгийг хувааж компанийн 30 хувийн хувьцаа эзэмших болсон нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2018 оны 11 сарын 21-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу хэргийг шалгах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр, тогтоогдсон... гэж тайлбарлаж байх боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон 2019 оны 04 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой, уг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангах хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэв өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хүсэлт гарган шүүхээр бүрдүүлэх эрхтэй болохыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг шүүх тайлбарлан өгч, талууд өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүргээ хэрэгжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон махны үйлдвэрт нийт хэдэн төгрөгийн өртгөөр бий болсон хийгээд, 316 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Ш.Т нь хөрөнгө оруулалт шаардлагатай зардлын хэмжээг бодит байдлаас давуулан хэлж хуурч мэхэлсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 436 506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-гийн хариуцагч Ш.Т-т холбогдуулан гаргасан хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулан 57 271 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 436 506 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ