Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/02251

 

 

 

 

 

 

 

                         2021           07            29

101/ШШ2021/02251                                

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст-Өгөөмөр 1 гудамж, 1 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дашдэмбэрэлийн ******* /РД:НН70072063/,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст-Өгөөмөр 1 гудамж, 1 тоот хаягт оршин суух Боржигон овогт*******ын******* /РД:НН96122315/,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст-Өгөөмөр 1 гудамж, 1 тоот хаягт оршин суух Боржигон овогт*******ын******* /РД:НН93031419/,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст хаягт оршин суух Боржигон овогт Цэрэвийн******* /РД:НТ75070819/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст-Өгөөмөр 1 гудамж, 1 тоот хаягт оршин суух Боржигон овогт Цэрэвийн******* /РД:НН70062773/-д холбогдох,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б  байрны 1 давхарын сургалтын зориулалтттай үл хөдлөх хөрөнгө, 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.******* миний бие нөхөр Ц.Энхболдтой 1996 онд гэр бүл болж дундаасаа Э.Базаргүр, Э.Тэнгис гэсэн хоёр хүүхдийг төрүүлж, өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна.

Бид гэр бүл болсноос хойш хувийн бизнесээ 1996 оноос хамтран эхлүүлэн хөгжүүлж, амжилтанд хүрсэн бөгөөд үүнийхээ ашиг шимийг хүртэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүл дундаасаа болон миний нөхөрийн төрсөн дүү болох Ц.Төмөрхуяг тодорхой хэмжээний хувь нэмэр оруулан бий болгосон боловч тухайн үед дан ганц нөхөр болох Ц.Энхболдын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч баталгаажуулсан байдаг.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын өмч тул харъяа дүүргийн улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг нөхөр Ц.Энхболдоос хүсч  байсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй байсан бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгүүд нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Х.Олонболдын нэхэмжлэлтэй Ц.Энхболдод холбогдох иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн дагуу битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгч бүртгүүлэх боломжгүй болж, цаашид шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах эрсдэл үүсээд байгааг мэдлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно” гэж тухайлан зохицуулсан байна.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүл болох нөхөр С.Энхболд, эхнэр Д.*******, хүү Э.Базаргүр, хүү Э.Тэнгис, Ц.Төмөрхуяг нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүдийг анх бий болж миний нэр дээр бүртгэгдэх үед нэхэмжлэгч этгээдүүдийн тодорхой хэмжээний хөрөнгийн оролцоо байсан бөгөөд эдгээр хөрөнгүүд нь хэдийгээр дан ганц миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй боловч цаад утгаараа олон хүний хөрөнгөөр бий болсон.

Иймд миний зүгээс нэхэмжлэгч нарын шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эдгээр хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч юм. Бидний хооронд ямар нэг маргаан байхгүй. Энэ үл хөдлөх хөрөнгүүдийг Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавсан байсан болохоор барьцааны бүртгэлтэй гээд бүртгэлийн өөрчлөлт хийхгүй байсан.

Худалдаа хөгжлийн банкны төлбөрийг төлсөн тул дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн байгаа. Энэ чөлөөлсөн талаарх баримтыг сая шүүх дээр гаргаж өгсөн. Одоо Төв аймгийн шүүх дээр байгаа маргаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ аваад энэ хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                        

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Э.Базаргүр, Э.Тэнгис, Ц.Төмөрхуяг нар нь хариуцагч Ц.Энхболдод холбогдуулж Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон болон хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзэж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгоно гэж шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан “эрхийг хүлээн зөвшөөрөх” аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Ц.Энхболд бүртгэлтэй байна /х.х-ийн 6-16, 38-43 дугаар тал/.

Тодорхой хөрөнгө нь гэр бүлийн гишүүний дундаа хамтран өмчлөх хөрөнгө эсхүл хуваарьт хөрөнгө эсэхийг тодорхойлох зохицуулалтыг Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгийн эрх гэсэн 3 дугаар дэд бүлгээр зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт, “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заажээ.

Маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь иргэн Ц.Энхболдын өмчлөлд бүртгэгдсэн хэдий ч зохигчдын хэн алиных нь тайлбараар тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна.  

Өөрөөр хэлбэл зохигчдын тайлбараар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө багтаж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар дурдсан үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар хэн аль нь маргаагүй, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй байх бөгөөд гэрлэгчдийн өмчлөх эрхийг зөрчсөн маргаан үүссэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх нь аливаа хөрөнгийн маргааны хувьд шаардах эрхийн үндэслэл байна.

Зохигчдын хэн алиных нь тайлбараар нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэгдсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан гэх үндэслэлүүдээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн бүртгэл хийгдэхгүй байгаа үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ц.Энхболдын хувьд нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй тогтоогдохгүй байна.

Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул ирээдүйд эрх нь зөрчигдөж болзошгүй гэх үндэслэлээр зөрчигдөөгүй эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******, Э.Базаргүр, Э.Тэнгис, Ц.Төмөрхуяг нарын хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,088,720 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

         

 

           

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.БАЯРМАА