Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01576

 

 

 

 

 

 

 

 

 

Д.У, Э.Т, Э.Б, Ц.Т- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02251 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У, Э.Т, Э.Б, Ц.Т- нарын хариуцагч Ц.Э-од холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалтттай үл хөдлөх хөрөнгө, 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.У- нь Ц.Э-той 1996 онд гэр бүл болсон. Тэдний дундаас Э.Б-, Э.Т- нар төрсөн. Гэр бүл болсноос хойш хувийн бизнесээ 1996 оноос хамтран эхлүүлэн хөгжүүлж, амжилтанд хүрсэн бөгөөд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг гэр бүл дундаасаа болон Ц.Э-ын төрсөн дүү Ц.Т- тодорхой хэмжээний хувь нэмэр оруулан бий болгосон. Гэвч тухайн Ц.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч баталгаажуулсан байдаг. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн дундын өмч тул харъяа дүүргийн улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн хэлтэст хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг Ц.Э-оос хүсч байсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй байсан бөгөөд улмаар үл хөдлөх эд хөрөнгүүд нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Х.Олонболдын нэхэмжлэлтэй Ц.Э-од холбогдох иргэний хэргийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн дагуу битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгч бүртгүүлэх боломжгүй болж, цаашид шүүхийн шийдвэрийн дагуу хураагдах эрсдэл үүсээд байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болно гэж тухайлан зохицуулсан байна. Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүд болох нөхөр Ц.Э-, эхнэр Д.У-, хүү Э.Б-, хүү Э.Т-, дүү Ц.Т- нарын хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан хөрөнгүүд анх бий болж Ц.Э-ын нэр дээр бүртгэгдэх үед нэхэмжлэгч этгээдүүдийн тодорхой хэмжээний хөрөнгийн оролцоо байсан. Эдгээр хөрөнгүүд нь хэдийгээр хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй боловч цаад утгаараа олон хүний хөрөнгөөр бий болсон. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч ба маргаан байхгүй. Өмнө нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд байсан болохоор барьцааны бүртгэлтэй гээд бүртгэлийн өөрчлөлт хийгээгүй. Одоо Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн төлбөр төлөгдөж, барьцаанаас чөлөөлөгдсөн. Энэ талаарх баримт хэрэгт хавсаргасан. Төв аймгийн шүүх дээр байгаа маргааны шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдаж, нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-, Э.Б-, Э.Т-, Ц.Т- нарын хариуцагч Ц.Э-од холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 088 720 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 476 байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоот үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт байхгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно., Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж тус тус заасан. Тодруулбал, Иргэний хуулийн дурдсан холбогдох заалтуудад гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахдаа харилцан тэгш эрх эдлэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр аливаа байдлаар ашиглах, захиран зарцуулах эрхтэй байхаар заасан. Гэтэл хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэдгийг мэдсээр атлаа хууль зөрчин, бидэнд мэдэгдэхгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр, нууцаар удаа дараа хувьдаа авсан зээлийнхээ үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг улсын бүртгэлд гаргах хүсэлт тавь гэх шаардлагыг удаа дараа тавьсан боловч үндэслэлгүйгээр бидний Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх, өмчлөх эрхээ хамгаалуулах эрхийг зөрчсөн нь хэргийн оролцогч нарын албан ёсны тайлбар, хэргийн материалд авагдсан холбогдох баримтуудаар хангалттай тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүхээс Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн бүртгэл хийгдэхгүй байгаа үйл баримт тогтоогдож байна гэх үндэслэлийг гаргасан атлаа үүний эсрэг буюу нэхэмжлэгч нарын эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй, 42 дугаар зүйлийн 42.3- д ... тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно, 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх журмыг тодорхой зохицуулсан. Хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг буюу нэхэмжлэгч нар нь түүний гэр бүлийн гишүүд мөн гэдгийг, нэхэмжлэлийн шаардлага болох Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 476 байрны 1 давхрын сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон тус байрны 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоот орон сууц болох үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрсөн. Учир нь эдгээр үл хөдлөх хөрөнгүүд бий болоход нэхэмжлэгч нарын хөрөнгийн болоод үйл ажиллагааны, санхүүгийн дэмжлэгүүд байсан төдийгүй гэр бүл болсноос хойш болсон хөрөнгүүд. Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг мэдсээр атлаа тэдэнд мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрлийг авалгүйгээр удаа дараагийн банкны зээлийн барьцаанд тавьсан, өмчлөх эрхийг нь зөрчсөн гэдгээ хангалттай тодорхой хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хэргийн материалд авагдсан талуудын гаргаж өгсөн болоод шүүхийн журмаар гаргуулсан баримтуудаар Ц.Э- нь нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг удаа дараа зөрчсөн, одоо ч зөрчигдөх нөхцлийг бий болгосон байгаа нь хангалттай тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүхийн зүгээс хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүйгээр үгүйсгэн нэхэмжлэгч нарын эрхийг зөрчин бидний эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.У, Э.Т, Э.Б, Ц.Т- нар нь хариуцагч Ц.Э-од холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалтттай үл хөдлөх эд хөрөнгө, 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх 1-2, 28/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд тэдний дундын хамтран өмчлөх зүйл мөн эсэх талаар эрх зүйн маргаан байхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлгүй буюу тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

 

Зохигчдын хооронд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдэг асуудлаар маргаагүй байхад зохих хүсэлтээ эрх бүхий байгууллага буюу бүртгэлийн байгууллагад гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байгааг иргэний эрх зүйн маргаан гэж үзэхгүй.

 

Дээрх тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэснээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл тогтоогдвол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох журамтай.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.У, Э.Т, Э.Б, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/02251 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ц.Э-од холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 47б байрны 1 давхарын сургалтын зориулалтттай үл хөдлөх хөрөнгө, 28, 26, 25, 13, 12, 11, 9, 5, 4, 2 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.У, Э.Т, Э.Б, Ц.Т- нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 2 088 720 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН