Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/02840

 

 

 

 

 

 

 

                         2021           09            24

101/ШШ2021/02840                                

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Токио гудамжны 24б байр 28 тоот хаягт оршин суух, Сартад овгийн Нансалын ******* /РД:ХЖ64043062/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-49,******* /9121862/-т холбогдох,

 

Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн Б/143 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний болон өмгөөлөгчийн шүүх  хуралдаанд гаргасан тайлбарт:

Н.******* миний бие Анагаах ухааны дээд сургуулийг 1988 онд эм зүйч мэргэжлээр, 1991 онд Монгол улсын их сургуулийн Гадаад харилцааны дээд сургуулийн англи хэлний орчуулагч, 1994 онд Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын зохион байгуулагч менежер мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр зэрэгтэй.

Миний бие 1988 оноос эхлэн тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж ирсэн ба 2006 оноос хойш тус эмнэлэгийн Хүний нөөцийн менежер, захиргаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан.

Миний бие ажиллах хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй.

Гэтэл 2021 оны 7 сарын 20-ны өдрийн Б/143 тоот Ерөнхий захирал Я.Амаржаргалын гарын үсэг бүхий “Нансалын *******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарч намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалынхаа 1 дүгээр заалтаар Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн боловч миний ажлын туршлага, ур чадварыг үнэлэн ажил олгогч талаас үргэлжлүүлэн ажиллах саналыг тавьсны дагуу үргэлжлүүлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан.

Тухайлбал 2019 оны 5 сарын 1-ний өдөр тус эмнэлэгийн дарга Г.Баясгалантай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад үргэлжлүүлэн 2021 оны 1 сарын 05-ны өдөр тухайн үед тус эмнэлэгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан одоогийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан ба тийм ч учраас 2021 оны 1 дүгээр улирал болон 2 дугаа улирлын ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээгээр сайн үнэлэгдсэн.

Намайг ажлаас чөлөөлсөн тус эмнэлэгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн Б/143 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Н.******* намайг миний эрхэлж байсан Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 7 сарын 20-ны өдрөөс хойших ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, 2021 оны 7 сарын 20-ны өдрөөс хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Улсын хоёрдугаар төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.******* нь хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад эмнэлэгийн даргын 2019 оны 4 сарын 30-ны өдрийн Б/55 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан боловч эмнэлэгийн даргын Б/57 тоот тушаалаар тус эмнэлэгийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажилласан. Үүнээс хойш эмнэлэгийн бүтцийн өөрчлөлтийн дагуу албан тушаалынх нь нэршил өөрчлөгдснөөр хүний нөөцийн хөгжлийн албаны дарга, захиргаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад эмнэлэгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн б/143 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Н.******* нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа мэргэшлийн мэдлэг чадварын хувьд олон жил хүний нөөцийн албаны даргаар ажилласан дадлага туршлагатай гэж тухайн үед ажиллаж байсан эмнэлэгийн захирлууд тус байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байдаг. Эмнэлгийн одоо ажиллаж байгаа захирал ч хамтран ажиллаж санал тавьж, үүнийгээ илэрхийлж байсан.

Гэвч томилогдсноосоо хойш Н.*******д албан тушаалынх нь чиг үүргийн хүрээнд удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, биелэлт үр дүнг нь эргэн танилцуулахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, хөдөлмөрийн харилцааны тэгш байдлыг зарчмыг алдагдуулах, ажилтнуудыг хаглан бутаргах үйлдлүүд гаргаж байсан тул аргагүй нөхцөл байдал үүссэн тул ажлаас нь чөлөөлсөн.

Тус эмнэлгийн 550 гаруй ажилтнудын албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулж, батлуулах үүрэг өгсөн боловч 6 сар гаруй хугацаа өнгөрөхөд 8 нэгжийн болон 3 дэд захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлуулж бусад 29 нэгжийн ажилтнуудыг албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулж батлуулаагүй.

Байгууллагын хүний нөөцлийн бодлого төлөвлөлт, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө гэсэн хүний нөөцийн нөхөн хангалт, хөгжлийн үндсэн баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах үүрэг өгсөн боловч биелүүлээгүй.

Шинэ ажилтны сургалт төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй. Энэ талаар удирдлагын шуурхай хурал дээр болон Н.*******д өөрт нь тусгайлан үүрэг өгсөн боловч биелүүлээгүй. Ажилтнууд дунд хулгайн гэмт хэрэг гарч шалгагдаж байгаа. Мөн согтууруулах ундаа хэрэглэх зөрчил цөөнгүй гарсан нь гэмт хэргээс сэргийлэх хууль тогтоомжийн сургалтын ажил хийгдээгүйтэй холбоотой. Коронавирусын үед хүний нөөцийг нөхөн хангах буюу шинэ ажилтныг ажилд авах мөн ажиллаж байгаа ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах зэрэг хүний нөөцийн томилгоотой холбоотой тушаалын төсөл батлуулах талаар захирлаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй, зориуд удаашруулж гацаадаг.

Эмнэлгийн захирал Я.Амаржаргал томилогдсноосоо хойш байгууллагын дотоод журмыг шинэчлэх, өөрчлөх ажлуудыг хийх талаар үүрэг, чиглэл өгсөн боловч хийгээгүй.

Н.*******тай эмнэлгийн захирлын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д “орлогоч дарга, албаны дарга, тасгийн эрхлэгчийн ажлын ур чадвараас шалтгаалан, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж  чадахгүй байна гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно” гэж заасан.

Н.*******гийн хүү тус эмнэлэгт ажилладаг бөгөөд хүүгийнхээ ажлыг үнэлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг, өмгөөлж хамгаалдаг зэрэг зүйлс гаргадаг. Эмнэлэгийн ажилтнуудыг удирдлагын шуурхай яриа, зөвлөлийн хурлыг бэлтгэх ажлаа хангалтгүй хийдэг, ирцийн бүртгэлээ ч хийдэггүй зэрэг асуудлууды нь Н.*******гийн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2- дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Н.******* нь эмнэлэгийн Ерөнхий захирлын өгсөн үүрэг, даалгаварыг биелүүлдэггүй, ур чадварын хувьд албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадахгүй байгууллагын хөгжил ялангуяа үнэт зүйл болох хүний нөөцийг хөгжүүлэх, чадвахжуулах ажлыг хийхгүй, санаачлага хариуцлагагүй байдал нь байгууллагын хөгжил үйл ажиллагааны хэвийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа. өөрийн хүү хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас татгалзах үүргээ биелүүлдэггүй, эмнэлэгийн ажилтнуудыг ялгаварлах ажлын байрны дарамт үүсгэж байгаа нь түүнийг цаашид ажиллуулах боломжгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч*******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/143 дугаартай “Нансалын *******г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.

Ажил олгогч******* ажилтан Н.*******тай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, тус байгууллагын хүний нөөцийн албаны даргаар, 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөн хөдөлмөрийн гэрээ байгуулж, захиргаа, хүний нөөцийн албаны даргаар тус тус томилж, ажил олгогчоос ажилтанд хөлс төлж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 9-13, 26 дугаар тал/

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/143 дугаартай “Нансалын *******г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн өндөр насны тэтгэврээ 2019 онд тогтоолгосон боловч тус эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Н.*******г үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хуулийн зохицуулалтын хувьд “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” гэж, 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан” гэж ерөнхий заалтуудыг тушаалын үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч Н.******* нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар Хүний нөөцийн албаны даргын үүрэгт ажлаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүссэн гэх үндэслэлээр чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тушаалын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 26 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуульд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж зааснаас үзэхэд ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоогдсон иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилуулж байсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг “...өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үедээ ажиллаж байсан бөгөөд албан тушаалынх нь чиг үүргийн хүрээнд өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, биелэлт үр дүнг эргэн танилцуулаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн ажилтнуудыг хагалан бутаргах ёс зүйн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу буюу ажлын ур чадвараас шалтгаалан ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцална...” гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас хариу тайлбартаа дурдагдсан үндэслэлүүдийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа дурдаагүй, тушаалын хууль зүйн үндэслэл болгоогүй байна.

Тодруулбал, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр дуусгавар болгох бөгөөд ажил олгогч нь тушаалдаа дээрх хуулийн зохицуулалтуудаас холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байхын зэрэгцээ ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбараар Н.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, цуцласан үндэслэлийг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал өөрөө хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагатай.

Иймд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/143 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримт буюу ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, холбогдох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.*******г Захиргаа, хүний нөөцийн албаны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2021 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1,828,669 төгрөг байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 2 сар, 3 хоног байх бөгөөд /1,828,669х2+249,364/=3,906,702 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Н.*******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,906,702 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******г*******ийн захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч*******ээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,906,702 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч*******т даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Улсын хоёрдугаар төв эмнэлгээс 146,453 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

  

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БАЯРМАА