Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01674

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01674

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02840 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч У эмнэлэгт холбогдох У эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Бмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие Анагаах ухааны дээд сургуулийг 1988 онд эм зүйч мэргэжлээр, 1991 онд Монгол Улсын Их сургуулийн Гадаад харилцааны дээд сургуулийн англи хэлний орчуулагч, 1994 онд Монгол улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын зохион байгуулагч менежер мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр зэрэгтэй. Миний бие 1988 оноос эхлэн тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж ирсэн ба 2006 оноос хойш тус эмнэлгийн Хүний нөөцийн менежер, захиргаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан. Миний бие ажиллах хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэж ирсэн ба ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 тоот Ерөнхий захирал Я.Амаржаргалын гарын үсэг бүхий Н.Бг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалынхаа 1 дүгээр заалтаар Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн боловч миний ажлын туршлага, ур чадварыг үнэлэн ажил олгогч талаас үргэлжлүүлэн ажиллах саналыг тавьсны дагуу үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тухайлбал, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус эмнэлгийн дарга Г.Баясгалантай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад үргэлжлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тухайн үед тус эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан одоогийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан ба тийм ч учраас 2021 оны 1 дүгээр улирал болон 2 дугаар улирлын ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээгээр сайн үнэлэгдсэн. Намайг ажлаас чөлөөлсөн тус эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, Н.Бг урьд эрхэлж байсан Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойшх ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойшх нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад эмнэлгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0/00 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан боловч эмнэлгийн даргын 0/00 тоот тушаалаар тус эмнэлгийн Хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажилласан. Үүнээс хойш эмнэлгийн бүтцийн өөрчлөлтийн дагуу албан тушаалынх нь нэршил өөрчлөгдснөөр хүний нөөцийн хөгжлийн албаны дарга, захиргаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаад эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Н.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа мэргэшлийн мэдлэг чадварын хувьд олон жил хүний нөөцийн албаны даргаар ажилласан дадлага туршлагатай гэж тухайн үед ажиллаж байсан эмнэлгийн захирлууд тус байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байдаг. Эмнэлгийн одоо ажиллаж байгаа захирал ч хамтран ажиллаж санал тавьж, үүнийгээ илэрхийлж байсан. Гэвч томилогдсноосоо хойш Н.Бд албан тушаалынх нь чиг үүргийн хүрээнд удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, биелэлт үр дүнг нь эргэн танилцуулахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, хөдөлмөрийн харилцааны тэгш байдлыг зарчмыг алдагдуулах, ажилтнуудыг хаглан бутаргах үйлдлүүд гаргаж байсан тул аргагүй нөхцөл байдал үүссэн тул ажлаас нь чөлөөлсөн. Тус эмнэлгийн 550 гаруй ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах ажлыг зохион байгуулж, батлуулах үүрэг өгсөн боловч 6 сар гаруй хугацаа өнгөрөхөд 8 нэгжийн болон 3 дэд захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлуулж бусад 29 нэгжийн ажилтнуудыг албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулж батлуулаагүй. Байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө гэсэн хүний нөөцийн нөхөн хангалт, хөгжлийн үндсэн баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах үүрэг өгсөн боловч биелүүлээгүй. Шинэ ажилтны сургалт төлөвлөгөө, хөтөлбөр байхгүй. Энэ талаар удирдлагын шуурхай хурал дээр болон Н.Бд өөрт нь тусгайлан үүрэг өгсөн боловч биелүүлээгүй. Ажилтнууд дунд хулгайн гэмт хэрэг гарч шалгагдаж байгаа. Мөн согтууруулах ундаа хэрэглэх зөрчил цөөнгүй гарсан нь гэмт хэргээс сэргийлэх хууль тогтоомжийн сургалтын ажил хийгдээгүйтэй холбоотой. Коронавирусын үед хүний нөөцийг нөхөн хангах буюу шинэ ажилтныг ажилд авах мөн ажиллаж байгаа ажилтнуудыг шилжүүлэн ажиллуулах зэрэг хүний нөөцийн томилгоотой холбоотой тушаалын төсөл батлуулах талаар захирлаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлдэггүй, зориуд удаашруулж гацаадаг. Эмнэлгийн захирал Я.Амаржаргал томилогдсноосоо хойш байгууллагын дотоод журмыг шинэчлэх, өөрчлөх ажлуудыг хийх талаар үүрэг, чиглэл өгсөн боловч хийгээгүй. Н.Бтай эмнэлгийн захирлын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д орлогч дарга, албаны дарга, тасгийн эрхлэгчийн ажлын ур чадвараас шалтгаалан, ажлаа шаардлагын хэмжээнд хүртэл явуулж чадахгүй байна гэж үзвэл хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэж заасан. Н.Бгийн хүү тус эмнэлэгт ажилладаг бөгөөд хүүгийнхээ ажлыг үнэлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг, өмгөөлж хамгаалдаг зэрэг зүйлс гаргадаг. Эмнэлгийн ажилтнуудыг удирдлагын шуурхай яриа, зөвлөлийн хурлыг бэлтгэх ажлаа хангалтгүй хийдэг, ирцийн бүртгэлээ ч хийдэггүй зэрэг асуудлуудыг нь Н.Бгийн Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Н.Б нь эмнэлгийн Ерөнхий захирлын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ур чадварын хувьд албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадахгүй байгууллагын хөгжил ялангуяа үнэт зүйл болох хүний нөөцийг хөгжүүлэх, чадвахжуулах ажлыг хийхгүй, санаачлага хариуцлагагүй байдал нь байгууллагын хөгжил үйл ажиллагааны хэвийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа. Өөрийн хүү хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаас татгалзах үүргээ биелүүлдэггүй, эмнэлгийн ажилтнуудыг ялгаварлах ажлын байрны дарамт үүсгэж байгаа нь түүнийг цаашид ажиллуулах боломжгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Бг У эмнэлэгийн захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч У эмнэлэгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 906 702 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагч У эмнэлэгт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч У эмнэлгээс 146 453 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгчид нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн товлогдсон хуралд биечлэн оролцсон. Шүүхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн ба товлогдсон шүүх хурал нь нэхэмжлэгч Н.Б өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ханган, шүүх хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулж, шүүгчийн захирамж гарсан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээт хуулийн зөвлөх Ш.Н нь хойшлогдсон шүүх хурлын өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан байсан. Үндсэн ажилтан Х.Бын нөхөр ковид-19 халдвараар өвчилсөний улмаас Х.Б нь тусгаарлалтад орсон тул 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт, нотлох баримтыг хамт гаргасан. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан захирамж гаргаж, Н.Бгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Уг хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч У эмнэлэгт холбогдуулан У эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 тоот тушаалыг хүчингүй болгож, Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан У эмнэлгийн хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр тус эмнэлгийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0/00 дугаар тушаалаар өөрийнх хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-5-8/ Үүний дараа У эмнэлгийн зүгээс Н.Бг тус эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны даргаар үргэлжлүүлэн ажиллуулж байсан болох нь талуудын тайлбар болон хэргийн 9-11 дүгээр тал дахь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 дугаар тушаалаар түүнийг өндөр насны тэтгэврээ 2019 онд тогтоолгосон боловч тус эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байгаа гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлсөн байна. /хх-4/

 

Нэхэмжлэгч Н.Б У эмнэлгийн Ерөнхий захирлын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0/000 дугаар тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч байгууллагаас татгалзлаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үедээ ажиллаж байсан, албаны чиг үүргийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй, биелэлт, үр дүнг эргэн танилцуулахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, ажилтнуудыг хагалган бутаргах үйлдлүүд гаргасан гэж тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг зохицуулсан.

 

Гэтэл хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байхад нэхэмжлэгчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь Н.Бг албаны чиг үүргийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй, биелэлт, үр дүнг эргэн танилцуулахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, ажилтнуудыг хагалган бутаргах үйлдлүүд гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй болно.

 

Мөн хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 0/000 дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, Н.Бг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүх дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Н.Бг хариуцагч У эмнэлгийн Захиргаа, хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 906 702 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөхийг даалган шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар Н.Бгийн 2021 оны 4, 5, 6 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1 828 669 төгрөг байх ба 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2 сар, 3 хоногоор тооцож 3 906 702 /1 828 669х2+249 364/=3 906 702 төгрөгийг хариуцагч У эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгосон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч байгууллагаас 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Х.Б, Ш.Н нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болох хэргийн 20 дахь талд авагдсан итгэмжлэлээр тогтоогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй шалтгаан нөхцөл үүссэн тохиолдолд шүүхэд мэдэгдэх, хариуцагч байгуулагын зүгээс шүүх хуралдаанд бэлтгэх, өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжтой байсан гэж дүгнэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэвэлмаа давж заалдах гомдол гаргасан, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад О.Цэвэлмаа ажлаасаа чөлөөлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б гаргасан болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/02840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 453 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ