Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 014

 

А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Аад холбогдох эрүүгийн 201726020423 дугаартай, 10 хавтастай хэргийг шүүгдэгч А.А, хохирогч К.Р, З.К, Б.Э, иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нарын давж заалдах гомдлын дагуу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогч К.Р, З.К, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Бахытбек, хохирогч А.С, хохирогч Х.Ж-ийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, ам бүл 2 хүнтэй, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Б дүүргийн 4 дүгээр хороо, “С” гудамжийн 00 тоотод оршин суух, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ш овогт А-ын А /РД:БЮ00000000/ 1. Х.Жийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Т" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банк дахь 5013130122 дугаар данснаас 87.000.000.00 төгрөгийг “Т” XXК-ийн Хаан банк дахь данс руу шилжүүлж авч, өөрийн өр төлбөрөө барагдуулж залилан мэхэлж авсан,

2. Б.Э-ыг 2016 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хананы материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан, 35.800.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан,

3. К.Рыг өөрийгөө “Т” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 86.414.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху нарын Хаан банк дахь дугаартай дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан, 

4. З.Кыг өөрийгөө “Т” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24.000.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху, Х.Е нарын Хаан банк дахь дугаар дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

5. А.Сийг ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан, 

6. С.Л-г өөрийгөө Ё гэж танилцуулан, “Т” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй, “Т” компаниас авах 2.000.000.00 төгрөгийн урамшууллыг авахад 8.000.000.00 төгрөг шаардлагатай байна, 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000.00 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

7. Б.Ныг түүний нөхөр К.Бийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хуурч 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5.970.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан,

8. Д.Аийг “Т” ХХК-аас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3.900.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч А.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Аад 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ааас 71224000 /далан нэг сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөг гаргуулан хохирогч К.Рад, 18000000 /арван найман сая/ төгрөг гаргуулан хохирогч З.Кд, 770000 /долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Нт, 5000000 /таван сая/ төгрөг гаргуулан хохирогч А.Сд тус тус олгож, хохирогч С.Лд 5161000 /таван сая нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг, хохирогч Д.Ад 3900000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Эт 26950000 /хорин зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөг, үлдэгдэл 8850000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсныг дурдсугай.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас 87000000 /наян долоон сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Жт олгож, иргэний хариуцагч “Т” ХХК нь өөрт учирсан хохирол, төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “Би залилангийн гэмт хэрэгт холбогдон яллагдаж байгаа ба 3 настай бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд одоо жирэмсэн билээ. Миний бие 2016 онд хүүхэдтэй болсон ба хүүхэд маань дутуу төрөлттэй байсны улмаас эрхэлж байгаа бизнесээ доголдуулсны улмаас иргэдээс авсан зээлээ буцааж төлж чадахгүйд хүрсэн. Үүнд би гэм буруутай. Уг үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч нарын хохирлыг бололцоогоороо арилгаж байгаа ба удахгүй бүгдийг арилгаж өгөх болно. Мөн хохирлоо төлж барагдуулахаар болж эвлэрэх болно. Миний бие хохирогч Кд нийтдээ 8,250,000 төгрөгийг буцааж төлсөн, Р, Т нарт нийтдээ 29,980,000 төгрөгийг буцааж төлж байсан. Хохирогч С нь өөрийнхөө хохирлоо Болат, Еркежан нараас төлүүлж авсан тул түүнд учирсан хохирол арилсан. Наас авсан мөнгөө бүгдийг нь буцаан төлсөн. Н нь замын зардлаа нэхэмжилж байгаа тул үүнийг мөн төлж барагдуулна. Анхан шатны шүүхээс хохирлын талаар тооцоог буруу гаргасан. Миний бие Улаанбаатар хотод гоо сайхны үйлдвэрийн газарт өндөр цалинтай ажилд орсон ба эдгээр хохирлуудыг богино хугацаанд төлж барагдуулах боломжтой. Мөн хүүхдүүдийн маань эцэг болох Е нь мөн өндөр цалинтай ажилд орсон бөгөөд хохирлыг арилгахад тусалж байгаа. Надад бусдыг залилан мэхлэх гэсэн санаа зорилго байгаагүй. Худалдаа наймаагаа эргэлтэд оруулж иргэдээс авсан зээлээ дарж чадна гэж бодож иргэдээс өндөр хүүтэй зээл авч байсан. Нөхөр болох Е бид хоёр Улаанбаатар хотод байгаа 2 байраа хүртэл бусдын зээлд алдсан. Мөн хувийн машин өндөр үнэтэй утасны дугаар, дэлгүүрүүдээ хүртэл зээлээ төлж чадалгүй алдсан. Цагдан хоригдсоноос болж биеийн байдал маань тааруу, хэвлийд байгаа хүүхдийн маань эрүүл өсөх, бойжих боломж нь хомстож байна. Цагдан хорих байрнаас эмнэлгийн тусламж авсан боловч биеийн байдал дээрдэхгүй байна. Эмч нар цагдан хорих байранд энэ хүүхдийг тээж төөрүүлэх юм бол бөөрний дутагдалд орно, амь насанд аюултай гэж байгаа. Би хохирогч нарын бүх хохирлыг барагдуулж өгнө, энэхүү асуудлаар эвлэрэх болно. Иймд надад оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж өгч тусална уу.” гэжээ.

 

Хохирогч К.Р, З.К нарын гомдолд: “Шүүгдэгч А.А нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сар хүртэл удаа дараагийн үйлдлээр "зээлсэн мөнгийг чинь бизнес эрхэлдэг учраас 5, 7, 10 хоногийн дотор өндөр хүүтэйгээр буцаан өгнө” хэмээн хуурч мэхэлж, К.Р надаас 107 сая төгрөг, З.Каас 24 сая төгрөг тус тус залилан авч улмаар мөнгө өгөхгүй биднээс зугтаж өдий хүртэл хохироож яваа билээ. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзсан ял оногдуулдаг. Гэтэл шүүгдэгч А.А нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, удаа дараагийн үйлдлээр 253,084,000 төгрөг залилан хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан байхад шүүхээс түүнд 4 жилийн хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй. А нь зөвхөн хохирогч Р надад миний 10 жилийн цалинтай тэнцэх хэмжээний буюу 71,224,000 төгрөгийн хохирол учруулсан байхад хохирогч биднийг доромжилж байгаа мэтээр шүүхээс түүнд 4 жилийн хорих ял оногдуулсан нь хууль ёсны гэж үзэхгүй байна. Зүй нь шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосон 7 жил 6 сарын хорих ялыг харгалзан шүүх 7-оос дээш жилийн хорих ял оногдуулах ёстой байсан. Хохирогч К.Р би А.Аын олон удаагийн залилан мэхлэх хууль бус үйлдлээс болж өнөөдрийн байдлаар 71,224,000 төгрөг хохирогч З.К би 18,000,000 төгрөгөөр хохирч 3 жилийн турш сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирч явна. Банкнаас зээлсэн зээлийн хүү нь хэтэрч, гэр орноо хүртэл худалдаж, одоо түрээсийн байранд амьдарч байна. Энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж, стресст орж, нөхөртэйгөө ч үүнээс болж муудалцаж эмнэлэгт хүртэл хэд хэдэн удаа хэвтэн эмчилгээ хийлгэж байсан. Шүүгдэгч А.Аын туйлын зорилго нь ял завшиж хөнгөн ял авах, хохирлыг төлөхгүй зугтах хүсэлтэй бөгөөд үүнээс болж хохирогч бид хохирч үлдэж байна. Анхнаасаа ял завших зорилготой байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, олсон орлого хөрөнгөө бусдын нэр дээр бүртгүүлэх, нөхөргүй атлаа шүүх хурал дөхөх үед жирэмсэн болох, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, шүүх хуралдаанд өмгөөлөгч нь шүүгдэгч А.Аыг өмгөөлөхөөс татгалзсан үйлдэл, шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар солиулахаар давж заалдах журмаар гаргасан гомдлоос тод харагдаж байна. Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзсан ял оногдуулаагүй тул А.Аад оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Б.Эын гомдолд: Миний бие шүүгдэгч А.Аад 2016 онд өөрийн ХААН банкны 5077072458 дугаарын данснаас нийт 35,800,000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан. Гэвч Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б.Эын хохирлыг бүрэн барагдуулсан гэж шийдвэр гаргасан байна. А.А нь Б.Э миний хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд үлдэгдэл болох  8.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. 

1.1. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлын талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүйгээс иргэний хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргахдаа шүүх бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан шударга ба шударга бус эзэмшилтэй, мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгчтэй зайлшгүй холбож үзэх шаардлагатай. Учир нь Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан шударга ба шударга бус эзэмшилтэй холбоотойгоор үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээд уг эд хөрөнгийг олж авснаа хууль бус гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэх, эсхүл мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдгийг ялган салгах шаардлагатай. Энэ нь үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг шаардан нэхэмжлэх эрхтэй эсэхийн хууль зүйн гол шалгууруудын нэг үндэслэл болдог. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Энэ нь үндэслэлгүйгээр олж авсан эд хөрөнгийг шаардан нэхэмжлэх эрхтэй, эсхүл эрхгүй эсэхийн хууль зүйн гол шалгууруудын нэг үндэслэл болдог. Шүүгдэгч А Аад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч Х.Жийн мэдүүлэг, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч А.А нарын мэдүүлгүүдээр А.А нь "Т" ХХК-тай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болох борлуулсан барааны орлого 87,000,000 төгрөгийг “Т” ХХК-ийн “ХААН” банк дахь дансанд шилжүүлсэн болох нь нотлогддог. А.Аыг уг 87,000,000 төгрөгийн өмчлөгч биш болохыг тухайн үед “Т” ХХК нь болон хуулийн дагуу иргэний хариуцагчаар татагдах эрх бүхий ажилтан мэдэж байгаагүй болон мэдэх ёстой, мэдэх боломжтой байгаагүй. Учир нь А.Атай тухайн үед борлуулсан барааны орлогыг А.Ааас гүйцэтгүүлж авах үүрэг үүссэн байсан. Үүнийхээ дагуу А.А нь үүргээ гүйцэтгэсэн байсан. Шүүгч ямар мэтгэлцээн, ямар нотлох баримтад үндэслэн, ямар үйл баримтад ямар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 492.1.1-т зааснаар маргааныг шийдвэрлэж байгаа гэдэгтээ үндэслэл бүхий тайлбар хийх ёстой. Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт байрлах “Үндэслэлгүй хөрөнгөжих” хэсэг нь дотроо өөр өөрийн онцлог бүхий хэд хэдэн зохицуулсан заалттай буюу зүйлчлэл тогтоосон заалттай. Гэтэл шүүгч энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй, яагаад дээрх хуулийн зохицуулалтаар энэ шийдвэрээ гаргах болсон үйл баримт, нотлох баримтыг огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтад нийцээгүй байна.

Шүүх үйл баримтыг үнэн зөв дүгнэж, нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд иргэний хариуцагч болох “Т” ХХК нь шударга бус өмчлөгч болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-аас 87,000,000 /наян долоон сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Жт олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анзаарч үзэлгүй орхигдуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн прокурорын хэрэгсэхгүй болгох тогтоолд А.А нь 2016-07-07-ны өдөр 7.800.000 төгрөгөөр 2 удаа, 9.000.000 төгрөгөөр нэг удаа , 2016-08-12-ны өдөр 900,000 төгрөг, 2016-08-16-ны өдөр 3.280.000 төгрөг, 2016-09-16-ны өдөр 87.000.000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүгдэгч А.Аын өр төлбөр барагдсан.  Гэтэл “Т” компанийн өр төлбөрийг төлөхийн тулд хохирогч Б.Эт орон сууцыг хуурамч гэрчилгээ үйлдэн залилсан үйлдэл нь 2016 оны 9 дүгээр сарын 22-оос 26-ны хооронд, Раас 2017 оны 4 дүгээр сарын 11-ээс 6 дугаар сарын 29-ний хооронд, К-аас 2017 оны 4 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 30-ны хооронд, Сээс 2017 оны 8 дугаар 08-ны өдөр, Лгаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, Наас 2017 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын 01 ний хооронд, Аээс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мөнгө авсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Т" компанийн борлуулалтын орлогыг төлөөд дууссан цагаас хойш дээрх хохирогч нарыг залилан мэхлэх үйлдэл эхэлсэн атал шүүхийн шийтгэх тогтоолд "Т” компанийн өр төлбөрийг төлөхийн тулд дээрх хохирогч нарыг залилан мэхэлсэн гэж хоорондоо цаг хугацааны хувьд огтхон ч шалтгаант холбоогүй үйлдлийг холбож шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч А.А нь 2016 онд дутуу төрсний улмаас хүүхдээ асран түүнээс хойш ажил хөдөлмөр эрхлээгүй гэж хэрэгт авагдсан. Шүүгдэгч А.Аын залилан мэхлэх үйлдэл нь 2016 оны 7 сараас буюу “Т” компаниас гарснаас эхлэн 2017 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилсэн буюу энэ хороонд аливаа байгууллага, аж ахуй нэгжид хөдөлмөр эрхэлж шударгаар орлого олоогүй, зөвхөн бусдыг залилан мэхлэх үйлдлээр буюу үйлдэл болгон дээрээ “Т” компанийн нэрийг барьж, хэвшил болгосон, хохирогчоос хохирогчийн хооронд тодорхой хугацаагаар давтагдаж, залилан мэхлэн авч буй мөнгийг хохирогч нараас бага багаар, тодорхой хугацааны завсарлагатайгаар авч байсан нь өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгч А.Аын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч А.Аад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А.Аыг яллагдагчаар татсан. Гэтэл А.А нь яллагдагчаар татагдсанаас хойш хохирогч Сээс 2017 оны 8 дугаар 08-ны өдөр, хохирогч Лгаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, хохирогч Наас 2017 оны 8 дугаар сараас 09 дүгээр сарын 01-ний хооронд, хохирогч Аээс 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зэрэг 4 удаагийн үйлдлээр залилан мэхэлсэн байгаа нь таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж өөрөөр хэлбэл яллагдагчаар татагдсанаас хойш 4 удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэргийг дахин үйлдсэн байна. Энэ нь А.А нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа үйлдсэн гэх хэрэгтээ огтхон ч гэмшил төрөөгүй, гэмт үйлдлээ таслан зогсоогоогүй байдлаас нь дүгнэхэд харахад шүүгдэгч А.Аын ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх ямар ч үндэслэл байхгүй гэдгийг харуулж байна. Үүнийг анхан шатны шүүх мөн анхаарч үзээгүй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасныг огт хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хуулийн дээрх заалтуудыг анхан шатны шүүх огт хэрэглэлгүйгээр, нотлох баримтад үндэслээгүй өрөөсгөл дүгнэлт хийж, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын хооронд хуулийн дагуу хийгдсэн хэлцлийг үл хайхран иргэний хариуцагчаас хохирлын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.А "Т" ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барагдуулсан харилцаа байсан. Хэрэгт авагдсан авагдсан нотлох баримт, улсын яллагчийн яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А нь ““Т” ХХК-аас тамхи худалдан авч борлуулж, 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна” гэж 87 сая төгрөгийг Жээс хуурч авсан талаар, мөн уг 87 сая төгрөгийг шилжүүлэхээс өмнө “Т" ХХК-ийн борлуулалтын нягтлан бодогч Б.Лид А.А нь “өөрийн өр төлбөрөө төлж байгаа шүү, одоо удахгүй шилжиж орно” гэж хэлсэн нь нотлогдсон. Ингэж 87.000.000 төгрөгийг А.А нь “Т” ХХК-д төлснөөр зээлийн гэрээний үүргийг биелүүлсэнд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлөн авсан байдаг. “Т" ХХК нь тухайн шүүгдэгч А.Аын шилжүүлж буй 87,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдээгүй байсан нь хохирогч Х.Жийн мэдүүлэг, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримт, улсын яллагчийн яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон.

Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь хэрэгт нотлогдоогүй байхад шүүгдэгч А.Аын хохирогч Х.Жээс 87.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч өөрийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөн авч, өөрт ашигтай нөхцөл байдал үүсгэж, залилсан үйлдлийн улмаас учирсан хохирлыг “Т” компаниар төлүүлэх болсон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь хэдийгээр өр төлбөрөө төлсөн хэдий ч уг төлбөр нь компанийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогод тооцогдох ба “Т” ХХК нь шударга өмчлөгч атал шүүгдэгч А.Аын залилан мэхэлсэн 87,000,000 төгрөгийг манай компаниар төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Шийтгэх тогтоолын 39 дүгээр тал буюу гэм буруугийн талаар шүүх дурдахдаа 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 362 тоот шийдвэр, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарч байсныг шүүгдэгч А.Аын хувийн байдалд хамааруулж үзээгүй. Учир нь шүүгдэгч А.А нь манай компанид 2016 оны 7 дугаар сард ажилд орохдоо үнэхээр ажил хөдөлмөр эрхлэх сэтгэл байгаагүй зөвхөн бараа бүтээгдэхүүн гаргаж, мөнгө болгох гэсэн сэдэл агуулж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна. Шүүх шүүгдэгч А.Аын гэм буруугийн талаар дурдахдаа шүүгдэгч А.А нь иргэн Х.Жийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Т” ХХК-аас тамхи худалдан авч борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банкны данснаас 87.000.000 төгрөгийг “Т” компанийн Хаан банкны  тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Шүүх шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай тусгахдаа “шүүгдэгч А.Аын үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул түүнээс хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй” гэж үзсэн. Шүүгдэгч А.Аын бусдад учруулсан хор уршгийн хэмжээг нийт 253.084.000 төгрөг гэж тогтоохдоо хохирогч Х.Жээс авсан 87.000.000 төгрөгийг нэгтгэн тооцсон, мөн шүүгдэгч А.Аын үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул түүнээс хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзсэн атлаа хохирогч Х.Жт учирсан хохирлыг “Т” ХХК-аас гаргуулах шийдвэр гаргасан нь шийтгэх тогтоол нь өөрөө агуулгын зөрчилтэй.

Мөн шүүх шүүгдэгч А.Ааас “Т” ХХК нь зээлсэн мөнгөө хугацаанаасаа өмнө нэхсэнээс болж өр төлбөрөө төлөхийн тулд олон удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч А.А нь “Т” ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 2.4 буюу “гэрээнд заасан хугацаа дуусмагц зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг шаардан авна”, 3.9 буюу “бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд А талд төлөх үүрэгтэй”, 3.10 буюу “бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог бүрэн барагдуулсан тохиолдолд дахин бараа татан авах эрх үүснэ”, 3.13 буюу “Б тал /А.А/ төлбөр барагдуулах хугацаа 20 хоногоос хэтэрсэн нөхцөлд барьцааны.үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар А талд шилжүүлнэ”, 5.1 буюу “бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш эхний 10 хоногт 30%-ийг, дараагийн 10 хоногт 30%-ийг, сүүлийн 10 хоногт үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна”, 7.1 буюу “бараа бүтээгдэхүүний төлбөр төлөгдөх хугацаанаасаа 20 хоногоор хэтэрсэн тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болно” гэсэн заалтуудыг Б тал болох А.А зөрчсөний улмаас гэрээг цуцалсан. Гэтэл шүүх хавтаст хэрэгт огт авагдаагүй үндэслэлийг бий болгон тайлбарлаж ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. Иймд шүүгдэгч А.Аад холбогдох эрүүгийн хэргийг болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч А.Аад холбогдох хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан байна.

           

            Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хууль ёсны болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж хуульчилжээ.

 

            Хэрэгт байгаа Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг[1] шүүгдэгч А.Аад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан[2] буюу давж заалдах шатны шүүх хуралдаанд түүнээс гаргаж өгсөн 22 хуудас, 46 нүүр бүхий шийдвэртэй  харьцуулан судлахад хоорондоо зөрүүтэй болох нь тогтоогдож байна. Үүнд:

 

1. Хэрэгт хавсаргасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон, харин шүүгдэгч А.Аад гардуулсан шүүхийн шийдвэр нь “шийтгэвэр” гэх хэвлэмэл хуудаст хэвлэгдсэнээс гадна тухайн баримт бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолсон нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолтой тохирохгүй байна.

Шүүхийн энэ үйл ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.” гэж, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шийдвэрийг хэзээ, хаана гаргасан;” гэж заасныг тус тус зөрчсөн, хууль бус болжээ.

 

2. Хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... тус тус олгож, хохирогч С.Лд 5 161 000 /таван сая нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг, хохирогч Д.Ад 3 900 000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Эт 26 950 000 /хорин зургаан сая есөн зуун тавин мянга/ төгрөг, үлдэгдэл 8850000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсныг дурдсугай.” гэж шийдвэрлэсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа боловч шүүгдэгч А.Аад гардуулсан шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “, ... 8 850 000 /найман сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Эт тус тус олгож, хохирогч С.Л, Д.А нарын хохирлыг төлж барагдуулсныг дурдсугай.” гэж тусгасан нь хоорондоо зөрүүтэй байна.

Дээрх хоёр шийдвэрийн Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг агуулгын хувьд харьцуулан үзэхэд, “шүүгдэгч А.Ааас хохирогч С.Л, Д.А нарт төлөх төлбөргүй” гэж шийдвэрлэсэн нь тохирч байгаа боловч хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолоор “шүүгдэгч нь хохирогч Б.Эт төлөх төлбөргүй” гэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгчид гардуулсан “шийтгэвэр”-ээр “шүүгдэгчээс 8850000.00 төгрөг гаргуулж хохирогч Б.Эт олгохоор” шийдвэрлэсэн нь хоорондоо зөрүүтэй болжээ.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” гэж зааснаар хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг алдагдуулж, мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаахаар шийдвэрлэв.

 

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх тул шүүгдэгч А.Аын “гэм буруу, зарим хохирогчид төлөх төлбөрийн тооцооллын” талаар гаргасан гомдолд, хохирогч К.Р, К.К гарын “шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар” гаргасан гомдолд, иргэний хариуцагчаар тогтоогдсон “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад холбоотой хууль хэрэглээний асуудлаар” гаргасан гомдолд, хохирогч Б.Эын “хохирол 8850000.00 төгрөгийн төлбөртэй холбоотой” гомдолд давж заалдах шатны шүүхээс урьдчилан дүгнэлт хийж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн улмаас нэгэнт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул уг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах[3], хязгаарлалт тогтоох[4] таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч А.А нь шүүхийн шийтгэх тогтоолоор энэ өдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсон байна.

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шүүгчийн захирамжийн талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад даруй мэдэгдвэл зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд, шүүх хуралдааны шатанд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч А.Аад шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.А нь энэ хэргийн улмаас 64 хоног цагдан хоригдсон болохыг тэмдэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                    ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ 

                                                                                                            М.НЯМБАЯР

 

 

[1] Хэргийн 10 дугаар хавтас, 149-194 дүгээр тал.

[2] Хэргийн 10 дугаар хавтас, 197 дугаар тал.

[3] Хэргийн 2 дугаар хавтасны 1-2 дугаар тал.

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 3-10 дугаар тал.