Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00955

 

2021 о 03 с 25 ө

Дугаар 101/ШШ2021/00955

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

*******,*******,*******,*******,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,*******яа /РД:ЧИ55071206/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 1403 тоот хаягт оршин суух, Баатарууд овогт Түдэвийн Доржлхам /РД:ЧЖ66030902/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 801 байр, 1403 тоот хаягт оршин суух, Батгүжир овогт Дашбалжирын Батболд /РД:ЧЖ60091519/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 хороолол, 30-37 тоотод оршин суух, Батгүжир овогт Батболдын Батзориг /РД:ЧЖ87080911/ нарт холбогдох,

40,891,825 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Д.Бат-Энх миний бие эхнэр Д.Энхтуяагийн хамт эхнэр Д.Энхтуяагийн найз Т.Доржлхам болон түүний нөхөр Д.Батболд, тэдний хүү Б.Батзориг нарт 2018-2019 онд мөнгө болон бараа зээлээр олгосон бөгөөд зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээлдэгч нар зээлээ сайн дураар төлж барагдуулахгүй байна. Д.Бат-Энх, С.Энхтуяа бид хоёр анх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нартай 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Батболдын нэр дээрх №01433160 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Хандгайт богино зусланд байршилтай 700 м.кв талбайтай газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр Д.Бат-Энх миний Хас банкны 5001010559 тоот данснаас Т.Доржлхамын уруу 10,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Бичгээр байгуулсан гэрээ нь 10,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хийгдсэн бөгөөд мөнгө шилжүүлэх үед 300,000 төгрөг нэмж, нийт 10,300,000 төгрөг шилжүүлсэн болно. Б.Батзоригоос зээлийн хүү /4 сарын хүү/-нд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөгийг төлсөн байдаг. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийг ашигласан хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний алданги огт төлөгдөөгүй. Зээл олгосноос хойш 29 сар 14 хоног өнгөрөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 10,000,000 төгрөг, 25 сар 14 хоногийн зээлийн хүү 7,640,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 52% буюу 8,820 төгрөг, илүү шилжүүлсэн 300,000 төгрөг, нийт 26,760,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна.

2. Д.Бат-Энх миний бие 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Т.Доржлхамтай 2,500,000 төгрөгийн зээлийн гэрээг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээ байгуулсан өдөр Бат-Энх миний Хас банк дахь 5001010559 тоот данснаас Т.Доржлхам руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Т.Доржлхам нь зээлийн хүүнд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл болон зээлийг ашигласан хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний алдангийг огт төлөгдөөгүй байгаа. Зээл олгосноос хойш 26 сар, 22 хоног өнгөрөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 2,500,000 төгрөг, 24 сар, 22 хоногийн хүү 2,473,333 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 52% буюу 2,486,666 төгрөг, нийт 7,459,999 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг Т.Доржлхамаас гаргуулах хүсэлтэй байна.

3. Д.Бат-Энх миний бие 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Т.Доржлхамд 2,050,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Уг зээлийг олгохын тулд тэтгэврийнхээ данснаас 2,050,000 төгрөгийн бэлэн зарлага гаргаж, Т.Доржлхамд хүлээлгэж өгсөн байдаг. Зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй. Зээл олгосноос хойш 23 сар 23 хоног өнгөрөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 2,050,000 төгрөг, 23 сар 23 хоногийн хүү 1,948,866 төгрөг, нийт 3,998,866 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг Т.Доржлхамаас гаргуулах хүсэлтэй байна.

4. С.Энхтуяа миний бие найз Т.Доржлхамд найз нөхдийн харилцаан дээр үндэслэн ямар ч барьцаа, урьдчилгаа төлбөр авахгүйгээр 2,197,120 төгрөгийн үнэ бүхий Грийнвей брендийн алчуур, 475,840 төгрөгийн барааг тус тус зээлээр олгосон. Т.Доржлхам нь уг зээлээр авсан барааныхаа мөнгийг төлөөгүй бөгөөд бараа хүлээлгэж өгсөн зарлагын баримт болон өөрийнх нь бараа зээлээр авсан тухай бичиг байгаа болно. Иймд зээлээр олгосон барааны үнэ болох 2,672,960 төгрөгийг Т.Доржлхамаас гаргуулах хүсэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нартай эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхийг оролдсон боловч үр дүн гараагүй тул шүүхийн журмаар асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.Батзориг, Т.Доржлхам нартай нийт олгосон зээл, зээлийг ашигласан хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний алданги, зээлээр олгосон барааны төлбөрийн тооцооллыг хийж, тооцоо нийлэхэд тооцооллыг хүлээн зөвшөөрч байсан. Энэхүү тооцооллыг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцооллыг дахин шинэчлэн гаргасан болно. Нэхэмжлэгч Д.Бат-Энх, Д.Энхтуяа бид хоёрын хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нараас авах дээр дурдсан авлагын нийт үнийн дүн 40,891,825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Алданги хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг дэмжихгүй байна. Үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүд 7,640,000 төгрөг, үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, хүүд 2,473,333 төгрөг, үндсэн төлбөр 2,050,000 төгрөг, хүүд 1,948,866 төгрөг, барааны үнэд 2,672,960 төгрөг, нийт 29,285,159 төгрөгийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү. 11,606,666 төгрөгийн алдангиас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018-05-14-ний өдөр 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Батзориг түүнээс хүүгийн төлбөрт 1,200,000 төгрөг төлсөн. 10,000,000 төгрөгийг авсанд маргахгүй. Өнөөдрийг хүртэл хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018-08-06-ны өдрийн 2,500,000 төгрөгийн 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлээр авсан. 2 удаа тус бүр 100,000 төгрөгөөр 200,000 төгрөгийн хүү төлсөн. 2,050,000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрнө. Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй учир хүү алданги шаардах эрхгүй. Барааг авсан 2,672,000 төгрөгийн барааг авсанд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний хугацаанд тогтоосон хүүг төлсөн. Өнөөдрийг хүртэлх үндсэн зээл болон алданги 23,472,000 төгрөг байгаа. Үүнээс алданги 6,250,000 төгрөгөөс ковид-19 вирустэй холбоотой онцгой нөхцөл байдалтай холбоотой шүүхээс алдангийн 50 хувийг бууруулж өгөхийг хүсэж байна.

2 удаагийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар утгатай, юуны тухай тооцоо нийлсэн акт болохыг мэдэхгүй. Анх Батболд, Батзориг, Доржлхам гурав гэрээ байгуулсан Батзориг ганцаараа зурсан нь үнэн. Гарын үсэг мөн биш дээр маргахгүй. Төлбөр төлөх нь үнэн гэсэн байгаа. Юуг үндэслэж тооцоо нийлсэн нь тодорхойгүй гэрээ хэлцэл гэж үзэх боломжгүй. Тооцоо нийлсэн актад Доржлхам Батболд хоёрыг Батзориг бүрэн төлөөлөх эрхгүй. Гэрээгээр тохирсон хүүгээ төлсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг төлөхгүй, тэр талаар баримт хэрэгт авагдаагүй. 2,3 дахь зээлийн гэрээг зөвхөн Доржлхамтай байгуулсан гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нар хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нарт холбогдуулан 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 38,218,865 төгрөг, худалдсан барааны үнэд 2,672,960 төгрөг, нийт 40,891,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 11,606,666 төгрөгөөс татгалзаж, 2018 оны 05 сарын 14-ний өдрийн зээлд 10,000,000 төгрөг, хүүд 7,640,000 төгрөг, 2018 оны 08 сарын 06-ний өдрийн зээлд 2,500,000 төгрөг, хүүд 2,473,333 төгрөг, 2018 оны 11 сарын 5-ны өдрийн зээлд 2,050,000 төгрөг, хүүд 1,948,866 төгрөг, барааны үнэд 2,672,960 төгрөг, нийт 29,285,159 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал үндсэн зээл, барааны үнэ, гэрээний хугацааны хүүг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Бат-Энх хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нартай 2018 оны 05 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон зээлж, барьцаанд Д.Батболдын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, Сүхбаатар дүүрэг 15-р хороо Хандгайт зусланд байрлах 700 м.кв газрыг барьцаалсан,

нэхэмжлэгч Д.Бат-Энх хариуцагч Т.Доржлхамтай 2018 оны 08 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон,

нэхэмжлэгч Д.Бат-Энх хариуцагч Т.Доржлхамтай 2018 оны 11 сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2,050,000 төгрөгийг тус тус зээлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд зэргээр тогтоогдож байна.

 

Д.Бат-Энх, С.Энхтуяа нар Т.Доржлхамд 2018 оны 10 сарын 24-ний өдөр 616,000 төгрөгийн бараа, 2,197,120 төгрөгийн үнэ бүхий грийнвей алчуур худалдсан болох нь зарлагын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Барааны үлдэгдэлд 475,840 төгрөг, грийнвэй алчуурын үлдэгдэлд 2,197,120 төгрөг, нийт 2,672,960 төгрөгийг төлөөгүй талаар хариуцагч маргахгүй байх тул Т.Доржлхамаас барааны үлдэгдэл төлбөрт 2,672,960 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээл болон худалдах, худалдан авах гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч тал 2018 оны 05 сарын 14, 2018 оны 08 сарын 06-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхтэй.

 

2018 оны 11 сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй боловч 2018 оны 11 сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний хүүд хариуцагч Т.Доржлхам 738,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул хариуцагч Т.Доржлхамаас зээлд 2,050,000 төгрөг, хүүд 738,000 төгрөг, нийт 2,788,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нар 2018 оны 05 сарын 14-ний өдрийн зээлийн хүүд 2018.07.16-нд 300,000 төгрөг, 2018.09.17-нд 300,000 төгрөг, 2018.10.23-нд 600,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг төлсөн,

хариуцагч Т.Доржлхам 2018 оны 08 сарын 06-ны өдрийн зээлийн хүүд 2018.09.03-нд 100,000 төгрөг, 2018.10.02-нд 100,000 төгрөг, нийт 200,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Д.Бат-Энхийн Хаан банкны 5447152030 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргахгүй байна.

Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нар 2018 оны 05 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөг авахаар байхад 2018.05.14-нд Д.Бат-Энхээс 10,300,000 төгрөг авсан болох нь Д.Бат-Энхийн Хас банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул илүү шилжүүлсэн 300,000 төгрөгийг төлсөн 1,200,000 төгрөгөөс хасаж, хариуцагч нарыг 2018 оны 05 сарын 14-ний өдрийн зээлийн хүүд 900,000 төгрөг төлсөн гэж тооцох нь зүйтэй.

 

2018.05.14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018.08.14-ний өдөр, 2018.08.06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018.10.06-ны өдөр тус тус дуусан, 2018.11.05-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд хугацаа тохироогүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 1-д зааснаар олгосон зээлээ хэдийд ч шаардах эрхтэй тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэжээ.

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нар 10,000,000 төгрөгийн, хариуцагч Т.Доржлхам 2,500,000 төгрөгийн гэрээгээр тохирсон хүүг үндсэн болон хэтэрсэн хугацаагаар тус тус төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нараас 2018.05.14-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 10,000,000 төгрөг, 2018.08.14-нөөс 2020.10.27 хүртэлх хүүд 7,640,000 төгрөг /сарын хүү 300,000*25 сар=7,500,000 төгрөг, 14 хоногийн хүүд 300,000:30 хоног*14хоног=140,000 төгрөг/,

хариуцагч Т.Доржлхамаас 2018.08.06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 2,500,000 төгрөг, 2018.10.06-наас 2020.10.27 хүртэлх хүүд 2,473,333 төгрөг /сарын хүү 100,000*24 сар=2,400,000 төгрөг, 22 хоногийн хүүд 100,000:30 хоног*22хоног=73,333 төгрөг/,

хариуцагч Т.Доржлхамаас 2018.11.05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 2,050,000 төгрөг, хүүд төлөхийг хүлээн зөвшөөрсөн 738,000 төгрөг,

хариуцагч Т.Доржлхамаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,672,960 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй.

 

С.Энхтуяагаас хариуцагч нар зээл аваагүй гэж маргаагүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч нар нөхөр, эхнэр учраас хамтран зээл олгосон, хамтран нэхэмжлэхэд маргаан байхгүй... гэж тайлбарласан тул зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэхдээ тус тусад нь тооцох шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нараас зээлийн гэрээний үүрэгт 17,640,000 төгрөгийг, хариуцагч Т.Доржлхамаас зээлийн гэрээний үүрэгт 7,761,333 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,672,960 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлээс хүүд нэхэмжилсэн 1,210,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүрэг гүйцэтгэгч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Д.Батболдын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, Сүхбаатар дүүрэг 15-р хороо Хандгайт зусланд байрлах 700 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 17,640,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нараас 17,640,000 /арван долоон сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, хариуцагч Т.Доржлхамаас 10,434,293 /арван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нарт олгож, нэхэмжлэлээс 1,210,866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Д.Батболдын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, Сүхбаатар дүүрэг 15-р хороо Хандгайт зусланд байрлах 700 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 17,640,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,609.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Доржлхам, Д.Батболд, Б.Батзориг нараас 368,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Энх, С.Энхтуяа нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ