Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00953

 

 

 

Д.Б, С.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00955 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б, С.Э нарын хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40 891 825 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Д.Б, Б.Б нарт 2018 -2019 онд мөнгө болон бараа зээлээр олгосон. Зээлдэгч нараас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч сайн дураар төлж барагдуулаагүй байна. Анх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Т.Д, Д.Б, Б.Б нартай 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Д.Бын өмчлөлд бүртгэлтэй 01433160 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт Хандгайт богино зусланд байршилтай 700 м.кв талбайтай газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, мөн өдөр Д.Бийн “Хас банк” ХХК-ийн 5001010559 тоот данснаас Т.Д руу 10 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Бичгээр байгуулсан гэрээнд үнийн дүнг 10 000 000 төгрөг гэж тусгасан боловч 300 000 төгрөг нэмж, нийт 10 300 000 төгрөг шилжүүлсэн болно. Б.Боос зээлийн хүү /4 сарын хүү/-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 300 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 300 000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 600 000 төгрөг, нийт 1 200 000 төгрөг төлсөн байдаг. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийг ашигласан хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний алданги төлөөгүй. Зээл олгосноос хойш 29 сар 14 хоног өнгөрсөн, өнөөгийн байдлаар үндсэн зээл 10 000 000 төгрөг, 25 сар 14 хоногийн зээлийн хүү 7 640 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 52 хувь буюу 8 820 төгрөг, илүү шилжүүлсэн 300 000 төгрөг, нийт 26 760 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна.

Д.Б нь 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Т.Дтай зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг “Хас банк” ХХК дах 5001010559 тоот данснаас Т.Д руу шилжүүлсэн. Т.Д нь зээлийн хүүнд 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, нийт 200 000 төгрөгийг төлсөн байдаг. Уг зээл олгогдсоноос хойш 26 сар, 22 хоног өнгөрсөн ба өнөөдрийн байдлаар үндсэн зээл болох 2 500 000 төгрөг, 24 сар, 22 хоногийн хүү 2 473 333 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 52 хувь буюу 2 486 666 төгрөг, нийт 7 459 999 төгрөгийг хариуцагч  Т.Даас гаргуулах хүсэлтэй байна.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Д.Б нь Т.Дд бэлнээр 2 050 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, хугацаагүй зээлсэн. Зээл олгосноос хойш 23 сар 23 хоног өнгөрөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2 050 000 төгрөг, 23 сар 23 хоногийн хүү 1 948 866 төгрөг, нийт 3 998 866 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тул уг төлбөрийг Т.Даас гаргуулах хүсэлтэй байна.

С.Э нь Т.Дд 2 197 120 төгрөгийн үнэ бүхий Грийнвей брендийн алчуур, 475 840 төгрөгийн барааг тус тус зээлээр олгосон. Т.Д нь уг зээлээр авсан барааныхаа мөнгийг төлөөгүй, бараа хүлээлгэж өгсөн зарлагын баримт болон өөрийнх нь бараа зээлээр авсан тухай бичиг үйлдсэн. Зээлээр олгосон барааны үнэ болох 2 672 960 төгрөгийг Т.Даас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд дээрх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, хүүд 7 640 000 төгрөг, үндсэн төлбөрт 2 500 000 төгрөг, хүүд 2 473 333 төгрөг, үндсэн төлбөр 2 050 000 төгрөг, хүүд 1 948 866 төгрөг, барааны үнэд 2 672 960 төгрөг, нийт 29 285 159 төгрөгийг хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулж өгнө үү. 11 606 666 төгрөгийн алдангиас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Б.Б түүнээс хүүгийн төлбөрт 1 200 000 төгрөг төлсөн. 10 000 000 төгрөгийг авсанд маргаагүй. Өнөөдрийг хүртэл хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2 500 000 төгрөгийн 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлээр авсан. 2 удаа тус бүр 100 000 төгрөгөөр 200 000 төгрөгийн хүү төлсөн. 2 050 000 төгрөгийг авсныг хүлээн зөвшөөрнө. Ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй учир хүү алданги шаардах эрхгүй. Барааг авсан 2 672 000 төгрөгийн барааг авсанд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний хугацаанд тогтоосон хүүг төлсөн. 2 удаагийн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар утгатай, юуны тухай тооцоо нийлсэн акт болохыг мэдэхгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, гарын үсэг зурсанд маргахгүй. Харин тооцоо нийлсэн актад Т.Д, Д.Б хоёрыг Б.Б бүрэн төлөөлөх эрхгүй. Гэрээгээр тохирсны дагуу хүү төлсөн, гэрээний хугацаа дууссаны дараа хүү төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нараас 17 640 000 төгрөгийг, хариуцагч Т.Даас 10 434 293 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, С.Э нарт олгож, нэхэмжлэлээс 1 210 866 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Т.Д, Д.Б, Б.Б нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Д.Бын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Хандгайт зусланд байрлах 700 м.кв газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 17 640 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, С.Э нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 609.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нараас 368 521 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б, С.Э нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт заасан Иргэний хуулийн үндсэн зарчмыг алдагдуулж шийдвэрлэсэн. Тодруулбал, эхний зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 3 сар, хоёр дах зээлийн гэрээ нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай байхаар хоёр тал харилцан тохиролцож хуульд заасан шаардлага хангаж гэрээ байгуулсан. Тус хоёр зээлийн гэрээгээр нэхэмжлэгч тал гагцхүү гэрээнд заасан хугацааны хүү шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нар хүү шаардах эрхтэй боловч хэтэрсэн хугацааны хүүг гаргуулах үндэслэлгүй. Дээрх гэрээний үүргийн дагуу хариуцагч нараас зээлийн хүүг төлсөн. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах заасныг зөрчиж нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс хариуцагч Т.Даас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 2 050 000 төгрөг, зээлийн хүү төлөхийг 738 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлан нь үндэслэлгүй. Учир нь тус шүүх хуралдаанд А.Отгонжаргал өөрийн биеэр оролцсон бөгөөд ямар нэгэн байдлаар тус өдрийн бичгээр байгуулаагүй гэрээнд хүү төлнө хэмээн хэлж байгаагүй.

Иймд хариуцагч тал дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 14 550 000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 672 960 төгрөг, нийт 17 220 960 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй байх тул үлдэх 12 901 333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Б, С.Э нар хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 981 825 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргээс алданги 11 606 666 төгрөгөөс татгалзан, үлдэх шаардлагаа дэмжин оролцсон байна. Хариуцагч нар зээлийн гэрээтэй холбоотой шаардлагаас үндсэн зээл болон гэрээний хугацааны хүү, бараа худалдан авсан үнэ зэргийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг “зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй” гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Д.Б нь Т.Д, Д.Б, Б.Б нартай 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлдэгч нар нь сарын бүрийн 14-нд зээлийн хүүг, гэрээний хугацаа дуусахад зээлийг бүхэлд нь төлөхөөр харилцан тохиролцоод зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-10/ Мөн өдрөө зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор зээлдэгч Д.Бтой барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын зусланд байрлах 700 м.кв газрын эрхийг барьцаалах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд, мөн зээлийн гэрээний дагуу Д.Б нь Т.Дын ХААН банкны данс руу 10 300 000  төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа, Д.Б, Д.Б нарын хооронд барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, хэн аль гэрээний үүргийг нөгөө талаасаа шаардах эрхтэй гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нар зээлийн үүрэгт 1 200 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Хас банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул хариуцагч нарыг зээл, хүүг гэрээний үүргээ хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч зээлийн хүүг тооцохдоо Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Талууд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулахдаа 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүү тогтоохоор харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар уг хугацаанд ногдох хүүг төлөх үүрэг хариуцагч нарт үүснэ. Харин гэрээний хугацааг бичгийн хэлбэрээр сунгаагүй тул гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцон шаардах эрхгүй. Хариуцагч нарын гэрээний үүргийг тооцвол бичгийн гэрээний үүрэг болох 10 000 000 төгрөг, түүнд ногдох хүү 900 000 төгрөг /10 000 000 х 3%= 300 000 х 3 сар/, дансаар илүү шилжүүлсэн 300 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөгөөс зээлийн үүрэгт төлсөн 1 200 000 төгрөгийг хасвал 10 000 000 төгрөг төлөхөөр байна. Иймд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 10 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан байна.

Хариуцагч нар барьцааны гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй. Анхан шатны хэрэгт авагдсан барьцааны гэрээ, зохигчдын тайлбарыг үндэслэн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

2.Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Д нарын хооронд байгуулагдсан 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь 2 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Т.Д нь зээлийг хүүгийн хамт зээлийн хугацаанд хэсэгчилж төлөх үүргийг тус тус хүлээсэн, уг гэрээнд заасан мөнгийг хүлээн авсан болох нь хэргийн 17 дах талд буй зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон байна. Анхан шатны шүүх тус нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Зохигчид дээрх үйл баримтад маргаагүй, хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээл                      2 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү төлөхгүй гэх үндэслэл заан маргасан байна.

 Хэргийн баримтаар талууд дээрх гэрээгээр 2 сарын хугацаанд 4 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул хариуцагчийг гэрээний хугацаанд 100 000 төгрөгийн             /2 500 000 х 4%/ хүү төлөх үүрэгтэй гэж үзнэ. Гэвч хариуцагч нь зээлийн хүүд 200 000 төгрөг төлснөө хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хариуцагч Т.Даас зээлийн үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Д нар гэрээний хугацаа дууссанаас зээлийн хүүгийн талаар бичгээр гэрээ байгуулж, зээлийн хугацааг сунгаагүй учир  гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцон шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийн заасантай нийцэхгүй. Шүүх зээлийн хүү шаардах эрхийн үндэслэлийг тайлбарлахдаа мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Т.Даас зээлийн хүүд 2 473 333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг 2 500 000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Дд 2 050 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй хугацаагүй зээлсэн гэх үндэслэлээр түүнээс үндсэн зээл 2 050 000  төгрөг, зээлийн хүү 1 948 866 төгрөг, нийт 3 998 866 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Т.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Д.Бээс 2 050 000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй, харин зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учир хүү шаардах эрхгүй гэж маргажээ.

Зохигчдын тайлбараар талууд аман хэлбэрээр харилцан тохиролцоод Д.Бээс Т.Дд 2 050 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-75-76/ Иймээс нэхэмжлэгч Т.Бат-Энх нь хариуцагч Т.Даас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 2 050 000 төгрөгийг шаардах эрхтэй, харин хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй учир мөн зээлийн хүү шаардах эрхгүй. Анхан шатны шүүх зээлийн хүү шаардсан нэхэмжлэлийг 784 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Т.Даас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 672 960 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрсөн байна.

Анхан шатны шүүх талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлон, хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00955 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Д, Д.Б, Б.Б нараас 10 000 000 /арван сая/ төгрөг, хариуцагч Т.Даас 4 550 000 /дөрвөн сая таван зуун тавин мянган/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Даас 2 672 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 062 199 /арван хоёр сая жаран хоёр мянга нэг зуун ерэн есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 заалтын “Д.Б, С.Э нарт” гэснийг “Д.Бэд” гэж, 3 дах заалтын “368 521” гэснийг “244 064” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 546 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                              ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Ч.ЦЭНД