Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/00887

 

2021 о 03 с 19 ө

Дугаар 101/ШШ2021/00887

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,ах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо,*******лол, Сөүлийн гудамж, 11/1 байрны 6 давхарт байрлах, Бизнес инвест девелопмент ББСБ ХХК /РД:5013348/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Болорсолонго 1 тоотод байрлах, Хөрөнгө-Эстимэйт ХХК /РД:5932424/ нарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01551 тоот захирамжаар Г.Ганцэцэгээс 48,822,568.23 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүрэг*******,*******, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 123,321,000 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 09 дүгээр сарын 23- ны өдрийн 4-162/34334 тоот мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь 1989 онд анх ашиглалтад орсон бөгөөд 9 давхар орон сууцны 3 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, харанхуй өрөө, коридорын м.кв нь өмчлөх эрхийн гэрчилгээ дээр ороогүй ба орвол нийт 90 гаруй м.кв болох юм. 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцууд 140-150 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК-ийн Баянзүрх дүүрэг*******, 13 Дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 123,321,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн А бүсэд байрладаг, 1989 онд ашиглалтад орсон, 9 давхар орон сууцны 3 давхарт байрладаг бүрэн засвар хийсэн хуучны орон сууц. Ариун цэвэр, гал тогоо, коридорын өрөө м.квадрат нь гэрчилгээнд ороогүй. Нийт 80-90м.кв гаруй хэмжээтэй юм. Үнэгүй.мн зарын сайтаас харахад бүрэн засвар хийсэн, хотын төвийн А бүсэд байрладаг байр нь 140-150 сая төгрөгийн ханштай байгаа. Хөрөнгө эстимэйт ХХК нь орон сууцыг үнэлэхдээ зөвхөн Үнэгүй.мн сайтаас харьцуулалт гаргаж байрны зах зээлийн ханш, бүрэн засвар хийгдсэн байдлыг тооцоогүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1551 дүгээр захирамжаар Г.Ганцэцэгээс 49.023.599 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20260601 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Ганцэцэгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн*******,*******, 4 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20260601/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20260601/04 дүгээр тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс 140.000.000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/429 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт" ХХК-ийг томилоход 123.321.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-162/34334 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-162/37217 дугаар албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 1551 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Ганцэцэгээс нийт 49,023,599.657 төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг Баянзүрх дүүрэг, 15-р дугаар,*******, 4 дүгээр байрны 84 тоотын 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар хангуулахаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 06/02/02 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс өндөр ирүүлсэн тул төлбөр авагчийн зүгээс мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч Шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан бөгөөд Хөрөнгө эстимэйт ХХК хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 123,321,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн барьцаа хөрөнгө нь 1998 оноос эхэлж ашиглалтад орсон хуучны байр бөгөөд тухай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 40 м.кв гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгч Золжаргалын 2020-09-11-ний өдрийн 09429 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг, 15-р хороо 13-р хороолол, 4-р байр, 84 тоотод байрлах 40м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээг зах зээл, орлого, өртөг гэсэн 3 хандлагаар тогтоосон. Орон сууц нь орлогын хандлагаар 70,064,000 төгрөг, өртгийн хандлагаар 51,441,000 төгрөгөөр, зах зээлийн 123,312,000 төгрөгөөр тогтоогдсон. Зах зээлийн хандлагад 100 хувийн ач холбогдол өгч орон сууцны үнийг тогтоосон. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ харьцуулах хөрөнгийг судалж шинжилгээ хийж тооцоолол өгсөн байгаа. Уг байрны хажуу талын байранд зарагдаж байгаа хуучны 3 өрөө орон сууцны үнийн мэдээллийг авч харьцуулан тогтоосон. Тухайн байртай ижил төсөөтэй 3 байрыг сонгон авч харьцуулан судалж, байршил, чанар, зэрэглэлд, хийц зэрэгт тооцоолол хийж м.кв ийн үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн баримтад дандаа 2015 оны шинэ орон сууцны үнэтэй харьцуулсан байсан. Энэ барилга 1980 онд ашиглалтад орсон хуучны угсармал байр юм. Шинэ байрууд бүрэн цутгамал учир угсармал байртай харьцуулж болохгүй. Бид хуучны байруудтай харьцуулж тодорхойлсон. Чанар, хийц, зэрэглэл, байршил бүх зүйлийг харгалзаж үнэлгээг гаргадаг. Хуучны байранд супер засвар гэж байхгүй чанар хийц гэж оруулсан байгаа Манай байгууллага зах зээлийн бодит ханшийг тогтоож байгаа. Бага үнээр үнэлэх гэсэн ашиг сонирхол байхгүй. Сар бүр бид судалгаа хийдэг 141,000,000 төгрөгөөр зарагдаж байгаа хуучны 3 өрөө байр байхгүй. Хамгийн дээд тал нь 123 сая төгрөгөөр үнэлсэн гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүрэг,*******, 13-р хороолол,*******, 84 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 123,321,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01551 дугаар захирамжаар Г.Ганцэцэгээс 48,822,568.23 төгрөг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгох, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,*******, 13-р хороолол,*******, 84 тоот, 40 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталсан байна.

Уг шийдвэрт 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 00751 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

 

Ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч Г.Ганцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,*******, 13-р хороолол,*******, 84 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 7 сарын 6-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 9 сарын 4-ний өдөр хураан авсан болох нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө хураах тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч Г.Ганцэцэгийн орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн гэх баримтгүй, зөвшөөрөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2020 оны 09 сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 9/429 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.

 

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр уг орон сууцыг 123,321,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

 

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Нэхэмжлэгч талын ... орон сууцыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн, үнэгүй.мн сайтаас харьцуулалт гаргаж байрны зах зээлийн ханш, бүрэн засвар хийгдсэн байдлыг тооцоогүй... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, Хөрөнгө-Эстимэйт ХХК нь орон сууцыг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Г.Ганцэцэгийн Баянзүрх дүүрэг,*******, 13-р хороолол,*******, 84 тоот, 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 123,321,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2020/21061 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ