Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00835

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00835

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00887 дугаар шийдвэртэй

Г.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч Шт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК, Х ХХК

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01551 тоот захирамжаар Г.Гээс 48 822 568 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 123 321 000 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь 1989 онд анх ашиглалтад орсон бөгөөд 9 давхар орон сууцны 3 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, харанхуй өрөө, коридорын м.кв нь өмчлөх эрхийн гэрчилгээ дээр ороогүй ба орвол нийт 90 гаруй м.кв болох юм. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцууд 140-150 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК нь миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 123 321 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1551 дугаар захирамжаар Г.Гээс 49 023 599 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20260601 дүгээр тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20260601/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20260601/04 дүгээр тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс 140 000 000 төгрөгөөр, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/429 дүгээр Шинжээч томилох тухай тогтоол-оор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилоход 123 321 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-162/34334 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгдсэн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-162/37217 дугаар албан бичгээр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болох талаар мэдэгдсэн боловч уг дуудлага худалдаагаар орон сууц худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1551 тоот шүүхийн шийдвэрээр хариуцагч Г.Гээс нийт 49 023 599 төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Ш нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс өндөр ирүүлсэн тул төлбөр авагчийн зүгээс мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ш хүсэлтийг хүлээн авч Хөрөнгө эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн барьцаа хөрөнгө нь 1998 оноос эхэлж ашиглалтад орсон хуучны байр бөгөөд тухай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 40 м.кв гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгч Б.Золжаргалын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 09429 тоот шинжээч томилох тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг, 15-р хороо 13-р хороолол, 4-р байр, 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээг зах зээл, орлого, өртөг гэсэн 3 хандлагаар тогтоосон. Орон сууц нь орлогын хандлагаар 70 064 000 төгрөг, өртгийн хандлагаар 51 441 000 төгрөгөөр, зах зээлийн 123 312 000 төгрөгөөр тогтоогдсон. Зах зээлийн хандлагад 100 хувийн ач холбогдол өгч орон сууцны үнийг тогтоосон. Зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ харьцуулах хөрөнгийг судалж шинжилгээ хийж тооцоолол өгсөн байгаа. Уг байрны хажуу талын байранд зарагдаж байгаа хуучны 3 өрөө орон сууцны үнийн мэдээллийг авч харьцуулан тогтоосон. Тухайн байртай ижил төсөөтэй 3 байрыг сонгон авч харьцуулан судалж, байршил, чанар, зэрэглэлд, хийц зэрэгт тооцоолол хийж м.кв-ийн үнэлгээг тогтоосон. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн баримтад дандаа 2015 оны шинэ орон сууцны үнэтэй харьцуулсан байсан. Энэ барилга 1980 онд ашиглалтад орсон хуучны угсармал байр юм. Шинэ байрууд бүрэн цутгамал учир угсармал байртай харьцуулж болохгүй. Бид хуучны байруудтай харьцуулж тодорхойлсон. Чанар, хийц, зэрэглэл, байршил бүх зүйлийг харгалзаж үнэлгээг гаргадаг. Хуучны байранд супер засвар гэж байхгүй чанар хийц гэж оруулсан байгаа Манай байгууллага зах зээлийн бодит ханшийг тогтоож байгаа. Бага үнээр үнэлэх гэсэн ашиг сонирхол байхгүй. Сар бүр бид судалгаа хийдэг 141 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа хуучны 3 өрөө байр байхгүй. Хамгийн дээд тал нь 123 312 000 төгрөгөөр үнэлсэн гэжээ.

ШҮҮХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заасныг баримтлан Шт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц 1989 онд анх ашиглалтад орсон бөгөөд 9 давхар орон сууцны 3 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, харанхуй өрөө, коридорын м.кв өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ороогүй ба орвол нийт 80-90 гаруй м.кв болох юм. 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Unegui.mn зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцнууд 140-150 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008555 дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 123 321 000 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн хандлагын ач холбогдол өгсөн боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал харагдахгүй байгаа юм. Учир нь үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар орон сууцны хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийсэн гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Шт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Хөрөнгө-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 123 321 000 төгрөгөөр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын А бүсэд байрладаг, бүрэн засвар хийсэн, ариун цэвэр, гал тогоо, коридорын өрөөний м.кв нь гэрчилгээнд ороогүй, нийт 80-90 м.кв гэсэн үндэслэл заажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/01551 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Гт холбогдох 57 022 568 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 57 022 568 төгрөгийг 8 200 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 48 822 568 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд байгаа Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.8-9/

Ш 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 20260601/03 тоот тогтоолоор Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн, мөн Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 20260601/04 тогтоолоор барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хураасан үйл баримт тогтоогджээ. /хх.32-34, 37-39/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал авахад Г.Г Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 140 000 000 төгрөгөөр үнэлэхээр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Б ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх.41/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй болох нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарын шинжээч томилуулах хүсэлтээр тогтоогдсон. Иймд хариуцагч байгууллага 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/429 дугаар тогтоолоор Х ХХК-ийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 84 тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна. /хх.42/

Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ, цэнэ, зах зээлийн хандлага, өртгийн хандлагаар үнэлж үнэлгээний нийт дүнг 123 321 000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд нийцсэн байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хх.47-64/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг нэхэмжлэгч ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/00887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ц.ИЧИНХОРЛОО