Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 102/2023/01513/И |
Дугаар | 001/ХТ2024/00146 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2024/00146
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00843 дугаар магадлалтай
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ж.О-д холбогдох,
Автомашины эзэмшлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Ж.О-д холбогдуулан Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай автомашины эзэмшлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.О-ын хууль бус эзэмшлээс 1FM500000000 арлын дугаартай, 00-00 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгийн Ford Explorer маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00843 дугаар магадлалаар:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ж.О-д холбогдох, 1FM50000000 арлын дугаартай, 00-00 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгөтэй, Ford Explorer маркийн автомашиныг гаргуулах “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 101/ШШ2019/03289 дугаар захирамжаар Н.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 41,484,562 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгож, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг үндэслэн “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 00-00 УБТ улсын дугаартай, маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч Ж.О нь автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшилдээ авч ашиглан, өмчлөгчид хүлээлгэн өгөхгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн хөрөнгөө Ж.О-ын хууль бус эзэмшлээс шаардсаныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг өөр өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн тул хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.06-ны өдрийн 001/ШХТ2024/00704 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч Ж.О-д холбогдуулан Ford Explorer маркийн 00-00 УБТ улсын дугаартай автомашины эзэмшлийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 101/ШШ2019/03289 дүгээр захирамжаар Н.М 41,484,562.41 төгрөгийг “А” ХХК-д 2019.12.20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг үндэслэн “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Ford Explorer маркийн 00-00 УБТ улсын дугаартай хар өнгөтэй автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн. Гэвч Н.М нь тус автомашины эзэмшлийг шилжүүлээгүй улмаар Ж.О эзэмшиж дээрх шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна.” гэж тайлбарласан,
Хариуцагч эс зөвшөөрч “... “К” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Арматур нийлүүлэх гэрээний төлбөрт Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай, автомашиныг 65,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн өгч, улмаар Н.М тус автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан. Гэвч Н.М нь Арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул өөрт учрах хохирлоос сэргийлж автомашиныг буцаан авсан. Н.М нь худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй этгээд биш байсан.” гэж маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... “А” ХХК, Н.М нарын хооронд 2018.08.06-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулах үед 00-00 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгийн Ford Explorer маркийн автомашиныг захиран зарцуулах бүрэн эрхтэй этгээд нь Н.М байсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан. Хариуцагч Ж.О нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус байсан учир Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу автомашиныг эзэмшилдээ авсан татгалзал үндэслэлгүй. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж өөрөө үзсэн ч эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан, Н.М нь уг автомашиныг устгах, эвдэх гэж байсан болох нь баримтаар тогтоогдохгүйгээс гадна арматур нийлүүлэх гэрээний оролцогч нь “К” ХХК, автомашины өмчлөгч нь Ж.О өөрөө биш байх тул түүнийг өөртөө тусалсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.” гэж дүгнэжээ.
9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 101/ШШ2019/03289 дүгээр захирамжаар 00-00 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгийн Ford Explorer маркийн автомашиныг өмчлөх эрх үүссэн үндэслэлээр тус автомашиныг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, мөн зүйлд зааснаар аливаа этгээд хөрөнгийг хууль буюу гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан тохиолдолд түүнд өмчлөгчийн шаардах эрх үүснэ. Харин шүүхийн дээрх шийдвэрээр Н.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 41,484,562 төгрөг шаардах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний дагуу маргааны зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нэхэмжлэгчид тус тус үүссэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүссэн. Харин фидуцийн зүйл болох тухайн автомашиныг өмчлөх эрх үүсээгүй тул хариуцагчаас автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйлийг гэрээний бус этгээд болох хариуцагчаас автомашиныг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.” гэж үзжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106, 235 дугаар зүйлд заасныг өөр, өөр тайлбарлаж, зөрүүтэй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
11. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Ж.О нь “К” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Арматур нийлүүлэх гэрээний үүрэгт маргааны зүйл болох Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай, автомашины өмчлөх эрх болон эзэмшлийг Н.М-д шилжүүлэн өгсөн боловч Н.М нь арматур нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр автомашины эзэмшлийг буцаан авсан,
Мөн нэхэмжлэгч “А” ХХК нь зээлдэгч Н.М-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 101/ШШ2019/03289 дүгээр захирамжаар хариуцагч Н.М нь 41,484,562.41 төгрөгийг 2019.12.20-ны өдрийн дотор нэхэмжлэгч “А” ХХК-д төлөх, хариуцагч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг үндэслэн “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай автомашинаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
12. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу Н.М автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх бөгөөд талууд өмчлөх эрхийн талаар маргаагүй. Нэхэмжлэгч “А” ХХК нь Н.М-тэй 2018.08.06-ны өдөр 18/38 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.08.06-ны өдрийн 18/38 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай, автомашиныг барьцаалсан гэрээ хүчин төгөлдөр байна. Учир нь: автомашины өмчлөх эрх Н.М-ийн нэр дээр бүртгэлтэй байсан учраас “А” ХХК нь түүнийг автомашиныг захиран зарцуулах буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй этгээд гэж үзсэн байна.
13. Хариуцагч Ж.О нь “К” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан Арматур нийлүүлэх гэрээнд заасан Ford Explorer маркийн, 00-00 УБТ улсын дугаартай, автомашины өмчлөх эрхийг Н.М-д шилжүүлэн өгснөөр түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзнэ.
14. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн фидуцийн гэрээний үндсэн дээр үүссэн өмчлөх эрхтэй холбоотой харилцааг зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх “... шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн, фидуцийн зүйл болох тухайн автомашиныг өмчлөх эрх үүсээгүй тул хариуцагчаас автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй....” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.
15. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.
16. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд Н.М зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул фидуцийн гэрээний зүйл болох автомашины эзэмшлийг гаргуулж авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Тус автомашин хариуцагч Ж.О-ын эзэмшилд байгаа боловч түүний эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байна.
17. Иймд анхан шатны шүүх хариуцагч Ж.О-ын хууль бус эзэмшлээс 1FM50000000 арлын дугаартай, 00-00 УБТ улсын дугаартай, хар ногоон өнгийн Ford Explorer маркийн автомашиныг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00843 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “А” ХХК нь 2024.05.21-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД