Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01284

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2021/01284

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суух, Т овогт Б-ийн Э,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суух, О овогт Х-ын Энхээ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суух, Тайж овогт Б-ийн В,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 10-р хороонд оршин суух,  Б овогт П-ийн Э нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч Б.В, П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э, Б.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие эмчилгээ, сувилгааны зорилгоор 2003 онд нүүж ирсэн. Гэвч 2004 онд согтуу жолооч хашаа гэр дайрч хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүссэн бөгөөд цаашид тэр газарт амьдрахад түгшүүртэй болсон. Б.Ж гуайгаас газрыг нь худалдаж авахаар тохиролцоод 2007 оны 06-р сард гэрээ барьж, хашаагаа хатгаж, жорлон, муу усны нүхээ ухаж, өрхийн бүртгэлээ бүртгүүлж, эрчим хүчний гэрээ байгуулж, төлбөрөө өөрийнхөө нэр дээр төлж амьдарсан. Тухайн үед миний дүү Б.В газар хайгаад олдохгүй байна гэхээр нь эгчийн хувьд манайхтай айлсаад буухгүй юу гэж хэлсэн. Ингээд эднийх 2007 оны сүүлээр манайхтай айлсаж буусан ч өрхийн бүртгэлгүй, тогны мөнгөө манайхаар төлүүлж байсан. Б.В 2008 оны 06-р сард газар хөөцөлдөөд ирье гээд надаас Б.Ж гуайн Газрын гэрчилгээ-г аваад явсан. Би явж чаддаггүй, 3 настайдаа саа өвчнөөр өвчилж суумгай болсон хөгжлийн бэрхшээлтэй хүн болохоор дүүдээ итгээд бичиг баримтаа өгсөн. Гэтэл Б.В газрын үнийг 150 000 төгрөгөөр нэмэгдүүлж, өөрийнхөө нэрээр гэрээ хийгээд Б.Ж гуайн нэр дээр шинэчилж гаргасан кадастрын зургийн хамт авч ирж өгсөн. Мөн түүнээс хойш газрыг ингэж хуваая, тэгэж хуваая гэж 3 удаа гар зураг гаргаж надад өгсөн. Б.Ж гуай манайхаас газрынхаа үнийг хэрэгцээтэй үедээ цувуулж 2007 оны 10-р сарын 15-нд 50 000 төгрөг, 2007 оны 12-р сарын 23-нд 220 000 төгрөг, 2012 оны 10-р сарын 19-нд 280 000 төгрөг, нийт 550 000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгөө авахдаа миний нэр дээр газраа шилжүүлж өгнө гэж тохиролцсон байсан боловч бичиг баримт хөдөө Б.В-д байсан учир Газраа худалдсан тухай тодорхойлолт хийж нотариатаар батлуулж өгөөд үлдэгдэл мөнгөө авсан юм. Манайх энэ газартаа 12 жил амьдарч байна. Б.В ноднингоос хойш байшингаа буулгаад зайл, газар миний нэр дээр байгаа яваад заргалд гэх боллоо. Ийнхүү миний итгэлийг эвдэж, явж чадахгүй байдлыг минь далимдуулан, хүчин төгөлдөр бус гэрээ хийж, газрыг минь өөрийнхөө нэр дээр болгожээ. Б.В ер нь ядарсан, сул дорой хүнийг дээрэлхдэг, настай ээжийгээ машин авч өгсөнгүй гэж олон удаа зодож, эгч нараа ч зодож дарамталж, төрсөн дүүгээ хутгалж шүүхээр шийтгүүлсэн. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж газраа өөрийнхөө нэр дээрээ болгоход минь туслалцаа үзүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э, Х.Э нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16.3-д Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ... болохыг зааж өгчээ. Бидний өөрсдийн хүч хөдөлмөрөөр, хүний итгэлийг олж, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болох 700 м.кв газрыг төрсөн дүү маань итгэл эвдэх замаар өөрийн болгож, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь шударга бус үйлдэл бөгөөд үүнийг шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэдэгт итгэж байна. Учир нь Монгол Улсын иргэн Б.Ж-ийн өмч болох БГД-ийн 22-р хороонд байрлах 700 м.кв газрыг бид 2007.04.07-ны өдөр 550.000Т-өөр худалдан авахаар тохирч гэрээг байгуулсан бөгөөд газрын үнэ 550.000 төгрөгийг бүрэн төлсөн, 2012.10.19-ны өдөр Б.Ж нь Х.Э, Б.Э нарт 700 м.кв газраа худалдсан, төрсөн эгч дүүгээс ялгаагүй болсон, ядарсан үед тусалж дэмжиж байсан болохыг нотолж тодорхойлолт хийж, нотариатаар баталгаажуулж өгсөн. Харин нэхэмжлэгчийн төрсөн дүү Б.В нь хөгжлийн бэрхшээлтэй , суумгай эгч болох Б.Э-ийн газар худалдан авах гэж буйг ашиглаж Бичиг баримтыг бүрдүүлж , хөөцөлдөж өгнө хэмээн өөрийн эрх зүйч мэргэжлээ ашиглан, итгэл эвдэж 2008.06.10-ны өдөр Газар худалдан авах гэрээ гэгчийг байгуулж, Б.Ж-ийн иргэний үнэмлэхийн хуулбар ашиглан, гарын үсгийг дууриалган зурсан хуурамч гэрээг хийсэн байх төдийгүй өөрийн нэр дээр 700 м.кв газрыг маань шилжүүлэн авахын тулд Б. Ж-г хууран мэхэлж Х.Э-тэй байгуулсан газар худалдах гэрээний үндсэн үнэ 550.000 Т-ийг нэмэгдүүлж 700.000 Т болгож 2008.07.07-ны өдөр газар худалдах, худалдан авах гэрээг хийсэн байна. Хариуцагч Б.В бидний Б Ж-тай анхлан тохиролцсон газрын үндсэн үнэ 550.000Т-ийг бидний зөвшөөрөлгүйгээр 700.000 Т болгон нэмэгдүүлэх эрхгүй бөгөөд, бидний бүхэлд нь худалдан авсан, өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй газрыг маань бидний зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр авах, өмчлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заагдсанаар Газар худалдах, худалдан авах 2008.07.07-ны өдрийн гэрээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж байна. Бид шударгаар олж авсан 700 м.кв газартаа өөрсдийн хөрөнгөөр 40 м.кв хувийн сууц барьсан бөгөөд өнөөдөр энэ газартаа 12 жил тасралтгүй амьдарч байгаа хэдий ч газраа өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байгаа төдийгүй өвлийн сууцаа ч бүртгүүлж гэрчилгээ авч чадахгүй өмчлөх эрх зөрчигдсөөр байна. Бидний итгэлийг хөсөрдүүлсэн Б.В нь Газрын гэрчилгээ миний нэр дээр гарсан, та нар яаж ч чадахгүй гэж дарамтлах, хөөж туух, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь хэрээс хэтэрсэн төдийгүй, гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлж өгнө хэмээн олон удаа хууран мэхэлж , сүүлдээ газраа хувааж авъя хэмээн хэлдэг байсан ч үүнийгээ хэрэгжүүлээгүй бөгөөд Б.В нь манай хашаанд 2007 онд өвөлжөөд 2008 онд нүүсэн бөгөөд саяхнаас буюу 2018.08 сараас дахин манай хашаанд гэрээ барьж амьдрах болсон. Хариуцагч Б.В нь бидний өмчлөх эрхтэй байсан 700 м.кв газраас 143 м.кв газрыг иргэн Н.Д-д 12.400.000 төгрөгөр худалдаж, хөрөнгөжсөн. Одоо үлдсэн 553 м.кв газрыг маань булааж аваад, бидний өөрсдийн хөрөнгөөр барьсан 40 м.кв хэмжээтэй өвлийн байшинтай маань хамт, бусад этгээдэд зарж хөрөнгөжиж, манай гэр бүлийг орох оронгүй, гудманд гаргах гэж байгаа нь шударгаар өмч, хөрөнгө олж авахыг хуульчилсан Үндсэн Хуулинд заагдсан зарчим мөн үү. Хариуцагч Б.В 2018 оны 8 сард манай хашаанд нүүн ирснээсээ хойш хөөж туух, байшингаа аваад зайл гэх дарамт шахалт ихэссэн, орох орон, газаргүй болох гэж байгаа учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага үүссэн болно. Иймд Газар өмчлөх эрхийн Г-8 эрхийн дугаарт бүртгэгдсэн, 553 м.кв талбайтай, 1/1 тоот нэгж талбарын дугаартай газар өмчлөх эрхийг Х., Б.Э нарын нэр дээр шилжүүлэхийг Б.В-д даалгаж өгнө үү. Жич: Нэхэмжлэгч Х.Э. Б.Э бид 700 м.кв газар худалдан авах гэрээний үнэ 550.000 Т-ийг бүрэн төлсөн шударга өмчлөгч болох этгээдүүд мөн хэдий ч 143 м.кв газрыг худалдан авсан шударга өмчлөгч Н.Д-гийн эрхийг зөрчихгүйн тулд 553 м.кв талбай бүхий Г-2 тоот гэрчилгээтэй газрын өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа болно. Энэ нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11.1.4-д заагдсан шүүхэд олгогдсон эрх гэж үзэж байна. Мөн хариуцагч Б.В нь бидний газраас 143 м.кв газрыг бусдад зарж 12.400.000 Т-ийн хөрөнгийг өөртөө бий болгосон бөгөөд үүнтэй бид маргахгүй гэж энд дурдаж байгаа нь ч шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаа төдийгүй газар худалдах, худалдан авах 2008.07.07-ны өдрийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь 143 мкв газрыг худалдан авсан Н.Д-ийн эрхийг ч зөрчихгүй байх гэж үзэж байна. Б.В нь Сонгинохайрхан дүүргийн Толгойтод барьсан халуун усны байшингынхаа талбайг ашиглаад вакум цонхны ялаа шумуулаас хамгаалах тор хийх жижиг цех ажиллуулах гэсэн юм, материал авахад мөнгө алга, та зээлээч гээд 450 000 төгрөг мөн Толгойтын халуун усны байрандаа 380 вольтын тог тавиулах гэсэн юм мөнгө дутаад байна гээд 100.000 төгрөг авсан, найз Б-ынхаа төрсөн өдрөөр хүн зодож, хохирол учруулсны нэхэмжлэл 140 000 төгрөг нэхэгдээд байна, төлөхгүй бол дүү нь балрах гээд байна туслаач гээд 140 000 төгрөг авсан. Хөдөө явахад бензин маслын мөнгө хэрэгтэй байна зээлээч гээд 150 000 төгрөгийг авсан. Эхнэр С-даа Монгол дээл авч өгмөөр байна, та мөнгө зээлээч гэж хэлээд 150 000 төгрөг авсан, Согтуу таксидаж ирээд 3 удаа 20.000 төгрөг Мөнгө хэрэгтэй байна гээд 90 000 төгрөг нийт 1 300 000 төгрөгийг авсан. Хариуцагч Б.В нь эдгээр 1 300 000 төгрөгийг цувуулж авчихаад өгнө, өгнө гээд өнөөдрийг хүрсэн тул гаргуулж өгнө үү. Иймд дээрх үндэслэлүүдээр манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Э Б.Э бид хоёр гэр бүл болж 30 гаруй жил жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1 хүүхэд төрж, өнөөдөр бид 2007.04.07-ны өдөр 550.000 төгрөгөөр Н.Ж-гаас худалдан авсан 700 м.кв газартаа 2 ширхэг өвлийн сууц барьж, гэр бүлээрээ 13 жил амьдарч байгаа болно. Миний нөхөр Х.Э-ийн Н.Ж-тай байгуулсан 2007.04.07-ны өдрийн Газар худалдан авах гэрээний төлбөрийг бид төлсөн бөгөөд тухайн үед өмчилсөн газраа үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байсан. Тухайн газар нь гуу жалгатай газар байсан учир бид 2.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж газрыг тэгшилж, дээр нь өвлийн сууцууд , гарааш барьсан ба үүнийг Б.В эсэргүүцэж маргаж байгаагүй билээ. Б.Э миний бие хөгжлийн бэрхшээлтэй, байнгын суумгай, манай нөхөр Х.Э чих хатуу, сонсгол муутай учир миний төрсөн дүү Б.В нь хуулийн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй хүн учраас Н.Ж-гийн газрын өмчлөлтэй холбоотой бүх бичиг баримтыг хөөцөлдүүлэхээр болсон. Гэтэл миний төрсөн дүү Б.Ванчин нь бидний итгэлийг эвдэж БГД-ийн 22-р хороонд байрлах 700 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч , дангаараа газрын өмчлөгч болсон нь шударга бус үйлдэл юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16.3-д Хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй болохыг зааж өгчээ. Бидний хөрөнгөөр худалдан авсан 700 м.кв газрыг Б.В нь өөрийн нэр дээр шилжүүлж аваад улмаар 143 м.кв газрыг иргэн Даваасамбууд 12.400.000 төгрөгөөр зарж хөрөнгөжсөн байдаг. Талийгаач Н.Ж-аатай 2007.04.07-ны өдөр байгуулсан Газар худалдан авах гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй, талийгаач Н.Ж бидэнд л зөвхөн газраа зарсан болох өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримт, гэрчийн мэдүүлэг хангалттай байгаа гэж үзэж байна. Нэгэнт Н.Ж-аас газар худалдан авсан болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт хангалттай буй учир маргаан бүхий газарт бид хамтран өмчлөгчөөр орох эрхтэй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Мөн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай, 1/1 нэгж талбар бүхий 553 м.кв газрыг худалдан авсан өмчлөгч болохоо тогтоолгосноор улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх эрх нээгдэх учиртай тул хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулж энэ нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11.4-д заагдсанаар шүүхэд олгогдсон эрх гэж үзэж байна. Иймд БГД-ийн 22-р хороо, 0 тоотод байрлах Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай, 1/1 нэгж талбар бүхий 553 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Х.Э, Б.Э нарыг тогтоож, хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт худалдах худалдан авах 2007 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн, 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоёр гэрээ байдаг. Энэ гэрээнд нэхэмжлэгч Х.Э, Б.Э нар болон хариуцагч Б.В нар оролцсон. Уг гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй тул гэрээ хүчинтэй. 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б.В-тай байгуулсан гэрээнд 2007 онд ийм газар худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг дурдсан. Х.Э тухайн газар дээрээ байшин барьсан. Б.В газрын зарим хэсгийг өөр хүмүүст худалдсан. Уг гэрээтэй хэн ч маргаагүй, одоо энэ газар дээрээ 15 жил амьдарч байна. Б.Э нь багын хөл муутай боловч сургууль соёлд суралцаж байсан. Х.Э нь сонсгол муу тул бичиг баримт хөөцөлдөхдөө тааруу учраас Б.В-д хэлдэг. Үүнээс болж өнөөдрийн маргаан үүссэн. Хоёр гэрээтэй хэн ч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шүүхэд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Х.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А: Хавтаст хэргийн 7 дугаар талд 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн газар худалдах худалдан авах гэрээ авагдсан. Уг гэрээнд Х.Э нь Б.Ж-аас газрыг худалдан авахаар тохиролцсон, гэрээ байгуулж иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан. Газрын үнэ 550 000 төгрөг, мөнгөө хэрэгцээтэй үедээ цувуулж авахаар тохиров гэсэн байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд газар худалдах, худалдан авах 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ авагдсан. Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 0 тоот газар юм. Уг газрыг 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээг үндэслэж 550 000 төгрөгөөр тохирсныг нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд 700 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээний худалдан авагч тал нь Б.В, худалдагч нь Б.Ж байдаг. Энхээ, Энхтуяа нар нь тухайн газартаа байшингаа барьж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хамтран өмчлөх эрхтэй тул өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.В шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Жа-тай газар худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 50 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Б.Э-ийн хажууд өгөхдөө гарын үсэг зуралцсан. Би эгчдээ үлдсэн мөнгийг нь өгсөн юм. Тэр үед Б.Ж гуай угаалгын машин авмаар байна гэдэг байсан. Б.Ж танайх хол байдаг юм байна, эгчээс чинь үлдсэн мөнгөө авмаар байна гэсэн. 2008 онд үлдсэн мөнгөө өгөөд гэрээгээ шилжүүлэх гээд очсон боловч нотариатаар баталгаажуулмаар байна гэсэн. Ингээд гэрээнд гэрт нь байсан Д.Х-ээр гарын үсэг зуруулсан. Б.Ж гуай өөрөө би зураад яахав дээ гэхээр нь Д.Х-ээр зуруулсан юм. Б.Ж 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан байдаг. 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нотариат ороод гэрээгээ батлуулж газрын өмчлөгч нь би болсон. Би 700 000 төгрөгийг бүрэн төлсөн. Б.Ж бичиг үсгийн чадвар муу боловч мөнгөний тоо мэддэг. Мөнгө өгч байхыг мэдэх хүн бол Б.Э юм. Би өмчлөлийн газраасаа 2016 онд н.Д-д 143 м.кв газрыг шилжүүлсэн. Би 583 м.квадрат газрын өмчлөгч юм. 2008 онд би газрыг бүрэн шилжүүлж авсан байхад нэхэмжлэгчийн зүгээс Б.Ж-д мөнгө өгсөн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар хамтран өмчлөгч болохоор нэхэмжлэлээ өөрчилж байгаа нь Б.В миний өмчлөлийн газар болохыг нэхэмжлэгч тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илгэж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Б. Ж нь хорооны хэсгийн ахлагч хийдэг байсан бөгөөд нас өндөр болж нүдний хараа нь муудсан, 2003 оноос эхлээд бичиг цаасных нь ажилд Б. Э эгч 5 жил тусалсан. Х.Э ах ч манайхаар орж гарч, бидэнд байнга тусалдаг байсан. Харин эдний амьдарч байсан газар нь хэт хазгай, өндөр учир суумгай Э эгчид жорлондоо хүрэхэд хүндрэлтэй байсанд ээж маань өөрийнхөө газрыг нам дор гээд Газрын шийдвэр-ийнхээ хамт 2007 онд эднийд өгснийг би сайн мэднэ. Газрынхаа үнийг цувуулж авна гэснийхээ дагуу 2012 онд тооцоо дуусгаад тодорхойлолт хийж өгөхөд нь би ээжийгээ хөтлөөд, Х.Э ахтай хамт гурвуулаа нотариат орж байсан. Гэтэл В гэдэг огт танихгүй, нэрийг нь ч сонсоогүй хүн хууль зөрчиж ээжид мэдэгдэхгүйгээр, өөрөөр нь гарын үсэг зуруулахгүйгээр өргөдөл, мэдүүлэг бичиж, нэр дээрээ өмчлөлийн гэрчилгээ гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Б.Э, Х.Э нар нь Б.В-д холбогдох Баянгол дүүргийн 22-р хороо, 0 тоот газрыг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Ж, Б.В нарын хооронд байгуулсан 2008 оны 7-р сарын 7-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, өмчлөх эрхийн Г-2 дугаарт бүртгэгдсэн, 553 м.кв газрыг өмчлөх эрхийг Х.Э, Б.Э нарт шилжүүлэхийг даалгах, 1 300 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн, хамтран хариуцагч П.Э, Б.В нарт холбогдох 553 м.кв газрыг хамтран өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газарт даалгахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүх П.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.В-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12-р зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 487-р захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 700.00 м.кв 9 240 000 төгрөгийн үнэ бүхий газрыг Б-ын Ж-д үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2008 оны 6-р сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 0 тоот нэгж талбарын 1/6 дугаартай, Г-2 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэгдэж 000028953 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ / 1-р хавтас 67-71, 2-р хавтас 240-250/ олгогджээ.

 

Нэхэмжлэгч Х.Э нь 2007 оны 4-р сарын 7-ны өдөр Б.Ж-тай тухайн газрыг нь 550 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ /1-р хавтас 7/ хийж, улмаар энэ газар дээр хувийн орон сууц барьж өнөөдрийг хүртэл амьдарсан байна. Б.Ж нь газраа Х.Э, Б.Э нарт газраа худалдсан тухай тодорхойлолтыг /1-р хавтас 28/ өөрийн гараар ...өөрт нь тус болж байсан, өмнө амьдарч байсан газар нь налуу тул Б.Э-д хүндрэлтэй байсан, ах дүүс шиг болсон учир туслахаар шийдэж тэднийд худалдсан талаар бичсэнийг нотариатч гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн, өөрөөр хэлбэл, газраа Х.Э-д худалдсан хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхойлолтод тусгагдсан байна.

 

Хэргийн 1-р хавтас 9 дэх хуудсанд 2008 оны 6-р сарын 10-ны өдрийн Газар худалдан авах гэрээ-ээр /1-р хавтас 9/ ...2007.4.10-нд 550 000 төгрөгөөр худалдан авах гэрээтэй байсан боловч тодорхой бус нөхцөлийн улмаас 700 000 төгрөгөөр Б.В худалдан авахаар гэрээ хийсэн байх ба гэрээнд Ж өөрөө гарын үсэг зураагүй, Б.Х гарын үсэг талаар хариуцагч тайлбарласан, энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Харин Б.Ж, Б.В нарын хооронд 2008 оны 7-р сарын 7-ны өдөр хийсэн Газар худалдах, худалдан авах гэрээгээр тухайн 700 м.кв газар Б.Ж-ийн өмчлөлөөс Б.В-ийн өмчлөлд шилжиж /1-р хавтас 54, 77, 98, 2-р хавтас 240-250, 3-р хавтас 1-7/ түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Өмчлөгч Б.В нь 2016 оны 4-р сарын 25-ны өдөр иргэн Н.Д-тай Газар худалдах гэрээ байгуулж дээрх газрын 143 м.кв газрыг 12 400 000 төгрөгөөр худалдсанаар Н.Д нь 143 м.кв газрын, Б.В 553 м.кв газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн /1-р хавтас 52, 81-91, 3-р хавтас 10-32/ байх ба нэхэмжлэгч нар нэгэнт өмчлөх эрх нь шилжсэн энэ газрын талаар маргаагүй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл, Б.Ж-ийн газрыг Х.Э, Б.Э нар 2007 онд худалдан авахаар тохирсон, төлбөр төлснийг Б.Ж тодорхойлсон 1-р хавтас 30/, нэхэмжлэгч нар нь энэ газартаа байнга оршин суух, өөрийн амьдрах орчноо бүрдүүлэх, өөрийн өмчтэй болох зорилготой, энэ утгаараа өнөөдрийг хүртэл оршин сууж хувийн орон сууцтай болсон, хэрэглээний эрчим хүчний зардал зэргийг хариуцан /1-р хавтас 10-27/ төлдөг, харин тэдний хооронд хийгдсэн хэлцлийг үндэслэн Б.В нь Б.Ж-тай үнийг өөрчлөн гэрээ хийсэн, улмаар өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэх үндэслэлтэй, нэхэмжлэгч Б.Э нь өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, Б.В-ийн өмчлөлийн 553 м.кв газрыг хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн гэрч Б.О, Б.Б, Б.Б нар нь Б.Э, Б.В нартай төрсөн ах дүүгийн холбоотой, тэдний хувийн байдал, газрыг Б.Э, Х.Э нар худалдан авсныг гэрчилсэн /1-р хавтас 167-210, 2-р хавтас 127-136/, гэрч М.Т, Э.А нар нь газрыг нэхэмжлэгч нар худалдан авсныг /хх 210-211, 2-р хавтас 147-150/ тус тус гэрчилсэн, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байна.

 

Нөгөө талаас, хариуцагч П.Э нь нэхэмжлэгч нарыг өмчлөх эрхээ олж авахад саад болоогүй, хамтран өмчлөх эрхтэй гэх нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоогүй боловч Х.Э, Б.Э нарт ээж нь газраа өгсөн, үнээ төлж дуусгасан, өмчлөх эрхтэй гэсэн тайлбар үндэслэлтэй.

 

Булган аймаг дахь Сум дундыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 22-ны өдрийн 105 тоот шийтгэх тогтоол /1-р хавтас 39-41/, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 17-ны өдрийн 32 тоот магадлал /1-р хавтас 222-224/, 161 дэх талд авагдсан фото зураг, 2-р хавтас 155-157, 1-р хавтас 243-250 дахь талд авагдсан Баянгол дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн гэмт хэргийн талаарх мэдээлэл, лавлагаа зэрэг баримтууд нь Б.В-ийн хувийн байдалтай нь холбоотой, 101-107 дахь талд авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар, 126-134 дэх талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрч П.М, Т.Б нарын мэдүүлэг нь /2-р хавтас 11-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2020 оны 5-р сарын 4-ний өдрийн 1522 тоот дүгнэлт /2-р хавтас 59-68/ гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байсан шаардлагатай холбоотой, гэрч Н.Д нь Б.В-аас газар худалдан авсан талаар мэдүүлсэн /2-р хавтас 90-94/, гэрч Б.Х /2-р хавтас 103-105, 125-126/, хэргийн 2-р хавтас 106-119 талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тухайн газар, түүн дээр баригдсан байшингийн зургийг бэхжүүлсэн, Х.Э-ийн гар бичмэл 2 дэвтэр нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ийн В-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 22-р хороо, 0 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 1/1 дугаартай, Г-2 дугаарт бүртгэгдсэн 553 м.кв газрыг Б-ийн Э, Х-ын Э нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн газарт даалгаж, хариуцагч П.Э-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.В-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА