Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01342

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э, Х.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01284 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э, Х.Э нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.В , П.Э нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Б.В , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч Х.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч П.Э, хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 550 000 төгрөгөөр Б.Ж-аас худалдан авсан 700 м.кв газартаа 2 ширхэг өвлийн сууц барьж, гэр бүлээрээ 13 жил амьдарч байгаа болно. Миний нөхөр Х.Э, Б.Ж нарын байгуулсан 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн газар худалдан авах гэрээний төлбөрийг бид төлсөн бөгөөд тухайн үед өмчилсөн газраа үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй байсан.

Тухайн газар нь гуу жалгатай газар байсан учир бид 2 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж газрыг тэгшилж, дээр нь өвлийн сууцууд, гарааш барьсан ба үүнийг Б.В эсэргүүцэж маргаж байгаагүй билээ.

Б.Э миний бие хөгжлийн бэрхшээлтэй, байнгын суумгай, миний нөхөр Х.Э чих хатуу, сонсгол муутай учир миний төрсөн дүү Б.В нь хуулийн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй хүн учраас Б.Ж-ийн газрын өмчлөлтэй холбоотой бүх бичиг баримтыг хөөцөлдүүлэхээр болсон.

Гэтэл миний төрсөн дүү Б.В нь бидний итгэлийг эвдэж Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 43 тоот, 700 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, дангаараа газрын өмчлөгч болсон нь шударга бус үйлдэл юм.

Бидний хөрөнгөөр худалдан авсан 700 м.кв газрыг Б.В нь өөрийн нэр дээр шилжүүлж аваад улмаар 143 м.кв газрыг иргэн Д-д 12 400 000 төгрөгөөр худалдсан байдаг.

Талийгаач Б.Жтай 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан газар худалдан авах гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй, талийгаач Б.Ж бидэнд л зөвхөн газраа худалдсан болох өөрийн хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримт, гэрчийн мэдүүлэг хангалттай байгаа болно.

Нэгэнт Б.Ж-аас газар худалдан авсан болохыг нотолсон баримт хэрэгт хангалттай буй учир маргаан бүхий газрыг бид хамтран өмчлөх эрхтэй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205002638 дугаартай, 18639313399251 нэгж талбар бүхий 553 м.кв газрыг худалдан авсан өмчлөгч болохоо тогтоолгосноор улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх эрх нээгдэх учиртай тул хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт худалдах худалдан авах 2007 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн, 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хоёр гэрээ байдаг. Энэ гэрээнд нэхэмжлэгч Х.Э, Б.Э нар болон хариуцагч Б.В нар оролцсон. Уг гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй тул гэрээ хүчинтэй.

2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б.В тай байгуулсан гэрээнд 2007 онд ийм газар худалдан авах гэрээ байгуулсан гэдгийг дурдсан. Х.Э тухайн газар дээрээ байшин барьсан. Б.В газрын зарим хэсгийг өөр хүмүүст худалдсан. Уг гэрээтэй хэн ч маргаагүй, одоо энэ газар дээрээ 15 жил амьдарч байна.

Б.Э нь багын хөл муутай боловч сургууль соёлд суралцаж байсан. Х.Э нь сонсгол муу тул бичиг баримт хөөцөлдөхдөө тааруу учраас Б.В д хэлдэг. Үүнээс болж өнөөдрийн маргаан үүссэн. Хоёр гэрээтэй хэн ч маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шүүхэд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.В шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Жтай газар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 50 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг Б.Эгийн хажууд өгөхдөө гарын үсэг зуралцсан. Би эгчдээ үлдсэн мөнгийг нь өгсөн.

Ингээд гэрээнд гэрт нь байсан Д.Х-ээр гарын үсэг зуруулсан. Б.Ж гуай өөрөө би зураад яахав дээ гэхээр нь Д.Х-ээр зуруулсан. Б.Ж 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан байдаг.

2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нотариат ороод гэрээгээ батлуулж газрын өмчлөгч нь би болсон. Би 700 000 төгрөгийг бүрэн төлсөн. Б.Ж бичиг үсгийн чадвар муу боловч мөнгөний тоо мэддэг. Мөнгө өгч байхыг мэдэх хүн бол Б.Э юм.

Би өмчлөлийн газраасаа 2016 онд н.Д-д 143 м.кв газрыг шилжүүлсэн. Би 583 м.кв газрын өмчлөгч юм. 2008 онд би газрыг бүрэн шилжүүлж авсан байхад нэхэмжлэгчийн зүгээс Б.Жд мөнгө өгсөн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч нар хамтран өмчлөгч болохоор нэхэмжлэлээ өөрчилж байгаа нь Б.В миний өмчлөлийн газар болохыг нэхэмжлэгч тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээж Б.Ж нь хорооны хэсгийн ахлагч хийдэг байсан бөгөөд нас өндөр болж нүдний хараа нь муудсан, 2003 оноос эхлээд бичиг цаасных нь ажилд Б.Э эгч 5 жил тусалсан. Х.Э ах ч манайхаар орж гарч, бидэнд байнга тусалдаг байсан.

Харин эдний амьдарч байсан газар нь хэт хазгай, өндөр учир суумгай Б.Э эгчид жорлондоо хүрэхэд хүндрэлтэй байсанд ээж маань өөрийнхөө газрыг нам дор гээд газрын шийдвэрийнхээ хамт 2007 онд Б.Э, Х.Э нарт өгснийг би сайн мэднэ.

Газрынхаа үнийг цувуулж авна гэснийхээ дагуу 2012 онд тооцоо дуусгаад тодорхойлолт хийж өгөхөд нь би ээжийгээ хөтлөөд, Х.Э ахтай хамт гурвуулаа нотариат орж байсан. Гэтэл Б.В гэдэг огт танихгүй, нэрийг нь ч сонсоогүй хүн хууль зөрчиж ээжид мэдэгдэхгүйгээр, өөрөөр нь гарын үсэг зуруулахгүйгээр өргөдөл, мэдүүлэг бичиж, нэр дээрээ өмчлөлийн гэрчилгээ гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.В-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 43 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 18639313399251 дугаартай, Г-2205002638 дугаарт бүртгэгдсэн 553 м.кв газрыг Б.Э, Х.Э нар хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн газарт даалгаж, хариуцагч П.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.В гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэргийн материалд хоёр өөр цаг хугацаанд хийгдсэн ижил агуулгатай маргаан бүхий 2 гэрээ байхад шүүх өөрийн үзэмжээр нэгийг нь илүү нотолгооны ач холбогдолтой гэж үзэж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2212 дугаар магадлалаар "... Ж хэлцэлд өөрөө гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор ... шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан нь тухайн хэрэгт ач холбогдолтой байжээ. Уг хэрэгт ... шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд “гарын үсэг нь нэг хүний гараар үйлдэгдсэн” гэх ойлгомжгүй дүгнэлт гаргажээ. Зүй нь шинжээч нь гарын үсэг хэнийх болохыг загвар баримттай харьцуулан тогтоох учиртай юм.

....Гарын үсгийг шинжлэн тогтоох хүсэлтийг буруу шийдвэрлэсэн, шинжээчийн дүгнэлт зорилгодоо хүрээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь... нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зөрчилд хамаарч байна” гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх магадлалын биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй төдийгүй миний эрх, ашигт ноцтой хохирол учруулж байна.

Мөн шийдвэрийн 7 дугаар хуудасны дээрээс 3 дах догол мөрөнд "... Б.Ж нь газраа Х.Э, Б.Э нарт худалдсан тухай тодорхойлолтыг өөрийн гараар ... өөрт нь тус болж байсан талаар бичсэнийг нотариатч” гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн, өөрөөр хэлбэл, газраа Х.Эгийнд худалдсан хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхойлолтод тусгагдсан байна” гэж илтэд нэхэмжлэгч талын эрх ашигт нийцүүлсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Нас барагч Б.Жг бичиг үсэг тайлагдаагүй, зөвхөн гарын үсэг зурах төдий хүн байсныг зохигчдын хэн аль нь хүлээн зөвшөөрөөд байхад шүүх нүдээр харсан мэт өөрийн гараар бичсэн гэж үзэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Мөн шийдвэрт хариуцагчийн өмнө нь эрүүгийн хэрэгт шийтгэгдэж байсан баримтуудыг “Б.В гийн хувийн байдалтай холбоотой” гэж тусгайлан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн хувийн байдал нь ийм хүн учир төрсөн эгчийнхээ өмч хөрөнгийг хууль бусаар авсан байх гэж таамгийн шинжтэй, нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Харин ч хүн ёсны хувьд нэхэмжлэгч нь төрсөн дүүгийнхээ алдааг нууж явах байтал улам тэрхүү алдаан дээр нь дөрөөлж өөрт ашигтай байдлаар эргүүлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримтуудыг дэлгэж байгаа нь тухайн хүний өөрийнх нь хувийн байдлыг тодорхойлж байгаа хэрэг гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “хууль шүүхийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй” байхаар заасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эд давуу байдал олгож “хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, Б.В гийн өмчлөлийн 553 м.кв газрыг хамтран өмчлөх эрхтэй” гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Э, Б.Э нар нь хариуцагч П.Э, Б.В нарт холбогдуулан Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 43 тоот хаягт орших газрын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.В эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Э нь 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Б.Ж-аас Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 43 тоот хаягт байрлах газар өмчлөх эрхийг 550 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, гэрээний үнийг төлсөн, уг газар дээр 2007 оноос хойш хувийн сууц барьж өнөөг хүртэл оршин сууж байгаа болохыг худалдах-худалдан авах гэрээ, мөнгө төлсөн баримт, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн газар худалдсан тухай Б.Жгийн тодорхойлолт, гэрч Б.Б Б.Б, М.Т, Ц.Э , Э.А нарын мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1-хх-7, 28, 30, 204-211, 2-хх-42-44, 147-150/

 

Мөн Б.Ж болон хариуцагч Б.В нар 2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дээрх газрыг 700 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, үнийг төлснөөр газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрч Г.Б, Б.Х, М нарын мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /1хх 52-54, 2хх-8-14, 102-105, 3-хх-1-14, 239-250/

 

Хариуцагч Б.В нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дээрх маргаан бүхий 700 м.кв газраас 147 м.кв газрын өмчлөх эрхийг Н.Д-д 12 400 000 төгрөгөөр худалдаж үлдэх 553 м.кв газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.

 

Х.Э болон түүний гэр бүл Б.Э, Б.В нар тус бүртээ худалдах худалдан авах гэрээг Б.Жтай байгуулсан боловч гэрээний дагуу нэг үнэ төлсөн, тэдний төлсөн үнийн дүнг тус бүрээр тодорхойлох боломжгүй тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар Х.Э, Б.Э, В.Ванчин нарыг хамтран өмчлөгч гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Х.Э, Б.Э нарыг  553 м.кв газрыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Баянгол дүүргийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч П.Э нь маргаан бүхий газрын өмчлөгч биш, уг Б.В гийн газарт хамтран өмчлөх хөрөнгө оруулаагүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Б.Ж, Б.Х нарын гарын үсгийн үнэн зөв эсэх талаар шинжээч томилуулах тухай хариуцагч Б.В гийн хүсэлтийг буруу шийдвэрлэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх түүний давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх гарын үсгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаааралгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад хамааралтай байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн        167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын      “101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1” гэснийг “108 дугаар зүйлийн 108.1, 112 дугаар зүйлийн 112.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

 

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ