Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/02378

 

021 08 13 101/ШШ2021/02378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: П ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ИҮҮ ХХК холбогдох,

 

1,843,824 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

 

1,798,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Их үйлс үлэмж ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/ГБГ/-04/13-#1 тоот гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,720,377 төгрөгийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 123,447 төгрөгийг барааг тус тус нийлүүлсэн атал Их үйлс үлэмж ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй удсан бөгөөд 2020/05/29-нд 20/280 дугаартай тооцоо нийлэх тухай албан бичиг явуулахад гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр манай хохирлыг барагдуулахгүй гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй байна.

2017/ГБГ/-04/13-#1 тоот гэрээт борлуулагчийн гэрээний 2.1. дэх хэсэгт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаагаар гэрээ байгуулсан ч уг гэрээний 11.2 дахь хэсэгт нийлүүлэгч үлдэгдэл бараагаа бүрэн хүлээж авсны дараа харилцан тооцоо нийлж, төлбөр тооцоог дуусгаснаар гэрээ дуусгавар болсонд тооцно гэж тохиролцон гэрээ байгуулсан.

Иймд Их үйлс үлэмж ХХК-иас 2017/ГБГ/-04/13-#1 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,843,824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ИҮҮ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Golds gym фитнесс клубын үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлд дурьдсан гэрээний хариу төлбөрийг бартераар буюу фитнесс төвөөр үйлчлүүлэх гишүүнчлэлийн эрх өгөхөөр тохиролцож, бүрэн шийдвэрлэсэн. Үүний дагуу Протек ХХК нь Yamaha-аас зохион байгуулсан мотоциклийн уралдааны ялагч 2 хүнд Golds gym фитнессийн 3 сарын гишүүнчлэлийн эрхээр шагнасан. Улмаар манай компани Уранбилэг, М.Төмөр нарт тус бүр нь 899,000 төгрөгийн үнэ бүхий гишүүнчлэлийн эрхийг олгосноор манай компанийн хүлээх үүрэг дуусгавар болсон. Энэ талаарх тайлбарыг Протек ХХК-д хүргүүлсэн боловч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

1,843,824 төгрөгтэй дүйцэхүйц бараа өгсөн ч зарагдахгүй байсан учраас Голдс жим фитнесс клуб ажилчиддаа цалинд нь орлуулж өгөх байдлаар дуусгасан байсан. Ингээд талууд хоорондоо тохиролцоод бартераар төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ИҮҮ ХХК-ийн зүгээс Протек ХХК-д холбогдуулаад Голдс жим фитнесс клубт тус бүр 899,000 төгрөгийн үнэтэй 2 гишүүнчлэлийн эрх болох 1,798,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч гэрээний төлбөрийг төлөөгүй гэж үзээд фитнессийн гишүүнчлэлийн эрх гэрээтэй ямар нэгэн байдлаар холбогдоогүй гэж хэлж байгаа учраас фитнессийн үйчилгээ үзүүлсэн хөлсийг П ХХК-с гаргуулах шаардлага гаргаж байна. Хоёр талаас гэрээгээ хаачихсан гэж ойлгож байсан. Гэтэл тохиролцсон тохиролцоогоо үгүйсгэж нэхэмжлэл гаргаж байгаа учраас фитнессийн төлбөрийг шаардаж байгаа. Тухайн үед Протек ХХК-ийн зохион байгуулсан тэмцээнд оролцож ялсан н.Уранбилэг, н.Төмөр гэх хоёр хүнд 2018 оны 10-р сарын 23-ны өдрөөс 3 сарын хугацаатай Голдс жим фитнесс клубээр үйлчлүүлсэн. Гэрээ нь дээр бартераар төлбөрийг үйлдэх талаар тодорхойлсон байдаг.

Тухайн үед гэрээний төлбөрийг бартераар төлж барагдуулсан тухай баримтыг хэн хэн нь үйлдээгүй ч тохиролцсон байсан. Нотлох баримт үйлдээгүй учраас сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Протек компаниас 1,798,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчтай 2 төрлийн гэрээ байгуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/ГБГ/-04/13-#1 дугаартай гэрээт борлуулагчийн гэрээ. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХАГ-17/11/01-#1 дугаартай Хамтран ажиллах гэрээ буюу төлбөрийн нөхцлийг бартераар хийхээр 11,718,300 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Бартерийн нөхцөл нь Голдс жим фитнесс төвөөр жилийн хугацаанд 3 хүн үйлчлүүлэх эрх, фитнесс төвөөр 1 сарын хугацаатай үйлчлүүлэх эрх үнийн дүнд тохируулан Калифорниа ресторанд үйлчлүүлэх эрх, Гүүд прайс супер маркетаар үйлчлүүлэх эрх тус тус багтсан.

Хоёр хүнд тус бүр 899,000 төгрөгийн фитнессийн гишүүнчлэлийн эрхийг өгч гэрээний төлбөрийг барагдуулсан гэж тайлбарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр гишүүнчлэлийн эрх өгч төлбөрийг дуусгасан зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П  ХХК нь хариуцагч ИҮҮ ХХК-д холбогдуулан, гэрээт борлуулагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,843,824 төгрөг гаргуулах, хариуцагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлд бартераар шилжүүлсэн фитнесс клубын гишүүнчлэлийн 2 эрхийн үнэ буюу 1,798,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулагдсан гэх боловч хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/ГБГ/-04/13-#1 тоот гэрээт борлуулагчийн гэрээ нь эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Гэвч хариуцагч ИҮҮ ХХК нь дээр дурьдсан гэрээг байгуулсан, улмаар 1,843,824 төгрөгийн бараа хүлээн авснаа хүлээн зөвшөөрч уг гэрээний дагуу шилжүүлэн авсан барааны үнийн дүнд тооцож фитнесс клубын гишүүнчлэлийн 2 эрхийг нэхэмжлэгчид өгхөөр тохиролцож, үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

Дээр дурьдсан 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 2017/ГБГ/-04/13-#1 дугаартай гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс, гэрээнд дурьдсан нөхцлүүдийг үндэслэл болгох боломжгүй боловч хариуцагч нь 1,843,824 төгрөгийн бараа хүлээн авснаа зөвшөөрсөн тул зохигч талуудын хооронд тодорхой мөнгөн дүн бүхий төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хэлцэл хийгдсэн үйл баримт тогтоогдов.

Өөрөөр хэлбэл, талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж тухайлан зааснаар тайлбарлах боломжтой байна.

Хариуцагч нь гэрээт борлуулагчийн гэрээний дагуу шилжүүлэн авсан барааны үнийн дүнд тооцож фитнесс клубын гишүүнчлэлийн 2 эрхийг нэхэмжлэгчид өгхөөр тохиролцсоны дагуу Мөнхтамга овогтой Төмөр, н.Уранбилэг гэх хүмүүст Golds gym фитнесс клубын гишүүнчлэлийн эрх олгосон Гишүүнчлэлийн гэрээ-г нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн боловч гэрээт борлуулагчийн гэрээний дагуу авсан барааны үнийн дүнд тооцож төлбөр барагдуулахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.

Мөн түүнчлэн, дээр дурьдсан Golds gym фитнесс клубын гишүүнчлэлийн эрх олгосон Гишүүнчлэлийн гэрээ-ний тэмдэглэл хэсэгт /Yamaha-бартер/, /Yamaha total music/ гэж тус тус бичсэн байх боловч хариуцагчийн тайлбарт дурьдаж буй Протек ХХК, Yamaha-аас зохион байгуулсан мотоциклийн уралдааны ялагч нарт фитнесс клубын гишүүнчлэлийн эрх олгосон гэх үндэслэл нотлогдохгүй байна.

Хэргийн орологч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч ИҮҮ ХХК-иас 1,843,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 1,798,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,718 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИҮҮ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 44,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА