Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01587

 

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02378 дугаар шийдвэртэй, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ИХХК-д холбогдох гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг гаргуулах тухай,

“П” ХХК-д холбогдуулан төлбөрт 1,798,000 төгрөг гаргуулах тухай “ИХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “ИХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,720,377 төгрөгийн бараа, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 123,447 төгрөгийн барааг тус тус нийлүүлсэн.

“ИХХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй ба 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлэх тухай албан бичиг явуулахад гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр төлбөр төлөхгүй байнаа нь үндэслэлгүй байна.

Иймд “ИХХК-иас гэрээний үүрэгт 1,843,824 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчтай 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээт борлуулагчийн гэрээ болон 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан.

Хоёр хүнд тус бүр 899,000 төгрөгийн фитнессийн гишүүнчлэлийн эрхийг өгч гэрээний төлбөрийг барагдуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн нотлох баримт хариуцагч гаргаж өгөөгүй. Гишүүнчлэлийн эрх өгч төлбөрийг дуусгасан гэх тайлбар үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Голдс жим фитнесс клубын үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлд дурьдсан гэрээний хариу төлбөрийг бартераар буюу фитнесс төвөөр үйлчлүүлэх гишүүнчлэлийн эрх өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу “П” ХХК нь мотоциклийн уралдааны ялагч 2 хүнийг Голдс жим фитнессийн 3 сарын гишүүнчлэлийн эрхээр шагнасан. Улмаар манай компани н.Уранбилэг, М.Төмөр нарт тус бүр нь 899,000 төгрөгийн үнэ бүхий гишүүнчлэлийн эрхийг олгосноор гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь манай байгууллагаас дээрх гэрээний төлбөрт 1,843,824 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, манай компанийн бартераар төлсөн үүргийг үгүйсгэж байгаа бол манай компаниас бартерт өгсөн фитнесс клубын гишүүнчлэлийн 2 эрхийн төлбөр 1,798,000 төгрөгийг буцаан 1,798,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч “ИХХК-иас 1,843,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 1,798,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,718 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 44,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд н.Уранбилэг, н.Төмөр нар нь “П” ХХК-ийн өмнөөс Голдс жим фитнесс клубийн 3 сарын гишүүнчлэлийн эрх авч, үйлчлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан ба шүүх уг тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгоогүйд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу ижил зарчмаар, тэнцүү үнэлэх ёстой.

 “П” ХХК, “Үлэмж” ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх хамтран ажиллах гэрээг манай компани мэдэхгүй бөгөөд, нэхэмжлэгч энэхүү нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний дагуу "...Бартерийн нөхцөл нь Голдс жим фитнесс төвөөр жилийн хугацаанд 3 хүн үйлчлүүлэх эрх, фитнесс төвөөр 1 сарын хугацаатай үйлчлүүлэх эрх...” олгосон байсан хэмээн маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь “манай компанийн өмнөөс н.Уранбилэг, н.Төмөр гэх 2 хүн Голдс жим фитнесс клубийн эрхийг аваагүй” гэж маргаагүй, харин “Үлэмж” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу “П” ХХК-ийн өмнөөс н.Уранбилэг, н.Төмөр нар фитнесс клубээр үйлчлүүлсэн гэж маргасан.

Анхан шатны шүүх “П” ХХК-аас мотоциклийн уралдааны ялагч нарт фитнесс клубын гишүүнчлэлийн эрх олгосон гэх үндэслэл нотлогдохгүй байна гэх дүгнэлт хийсэн нь буруу юм. Иймд хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “ИХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,843,824 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гишүүнчлэлийн эрхийн төлбөрт 1,798,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

 

“П” ХХК болон “ИХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээт борлуулагчийн гэх нэртэй гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу “П” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,720,377 төгрөгийн, мөн оны 5 дугаар сарын 31-ний өдөр 123,447 төгрөгийн үнэ бүхий барааг “ИХХК-д нийлүүлсэн талаар талууд маргаагүй. Гэрээнд зааснаар “ИХХК барааны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна.

Хариуцагч “ИХХК нь гэрээний үнэ болох нийт 1,843,824 төгрөгийг Голдс жим фитнесс клубийн 3 сарын гишүүнчлэлийн эрхийг 2 хүнд олгосноор үүргийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч уг тайлбарыг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Голдс жим фитнесс төвөөр жилийн хугацаанд 3 хүн үйлчлүүлэх эрхтэй байсан ба 2 хүний гишүүнчлэлийн эрх нь уг гэрээний үүрэгт хамаарна гэж маргадаг

 

Зохигчид 2 гэрээ байгуулсан байх ба 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаж байгаа нөхцөлд шүүх талууд гэрээний дагуу ямар үүрэг хүлээсэн, үүргийг сольсон эсэх талаар тэдгээрийн тайлбарт дурдсан үйл баримтыг тодруулах байжээ.

 

Мөн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол тэдгээрийн харилцан хүлээх үүрэгт маргааны зүйл болсон фитнесс клубын гишүүнчлэлийн эрх хамаарах эсэхийг анхаарч үзээгүй байна.

 

Маргааны асуудлыг тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02378 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,718 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА