Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02855

 

2021 09 27 101/ШШ2021/02855

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ММ ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохирол болох 5,904,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ММ ХХК-ийн жолооч Мижиддорж овогтой Дагвацэрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуур худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвар замд, Хьюндай маркийн 05-48 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний эзэмшлийн Тоёота акуа маркийн 26-85 УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолд Медикамонголиа ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 05-48 УНП дугаартай автомашины жолооч М.Дагвацэрэнг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан ба тогтоолын 6 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч Б.Б нь ослын улмаас учирсан хохирлоо Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш даатгалаас 5,000,000 төгрөг авсан. Машинаа засаад зарчихсан.

Ногоон гэрлээр уулзвар нэвтэрч явж байхад миний баруун талаас нэг машин хурдтай ирж мөргөсөн. Тухайн үед би хүүхэдтэйгээ явж байсан. Хүүхэд маань жолоочийн хажуу талын хойд суудал дээр хүүхдийн зориулалтын суудал, бүс, хамгаалалттай явж байсан. Тээврийн прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Иргэний журмаар хохирлоо барагдуулах хэрэгтэй гэж шийдвэр гарсан. Намайг нэхэмжлэл өгч амжаагүй байхад ММ  ХХК прокурорын дүгнэлтийг эсэргүүцсэн байсан. Намайг Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуул гэсний дагуу миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5,904,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 5,904,000 төгрөгийн зардалд автомашины ачилтын хөлс, автомашины оношилгоо, шүүх эмнэлэг, архиваас авсан баримт зэрэг багтаж байгаа. Тухайн үед би жирэмсэн явж байсан. Ослын дараа ураг маань амьгүй болж эмчилгээ хийлгэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 02 дугаар сард 5,000,000 төгрөг надад ирсэн. Одоо 904,000 төгрөгийн хохирол үлдчихсэн байгаа тул хариуцагч ММ  ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ММ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлд, ММ ХХК-ийн жолооч М.Дагвацэрэн Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан нь тогтоогдсон гэж дурьджээ. М.Дагвацэрэнтэй ажил олгогчийн хувьд 2011 оноос эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээний Эд хөрөнгийн хариуцлага гэх Зургадугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан бол өөрийн биеэр уг хариуцлагыг хүлээнэ гэж заасан.

Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тогтоолын тогтоох хэсэгт шинжээчийн дүгнэлтээр, Түрэн тусламжийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байгаад гэрлэн дохиотой уулзвар руу 07:03:50 секунд орно, хойноосоо урагшаа чиглэлд цагаан өнгийн жижиг суудлын автомашин мөн орно, бичлэгийн 07:03:51 секундэд уулзвар дотор 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөнө. Хойд талын камерын бичлэгт үзлэг хийхэд цагаан өнгийн жижи суудлын автомашин хойноосоо урагшаа чиглэлд гэрлэн дохиотой уулзвар руу ногоон гэрлээр орж 07:03:51 секундэд баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байсан түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж байна. гэж тэмдэглэсэн байна.

Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан Медикамонголиа ХХК-ийн жолооч М.Дагвацэрэнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна.

5,000,000 төгрөгийг Бодь даатгалаар нэхэмжлэгчид гаргуулж өгсөн. 900,000 төгрөгийн ард 5 хүүхэдтэй ядарсан жолоочийн амьдрал яригдаж байгаа. Манай компаниас өмгөөлөгчид өгөх зардал байхгүй тул намайг энэ асуудлыг өөрөө хариуцаад асуудлаа дуусга гэж хэлсэн. Би Эрүүгийн хэрэг эхэлсэн цагаас хойш жолоочтой хамт энэ хэрэг шийдвэрлэгдэх хүртэл явж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд эх хувь биш, хуулбар үнэн гэсэн тамга дарагдсан байгаа. Уг баримтууд 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна. Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болохыг шүүх харгалзаж үзээд 904,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр энэ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар ярилцсан. Өмнөх шүүх хуралдаан дээр уг нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах боломжийг нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгч тал өөрөө энэ нотлох баримтуудыг шаардлага хангахгүй байгааг мэдэж байсан ч хууль зүйн туслалцаа аваад нотлох баримтуудаа нотлох баримтын шаардлага хангуулаад өгөх хугацаа хангалттай байсан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Туул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирол нь бодитой, нотлох баримт нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч ММ ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 5,904,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэл гаргаснаас хойш 5,000,000 төгрөгийн хохирол барагдсан тул 904,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна хэмээн шаардаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч ММ ХХК-ийн жолооч М.Дагвацэрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвар замд Хьюндай старекс маркийн 05-48 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2-т Улаан, хөх, хөх-улаан, ногоон өнгийн тусгай гэрлэн дохио ажиллуулан хойшлуулашгүй албан үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нөхцөлд энэ дүрмийн 7, 8 дугаар бүлэг /зохицуулагчийн дохиотой холбоотой заалтаас бусад/, 10-17, 19, 20 дугаар бүлэг болон 1 ба 2 дугаар хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Тусгай дуут дохиогоо хамт ажиллуулсан тохиолдолд давуу эрхтэй байх бөгөөд давуу эрх эдлэхдээ бусад хөдөлгөөнд оролцогч өөрт нь зам тавьж өгч байгааг мэдсэн байвал зохино. Энэ эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна гэж заасныг зөрчсөнөөс Б.Баярмаа жолоочтой Тоёота акуа маркийн 26-85 УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь зохигчдын тайлбар, 05-48 УНП улсын дугаартай Хьюндай старекс маркийн автомашины техникийн гэрчилгээний хуулбар, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоол зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Тоёота акуа маркийн, 26-85 УБМ улсын дугаартай, арлын NHP102222201 дугаартай автомашины өмчлөгч байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 256 дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаа-аар тогтоогдож байх тул 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан дээрх ослоос үүдэлтэй хохирлыг арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Хариуцагч нь тухайн осолд холбогдсон жолооч Ж.Дагвацэрэнг хамтран хариуцагчаар татан оролцуулах, улмаар уг осолтой холбоотой хохирлыг компани хариуцах үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй этгээдэд холбогдох нэхэмжлэл, түүний үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчийг гагцхүү нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж зааснаар, нэхэмжлэгч Б.Баярмаад зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг хариуцагч Медикамонголиа ХХК хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 5,000,000 төгрөгийн хохирол барагдсан тул үлдэх 904,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан боловч дээрх 5,000,000 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс бус Бодь даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Бодь даатгал ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 904,000 төгрөгийн 450,000 төгрөг нь Ашид билгүүн ХХК-ийн гаргасан автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 26-85УБМ улсын дугаартай Тоёота Акуа маркийн автомашинд учирсан хохирол 5,450,000 төгрөгийн үлдэгдэл, 120,000 төгрөг нь осолд өртсөн 85УБМ улсын дугаартай автомашиныг ачуулсан зардал, 259,000 төгрөг нь Ашид билгүүн ХХК-иар автомашины хохирлын үнэлгээ хийлгэхэд гаргасан зардал, 5,000 төгрөг нь үнэлгээчин дуудсан зардал, 15,000 төгрөг нь Эрүүгийн хэргийн төв архив, Тээврийн прокурорын газрын архиваас үйлчилгээ авч, нотлох баримт хуулбарлан авахад гарсан зардал болох нь хавтаст хэргийн 4-17, 18-22 дугаарт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдов.

Харин, хавтаст хэргийн 18 дугаарт авагдсан баримт нь энэхүү зам тээврийн осолтой холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул автомашины оношлогоо хийлгэхэд гарсан зардал гэх 55,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээр дурьдсан, хэрэгт авагдсан Тээврийн прокурорын газар Хуулбар үнэн гэх баримт нь Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоолд заасантай нийцэхгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж тухайлан зааснаар, дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ММ ХХК-иас 849,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,414 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ММ ХХК-иас 108,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА

з

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР