Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01769

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01769

 

Б.Бгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02855 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бгийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5 904 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн жолооч М.Дагвацэрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Дөлгөөн нуур худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзвар замд, Хьюндай маркийн 05-48 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад миний эзэмшлийн Тоёота акуа маркийн 26-85 УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн 4.2 дахь заалтыг зөрчсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тээврийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай тогтоолд М ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Старекс маркийн 05-48 УНП дугаартай автомашины жолооч М.Дагвацэрэнг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан ба тогтоолын 6 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч Б.Б нь ослын улмаас учирсан хохирлоо шүүхээр нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн. Нэхэмжлэл гаргаснаас хойш даатгалаас 5,000,000 төгрөг авсан. Машинаа засаад зарчихсан. Ногоон гэрлээр уулзвар нэвтэрч явж байхад хурдтай ирж мөргөсөн. Хүүхэд маань жолоочийн хажуу талын хойд суудал дээр хүүхдийн зориулалтын суудал, бүс, хамгаалалттай явж байсан. Шүүхэд 5 904 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 5 904 000 төгрөгийн зардалд автомашины ачилтын хөлс, автомашины оношилгоо, шүүх эмнэлэг, архиваас авсан баримт зэрэг багтаж байгаа. Тухайн үед би жирэмсэн байсан. Ослын дараа ураг маань амьгүй болж эмчилгээ хийлгэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 дугаар сард 5 000 000 төгрөг надад ирсэн. Одоо 904 000 төгрөгийн хохирол үлдчихсэн байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Дагвацэрэнтэй ажил олгогчийн хувьд 2011 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Гэрээний эд хөрөнгийн хариуцлага гэх 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан бол өөрийн биеэр уг хариуцлагыг хүлээнэ гэж заасан.Тээврийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01 тогтоолын тогтоох хэсэгт ...шинжээчийн дүгнэлтээр, түргэн тусламжийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байгаад гэрлэн дохиотой уулзвар руу 07:03:50 секунд орно, хойноосоо урагшаа чиглэлд цагаан өнгийн жижиг суудлын автомашин мөн орно, бичлэгийн 07:03:51 секундэд уулзвар дотор 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөнө. Хойд талын камерын бичлэгт үзлэг хийхэд цагаан өнгийн жижи суудлын автомашин хойноосоо урагшаа чиглэлд гэрлэн дохиотой уулзвар руу ногоон гэрлээр орж 07:03:51 секундэд баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байсан түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж байна гэж тэмдэглэсэн байна. Зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан М.Дагвацэрэнг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна. Мөн 5 000 000 төгрөгийг Бодь даатгалаар нэхэмжлэгчид гаргуулж өгсөн. Үлдэх 900 000 төгрөгийн ард 5 хүүхэдтэй ядарсан жолоочийн амьдрал яригдаж байгаа. Манай компаниас өмгөөлөгчид өгөх зардал байхгүй тул энэ асуудлыг өөрөө хариуцаад асуудлаа дуусга гэж хэлсэн. Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Баримтууд эх хувь биш, хуулбар үнэн гэсэн тамга дарагдсан. Уг баримтууд Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна. Хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл болохыг шүүх харгалзаж үзээд 904 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх шүүх хуралдаан дээр уг нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах боломжийг нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгч тал өөрөө энэ нотлох баримтуудыг шаардлага хангахгүй байгааг мэдэж байсан ч хууль зүйн туслалцаа аваад нотлох баримтуудаа нотлох баримтын шаардлага хангуулаад өгөх хугацаа хангалттай байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Туул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 849 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 414 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас 108 534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэн давж заалдах гомдолдоо:

Нэг. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 4-22 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд Тээврийн прокурорын газар-ын хуулбар үнэн дардастай баримтууд байсан. Эдгээр баримтууд нь Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолд заасантай нийцээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд атал шүүх анхаарч үзээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж, шийдвэр гаргасан.

Улсын 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй

Мөн хэсэгт заасан бичмэл нотлох баримт гэдэгт хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэг, 12-14 дүгээр бүлэгт заасан үндэслэлээр шүүхийн бүрдүүлэх нотлох баримт хамаарна гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг тайлбарлаж хэрэглэхдээ /шийдвэрийн 5 тал/ Төрийн болон төрийн бус, хуулийн этгээд бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна-гэж тухайлан зааснаар дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй байна гэж Улсын дээд шүүхийн 30 дугаар тогтоолоос хуулийг илт өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Улсын дээр шүүхийн 30 дугаар тогтоолд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь зөвхөн мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтанд хамаарахаар зохицуулсан төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчид хамаарахгүй гэж тодорхой заасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.

Хоёр: Түүнчлэн анхан шатны шүүх 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дээрх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу Автотээврийн үндэсний төв-өөс Тоёота акуа" маркийн 26-85 УБМ улсын дугаартай автомашины өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг гаргуулах буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай 101/ШТ2021/00204 дугаартай тогтоол гаргасан.

Шүүх тогтоолын үндэслэлээ тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй учир энэ талаарх баримтыг гаргуулах шаардлагатай гэж тайлбарласан атлаа, тогтоолдоо үндэслэлээ тодорхой дурдаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй тогтоол гаргаж байсан.Нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж, нэхэмжлэгч талд илт давуу байдал олгосон. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөхөөр нотлох үүргийг хуваарилж, хуульчлагдсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болохоос энэ нь шүүхийн үүрэг биш юм. Шүүх нэхэмжлэгчийн өөрөө олж авах бүрэн боломжтой баримтыг /тухайн автомашины өмчлөгч байсан учир өөрөө Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа авахаар шүүх хуралдааныг хойшлуулж, тогтоол гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.Нэхэмжлэгчийн үүргийг өмнөөс нь хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 7 сарын өнгөрсөн боловч энэ хугацаанд мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах,

нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт бүрдүүлэх, хуулийн шаардлага хангуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх хангалттай хугацаа байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй атал шүүх талуудын тэгш эрхийн зарчмыг хангалгүй түүнд илт давуу байдал олгосонд гомдолтой. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т заасныг шүүх анхаараагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 5 904 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж биелүүлсэн, 904 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ. /хх/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 5 450 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 5 000 000 төгрөгийг хариуцагч төлж биелүүлсэн тул 450 000 төгрөгийн хохирол үлдсэн, ачилтын төлбөр 120 000 төгрөг, авто оношилгоо 55 000 төгрөг, үнэлгээний хөлс 259 000 төгрөг, дуудлагын хөлс 5 000 төгрөг, Тээврийн Прокурорын газраас архивын лавлагаа авахад гарсан хураамж 15 000 төгрөг, нийт 904 000 төгрөг гэж тодорхойлжээ.

 

М ХХК-ийн жолооч М.Дагвацэрэн нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай маркийн 05-48 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота акуа маркийн 26-85 УБМ улсын дугаартай автомашиныг мөргөж, хохирол учруулсан үйл баримтын тухайд болон осолд М.Дагвацэрэнгийн буруутай үйлдлийн талаар талууд маргаангүй.

 

Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Тоёота акуа маркийн, 26-85 УБМ улсын дугаартай, арлын NHP102222201 дугаартай автомашины өмчлөгч байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 256 дугаартай Тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон. /хх81-82/

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 55 000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Анхан шатны шүүхээс хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээр бусдад гэм хорын хохирол учруулсан ажилтны ажил олгогчийн хүлээх хариуцлага гэж үзэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн хэсэг болох 450 000 төгрөг, осолд орсон машины ачилтын төлбөр 120 000 төгрөг, авто оношилгооны төлбөр 55 000 төгрөг, үнэлгээний хөлс 259 000 төгрөг, дуудлагын хөлс 5 000 төгрөг, Тээврийн Прокурорын газраас архивын лавлагаа авахад гарсан хураамж 15 000 төгрөг нийт 904 000 төгрөгийг зөвшөөрөхгүй,нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд Тээврийн Прокурорын газрын хуулбар үнэн дардастай/хх4-22/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. Тээврийн Прокурорын газрын хэрэг нь Эрүүгийн хэргийн төв архивд хадгалагдаж байгаа нөхцөлд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний баримт, осолд орсон машины ачилтын төлбөрийн баримт, үнэлгээний хөлс авсан тухай тасалбар, дуудлагын хөлсний баримт зэрэгт тухайн байгууллага өөрийн архивын хуулбар үнэн тэмдэг дарсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасан. Бүртгэлийн, архивын байгууллагуудын хуулбар үнэн тэмдэг нь лавлагааны ач холбогдолтойгоос гадна осол гарсан, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан, үнэлгээ хийлгэсэн үйл баримтыг талуудын тайлбарын хамт давхар нотолжээ. Түүнчлэн, Тээврийн Прокурорын газраас архивын лавлагаа авахад төлсөн хураамж 15 000 төгрөгт холбогдох баримт эх хувиар авагджээ./хх 19/

 

Иймд анхан шатны шүүхээс М ХХК-аас 849 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь анхан шатны шүүх өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу автомашины өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсэн талаар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурджээ.

 

Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх, хэргийн үйл баримтыг тогтоох чиг үүрэгтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхтэй. Дээрх нотлох баримтыг шаардсан ажиллагаа нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох чиг үүрэгт нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД