Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01724

 

                        

 

 

 

            

 

 

 2021          06           08                                       101/ШШ2021/01724

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт оршин суух, РД:, Ц овогт Ё-ийн М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Ж-ийн Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 58.387.712 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Ё.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.М нь Ж.Этэй 2018-08-23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 2019-01-23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. 2019-07-22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2020-08-23-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч Ж.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047040 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2021-01-29-ний өдрийн байдлаар үндсэн зээл 30.910.444 төгрөг, зээлийн хүү 12.022.046 төгрөг, алданги 15.455.222 төгрөг, нийт 58.387.712 төгрөгийг Ж.Э-ээс гаргуулж, улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0000 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Анхны гэрээг 5 сарын хугацаатай байгуулж, хариуцагч уг гэрээний дагуу эхний удаа 11.183.035 төгрөг, дараагийн удаа 9.689.083 төлсөн төлөлт дээр талууд маргаагүй. Дансны хуулга, зээлийн тооцооллоос харахад нийт үндсэн зээлд 19.089.556 төгрөг, хүү 15.541.582 төгрөг, нийт 34.631.138 төгрөгийн зээл төлсөн. Хавтаст хэргийн 6 дах талд байгаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 281 дүгээр зүйл, 286 дугаар зүйлийг удирдлага болгоод нийт үлдэгдэл 30.920.000 төгрөг гэдэгт талууд маргаагүй. Зээл, хүүг сар бүрийн 23-ны өдөр төлж байхаар нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар 0.5 хувийн алданги тооцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц шаардах эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагч олдохгүй шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж хариуцагчийн хаягийг тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алдангийн тухайд төлбөрийн чадваргүй талаар тайлбарлаж байгаа ч нотлох баримт байхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 50.000.000 төгрөг авсанд маргахгүй. 30.000.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл байгааг буруу тооцоолсон гэж үзэж байна. Анх 5 сарын хугацаатай 50 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Сарын 3.5 хувиар нэг сарын хүү 1.750.000 төгрөг болно. Нийт 5 сарын хүү 8.750.000 төгрөгийг хүү төлөх байгаа. Ж.Э нь 2018-09-23-ны өдрөөс 2019-09-20-ны өдөр хүртэл 34.099.166 төгрөгийг төлсөн. Нэмэлт гэрээг 2019-07-23-ны өдрөөс 2020-08-23-ны өдөр хүртэл 13 сарын хугацаатай байгуулсан байдаг. Үндсэн гэрээ дууссан өдрөөс нэмэлт гэрээ байгуулах хугацааны хооронд хүү тооцохгүй. Үндсэн гэрээний хугацаа 2019-01-23-ны өдөр дуусаад зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад хүү тооцох үндэслэлгүй. Гэрээний хугацаан дахь хүүг төлөх боломжтой гэж үзэж байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 27.735.110 төгрөгийг зөвшөөрч байгаа. Хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн мөнгийг Насаа гэдэг дүү нь авч ашиглаад буцаан төлж байгаа. Хөгжлийн банктай холбоотой асуудал шүүхэд байгаа учир мөнгийг төлөх боломжгүй болсон. Зээлийн гэрээ байгуулаагүй хугацаанд хүү тооцсон. Нэмэлт гэрээнд хүү нөхөж тооцохоор заасан хэдий ч хуульд нийцээгүй үйлдэл байна. Үндсэн зээлээс 50 хувийг төлсөн. Алдангийн тухайд гэрээгээр тохирсон ч үндсэн зээл болон хүүг төлж чадаагүй хүнээс алданги нэхэмжилж төлбөрийн дарамт үүсгэж байгаа тул хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.910.444 төгрөг, зээлийн хүү 12.022.046 төгрөг, алданги 15.455.222 төгрөг, нийт 58.387.712 төгрөг гаргуулах, Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрөөс 27.735.110 төгрөгийг зөвшөөрч, хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.  

Ё.М нь Ж.Э-тэй 2018-08-23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээл, хүүг тогтоосон хугацаанд төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2018-08-23-ны өдрийн барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулжээ.  

2019-07-22-ны өдөр сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох, 2020-08-23-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаатай сунгахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ.

Зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүсч, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т зааснаар зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Ё.М нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй байна.

 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаанд үндсэн зээлд 19.089.556 төгрөг, хүү 15.541.582 төгрөг, нийт 34.631.138 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна, үүн дээр маргаагүй.

Талууд 2019-07-22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 6 дахь хэсэгт зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Хариуцагч Ж.Э зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үеэс нэхэмжлэгч тал шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан, оршин суух хаяг тодорхойгүй болсон учир шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж, тус шүүхийн 2020-07-20-ны өдрийн 2567 шийдвэрээр Ё.М-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2021-02-05-ны өдөр Ж.Э-ийн оршин суух хаягийг олж тогтоожээ. /хх-ийн 44-45 тал/

Хариуцагч хүү, алдангийг төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй, нотлогдоогүй.

Хариуцагч Ж.Э-ээс хүүнд төлсөн тооцооллыг гаргахад 315.419 төгрөгийг илүү төлсөн байх тул 12.022.046 төгрөгнөөс хасч зээлийн хүүнд 11.706.627 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Мөн нөгөөтэйгүүр хариуцагч зээлийг өөрөө аваагүй гэж тайлбарлаж байгаа нь зээл болон түүний хүү, алдангийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Ж.Э-ээс үндсэн зээл 30.910.444 төгрөг, зээлийн хүү 11.706.627 төгрөг, алданги 15.455.222 төгрөг, нийт 58.072.293 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 315.419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг учир хариуцагч нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй тул барьцаа хөрөнгө Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангах.

Иймд хариуцагч Ж.Э-ээс 2018 оны 08 дугаар сарын 23ы өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, 2019-07-22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт нийт 58.072.293 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.М-т олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ё.М-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 520.100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Э-ээс 518.511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-ээс 58.072.293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгож, нэхэмжлэлээс 315.419 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 520.100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Э-ээс 518.511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА