Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01220

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01724 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.М-ийн хариуцагч Ж.Э-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 58,387,712 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 08 сарын 23-ны өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулан нэхэмжлэгч нь хариуцагчид 50,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2019 оны 07 сарын 22-ны өдөр зээлийн үлдэгдлийг төлөх хугацааг 2020 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулах тухай “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204012859 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000047040 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Дансны хуулга, зээлийн тооцооллоос харахад хариуцагч нь үндсэн зээлд 19,089,556 төгрөг, хүүд 15,541,582 төгрөг, нийт 34,631,138 төгрөг төлсөн. Хэргийн 6 дах талд авагдсан “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-нд Иргэний хуулийн 189, 281, 286 дугаар зүйлийг удирдлага болгоод нийт үлдэгдэл 30,920,000 төгрөг байгаа талаар талууд маргаагүй. Уг гэрээнд зааснаар зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 23-ны өдөр төлөх,  ийнхүү төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусмагц шаардах эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагч олдохгүй шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилснаар хариуцагчийн хаягийг тогтоосон. Алдангийн тухайд төлбөрийн чадваргүй талаар тайлбарлаж байгаа ч нотлох баримт байхгүй байна.

Зээлдэгч нь 2021 оны 01 сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн 30,910,444 төгрөг, зээлийн хүүгийн 12,022,046 төгрөг, алдангийн 15,455,222 төгрөг, нийт 58,387,712 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй байх тул хариуцагч Ж.Э-ээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Зээл болон барьцааны гэрээ байгуулж 50,000,000 төгрөг авсанд маргахгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг байгааг буруу тооцоолсон гэж үзэж байна. 50,000,000 төгрөгийн 1 сарын 3,5 хувийн хүү 1,750,000 төгрөг ба нийт 5 сарын хүү 8,750,000 төгрөг болно. Ж.Э- нь 2018 оны 09 сарын 23-ны өдрөөс 2019 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл 34,099,166 төгрөг төлсөн. Нэмэлт гэрээг 2019 оны 07 сарын 23-ны өдрөөс 2020 оны 08 сарын 23-ны өдөр хүртэл 13 сарын хугацаатай байгуулсан байдаг. Үндсэн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 23-ны өдөр дууссан, нэмэлт зээлийн гэрээ 2019 оны 07 сарын 23-ны өдөр байгуулагдсан тул гэрээг бичгээр байгуулаагүй хугацаанд хүү тооцох үндэслэлгүй. Нэмэлт гэрээнд хүү нөхөж тооцохоор заасан нь хуульд нийцээгүй. “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-тай холбоотой асуудал шүүхээр хянагдаж байгаа тул мөнгийг төлөх боломжгүй болсон. Алдангийн тухайд гэрээгээр тохирсон ч үндсэн зээл болон хүүг төлж чадаагүй байхад алданги нэхэмжилж төлбөрийн дарамт үүсгэж байгаа тул хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үндсэн зээлийн үлдэгдэл 27,735,110 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-ээс 58.072.293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгож, нэхэмжлэлээс 315.419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6-р хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байрны 09 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012859 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 520.100 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Э-ээс 518.511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн 58,072,293 төгрөгийн тооцооллыг хэрхэн, яаж гаргасан талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй. 2018 оны 08 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 23-ны өдөр дуусгавар болсон, 2019 оны 07 сарын 22-ны өдөр 30,910,444 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй 2020 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатай гэрээг дахин байгуулсан. 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл гэрээ байгуулаагүй 6 сарын хугацааны 6,491,193 төгрөг /1 сарын хүү 1,081,866 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд гэрээ байгуулаагүй хугацааны хүү болох 6,491,193 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

Нэхэмжлэгч Ё.М- нь хариуцагч Ж.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58,387,712 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг буюу зээлийн гэрээний үүргээс 27,735,110 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 168/

 

Хэргийн 4, 6 дахь талд авагдсан зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, Ё.М- нь Ж.Э-т 2018 оны 08 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, Ж.Э- нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх, улмаар 2019 оны 07 сарын 22-ны өдөр уг зээлийн гэрээний үлдэгдэл 30,920,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хүү, алдангийн тохиролцоо дээрхтэй ижил нөхцлөөр19 сарын хугацаагаар сунгах, сар бүрийн 23-ны өдрийн дотор зээлийн хүү 1,081,850 төгрөгийг төлөх нөхцлүүдийг тус тус харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 23 дугаар байрны 9 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204012859 дугаарт бүртгэлтэй, 58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 8/, тус банк дахь Ё.М-ийн эзэмшлийн 5076397412 тоот дансны хуулга /хх 104-116/ зэргийг харьцуулан үзвэл, талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгө 50,000,000 төгрөгийг шилжүүлсэнд болон хариуцагч нь эргэн төлөлтөд нийт 34,099,162 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй гэж үзэхээр байна.

 

Харин 2019 оны 07 сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-нд тусгагдсан 2018 оны 08 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдлийн хэмжээ хуульд нийцсэн эсэх уг гэрээний хугацаа дууссан 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хүү тооцогдох эсэхэд маргаж, хариуцагчийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг зөв тодорхойлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх дараалалтай холбоотой маргааны зүйлд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглээгүй байна. Энэ талаар зохигчдын хэн алины зүгээс давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, зээлдэгч Ж.Э-ийн 2018 оны 08 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК дахь Ё.М-ийн эзэмшлийн 5076397412 тоот дансны хуулгаас үзвэл, Ж.Э- нь 2018 оны 08 сарын 23-ны өдрийн гэрээний хугацаанд нийт 25,608,865 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 2019 оны 01 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 161 хоногийн хүүгийн төлбөрт 6,565,768.8 төгрөг, үндсэн зээлээс 19,043,096.2 төгрөг төлөгдөж /хх 104-108/, үндсэн зээлийн 30,956,903.8 төгрөг, хүүгийн 298,611 төгрөг, нийт 31,255,514.8 төгрөгийн үлдэгдэл төлөх үүрэг үүссэн байна. Зээлдэгч нь 2018 оны 08 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр төлсөн нийт 5,770,297 төгрөгийг /хх 109-114/ дээрх хуулийн зохицуулалт ёсоор үндсэн зээлийн төлбөр, хүүгийн үлдэгдэл 31,255,514.8 төгрөгөөс хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 25,485,217.8 төгрөг байх тул 2019 оны 07 сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний 2-т зээлийн үлдэгдэл 30,920,000 төгрөг гэж дурдсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Иймд дээрх зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,485,217.8 төгрөгөөс 2019 оны 07 сарын 22-ны өдрийн гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг гэрээний нөхцөл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу тооцоход, зээлдэгчээс 2019 оны 07 сарын 30-ны өдөр төлсөн 550,000 төгрөгөөс /хх 115/ 8 хоногийн хүүгийн төлбөрт 237,862.03 төгрөгийг, үлдэгдэл 312,137.97 төгрөгийг үндсэн зээлээс хасч, 2019 оны 09 сарын 20-ны өдөр төлсөн 2,170,000 төгрөгөөс /хх 116/ 51 хоногийн хүүгийн төлбөр 1,497,798.25 төгрөгийг тооцож, үлдэгдэл 672,201.75 төгрөгийг үндсэн зээлээс хасахад 24,500,878.08 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр байна. Уг үндсэн зээлийн үлдэгдэл 24,500,878.08 төгрөг, 2019 оны 09 сарын 21-ний өдрөөс нэмэлт гэрээний хугацаа дуусгавар болох 2020 оны 08 сарын 23-ны өдөр хүртэлх нийт 337 хоногт тооцогдох хүүгийн төлбөр 9,632,928.57 төгрөг, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ заасан алданги 15,455,222 төгрөг, нийт 49,589,028.65 төгрөгийг хариуцагч Ж.Э- нь нэхэмжлэгч Ё.М-т төлөх үүргийг хүлээхээр байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. Хариуцагч талын “анхан шатны шүүх зээлийн тооцоолол хийгээгүй, бичгээр гэрээ байгуулаагүй хугацаанд хүү тооцсон” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг шүүхийн шийдвэрт үнийн дүнд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хангагдсан гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01724 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Э-ээс 49,589,029 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.М-т олгож, үлдэх 8,798,683 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...518.511 төгрөг...” гэснийг “...405,895 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 08-ны өдөр төлсөн 118,809 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР