Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01745

 

 

 

 

 

 

 

 

2021           06          08                                        101/ШШ2021/01745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Хан Уул дүүрэг, 0 дугаар хороо, байр, РД:, Д АХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоот,  РД:, К АХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь хариуцагч К А ХХК-тай 2019-09-17-ны өдөр 574 дугаар 24.000.000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хариуцагчаар брэндийн “3D animation” зар сурталчилгааг буюу рекламыг “HD” форматаар 2020-01-31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцон урьдчилгаа төлбөрт 9.600.000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Талууд мөн 2020-06-29-ний өдөр 662 дугаар 4.400.000 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг дахин байгуулан хариуцагчаар “брэндийн 3D jingle” зар сурталчилгааг буюу рекламыг “HD форматаар” 2020-07-20-ны өдрийн дотор хийлгэхээр тохиролцон урьдчилгаа төлбөрт 2.200.000 төгрөгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч К А ХХК нь дээрх 2 гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Д А ХХК-ийн зүгээс талуудын байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1-т “гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхгүй эсхүл нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхгүй нь тодорхой болсон бол захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлах”-аар, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 2 дахь хэсэгт “гүйцэтгэгч нь ажлыг хулээлгэж өгөх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.2.1-т тус тус заасны дагуу талуудын байгуулсан 574 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 9.600.000 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 12.000.000 төгрөг, талуудын байгуулсан К  662 дугаар гэрээний хүрээнд урьдчилгаанд шилжүүлсэн 2.200.000 төгрөг, гэрээний дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуульд 2.200.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөгийг хариуцагч К А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч К АХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний зүгээс нэхэмжлэгч талтай реклам, видео, шторк хийц хийх ажил гүйцэтгэх тухай 2 гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус шүүхээр гэрээг цуцлуулах агуулга бүхий шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлгүйгээр гэрээний урьдчилгаа төлбөр болон торгууль шаардсан гэж үзэж байна. Учир нь манай компаний зүгээс гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хийж гүйцэтгэсэн ба ажлын явцад бидний хийсэн ажил таалагдахгүй гэж хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж, харилцан ярилцаж байсан ба сүүлдээ манай хийсэн ажил таалагдахгүй байна гэх үндэслэлээр гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй. Хэдий бидний зүгээс зардал, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч компанид таалагдаагүй үндэслэлээр ажлыг маань аваагүй ч манай компаний зүгээс нэхэмжлэгч компаний шаардсаны дагуу урьдчилгаа хөлсийг буцаан өгөх тухай асуудал дээр харилцан тохиролцоо хийхээр ярилцаж байсан ба дэлхий нийтийг хамарсан “Covid 19” цар тахлын улмаас хугацаа хойшилж, хөл хорио тогтоосны  улмаас ажил зогссон зэргээс уулзалт хийж чадаагүй байх хугацаанд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бидний зүгээс гэрээний дагуу юу ч хийгээгүй, бидэнд нэмэлт хугацаа тогтоосон мэт агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг хараад гайхаж байна. Учир нь гэрээний дагуу ажлыг бидний зүгээс хүч хөдөлмөр, цаг хугацаа, зардал хөрөнгө гаргаж хийсэн ба нэхэмжлэгч тал хүлээн авахаас л татгалзсан зүйл болсон. Харин ч бидний зүгээс үлдэгдэл хөлсөө шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл гэрээний дагуу торгууль гэж, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа хөлснөөс ч илүү торгуулийг гаргуулахаар шаардсаныг үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засаг, ажлын байрны нөхцөл хэр байгаа мөн бидний зүгээс ажил үйлчилгээгээ үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү. Мөн одоо ч гэсэн энэхүү гэрээний дагуу хийсэн ажлаа нэхэмжлэгчид өгөхөд бэлэн ба энэхүү бидний хийсэн ажлыг ашиглах бүрэн боломжтой ба энэхүү ажлын ноу хау дээр үндэслэж илүү хямд үнээр бусад байгууллагаас үйлчилгээ нэмж авах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д А ХХК нь хариуцагч К А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч К А ХХК нь хүч хөдөлмөр, зардал, цаг хугацаагаа зарцуулж ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч компанид таалагдаагүй үндэслэлээр ажлыг маань хүлээн аваагүй тул үндэслэлгүйгээр гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс ч их торгууль шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Зохигчдын хооронд 2019-09-17-ны өдөр К  574 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч тал “К  брэндийн 3D animation” зар сурталчилгааг “HD” өндөр түвшиний нягтралшилтайгаар  форматаар” 2020-01-31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь 24.000.000 төгрөг төлөх, мөн 2020-06-29-ний өдөр “К  662” дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал “К  брэндийн 3D jingle” зар сурталчилгааг өндөр түвшиний нягтралшилтайгаар 2020-07-20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь 4.400.000 төгрөг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьчилгаа төлбөрийг 2019-10-01-ий өдөр 9.600.000 төгрөг, 2020-07-22-ны өдөр 2.200.000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн гэдэг дээр зохигч маргаагүй, энэ баримтаар нотлогдож байна. /хх-ийн 7-8 тал/

Хариуцагч К А ХХК нь гэрээнд заасан шаардлагыг хангасан зар сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгээгүй, хэд хэдэн удаа засварласан гэдэг дээр маргаагүй. Гэхдээ гэрээний талууд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг дүгнээгүй. Нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажил шаардлага хангахгүй байсан, хариуцагч ажлыг хийж өгсөн боловч аваагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ зохигч хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч К А ХХК нь 2019-09-17-ны өдөр К  574 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2020-06-29-ний өдөр “К  662” дугаар ажил гүйцэтгэх гэрээнд заасан шаардлага хангасан ажил хийж гүйцэтгэсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 11.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  торгууль ногдуулах ямар нөхцөл байдалзөв үүссэн нь нотлогдохгүй байх тул 14.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

Нэхэмжлэгч Д А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 287.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К А ХХК-иас 203.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К А ХК-иас 11.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К А ХХК-иас 203.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д А ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА