Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00484

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00484

 

 

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00139 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч “Д.М” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг болон газар эзэмших эрхийг тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

1. Нэхэмжлэгч “С” ХХК-ий нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс /16030/, Баруун үйлдвэрийн гудамж, 28/1 тоот хаягт орших 24 м.кв бетон зуурмаг үзель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу 180,000,000 төгрөгөөр “Зарубежстрой” ХХК-аас нэхэмжлэгч “С” ХХК худалдан авснаар өмчлөх эрх анх үүссэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4493 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад төлбөр авагч “Централ Эйшиан Цемент” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10666 дугаар захирамжаар төлбөр төлөгч “С” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байсан. Тухайн үед “С” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байсан учраас банк зээл олгохгүй байсан тул “Д.М” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаалж банкнаас зээл авч “С” ХХК-д өгөх зорилгоор тохиролцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар эзэмших эрхийг “Д.М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх шаардлага гарсан юм. Энэ шаардлагын дагуу “С” ХХК, “Д.М” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4493 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр авагч “Централ Эйшиан Цемент” ХХК, төлбөр төлөгч “С” ХХК, батлан даагч “Д.М” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийн батлан даалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “Д.М” ХХК нь “С” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалан зээл авах шаардлагатай байх тул төлбөр авагч нь “С” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тохиролцсон. Ингэж энэ үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлөгдсөн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн батлан даалтын гэрээний дагуу битүүмжлэлээс чөлөөлүүлж газрын хамт банкинд барьцаалан зээл авах үндсэн зорилготойгоор “С” ХХК, “Д.М” ХХК-ий хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. Гэтэл “Д.М” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалж зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл манай компанийн хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байна. “С” ХХК-ийн хувьд “Д.М” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бодитоор бэлэглэх хүсэл зориггүй байсан нь төлбөрийн батлан даалтын гэрээнээс тодорхой харагдана. Бидний байгуулсан бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор “Д.М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй, мөн газрын тухайд манай компани 2010 оноос хойш одоог хүртэл дээрх газарт үйлдвэрлэлийн зориулалтай үйл ажиллагаа явуулсаар байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. “С” ХХК, “Д.М” ХХК-ий хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул бодит байдал дээр хэрэгжээгүй, “Д.М” ХХК-ийн нэр дээр банкнаас зээл авах зорилгоор өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлснээс бодитоор үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэх, газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэх хүсэл эрмэлзэл байгаагүй, одоог хүртэл манай компанийн эзэмшил, ашиглалтад байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “С” ХХК, “Д.М” ХХК-ий хооронд 2014 оны 10 дугаар 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “С” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, үйлдвэрлэлийн зориулалттай 2657 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг “С” ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2014 оноос хойш 2021 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүртэлх 7 жилийн хугацаанд Д.М ХХК болон түүнд хамаарах дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгө нь 10 хүнд дамжигдан хуулийн хүрээнд хүчин төгөлдөр эрхийн үндсэн дээр шилжсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулснаас хойш бүтэн 7 жилийн хугацаанд хэн гэдэг захиралд хэрхэн хандаж хүсэлт өгч байсан нь тодорхойгүй, 2014 онд байсан Д.Баатарзориг захирлын үед эрх зөрчигдөж байгаагаа нэхэмжлэгч мэдсэн байж тэр үедээ гомдол гаргаж болох байсан хэдий ч гомдол гаргаагүй байна. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэх ямар ч боломжгүй, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захирал болсон Ж.Арслан ч мэдээгүй болно. С ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Д.М ХХК өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй болно. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээрх ул хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн батлан даалтын гэрээний дагуу битүүмжлэлээс чөлөөлүүлж, газрын хамт банкинд барьцаалж зээл авах үндсэн зорилготойгоор С ХХК, Дөлгөөнмoнa ХХК-ий хооронд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан. Гэтэл Д.М ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг барьцаалж зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй төдийгүй өнөөдрийг хүртэл манай компанийн хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгөхгүй байна гэсэн үндэслэлээс үзэхэд 2014 онд зээл авч өгөх дээрх тохиролцоондоо хүрээгүй үеэс эхлэн эрх нь зөрчигдсөн тухай мэдэх боломжтой байсан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж зохицуулсан тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэгэнт маргаан бүхий эд хөрөнгүүд өөр этгээдийн өмчлөлд буюу Д.М ХХК-ийн өмчлөлд шилжиж, компани 9 хүний өмчлөлөөс хуулийн дагуу дамжиж шилжсэн байна. Дээрх байдлаар маргаан бүхий эд хөрөнгийн сүүлийн өмчлөгч нь хуулийн дагуу Ж.Арслан болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бэлэглэлийн гэрээг 1 жил өнгөрсөн бол хүчин төгөлдөр бусд тооцож болохгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Д.М” ХХК-д холбогдох 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16030/ Баруун үйлдвэрийн гудамж, 28/1 тоот хаягт байрлах, 24 м.кв талбайтай, бетон зуурмагийн узель зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Дунд гол гудамж, үйлдвэрлэлийн зориулалттай 2657 м.кв газрын эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,825,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцдаа нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэд шүүх хуралдааны товыг хавсаргасан. Гэтэл шүүх өмгөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийн хавсралтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж буцаан нэхэмжлэгч талд өгсөн. Энэ нь хэргийн оролцогчоос өгсөн бичгийн баримтыг шүүгчийн захирамжгүйгээр нотлох баримтаас хассан гэж үзэхээр байна.

4б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг нь гэрчээр Б.Мэндсайхан, Б.Батболд нарыг асуулгах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх гэрч Б.Мэндсайхан, Б.Батболд нарыг дуудан ирүүлэх ажиллагааг хийгээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс огт мэдэгдээгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэрч нарын ирцийг бүртгээгүй. Шүүхийн шийдвэрт ч гэрч Б.Батболдыг оролцсон болохыг дурдаагүй байдаг. Хуульд зааснаар гэрчийг дуудан ирүүлэх эрх хэмжээ шүүхэд олгогдсон болохоос нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг биш юм. Гэтэл эсрэг ашиг сонирхолтой гэрч Б.Мэндсайхан нь шүүх хуралдаанд ирээгүйд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг буруутгаж, гэрч Б.Мэндсайханыг асуулгах хүсэлтээ дэмжиж байгаагаа шүүхэд дахин дахин илэрхийлж байхад Б.Мэндсайханыг шүүх хуралдаанд дагуулан ирээгүй нь хүсэлтээсээ татгалзаж байгаа гэсэн үг гэж тулган шаардаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Б.Мэндсайханыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хамгийн чухал үйл баримт болох бэлэглэлийн гэрээг байгуулсан зорилгыг тодорхойлох ач холбогдолтой юм. Б.Мэндсайхан нь хариуцагч “Д.М” ХХК-ий захирал Баатарзоригийг дагуулан ирж анх танилцуулж, бэлэглэлийн гэрээг байгуулахад байлцсан. Гэрчээр Б.Мэндсайханг асуухаар шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул гэрч Б.Мэндсайханг асуулгах ажиллагааг гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү.

4в. Шүүгчийн дээрх хууль бус үйлдэлтэй нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Ерөнхий шүүгчийн шийдвэрлэх асуудлыг шүүгч Д.Ганболд эрх хэмжээгээ хэтрүүлэн татгалзлыг хүлээн авахгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 

4г. Шүүх хуралдааны явцад гар утсан дээрх хэргийн материалын зургийг тулган харж байхад дэг сахиулагч дуудан гар утсыг хураалгасан. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааны үед таблет, лаптоп хоёрыг ашиглаж байхад шүүхээс дээрх арга хэмжээг аваагүй юм. Шүүхээс гаргаж буй энэхүү хууль бус үйлдэлд гомдолтой байгаа тул шүүх хуралдааны бичлэг хийгдэж байгаа эсэхийг лавлаж асуухад мэдээлэл технологийн мэргэжилтэн шүүх хуралдааны заланд орж ирээд дуу дүрсний бичлэг хийгдэж байна гэдгийг батлан хэлээд гарсан байдаг. Шүүх хуралдааны дараа дуу дүрсний бичлэгийг гаргуулахаар тус шүүхийн тамгын газарт хүсэлт гаргахад 09:03 цагаас хойш 40 минутын бичлэгийг санаатайгаар устгасан байсан болохыг дурдъя.

4д. Шүүх шийдвэрээ гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх байр сууринаас үнэлж дүгнэж бичсэн нь хуульд заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл маш ойлгомжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан болон давж заалдах шатны шүүх хурлыг дэгийн дагуу явагддаг. Хавтаст хэргийн 39 дүгээр талын хамгийн доод талын 2 догол мөр дээр “та гэрчээ дагуулж ирж болдоггүй юм уу гэхэд, болно” гэсэн. Тэгэхлээр шүүгч гэрчүүдийг шүүх хуралдаанд дагуулж ирэх боломжтой гэж ойлголоо зөв үү гэхэд, “зөв” гэсэн тэмдэглэл байгаа. Шүүх хуралдаан дээр процесс зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Гэрчээ өөрөө дагуулж ирэх үүрэгтэй байтал өөрөө дагуулж ирээгүй учир зөрчил гэж үзэхгүй. Үүнтэй холбоотойгоор шүүгч процессын хуулийн дагуу дэг асуусан, дэгийн дагуу татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг асуусан. Тухайн үедээ татгалзан гаргах үндэслэл байхгүй гэсэн. Үүний дараа хүсэлттэй холбоотой хүсэлтийг хангаагүйн төлөө шүүгчийг татгалзах үндэслэл  байхгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй, үнэн зөв гарсан гэж үзэж байгаа.   Нэхэмжлэгч тал бэлэглэлийн гэрээ болон энэ эрх шилжүүлэх гэрээнүүдийг бүгдийг нь хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан үндэслэл нь барьцаанд тавьж зээл авах зорилготой байсан, бэлэглэх, чин хүсэл зорилго агуулаагүй гэж үзэж байгаа. Бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээтэй холбоотойгоор 2014 онд шилжсэн. Үүний дагуу “Д.М” ХХК-ийн нэр дээр захирамж гарсан бөгөөд 2018 онд Нийслэлийн засаг даргын захирамжийг шинэчилж авсан. Үүнээс хойш есөн хүн “Д.М” ХХК-ийн захирлын ажлын албыг хашиж байна. Тухайн үед ямар нэгэн байдлаар манай компанийн эзэмшлийн юм, энэ хуурамч юм гэж гомдол гаргаж байсан баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

2. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “Д.М” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг хариуцагч “Д.М” ХХК-аас нэхэмжлэгч “С” ХХК-д шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Анхцэцэг нь Б.Мэндсайхан, Б.Батболд нараас гэрчийн мэдүүлэх авахуулах тухай хүсэлт гаргасныг /х-2, х-33/ шүүх хангаж шийдвэрлэсэн байна. /х-2, х 41-44/ Шүүх гэрч Б.Мэндсайханыг дуудан ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүйгээс шүүх хуралдаанд ирээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. /х-2, х-45/ Маргаан бүхий гэрээнүүдийг ямар зорилгоор байгуулсныг буюу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Б.Мэндсайханаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хүлээн авсан атлаа энэ ажиллагааг явуулаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил болсон гэх агуулгаар гомдсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Тодруулбал, “... гэрчийг нэхэмжлэгч тал дагуулж ирэх талаар мэдэгдсэн, ... 1 гэрч ирээгүй гэх тайлбар нь уг гэрчийг асуулгах хүсэлтээ дэмжээгүй гэж ойлгогдоно” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,825,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                                      

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН