Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/01853

 

 

 

 

 

 

 

 

2021           06          16                                        101/ШШ2021/01853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, РД:, В ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0-р хороо тоотод оршин суух, РД:, Б овогт Г-ын М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.846.051,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г-ын М нь 2019-10-30-ны өдөр В ББСБ-н Улаанбаатар хотын Баянзүрх дахь салбараас 10 тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 3.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба 2020-10-30-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө хийгээгүй. Зээлдэгч Г.М нь үндсэн зээл 2.059.493,61 төгрөг, хүү 778.558,08 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг, нийт 2.846.051,69 төгрөгийн төлбөртэй байна. В ББСБ ХХК нь зээлдэгч Г.М-д зээл төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээний 4.1.4, 5.1.3 дугаар заалтуудыг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө цуцлан Г.М-аас нийт 2.846.051,69 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Г.М-аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019-10-30-ны өдөр В ББСБ-аас 990.500 төгрөгийг төлж өмнөх зээлээ хааж, шинээр гэрээ байгуулан 2.970.000 төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авсан. 2019-11-11-ний өдөр 226.000 төгрөг, 2019-12-20-ны өдөр 230.000 төгрөг, 2020-01-10-ны өдөр 126.000 төгрөг, 100.000 төгрөг, 2020-02-11-ний өдөр 226.000 төгрөгийг ББСБ-ын 57 тоот дансанд бүгд 908.000 төгрөг төлсөн бөгөөд 2020-03-10-ны өдрөөс Ковид вирус цар тахлын улмаас 3-р сарын төлбөрөө төлж чадаагүй. Ингээд тус ББСБ-ын эдийн засагч Ж-тэй манай ээж уулзаж 4-р сараас 7-р сар хүртэл зээлийг төлүүлэхгүйгээр сунгалт хийлээ гээд гэрээнд гарын үсэг зуруулаад явсан байсан. Тэгээд шинэчилсэн гэрээний дагуу алдагдсан саруудад төлөх төлбөрөө нөхөхийн тулд 8-р сараас эхлээд мөнгөн дүнг нэмэгдүүлэн сар бүр 324.000 төгрөг төлнө шүү гэсэн. 2020-08-15-ны өдөр 324.000 төгрөг, 2020-09-11-ний өдөр 325.000 төгрөг, 2020-10-19-ний өдөр 200.000 төгрөг, 2020-10-30-ны өдөр 125.000 төгрөг, нийт 974.000 төгрөгийг төлсөн. 2020 оны 11-р сараас эхлэн цар тахлын улмаас хорио тогтоож ажил зогсолтонд орсон тул өнөөдрийг хүртэл төлөлт хийж чадаагүй. Нийт зээлийн хүүнд 599.374,53 төгрөг, үндсэн төлбөрт 1.282.625,77 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн төлөлтийг буруу бодсон байх тул үндсэн төлбөр 1.667.374,53 төгрөгнөөс хүү тооцон төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. 2020-08-15-ны өдөр 324.000 төгрөгийг төлсөн гэсэн баримт байхгүй учир нэхэмжлэлээс 1.412.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В ББСБ ХХК хариуцагч Г.М-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.059.493,61 төгрөг, хүү 778.558,08 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг, нийт 2.846.051,69 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.М нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан, мөн цар тахлын улмаас зээлийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргахгүй байх боловч зээл, зээлийн хүүг буруу тооцоолсон гэж маргажээ. 

 

Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна /хх-ийн 7, 9 тал/

Зохигчийн хооронд 2019 оны 10-р сарын 30-ны өдөр ЗГ10230751 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу В ББСБ ХХК нь зээлдэгч Г.М-д 3.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 4-р сарын 30-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3-5 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн хуваарийг зөрчин зээлээ төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Зээлийн гэрээний үүрэгт 2019-11-11-ний өдөр 226.000 төгрөг, 2019-12-20-ны өдөр 230.000 төгрөг, 2020-01-10-ны өдөр 126.000 төгрөг, 100.000 төгрөг, 2020-02-11-ний өдөр 226.000 төгрөг, 2020-09-11-ний өдөр 325.000 төгрөг, 2020-10-19-ний өдөр 200.000 төгрөг, 2020-10-30-ны өдөр 125.000 төгрөг, нийт 1.558.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хариуцагч Г.М-ын Хаан банкны дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 19-24 тал/

Харин хариуцагч Г.М нь 2020-08-15-ны өдөр 324.000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн төлөөлөгч А.Б зөвшөөрч маргаагүй.

Иймд хариуцагч Г.М-аас зээл 2.059.493,61 төгрөг, хүү 778.558,08 төгрөг, нотариатын зардалд 5500 төгрөг, нийт 2.843.551,69 төгрөгийг гаргуулж В ББСБ-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардлаас 2500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Г.М нь үндсэн зээлийн төлөлтийг буруу бодсон байх тул үндсэн төлбөр 1.667.374,53 төгрөгнөөс хүү тооцон төлнө гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа нотлох, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг няцаах нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М-аас 2.843.551,69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ББСБ ХХКолгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.М-аас 60446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ББСБ ХХКолгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА