Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01416

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01416

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01853 дугаар шийдвэртэй

В ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Мд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 846 051 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жамбалдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр В ХХК-ийн Улаанбаатар хотын Баянзүрх дахь салбараас 10230751 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 3.7 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан ба 2020 оны 10 дугаар 30-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө хийгээгүй. Зээлдэгч Г.М нь үндсэн зээл 2 059 493.61 төгрөг, хүү 778 558.08 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг, нийт 2 846 051.69 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлийн гэрээний 4.1.4, 5.1.3 дугаар заалтуудыг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө цуцлан Г.Маас нийт 2 846 051.69 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр В ХХК-аас 990 500 төгрөгийг төлж өмнөх зээлээ хааж, шинээр гэрээ байгуулан 2 970 000 төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлэн авсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 226 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 230 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 126 000 төгрөг, 100 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 226 000 төгрөгийг ББСБ-ын 5753079397 тоот дансанд бүгд 908 000 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Ковид вирус цар тахлын улмаас 3-р сарын төлбөрөө төлж чадаагүй. Ингээд тус ББСБ-ын эдийн засагч Жамбалдоржтой манай ээж уулзаж 4-р сараас 7-р сар хүртэл зээлийг төлүүлэхгүйгээр сунгалт хийлээ гээд гэрээнд гарын үсэг зуруулаад явсан байсан. Тэгээд шинэчилсэн гэрээний дагуу алдагдсан саруудад төлөх төлбөрөө нөхөхийн тулд 8 дугаар сараас эхлээд мөнгөн дүнг нэмэгдүүлэн сар бүр 324 000 төгрөг төлнө шүү гэсэн. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 324 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 325 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 125 000 төгрөг, нийт 974 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 11 дүгээр сараас эхлэн цар тахлын улмаас хорио тогтоож ажил зогсолтонд орсон тул өнөөдрийг хүртэл төлөлт хийж чадаагүй. Нийт зээлийн хүүнд 599 374.53 төгрөг, үндсэн төлбөрт 1 282 625.77 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн төлөлтийг буруу бодсон байх тул үндсэн төлбөр 1 667 374.53 төгрөгнөөс хүү тооцон төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 324 000 төгрөгийг төлсөн гэсэн баримт байхгүй учир нэхэмжлэлээс 1 412 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Маас 2 843 551.69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 500 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Маас 60 446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэн Г.М нь В ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өөрийн дансаар 2 970 000 төгрөгийг зээлийг авсан бөгөөд үндсэн зээл, хүүгийн төлбөрт тооцож нийтдээ 1 882 000 төгрөгийг тус байгууллагад төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх В ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Г.Маас 2 843 551 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 60 446 төгрөг гаргуулж тус байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгодог бөгөөд гэрчилгээн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж бичсэн нь энэ компанийг үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг тодруулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн газраас тусгай зөвшөөрөл олгодоггүй. Харин банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооноос олгодог. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад В ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооноос 3 жилийн хугацаатай банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн хугацаа нь 2010 онд дуусчихсан байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ байгууллага мөнгө зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй юм. Иймд Г.Мын тус байгууллагаас зээлж авсан үндсэн мөнгө болох 2 970 000 төгрөгийн төлбөрөөс тус байгууллагад дансаар төлсөн 1 882 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1 088 000 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй байна. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийн үнийн дүнг буруу тооцсон байх тул залруулан өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Г.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 846 051 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул гэрээний 4.1.4, 5.1.3-т заасны дагуу гэрээг цуцалж, Г.Маас 2 846 051 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...илүү хүү, алданги тооцсон, төлсөн төлбөрүүдийг бүрэн хасаж тооцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Г.Мтай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу зээлдүүлэгч В ХХК-аас зээлдэгч Г.Мд 3 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,7 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ. /хх.3-5/

Анхан шатны шүүх талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 1 558 000 төгрөг төлсөн болох нь Г.Мын ХААН банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх.19-24/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 324 000 төгрөг төлсөн болохыг зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх уг мөнгийг хариуцагчийн төлөх үнийн дүнгээс хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх заалттай нийцсэн байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх зээлдэгч Г.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөөгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ ...нэхэмжлэгч байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 2010 онд дууссан байхад уг үйл ажиллагааг явуулж байгаа нь хууль бус байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 1 088 000 төгрөг төлнө, хүү төлөх үндэслэлгүй гэж заасан. Хэргийн 7 дугаар талд нотлох баримтаар В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан, тус байгууллагад зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаатай олгосон, нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийг авсан байх тул хариуцагч байгууллагыг зөвшөөрөлгүй байсан гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх зээлийн эргэн төлөлтийн талаар буруу тооцоолол гаргасан байх тул тооцооллыг зөвтгөж, үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 1 064 209 төгрөг, нийт 4 064 209 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 882 000 /1 558 000+324 000/ төгрөгийг хасч 2 182 206 төгрөгийг хариуцагч Г.Маас гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2021/01853 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...2 843 551.69... гэснийг ...2 182 209... гэж, ...2500... гэснийг ...663 848.69... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...60 446... гэснийг ...49 865... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 60 500 төгрөгийг хариуцагчид буцааж олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО