Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01791

 

 

 

 

 

 

 

 

2021           06          11                                        101/ШШ2021/01791

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот, РД:, О овогт Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоотод оршин суух, РД:, О овогт Б-ийн Э-д холбогдох

2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, П.С, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо тоотод байрлах 282 м.кв талбайтай газрыг хуулийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ авч “Бөө мөргөлийн төв” нээж зан үйл хийх өргөө, 2 давхар байшин бариулж үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг “ Бөө мөргөлийн төв “-ийн бүх үйл ажиллагаа, эд хөрөнгийг миний бие хуулийн дагуу хариуцаж үүрэг хүлээсээр ирсэн. Миний дунд охин буюу хариуцагч Б.Э нь 2012 онд “...автомашин авах гэсэн чинь барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Та хашаа байшингийнхаа гэрчилгээг түр өгөөч...” гээд гуйгаад байхаар нь Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо тоотод байрлах 282 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн иргэний үнэмлэхийн хамт өгсөн. Миний бие 2004 оноос эхлэн хуулийн дагуу гэрчилгээ авч Бөө мөргөлийн төв нээж зан үйл хийх өргөө, 2 давхар байшин бариулж үйл ажиллагаа явуулдаг ба бөө мөргөлийн төвийн бүх үйл ажиллагаа эд хөрөнгийг миний бие хуулийн дагуу хариуцлага хүлээдэг .Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд охин маань газрын гэрчилгээг барьцаалан зээл авчихаад зээлээ төлж дуусаад буцаагаад өгнө гэсэн. Миний бие өөрийн өмчлөлийн дээрх газар дээр 2000 онд 2 давхар хувийн сууц барьсан боловч үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан бөгөөд охин Б.Э нь 2013 онд 1 давхар нэмж, 3 давхар барилга болгон өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Тухайн үед охин Б.Э нь уг барилгыг засан сайжруулж, 1 давхарыг бусдад түрээслэн аж амьдарлаа залгуулж байсан болохоор газрыг гэрчилгээг нэхдэггүй, миний нэр дээр байгаа юм чинь цааш нь ашиглах боломжгүй гэж бодоод явдаг байсан. Гэтэл 2019 оны 03 сард миний даралт ихсэж, хөл өвдөөд байдаг болсон тул ажлын байрныхаа 1 давхарын өрөөнд байрлах гэтэл охин уурлаад “...энэ байр бүгд миний өмч би бүгдийг нь хүнд түрээслүүлсэн” гэж хэлсэн. Би гайхаад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авахад 2012 оны 04 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2013 онд миний эзэмшилийн газар дээр барьсан байшинд үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болохыг мэдлээ. Би ямар ч бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, нотариатын газар очиж гарын үсэг зураагүй. Миний бие 6 хүүхэдтэй бөгөөд аж амьдрал нь хараахан тогтоогүй байхад өөрийн ганц хөрөнгөө 1 охиндоо бүгдийг нь өгөх ямар ч үндэслэл байхгүй. Үр хүүхдүүддээ өгөхөөр бол бүгдэд нь тэнцүү хувааж өгөх байсан. Гэтэл охин Б.Э өөрийн хувийн эрх ашгийг бодож, надаар гарын үсэг зуруулалгүй, хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулан миний үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна. Миний бие охиндоо залилуулж эд хөрөнгөө алдсан талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийг хаасан. Дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Б.Э-н өмчлөлд шилжсэн тул улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийг дүнг миний бие мэдэх боломжгүй юм. Бидний хооронд байгуулагдсан гэх бэлэглэлийн гэрээнд газрын үнэлгээг 3.700.000 төгрөгөөр үнэлсэн байх тул газрыг уг гэрээний үнийн дүнгээр үнэлж байгаа бөгөөд хувийн сууцыг олон жил болсон насжилт зэргийг тооцоолон 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байна. Иймд гэрээнд гарын үсэг зураагүй, бэлэглэлийн гэрээ байгуулах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад хуурамчаар байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б намайг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага л гаргасан. Өөрөөр хэлбэл 2012-04-23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага уг гэрээний хүчин төгөлдөр байдлын асуудал биш. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийг шүүх л хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар уг асуудлыг шаардсан тохиолдолд л шийдвэрлэх ёстой. Энэ утгаараа нэхэмжлэгч “2012.04.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул” гэж өөрөө тодорхойлох эрх байхгүй. Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт орших 282 м.кв газрыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг нэхэмжлэлийн шаардлагаар хөндөөгүй, шүүхээс тогтоолгүйгээр уг газрыг өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нөгөө талаар 2012.04.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой эд хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг ба хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай хувийн сууцны өмчлөлийн тухайд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар өмчлөх эрх анх 2013.11.28-ны өдөр иргэн Б.Э-н өмчлөлд бүртгэгдсэн одоог хүртэл өөрчлөлт ороогүй гэдэг нь нотлогдож тогтоогдож байх тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоосон газрыг ааваасаа бэлэглэлийн гэрээгээр авсан. 2009 онд 2 давхар байшин барьж, 2013 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. 2017 онд 3 давхар болгосон. Бид өөрсдийн хөрөнгөөр барьсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Э нь 2012-04-23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд газар хувийн сууцны өмчлөгчөөр Б.Э бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай, Г-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 0-р хороо тоот хаягт байршилтай 1864 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгч РД: -тэй Д.Б байсан хэдий ч 2012-04-23-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр Б.Э-д шилжүүлсэн нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна, бэлэглэлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. /хх-ийн 6, 8 тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газраас 000 дугаартай Ү-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 0-р хороо тоот хаягт байршилтай 213 м,кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд  хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь О овгийн Б-ийн Э 2013-11-23-ны өдөр бүртгэж гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 33 тал/

Нэхэмжлэгч Д.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт охин Б.Эд холбогдуулан Баянзүрх дүүргийн тоот 282 м,кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг аваад, гэрчилгээг бэлэглэлийн гэрээгээр өөр дээрээ шилжүүлэн авч газар болон газар дээр нь байрлах 3 давхар байшинг өөрийн болгон авч залилсан гэх гомдлыг 2020-01-14-ний өдөр гаргасныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020-01-27-ны өдрийн 70 дугаартай тогтоолоор 00 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх-ийн 11-13 тал/

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н.Б, Б.Х, Д.Б, Д.Н нар “барилгыг барих ажлын хөлс төлбөрийг Б.Э-тай уулзаж ярилцаж төлбөрийг авсан” гэсэн тайлбарыг гаргасан. /хх-ийн 176-181 тал/

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Э нар хэн аль нь Ү-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 0-р хороо тоот хаягт байршилтай 213 м,кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөнд Бөө мөргөлийн төвийн үйл ажиллагааг явуулж байсан үйл баримт дээр маргаагүй.

Нэхэмжлэгч Д.Б нь 2004 оноос эхлэн хуулийн дагуу гэрчилгээ авч Бөө мөргөлийн төв нээж зан үйл хийх өргөө, 2 давхар байшин бариулж үйл ажиллагаа явуулдаг ба бөө мөргөлийн төвийн бүх үйл ажиллагаа эд хөрөнгийг миний бие хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд охин маань газрын гэрчилгээг барьцаалан зээл авчихаад зээлээ төлж дуусаад буцаагаад өгнө гэсэн. Миний бие өөрийн өмчлөлийн дээрх газар дээр 2000 онд 2 давхар хувийн сууц барьсан боловч үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулаагүй байсан, охин Б.Э нь 2013 онд 1 давхар нэмж, 3 давхар барилга болгон өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна.

Тухайн үед охин Б.Э нь уг барилгыг засан сайжруулж, 1 давхарыг бусдад түрээслэн аж амьдарлаа залгуулж байсан болохоор газрыг гэрчилгээг нэхдэггүй, миний нэр дээр байгаа юм чинь цааш нь ашиглах боломжгүй гэж боддог байсан, 3 давхар барилгыг сүсэгтэн олны хандиваар бий болсон гэсэн тайлбаруудыг тус тус гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 0-р хороо тоот хаягт байршилтай 213 м,кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход оролцсон гэдэг бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Үл хөдлөх эд хөрөнгийг Бөө мөргөлийн төвийн үйл ажиллагааг явуулж эзэмшиж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон боловч Иргэний хуулинд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.600 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-д холбогдох 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА