Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01366

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01791 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа, П.Сарантуяа, хариуцагч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Д.Б- нь 2004 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, АОС гудамжны 1 тоотод байрлах 282 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авч, 2 давхар байшин бариулан Бөө мөргөлийн төв нээж зан үйл хийх үйл ажиллагаа явуулдаг байсан. Үүнтэй холбоотой бүх үүрэг хариуцлагыг нэхэмжлэгч хүлээж ирсэн. Түүний дунд охин Б.Э- нь 2012 онд “...автомашин авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй байна. Та хашаа байшингийнхаа гэрчилгээг түр өгөөч...” гэсний дагуу газрын өмчлөх эрхийн гэрчилгээг, иргэний үнэмлэхийн хамт өгсөн. Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас лавлагаа авахад 2012 оны 04 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй бэлэглэлийн гэрээ байгуулсан байдлаар газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2013 онд нэхэмжлэгчийн барьсан 2 давхар байшинд 1 давхар нэмж барьсныгаа үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Д.Б- бэлэглэлийн гэрээ байгуулаагүй, нотариатын газар очиж гарын үсэг зураагүй. Б.Э- өөрийн хувийн эрх ашгийг бодож, гарын үсэг зуруулалгүй, хуурамч бэлэглэлийн гэрээ байгуулан Д.Б-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн тул “охиндоо залилуулж эд хөрөнгөө алдсан” талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийг хаасан. Талуудын хооронд байгуулагдсан гэх бэлэглэлийн гэрээнд газрын үнэлгээг 3,700,000 төгрөгөөр үнэлсэн байх тул газрыг уг гэрээний үнийн дүнгээр үнэлж, хувийн орон сууцыг олон жил болсон насжилт зэргийг тооцоолон 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 6 хүүхэдтэй бөгөөд маргаан бүхий газар, хувийн орон сууцыг хүүхэддээ өгөх бол бүх хүүхдүүдэд тэнцүү хуваан өгөх хүсэлтэй байна. Иймд 2012 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж 1 тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлийг шүүх л хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд ингэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар уг асуудлыг шаардсан тохиолдолд л шийдвэрлэх ёстой. Нөгөө талаар 2012 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой эд хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлдэг ба хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийхийг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамжны 1 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056214 дугаартай хувийн сууцны өмчлөлийн тухайн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар өмчлөх эрх анх 2013 оны 11 сарын 28-ны өдөр иргэн Б.Э-ы өмчлөлд бүртгэгдсэн одоог хүртэл өөрчлөлт ороогүй гэдэг нь нотлогдон, тогтоогдож байх тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хоосон газрыг ааваасаа бэлэглэлийн гэрээгээр авсан. 2009 онд 2 давхар байшин барьж, 2013 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. 2017 онд 3 давхар болгосон. Б.Э- өөрийн хөрөнгөөр барьсан нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-д холбогдох 2012 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, АОС гудамж 1 тоот хаягт байрлах газар болон тус хаягт байрлах 3 давхар хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. “Бэлэглэлийн гэрээ”-нд бичигдсэн Д.Б-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа 2020 оны 08 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж байсан ба шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Маргааны зүйл болж буй газар болон үл хөдлөх хөрөнгө анхнаасаа нэхэмжлэгч Д.Б- бий болгосон, түүний өмч болох талаар гэрч н.Бямбадолгор болон бусад гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл шүүх гэрчийн болон хариуцагчийн шүүх хүралдаанд гаргасан мэдүүлгүүдийг хэрхэн үнэлж, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа шийдвэртээ тодорхой дурдаагүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон. Мөн шүүх нэхэмжлэгч Д.Б-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай Прокурорын газрын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 70 дугаартай тогтоолыг зааж хариуцагчийн өмч болохыг нотолж буй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4-р хороо, АОС гудамж, 1 тоот хаягт байршилтай 282 м.кв талбайтай газар, 213 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 27, 61-63/

 

Нэхэмжлэгч нь “...маргаан бүхий газрын өмчлөх эрхийг 2004 онд авсан, уг газар дээр 2 давхар хувийн сууц бариулж үйл ажиллагаа явуулж ирсэн, 2012 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээний тухай сүүлд олж мэдсэн, тухайн гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй...” гэж тайлбарладаг бол хариуцагч нь “...2012 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр эцэг Д.Б-оос хоосон газар авсан, уг гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр барьсан...” гэж маргадаг. /хх 1-2, 27, 61-63/

 

Өөрөөр хэлбэл, талууд маргаан бүхий газрын өмчлөх эрх шилжих үндэслэл болсон Д.Б- болон Б.Э- нарын хооронд 2012 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх бэлэглэлийн гэрээний талаар, тус гэрээнд зурагдсан бэлэглэгчийн гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх талаар харилцан адилгүй тайлбарыг гарган мэтгэлцжээ. /хх 63, 64/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээр дурдсан бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг, мөн уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг бүртгэсэн дэвтэрт зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Д.Б-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг /1хх 62, 63, 72/ анхан шатны шүүх 2020 оны 08 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, хүсэлтийг хангахаас татгалзсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч /1хх 75-78/ захирамжийн захирамжлах хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байх тул /хх 79-81/ тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болсон нотлох баримтын талаар маргаж, тусгай мэдлэг шаардагдах асуудлаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Мөн зохигчдын маргаж буй үйл баримтыг тогтоохгүйгээр талуудын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01791 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2021 оны 08 сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                             

                ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР