Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/02313

 

 

 

 

 

 

 

 

2021           08          06                                        101/ШШ2021/02313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0-р хороо, тоот хаягт байрлах, РД:, В ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0-р хороо, тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Ц-ийн Ц д холбогдох 11.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Холбооны төрийн өмчит нэгдлийн газрын “Хилийн чанад дахь хөрөнгийн удирдах газар”-тай 60 айл бүхий БЗД, 5-р хороо, байрыг түрээслүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулан ажилладаг. Энэ 10-р байр нь ОХУ-ын өмч бөгөөд “В” ХХК амьдрах хүсэлтэй иргэдтэй гэрээ байгуулж, төлбөрийг ОХУ-ын эрх бүхий байгууллага болох үл хөдлөх хөрөнгө хариуцсан төлөөлөгчийн газарт шилжүүлдэг тохиролцоо журамтай.

Ц.Ц  нь цахилгаан, СӨХ, байрны төлбөр төлдөггүй зөвхөн байрны түрээсийн төлбөрийг л тус компанид төлөх ёстой боловч, өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээг байгуулахаас татгалзаж, төлбөрийг огт төлөхгүйгээр БЗД, 5-р хороо, 0 тоот хаягтай орон сууцыг ашиглаж байгаа бөгөөд 2019-2021 онуудад хамаарах төлбөр болох нийт 11,832,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно.

Ц.Ц  нь СӨХ, байрны төлбөрөө төлдөггүй. 10 дугаар байрыг түрээсэлж байгаа иргэн бүр үүргээ биелүүлээд төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ус, дулааны мөнгийг хассан байтал Ц.Ц  төлбөрөө огт төлдөггүй. Төлбөрийг төлөх шаардлага хүргүүлэхэд мэдэгдлээс татгалзаж байна гэдэг. Түрээсийн гэрээ байгуулах гэхээр гэрээнд гарын үсэг зурахгүй гэдэг. 50 тоотын 4 өрөө байрыг Ц.Ц  ганцаараа эзэмшдэг, гэхдээ хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад янз бүрийн хүмүүс оруулж өрөөндөө суулгадаг. Энэ нь Оросын холбооны улсын өмч, бид гэрээний дагуу түрээслэгчдийн төлбөрийг Оросын холбооны улсдаа тушаадаг. Хамгийн сүүлд шаардлага хүргүүлэхээс өмнө ажлын утаснаас ...... гэх утсаар түүний хүүтэй ярьсан, төлбөрөө төл гэхэд очиж уулзаад төлбөрөө төлнө гээд ирээгүй. Ц.Ц д бид ус, дулааны мөнгө хөнгөлж байхад яагаад төлдөггүй юм бэ гэхэд манай комендатын мэдэгдлийг авахаас татгалзаад төлбөр төлөхгүйгээр байранд амьдардаг. Иймд хариуцагч Ц.Ц ээс 2019 оны 11 сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл хугацааны төлбөр болох нийт 11,832,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Ц  шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Дээрх асуудлаар нэхэмжлэгч “В” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч Л.Э хүлээн авч иргэний хэрэг үүсгэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээр хэлэлцүүлж 0тоот дугаартай шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэрээр хариуцагч Ц.Ц ийн оршин суугаа орон сууц нь “В” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд шилжээгүй гэсэн дүгнэлт хийсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 0 дугаар магадлал гарсан байдаг. Тус нэхэмжлэлийн шаардлага нь “Хариуцагч Ц.Ц ээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 0 тоот байр чөлөөлүүлэх” гэж байсан бөгөөд тус хэрэгт хариуцагчийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 8- ны өдөр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих шүүгчид хуваарилагдан хэлэлцүүлэхэд бэлэн болж байгаа болно.

Нэхэмжлэгч “В” ХХК-нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар”-тай 2014 онд 993 тоот Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр түрээслүүлэгчээс түрээслэгчид олгосон түрээсийн зүйлд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоот байр багтаагүй байсан. 2019 оны 11 сарын 20-ны өдөр мөн дахин түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагчийн оршин суудаг орон сууц нь хэний эзэмшилд хамаарах болсон нь ойлгомжгүй болсон. Үүнээс харахад хариуцагчийн оршин сууж буй орон сууцны хууль ёсны эзэмшигч нь тодорхой бус байна гэж үзэж байна. Энэ эзэмшлийн асуудлаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хянагдаж эцсийн шийдвэр гараагүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2019 оны 11 сарын 20-ны өдрийн гэрээгээр Ц.Ц тэй гэрээний эрх зүйн харилцаа үүсэж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна. 2019 оны 11 сарын 20-ны өдрийн гэрээгээр дамжуулж түрээслэх эрх В ХХК-д олгогдсон байгаа, түүнээс дамжуулан түрээслэх гэрээгээр Ц.Ц  В ХХК нарын эрх зүйн харилцаа зохицуулагдана гэсэн зүйл заалт байхгүй. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлдээ жил бүр гэрээ байгуулдаг, дараа жил тухайн гэрээний хугацаагаа сунгах эсэх нь гэрээний үүргээ зөрчсөн эсэхийг үндэслэн сунгаж явдаг гэсэн тайлбар өгсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Ц.Ц тэй байгуулсан гэрээ байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлбөрийн задаргааг хэрхэн гаргаж ирж байгаа нь тодорхойгүй, гарын үсэг, тамга, тэмдэггүй. 2019 оны түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ц.Ц д холбогдуулан 11.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Ц.Ц  нь Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, тоот байрны хууль ёсны эзэмшигч нь тодорхой бус, уг эзэмшлийн асуудлаар Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хянагдаж эцсийн шийдвэр гараагүй байгаа, мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Ц.Ц тэй байгуулсан гэрээ байхгүй, В ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, төлбөрийн задаргааг хэрхэн гаргаж ирж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүргийн 0 хаягт байршилтай 3300,80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Оросын Холбооны улс бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 5 тал/

Нэхэмжлэгч В ХХК нь Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 172/ДА2019 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 10 байр 50 тоот орон сууцыг эзэмших эрхтэй болсон гэж тайлбарласан. /ХХ-ийн 6-35 тал/

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар болон В ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 172/ДА2019 тоот түрээсийн гэрээ нь түрээсийн гэж нэрлэгдсэн боловч гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь гэрээний агуулгаас тодорхой байна. В ХХК нь дээр дурдсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг бусдад хөлслөх эрхтэй болсон байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч В ХХК нь гэрээний дагуу эзэмшиж буй орон сууцны хөлслүүлэгчийн хувьд хөлслөгчөөс орон сууцны хөлсийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Ц  нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар байрны 50 тоот орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тухайн орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул 11.832.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 204.262 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Ц ээс 204.262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц ээс 11.832.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.262 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Ц ээс 204.262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА