Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01538

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01538

 

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 101/ШШ2021/02313 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В ХХК-ийн хариуцагч Ц.Цд холбогдуулан гаргасан эд хөрөнгө ашигласны хөлс 11 832 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч В ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: В ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Холбооны төрийн өмчит нэгдлийн газрын Хилийн чанад дахь хөрөнгийн удирдах газартай Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 60 айл бүхий 10 дугаар байрыг түрээслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ 10-р байр нь ОХУ-ын өмч бөгөөд В ХХК амьдрах хүсэлтэй иргэдтэй гэрээ байгуулж, төлбөрийг ОХУ-ын эрх бүхий байгууллага болох үл хөдлөх хөрөнгө хариуцсан төлөөлөгчийн газарт шилжүүлдэг тохиролцоотой. Ц.Ц нь цахилгаан, СӨХ, байрны төлбөр төлдөггүй зөвхөн байрны түрээсийн төлбөрийг л тус компанид төлөх ёстой боловч, өнөөдрийг хүртэл түрээсийн гэрээг байгуулахаас татгалзаж, төлбөрийг огт төлөхгүйгээр Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, 10 байрны 50 тоот хаягтай орон сууцыг ашиглаж байгаа бөгөөд 2019-2021 онуудад хамаарах төлбөр болох нийт 11 832 000 төгрөгийг төлөөгүй байгаа.Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ус, дулааны мөнгийг хассан байтал Ц.Ц төлбөрөө огт төлдөггүй. Төлбөрийг төлөх шаардлага хүргүүлэхэд мэдэгдлээс татгалзаж байна гэдэг. Түрээсийн гэрээ байгуулах гэхээр гэрээнд гарын үсэг зурахгүй гэдэг. 50 тоотын 4 өрөө байрыг Ц.Ц ганцаараа эзэмшдэг. Иймд Ц.Цээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны төлбөр болох нийт 11 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх асуудлаар Улсын Дээд шүүх дээр маргаан шийдвэрлэгдэж байгаа. Нэхэмжлэгч В ХХК-нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2014 онд 993 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн зүйлд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар бичил хороолол, 10 дугаар байр, 50 тоот байр багтаагүй байсан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дахин түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагчийн оршин суудаг орон сууц нь хэний эзэмшилд хамаарах болсон нь ойлгомжгүй, энэ эзэмшлийн асуудлаар Улсын дээд шүүх дээр эцсийн шийдвэр гараагүй байна. Ц.Цтэй 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээгээр гэрээний эрх зүйн харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна. Ц.Цтэй байгуулсан гэрээ байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Төлбөрийн задаргааг хэрхэн гаргаж ирж байгаа нь тодорхойгүй, гарын үсэг, тамга, тэмдэггүй. Түүнчлэн 2019 оны түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цээс 11 832 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 262 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Цээс 204 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжпэгч В ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ц.Цд холбогдуулан Байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгч Л.Энхжаргал хүлээн авч иргэний хэрэг үүсгэн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцүүлж 03209 дугаартай шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэрээр хариуцагч Ц.Цийн оршин суугаа орон сууц нь "В" ХХК-ийн хууль ёсны эзэмшил шилжээгүй гэсэн дүгнэлт хийсэн. Мөн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2386 тоот магадлал гарсан. Хариуцагчийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Тус гомдол нь хэлэлцүүлэхэд бэлэн болсон.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бичгийн нотлох баримтуудыг Улсын дээд шүүхэд буй иргэний хэргийн материалаас гаргуулах хүсэлтийг гаргасан хэдий ч хүлээн авахаас татгалзсан. Ямар үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан тухай тайлбар дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талын нотлох баримтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй.

Ц.Ц нь БЗД-ийн 5-р хороо, 15-р хороолол 10-р байр 50-тоот хаягт 2012 оноос эхлэн амьдарч ирсэн. Оросын Холбооны Улсын 100% хөрөнгө оруулалттай Үндсэн хүнс, "Инженер техникийн үйлчилгээ авах тухай" гэрээний дагуу үйлчилгээ үзүүлснийх нь төлөө cap бүр 140 000 төгрөгийг төлж байсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 03209 дугаар бүхий шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх гэрээний үндсэн дээр хариуцагч Ц.Ц нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 ХХК В" ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 сарын 01-ний өдрийн А/3/2014 хороолол, 10 байр 50 тоот орон сууцыг cap бүрийн 140 000 төгрөгийн хөлс төлж эзэмшиж байсан байна." хэмээн дүгнэсэн. Түүнчлэн 2017 онд түрээст сард 303$, хэрэглээнд 140 000 төгрөг төлөх нь их байсан тул тодорхой хэмжээгээр бууруулах, төлбөрийг төгрөгөөр хийх саналыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын даргад удаа дараа санал тавьж байсан боловч тодорхой хариу ирээгүй өнөөдрийг хүрсэн.

В ХХК нь 2014 оны 12 сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай түрээсийн гэрээ байгуулж, орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээний дагуу эзэмшихээр тохиролцсон гэрээ Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэх гэж буй иргэний хэргийн хэргийн материалд байгаа. Шүүх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн боловч энэ нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 933 тоот түрээсийн гэрээгээр үүссэн байдаг. №993 тоот гэрээний 1-р хавсралтад ОХУ-аас В" ХХК-д түр хугацаанд ашиглуулахаар шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад хариуцагч Ц.Цийн оршин суудаг 50 тоот орон сууц тусгагдаагүй. Хэрэв 2014 оны 993 тоот гэрээ дуусгавар болсон бол талууд гэрээг цуцалсан, татгалзсан эсэх нь тодорхойгүй. Мөн гэрээ үргэлжилж байгаа бол 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээ нь гэрээний нэмэлт өөрчлөлт мөн эсэх, хэрхэн яаж ямар учраас хүчин төгөлдөр үйлчилж байгаа зэрэг ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох нь чухал байсан. Үүнээс үзэхэд нэг харилцаанд хоёр гэрээний үйлчлэл давхар үйлчлэн ойлгомжгүй байдал үүсгэсэн байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан үүрэг анхнаасаа үүсээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ц.Цд холбогдуулан эд хөрөнгө ашигласны төлбөрт 11 832 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1, 50/

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 10 дугаар байр хаягт байршилтай 3300,80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Оросын Холбооны улс бүртгэгдсэн нь Ү-2204008825 тоот бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 5/

 

Нэхэмжлэгч В ХХК нь Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 172/ДА2019 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 10 дугаар байр хаягт байрших хөрөнгийг хувь хүмүүст оршин суух зориулалтаар нь ашиглуулах, сарын 5 255 ам.долларыг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээжээ. /хх 19-35/

 

Хариуцагч Ц.Ц нь дээрх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хорооллын 10 дугаар байрны 50 тоотод нэхэмжлэгчийн шаардсан хугацаа болох 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар саруудад оршин суусан, одоо ч оршин сууж буй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 1, 76, 82/

 

Хэдийгээр хариуцагч нь уг сууцанд гэрээгүйгээр оршин сууж байгаа, сарын 300 ам.доллар, 140 000 төгрөгийг төлөхөд хэтэрхий өндөр байсан тул гэрээнд гарын үсэг зураагүй гэх боловч сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг зохих байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн гэх баримтгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь Улсын Дээд шүүхэд хянагдаж буй хэргээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч өөрт нь холбогдох хэргээс өөртэй нь хамааралтай баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 71-73/

 

Нэхэмжлэгчийн оршин суугчдаас сууцны ашиглалтын төлбөр болон эд хөрөнгө ашигласны хөлсөнд нийт 700 000 төгрөг авч цааш нь Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газарт төлдөг гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцааж чадаагүй. /хх 80/

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр байгуулахаар хуульд заагаагүй. Хариуцагч нь анх тохиролцож 10 дугаар байрны 50 тоотод суусан бөгөөд одоог хүртэл бодит үйлдлээр дээрх сууцыг эзэмшиж ашиглаж байгаа, хэн ч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул 50 тоот сууцны ашиглалтын төлбөр болон эд хөрөнгө ашигласны хөлсөнд нийт 11 832 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч В ХХК-нд олгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн задаргаа, тооцоолол, сууцны ашиглалтын төлбөрт хөнгөлөлт тооцсон байдлаа хэргийн 39 дүгээр хуудсанд хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд дээрх задаргаа нь тооцооллын хувьд нэхэмжлэлийн шаардлагын нийт хэмжээтэй нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоогүй, талуудын хооронд энэ хэрэгтэй холбоотой өөр маргаан шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэлийг хариуцагч гаргасан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд Улсын Дээд шүүх дээр хянагдаж буй маргаан нь хууль бус эзэмшлээс 50 тоот сууцыг чөлөөлүүлэх агуулгатай буюу өөр эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байна. /хх 59-61/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/02313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 262 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД