Улсын дээд шүүхийн

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/хт2024/00156

 

Ш.Х-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00008 дугаар магадлалтай

Ш.Х-гийн нэхэмжлэлтэй,

С.О-д холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 168,048,202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, О.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Т.Э, О.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Х хариуцагч С.О-д холбогдуулан оршуулгын зардал 4,504,588 төгрөг, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очиход зарцуулсан түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг, малчны цалин 29,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирсон хохирол 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.О-аас 38,783,644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,264,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О-гоос 2006.06.10-ны өдөр төрсөн охин М.М, 2007.09.02-ны М.Г, 2014.06.19-ний төрсөн хүү М.Т, 2019.03.07-ны өдөр төрсөн хүү М.Б нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж, М.М, М.Г, М.Т, М.Б нарт олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 351,868 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00008 дугаар магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “38,783,644” гэснийг “783,644” гэж, “129,264,558” гэснийг “167,264,558” гэж, 2 дахь заалтыг “Нэхэмжлэгч Ш.Х-гийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хариуцагч С.О-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “351,868” гэснийг “23,358” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,868 төгрөгөөс 23,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 328,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “....Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах....” үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

С.О- нь 2020.07.11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Морь бариа гэдэг газар Э.М-г тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож, шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулсан. Ш.Х нь бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд малаа маллуулахын тулд зайлшгүй малчин хөлслөх шаардлагатай болсон. Улмаар 2 малчин авч ажиллуулж, 2020.08 дугаар сараас эхлэн 2022.10 дугаар сарыг дуустал нийт 27 сар ажиллуулж цалин өгсөн. Малчин тус бүрт сард 500,000 төгрөгийн цалин, нийт 27,000,000 төгрөг өгсөн.

Мөн 2022.11 дүгээр сараас 2023.03 дугаар сар хүртэл 4 сарын хугацаанд нэг малчинд сарын 500,000 төгрөгийн цалинжуулж 2,000,000 төгрөгийн цалин өгсөн. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт....Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байхад давж заалдах шатны шүүхээс малчинд олгосон 27,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйл (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал)-ийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь өмгөөлөгчид төлөх зардлаас бүрдэхээр заасан.

Мөн Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.1 дэх хэсэгт....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлаас бүрдэнэ, 2.2 дахь хэсэгт.... Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх зардлын хэмжээ нь гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэрээр тодорхойлогдоно, 5.1 дэх хэсэгт...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлсөн эсэхийг үл харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлнэ гэж тус тус заасан байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хэдэн төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу зөв үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч С.О-аас Ш.Х-гийн хүүхэд болох М.М, М.Г, М.Т, М.Б нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулж, М.М, М.Г, М.Т, М.Б нарт олгохоор үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хэдэн төгрөгөөр тооцохыг шийдвэрт маш тодорхой, ойлгомжтой буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эрх бүхий байгууллагаас          жил бүр өөрчлөн тогтоодог, үүнээс шалтгаалан тэжээгчээ алдсаны тэтгэвэр өөрчлөгдөж байдаг тул шүүхээс үнийн дүнг тодорхойлж шийдвэрлэх боломжгүй байх тул хүүхдүүдэд сар бүр тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсан зөрүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж заасан байна. Харин давж заалдах шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

1. Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр,

Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, түүний нөхөн төлбөр 122,760,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

2022.12.23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт нь 2023.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангах үүднээс эрх зүйн шинэ ойлголт болсон.

Шүүх шинжилгээний тухай хуулийн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой зохицуулалтыг 2023.07.01-нээс мөрдөж эхэлсэн боловч үйлчлэх хүрээг нь зориуд хязгаарлалгүй орхисон. Энэ нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулах, түүний нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалтыг үйлчлэх хүрээг нь хязгаарлалгүй зориуд орхисон нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хамгаалах зорилготой бөгөөд тус хуулийн гол үзэл баримтлал нь юм.

Гэмт хэрэг хэзээ үйлдсэнээс нь үл хамааран гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргадаг нь хохирогчийг хохиролгүй болгох, мөн Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж буй явдал юм. Үүнтэй адилаар эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож, нөхөн төлүүлэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг хангаж буй явдал.

Гэтэл Шүүх шинжилгээний тухай хууль батлагдахаас 1 хоногийн өмнө буюу 2022.12.22-нд эсхүл сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зохицуулалт мөрдөгдөж эхлэхээс 1 хоногийн өмнө буюу 2023.06.30-ны өдөр тус тус үйлдэгдсэн гэмт хэрэгт Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэлээр нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчиж байна.

Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж байна. Шүүх шинжилгээний тухай хууль батлагдаж, түүнтэй холбоотой бусад зохицуулалт өөрчлөгдөхөөс өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, ам нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан нь сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорыг хохирогчийн өв залгамжлагч шаардах эрхтэй байна. Энэ тохиолдолд хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Харин мөнгөн дүнгээр тооцоход нөхөн төлбөрийн хэмжээг нарийвчлан тогтоосон зохицуулалт байгаагүй. 2022.12.23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хохирогчид олгох сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн дээд, доод хязгаарыг тогтоож өгснөөр сэтгэл санааны хохирлын мөнгөн дүн тодорхой болсон. Иймээс гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн дүнгээр тооцож шаардахад хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм. Мөн хууль тогтоогч тус зохицуулалтын үйлчлэлийг зориуд орхигдуулсан нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хамгаалах гэсэн үзэл баримтлал юм. Энэ нь хуульд заасан гэсэн үг.

Хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн нь нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй атлаа өршөөгдөж, эрх чөлөөтэй байхад хохирогчийн гэр бүлийн гишүүд болох эхнэр, бага насны дөрвөн хүүхэд хуулийн ямар ч хамгаалалтгүй үлдэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх тухай зохицуулалт бол ерөнхий зарчим юм. Гэхдээ энэ нь иргэний хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгатай. Уг акт хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Энэ нь эрх зүйн харилцаа болон уг харилцаанд оролцогчдын зан үйлийн журам нь тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

Эрх зүйн харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжоор уг харилцаанд оролцогчид зан үйлээ журамласан бөгөөд дээрх зан үйлийн журмаас өөр журам тогтоосон хууль тогтоомж уг харилцаа үйлчилж байх хугацаанд шинээр батлагдан гарч болдог. Шинээр хууль тогтоомж батлагдан гарах болгонд эрх зүйн харилцаанд оролцогчдын зан үйлийн журмыг тэдгээрт нийцүүлэн өөрчлөөд байвал нийгмийн харилцаа тогтворгүй эмх замбараагүй байдалд орно. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй ерөнхий зарчмаас гадуур зөвхөн хуульд заасан тохиолдолд хууль тогтоомжийг буцаан хэрэглэж болно.

Мөн гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно гэж заасан нь уян хатан байж болохыг харуулж байна.

Хохирогч нас барсан тул гэр бүлийн гишүүдийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг хангах нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангаж, хамгаалж буй явдал юм.

2. Давж заалдах шатны шүүхийн үндэслэл нь хууль хэрэглээний хувьд зөрүүтэй буюу “...нэхэмжлэгч нь хохирогчийг нас барснаас хойш өөрийн малыг маллуулахаар бусадтай гэрээ байгуулж хөлс төлсөн...” гэсэн нь “хүн ёсноос гажууд” гэж хэлж болохоор дүгнэлт гаргажээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа малчинд төлсөн хохирлыг 2022.12.23-ны өдөр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэлээ болгож хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй.  Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-т заасныг баримтлан хариуцагчаас гаргуулахаар ханган шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх нас барсан хохирогчийн эхнэр, бага насны 4 хүүхэд нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 500,000 төгрөг авдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд зөрүү гарахгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхээс хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Иймээс хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З, Т.Э нарын  хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00744 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З, Т.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Ш.Х хариуцагч С.О-д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 168,048,202 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... C.О 2020.07.11-12-нд шилжих шөнө Э.М-ийн амь насыг нь хохироосон гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч нь бага насны 4 хүүхэдтэй үлдсэн учраас малчин хөлслөх зайлшгүй шаардлагатай болсон, хариуцагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас өмгөөлөгч хөлсөлсөн, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, холбогдох, журам, аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй ... хариуцагчаас оршуулгын зардалд дутуу төлсөн 4,504,558 төгрөг, эрүүгийн хэргийг шалгах явцад мөрдөгчийн дуудсанаар ирж очиход гарсан түлшний зардал 783,644 төгрөг, өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөг, малчны хөлс төлбөр 29,000,000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 122,760,000 төгрөг, нийт 168,048,202 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч “... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Ш.Х баримтаар 30,996,858 төгрөг нэхэмжилсэн боловч 33,294,410 төгрөг төлсөн, түлшний зардал 783,644 төгрөгийн баримт болон малчин хөлсөлж ажиллуулсан талаарх баримтыг нөхөж бүрдүүлсэн, мөн гарын үсэг зөрүүтэй. Өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй, гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр нөлөөлсөн болохыг баримтаар нотлоогүй тул сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэж маргасан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч Ш.Х нь малчин Г.Т, П.У нартай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж, 2020.08 дугаар сараас 2022.10 сарыг дуустал хугацааны цалин хөлс нийт 27,000,000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдсон, нэхэмжлэгч нь шатахууны зардал 783,644 төгрөгийг шаардах эрхтэй, өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.6, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас өмгөөллийн хөлс 11,000,000 төгрөгийг гаргуулна, ... Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1, 509.1-т зааснаар хариуцагчаас М.М, М.Г, М.Т, М.Б нарыг арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь сар бүр тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасаж, тэжээгчээ алдсаны зөрүүг тооцон гаргуулах нь зүйтэй, ... нэхэмжлэгч талаас оршуулгын зардлын зөрүү 4,504,558 төгрөгтэй холбоотой нэмж нотлох баримт ирүүлээгүй тул уг шаардлагыг, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 508.5 дахь хэсэгт 2022.12.23-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж уг зүйл заалтыг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2023.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан тул гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр 122,760,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгоно. ...” гэж дүгнэжээ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн ирж очсон бензин, түлшний зардал 783,644 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй, бусад нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нь хохирогчийг нас барснаас хойш өөрийн малыг маллуулахаар бусадтай гэрээ байгуулж хөлс төлсөн бөгөөд гэрээний үүргийн дагуу төлсөн ажлын хөлсийг гэм хор учруулсны төлбөрт хамааруулан дүгнэх боломжгүй, ... нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдож өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж хөлс төлснийг гэм хор учруулсны төлбөр гэж үзэхгүй, ... Талийгаач Э.М-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нас барах үедээ 420,000 төгрөгийн цалин хөлс, орлоготой байсан, Ш.Х- нь нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр сар бүр 500,000 төгрөг авдаг тул хуульд заасан төлбөрийн зөрүү гарахгүй. ...” гэж үзжээ.

10. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсны улмаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс шийдвэр гаргасан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэв.

11. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч С.О нь 2020.07.12-ны шөнийн 01 цагийн үед согтуурсан үедээ автомашин жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Э.М-г дайрч амь насыг нь хохироосон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тус тус үүрэгтэй.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй”, 508.3.-т “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн, төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж тус тус заасан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн хэсгийг 2022.12.23-ны өдрийн хуулиар нэмсэн.

13. Шүүхээс эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед 30,708,037 төгрөгийн оршуулгын зардал нь нотлох баримтаар тогтоогдож, шүүгдэгч нь оршуулгын зардалд 33,294,410 төгрөг төлсөн болохыг дүгнэсэн ба оршуулгын зардлын зөрүү 4,504,558 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар  нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. Мөн бензин, түлшний зардал 783,644 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар хариуцагч тал гомдол гаргаагүй тул эдгээр шаардлагын талаар тухайлан дүгнэх шаардлагагүй.

14. Анхан шатны шүүх малчны хөлсөнд холбогдох 29,000,000 төгрөгийн шаардлагаас 27,000,000 төгрөгийг хангасан бол давж заалдах шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан гэм хор учруулсны төлбөрт малчны ажлын хөлс хамаарахгүй гэсэн дүгнэлт тухайн хэргийн нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий болж чадсангүй.

14.1. Хариуцагч С.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас Ш.Х нь 1-14 насны 4 хүүхэдтэй (балчир хүүхдийн) хамт үлдэж, улмаар өөрсдийн өмчлөлийн үхэр, адуун сүргийг маллах, хариулах хүнгүй болж гарах ёсгүй зардал гаргахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "балчир хүүхэд" гэж нэгээс гурав хүртэлх насны хүүхдийг ойлгоно гэж заажээ.

14.2. Энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас балчир хүүхэдтэй үлдсэнтэй холбоотойгоор гарах ёсгүй байсан зардал болох малчны хөлсийг 2020.08 сараас 2022.10 сарыг хүртэл хугацаагаар хязгаарлан өөрт учирсан эд хөрөнгийн хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

14.3. Харин нэхэмжлэгч нь малчин авч ажиллуулсан 2 хүний хөлсийг нэхэмжилсэн боловч зайлшгүй 2 хүн ажиллуулах болсон үндэслэл нотлогдоогүй, тэрээр талийгаач нөхөр Э.Мөнхмагнай нь үхэр, адуугаа маллаж, хонио нэг малчинд хөлс өгч харуулдаг байсан талаар тайлбарласан байх тул 1 малчны хөлс 13,500,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нь дээрх хуульд нийцнэ гэж үзэв.   

15. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан боловч цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэж, гэм хорын төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь хууль зөрчихгүй бөгөөд шаардлага гаргах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримталж болно.

15.1. Хоёр шатны шүүх гэм хор учруулсны төлбөрийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

15.2. Нэхэмжлэгч Ш.Х, нас барагч Э.М нарын дундаас 2006.06.10-ны өдөр охин Боржигин овогт М.М, 2007.09.02-ны өдөр хүү Боржигин овогт М.Г, 2014.06.19-ний өдөр хүү Боржигин овогт М.Т, 201903.07-ны өдөр хүү Боржигин овогт М.Б нар төрсөн нь тэдний төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

15.3. Нас барагч Э.М-ийн нийгмийн даатгалын дэвтэрт 2020.07 сарын байдлаар 420,000 төгрөгийн цалин хөлстэй талаар тусгагдсан, 2023.01.01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан байна. Нас барагчийн дээрх орлогыг гэр бүлийн 6 гишүүнд хуваахад 1 хүнд 70,000 төгрөг ногдож байна. Нэхэмжлэгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 500,000 төгрөг авч байх тул зөрүү төлбөр олгох үндэслэлгүй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд нэмэгдэж 660,000 төгрөг болсон боловч зөрүү гараагүй байна.

15.4. Иймд нэхэмжлэгчийн энэ шаардлагын хүрээнд хариуцагчаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй, харин цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж, уг хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасаж зөрүү гарсан үед баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

16. Хоёр шатны шүүх  гэмт хэргийн улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 122,760,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй байв.

16.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг  “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчилсөн, харин уг заалтыг буцаан хэрэглэх талаар заагаагүй учир  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар буцаан хэрэглэхгүй.

16.2. Хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023.07.01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.

16.3. Хохирогч Э.М 2020.07.12-ны өдөр нас барсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбоотой хэсгийг 2 шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З-гийн гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. ...” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

17. Нэхэмжлэгч Ш.Х нь С.О-д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Т.Э, О.З нараас эрх зүйн туслалцаа авч, гэрээ байгуулсан, өмгөөллийн хөлс төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа боловч энэ нь уг зардлыг эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд тооцон гаргуулах үндэслэл болохгүй байна. Нэхэмжлэгч нь С.О нь хэргээ хүлээхгүй байсан учраас эрх зүйн туслалцаа авахаас аргагүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн хохирол төлж байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг зардлыг зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.О-гоос 14,238,644 (13,500,000 + 783,644)  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 226/МА2024/00008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 157/ШШ2024/00015 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5-д тус тус зааснаар хариуцагч С.О-гоос 14,238,644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153,809,558 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.О-гоос тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай Ш.Х-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “351,868” гэснийг “229,143” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.Х-гийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                      Н.БАЯРМАА

                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД