Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 109

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0092/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Энхзул,

Иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000176 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 30 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, исгэлтийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн  хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь "НИК" ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа "Жимс ногоо" шатахуун түгээх станцын түгээгчээр 2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа нийт 29 610 810 төгрөг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Би ***ХХК-ийн Дархан салбарын Орхон суман дахь Жимс ногоо шатахуун түгээн станцад түгээгчээр анх 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажилд орсон. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд доод тал нь 3 хоногоор ажилладаг эсхүл 5 хоногоор ажиллаад ээлжээ солилцдог байсан. Өөрсдөө гарааныхаа өдрийг хоорондоо ярьж тохирдог байсан. Ээлжээс буугаад бэлэн мөнгөөр орсон орлогоо банкинд тушаагаад, миллээ таслаад тооцоог хийнэ, харин картаар борлуулсан тооцоог өөрийнхөө гарааны хугацааны сетлементийг нь пост машинаас хэвлэж гаргаад эрхлэгчид өгөөд буудаг байсан. Тооцоо тайланг эрхлэгч *** болон түүний дараа эрхлэгч болсон ***г нар нь хариуцан гаргаж өгдөг байсан. Би тайлан тооцоо руу нь огт оролцдоггүй байсан.

...*** виза картаар борлуулагдсан тооцооны хуудас хэвлэгдэхгүй байна гэсэн тохиолдол байхгүй. Хэзээ хэвлэмээр байна тухайн үедээ холбогдох товчлуурыг нь дараад сетлемент хуудсыг хэвлэж авдаг. Ээлжээ хүлээлцэж буухдаа өөрийнхөө гараан дээр *** виза картаар борлуулсан шатахууны нийт үнийн дүнг сетлемент баримтаар хэвлээд эрхлэгчдээ буюу ***г болон Аптантуяа нарт гаргаж өгдөг байсан. Энэ талаараа би сетлементийнхээ дүнг бичээд эрхлэгч нараар гарын үсэг зуруулаад явсан дэвтэр надад байгаа. Энэ дэвтэрээ авчирч өгье.

...Би өглөө ээлжээс буухдаа ээлжээ өгч байгаа хүнтэйгээ хамт яваад шатахууны миллийн заалтуудаа 2 талаасаа харж хянаад аль нэг нь заалтыг нь тэмдэглээд мөн ээлжиндээ *** банкны виза картаар борлуусан гүйлгээний дүн болох сетлементийг ПОС машинаас хэвлэж аваад, мөн бэлэн мөнгөөр орсон орлогынхоо мөнгийг тоолж хүлээлцээд нэхэмжлэлээр байгууллагад борлуулсан нэхэмжлэлийн хуудасны дүнгээ тэмдэглээд ээлжээ хүлээлцдэг. Ингээд ээлжиндээ бэлэн мөнгөөр орсон орлогоо буухдаа банкинд аваачиж НИК-ийн өөрийнх нь дансанд тушаагаад квитанцыг нь эрхлэгчид аваачиж өгөөд буудаг байсан. ***г, *** нарын хэн хэнтэй нь дээрх байдлаар адилхан би ээлжээ хүлээлцдэг байсан. Эрхлэгч бид 2 ээлж солилцохдоо хүлээлцсэн миль болон, картын дүн, бэлэн мөнгөний дүнгээ тавьж тухайн бүртгэлийг эрхлэгч миний өмнөөс бүртгэж өгдөг байсан. Тэгээд би хараад гарын үсэг зурдаг байсан.

...Би байгууллагаасаа тодорхой хэмжээний мөнгө авсан боловч 29 000 000 төгрөгийг бүхэлд нь аваагүй. Би тооцоо хийдэггүй. Харин эрхлэгч тооцоо хийдэг байсан. Би тайлан гаргаж байгаагүй. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Байгууллагыг хохиролгүй болгож өгнө” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 218, 220-222, 4-р хх-ийн 130-131/,

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Энхзулын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***ыг манай “НИК” Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа Орхон суман дахь Жимс ногоо ШТС-д түгээгчээр 2014.01.03-ны өдөр ажилд авч 2016.02.18-ны өдөр ажлаас чөлөөлсөн. ...Орхон сум дахь Жимс ногоо ШТС-д *** банкны виза карт уншигч машин болох КР005057 дугаартай терминал суурилагдсан. Энэ хугацаанд шатахуун түгээх станцын 2 түгээгч өөрийн ээлжинд гарч байх хугацаандаа борлуулсан шатах тослох материалыг бэлэн мөнгөөр худалдаалсан тохиолдолд мөнгийг бэлнээр болон бэлэн бусаар буюу картнаас татаж борлуулсан бол карт уншигч машин болох *** банкны 55410000000949 дугаар бүхий виза картны түр дансруу уншуулж тооцоог хийж, уншигч машинаас татагдсан мөнгөн дүнгийн баримтаар бэлэн бус тооцоог тооцуулах ёстой. Тухайн сарын ШТС-уудын тооцоо тооллогыг сарын тэдний өдрөөр тасалж тооцъё гэсэн салбарын захиргааны гишүүдийн шийдвэр гарч тухайн сарын тооцоог тодорхой өдрөөр тасалж ШТС-уудыг сарын тооллого тооцоог би хийдэг байсан. Тухайн сарын тооллого хийхэд ШТС-н түгээгч эрхлэгч нар нь тухайн сардаа борлуулсан шатахуун тослох материалын тооцоо тайланг гаргаж өгөхдөө *** банкны виза картын борлуулалтын задаргаа тайлан, бэлэн мөнгөөр борлуулсан тайлан үүнийг банкинд тушаасан баримтуудаар, төсвийн байгууллагын төлбөр шилжүүлгийн баримтууд зэргээр задалж тооцоо тайлан гарган өгч үүгээр нь бид тулгаж тооллого хийдэг байсан.

Гэвч Жимс ногоо ШТС-ын картаар хийгдсэн гүйлгээний мөнгө нь зөвхөн тусдаа КР005057 дугаартай терминал машины дээрх **** дугаартай түр дансанд байж байгаад 1-2 хоногийн дараа *** банкны “НИК” ХХК-ийн **** дугаарын нэгдсэн дансанд төвлөрч татагддаг. Ер нь ШТС бүр тус тусдаа түр дансанд картын гүйлгээний орлого орж ирээд 1-2 хоногийн дараа нэгдсэн дансанд татагддаг. Тэгэхээр энэ нэгдсэн дансанд манай салбарын харъяа 18 ШТС-ын картаар борлуулагдсан шатахуун, тослох материалыг үнэ бүгд төвлөрдөг тул ШТС-н сарын тооцоо тооллого хийж байхад тооцоо тасалснаас хойш дараагийн 1-2 хоногийн хугацаанд 18 станцаас картаар борлуулагдаж байгаа гүйлгээний мөнгө автоматаар тус дансанд татагдан орж ирээд дутагдсан эсэхийг тогтоох боломжгүй байдаг байсныг мэдэлгүй явсаар 2015 он дуусч оны тооцоог хийгээд /2015 оны балансаар/, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллагын **** данс *** банкнаас авлагатай гарч ирсэн. Ингээд гайхаад 2015 оны бүх ШТС-уудад уншигдсан бүх картын тооцоо гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар *** банкнаас гаргуулан ШТС-уудын тооцоотой тулгаж үзэхэд зөвхөн “Жимс ногоо” ШТС дээр 29 041 010 төгрөгийн дутагдал гарч ирсэн.

Эдгээр тооцоог гаргахад би *** банкны” Жимс ногоо” ШТС-ын виза картны түр данс болох **** дансанд өдөр бүр уншигдсан гүйлгээний дүнг *** банкнаас албан бичгээр хандан гаргуулан авахуулж тооцоог нийлж үзэж байж дээрх дутагдлыг илрүүлсэн болно. ...***г, *** нар нь хоорондоо ээлж солилцохдоо өөрсдийн гарсан ээлжиндээ картаар борлуулалт хийсэн нийт гүйлгээгээ карт уншигч машинаас баримтаар хэвлэн гаргаж ээлжээ солилцох ёстой. Гэвч ээлж солилцохдоо тухайн ээлжинд картаар борлуулсан нийт гүйлгээний баримтаа /сетлемент баримт гэж нэрлэгддэг/ хэвлээд тухайн нийт гүйлгээний баримтын дүн бүдэг хэвлэгдсэн тохиолдолд гараар дээрээс нь үзэг бал, харандаагаар өөрсдөө засч тодруулж дүнг өсгөж бичээд бэлэн мөнгөөр хийсэн гүйлгээний мөнгөнөөс сетлемент баримтыг засч өсгөж бичсэн өсгөсөн дүнгээр хувьдаа авч завшсан байгаа юмаа. Эсхүл ***, ***г нар нь карт уншигч машинаас хэвлэгдсэн баримтаас дүнтэй хэсгийг нь доороос нь хайчилж эсхүл дүн гаргасан хэсгийг нь гараар урж тасдаж авч, эхсүл норгож баллаж тайланд хавсаргаж өгсөн байсан. ...***г, *** 2 нь төрөл садан хүмүүс юм байна лээ. ...Манай ШТС-н бүх салбарын түгээгч нар ээлжээ хүлээлцэхдээ 05, 01, 07 гэсэн бүртгэлүүд хөтлөгддөг. 05, 07 бүртгэл дээр тухайн түгээгчийн ээлжиндээ борлуулсан шатах тослох материалын борлуулсан литр, харин 01 бүртгэл дээр тухайн түгээгчийн ээлжиндээ борлуулсан шатах тослох материалын үнийн дүн нь хэрхэн борлуулагдсан тухайлбал бэлэн мөнгөөр, *** виза картаар, эсхүл төсвийн байгууллагад нэхэмжлэлээр алинаар ямар дүнгээр борлуулагдсан талаар дэлгэрэнгүй байдлаар хөтлөгддөг.

***г, *** нар нь ч гэсэн ээлжээ хүлээлцэхдээ эдгээр бүртгэлийг бүртгэж ээлжээ хүлээлцсэн байдаг. Мөн ээлж хүлээлцэхэд шатахууны миллын “+” заалтыг шатахууны ангилал бүрээр 05 бүртгэл дээр бүртгэж ээлжээ хүлээлцдэг болно. 01, 05, 07 бүртгэлүүдийг ээлж солилцож байгаа 2 түгээгч хоёулаа хамт байж хөтөлж бие биедээ хяналт тавьж тооцооны дүнгийн тэмдэглэгээн дээр гарын үсгээ зурж баталгаажуулж хүлээлцэж буух ёстой. Эрхлэгч түгээгч ***г хувьд Жимс ногоо ШТС-ын Дархан салбартаа гаргаж өгч байгаа тооцоог хариуцан гаргаж өгдөг байж болно. Гэвч *** банкны визагаар борлуулсан борлуулалтын сетлементийн зассан дүн нь 01 бүртгэл дээр тэр чигээрээ бичигдэж 2 түгээгч хоорондоо ажил хүлээлцсэн байдаг. Тэгэхээр ажил хүлээлцэхдээ ***г, *** 2 хамт байж шатах тослох материалын миллын заалт, мөн бэлэн болон бэлэн бус гүйлгээний дүнг бичиж ажил хүлээлцдэг. Тэгэхээр ***ы картаар борлуулсан сетлемент баримтын дүнг өөрөө засаагүй, ***г ***аас сетлемент баримтыг авсны дараа зассан байх боломжгүй, анхнаасаа ээжлээ хүлээлцэх бүртээ виза картаар борлуулсан ПОС машины сетлементийн баримтын зассан үнийн дүнтэй ажил хүлээлцэх үед картаар гэсэн хэсэгт бичигдсэн үнийн дүн 2 тохирч байна. Тэгэхээр ***ы картаар борлуулсан сетлементийн үнийн дүнг сүүлд ***г зассан байх боломжгүй. *** ээлж буухдаа л сетлементийн үнийн дүнг засч ээлжээ хүлээлцсэн, эсхүл ***г, *** 2 хамт байж ажил хүлээлцэхдээ сетлемент баримтын дүнг нийлж засаад 01 бүртгэлд картаар хэсэгт бичиж хүлээлцсэн байх магадлал өндөртэй юм.

...Манай байгууллагын ПОС машинтай 18 станцын *** виза картаар уншигдсан мөнгө ПОС машины түр данс бүрт /станц бүр тус тусдаа түр данстай, станц бүр ПОС машины терминал кодтой, жишээ нь Жимс ногоо станц л гэхэд ПОС машины терминал код КР005057, 1-2 хоног байж байгаад НИК-ийн *** визаны *** дансанд бүгд татагддаг ба нэг станцыг тоолж байхад дахин нөгөө станцын татагдсан дүн нэмж орж ирээд дутагдал нь илрэхгүй явсаар ийм дутагдалд хүрсэн байна.

***ы хувьд саван дахь шатахууны дутагдал байхгүй. Харин виза картны болон бэлэн мөнгөний орлого авч хэрэглэж байгаад ийм хэмжээний өр үүсгэсэн. 2 дугаар хавтаст хэрийн 239-241 дүгээр талд ***ы баримт завсарлаж байсан талаар баримт байгаа. Виза картны жагсаалт дээрх үнийн дүнг нэгтгэхэд бусад баримттай тулах ёстой. Энэ станцын зарим баримт засвартай ирдэг байсан. Бид үүнийг нь эрхлэгч нь тодруулсан байна гэж ойлгодог байсан. Учир нь виза картны баримт удахаараа тоо нь бүдгэрдэг. Манай байгууллага хараа хяналт муу тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Түгээгч 230.000 төгрөгийн цалинтай. Шатахууны 1 литрийн 6 төгрөгийг түгээгчид олгодог байсан. Нэг удаа *** дээр Онцгой байдлын газраас гадна цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй байна гэсэн үндэслэлээр 960.000 төгрөгийн торгууль тавигдсан байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 16-19, 4-р хх-ийн 117, /,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...***ыг тухайн үед Жимс ногоо ШТС-ын эрхлэгч *** гэдэг хүнээр судлуулж тус станцад түгээгчээр 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн салбарын дарга Б.Зоригоогийн тушаалаар ажилд авсан. ***тай хөдөлмөрийн гэрээг 2014.01.08-ны өдөр Б.Зоригоо дарга байгуулсан. 2015.05.01-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунган байгуулсан. ...*** нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт ажлын 16 хоног амрахаар хувиар гарсан байна. Энэ хугацаандаа амарсан эсэхийг мэдэхгүй байна. ээлжийн амралтын хуваарь, тушаалд тухайн ШТС-ын эрхлэгч нар хяналт тавьдаг юм. ...Надаас *** нь ээлжийн амралтыг график зөрчөөд 2015.08.01-ний өдрөөс амарч байна гэх зэргээр ямар ч байдлаар хэлж мэдэгдээгүй зөвшөөрөл авсан зүйлгүй. Тэгээд хар у***аар үзэхэд *** бол бүтэн нэг сар амрах ёсгүй. Ажилласан жил нь ***ы хувьд бага учраас хөдөлмөрийн тухай хуулинд  заасан 15 хоног дээр амралтын 2-4 хоногийг нэмээд ажлын 17 хоног л амрах ёстой юмаа. ...***г, *** нарыг хоорондоо хамаатан садан гэдийг нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Энэ байгууллагад би 2013 оны 08 сараас 2016 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байхдаа 2015 онь 07-08 саруудад салбарын харъяа ШТС-уудын *** виза картаар борлуулсан борлуулалтын байдалд түр хяналт тавьж ажиллаж байсан. Энэ хугацаанд Жимс ногоо станцын 07 сарын *** виза картын тооцоо тайланд хавсаргасан ПОС машинаас хэвлэгддэн сетлемент баримтуудын дүн болон орон засвартай байсан. Мөн нэг өдрийн картын борлуулалтын сетлемент баримт тооцоо тайланд байхад тэр өдрийн картын гүйлгээний баримт өөр буюу дараагийн өдрийн баримтад дахин нааж /задгай хэлбэрээр/ өгсөн байх жишээтэй байсан. ...Ихэвчлэн ***ы ээлжийн баримтууд засвартай байсан тул түүний цалинг өгөхгүй 11 сард байхаа цалинг нь түр олгохгүй хойшлуулахад *** салбар дээр ирээд цалингаа явъя гэсэн. Тэгэхэд нь ***аас танай картын тайланд хавсаргасан сетлемент баримтын дүн яагаад завсартай байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй эрхлэгч мэднэ. ***гээс асуу гэж хэлээд явсан. Сетлемент баримтуудыг нийлбэр дүнтэй доод хэсэг нь байхгүй ураад авсан юм уу гэмээр тэгээд дээд хэсэгт дүнг нь гараар бичсэн, эсхүл нийлбэр дүнгийн оронг засах нэмэх байдлаар гараар тодруулж бичсэн баримтууд тайландаа нааж хавсаргаж өгсөн байсан. Сетлемент баримт дээр засаж гараар тодруулж бичсэн дүн нь картын борлуулалтын тайлангийн дүнтэй тааруулж засч бичсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/,

Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...ажил хүлээлцэхдээ би ***тай ч тэр ***г ч тэр 01, 05, 07 бүртгэлээр шатах тослох материалын миллийн заалт, ээлжинд борлуулсан шатахуун тослох материалын *** виза картны ПОС машины сетлементийн баримтыг хэвлэж орлогын бэлэн мөнгө, байгууллагад нэхэмжлэлээр борлуулсан баримт зэргээ харж явж үзэж бүртгэлийн дэвтэр бүртээ бүртгэж дуусаад ээлжнээсээ буудаг байсан. ...Ээлж хүлээлцэхдээ ***, ***г нарын хэнтэй нь гэсэн би хамт явж бие биедээ хяналт тавьж байгаад сетлемент баримтаа ПОС машинаа хэвлээд миллээ давхар харж үзээд, бэлэн мөнгөний орлогоо тоолох гэх зэргээр ээлжээ хүлээлцдэг байсан. Дангаараа ээлжнээсээ бууна, ээлжээ солино гэсэн зүйл огт байхгүй. Нэгэнт бие биедээ өрөнд орохгүйн тулд ээлжээ солилцохдоо бүхий л тооцоо тооллогоо хамт тулгаж үзэж бие биедээ хяналт тавьж бичиж тэмдэглээд хүлээлцдэг байсан. ...***тай ээлж хүлээлцэх үед сетлемент баримтыг зассан тохиодолд надад илэрсэн. Сетлементийн дүн засагдсан байсан учир тухайн өдрийн картын гүйлгээ бүрийн задгай биллийн баримтыг ***аас шаардахад ***ы надад өгсөн задгай баримт нь сетлементийн дүнтэйгээ дутсан. Ингээд баримт дутаж байна гэхээр *** надад “Алтай эгчээ өө яана аа би хүүхдийнхээ цүнхэнд баримтуудыг хийгээд байсан чинь алга болсон байна шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Ингээд би засвартай байгаа сетлемент баримтын талаар салбарын нягтлан Гантуяа, Энхзул нарт хэлэхэд шалгаж үзнэ гээд тухай бүрт нь шалгаж өгөөгүй.

....*** 2015 оны 08 сарын 01-ний өдрөөс амарсан. ***ыг ээлжийн амралттай байхад төвөөс ***гийг ажиллуул гээд ***г ***ы оронд ээлжинд надтай зөрж гарч байсан. *** 2015.09.01-ний өдөр ажилд орсон. ***ыг ээлжийн амралттай байхад ***г өвдөөд нэг удаа *** өөрөө ирж ***гийн оронд ээлжинд гарч өгсөн байдаг.

*** бичиг үсэг муутай гээд өөрөө надтай хамт милл бүх заалтаа хараад орлогын мөнгө болон сетлементийн дүн зэргээ бүртгэл дээр намайг бичиж байхад 1 талаасаа хараад бие биедээ хяналт тавиад явдаг байсан. Харин өөрсдийн ээлжийн орлогын бэлэн мөнгөө өөрсдөө банкандаа аваачиж тушааж баримтаа өгдөг байсан.

...Надад 2015 оны 08 сард надад 200.000 төгрөг хэрэг болоод зээлэх хүн байна уу гэхэд *** надад нилээд уриалгахан “Хүүтэй мөнгө зээлдэг хүн би мэднэ та мөнгө зээлэх юм уу” гэхээр нь би зээлье гэсэн. Маргааш нь *** надад хүүтэй мөнгө байна та зээлэх үү гэхээр нь би хүнээс асуугаад мөнгө олчихсон байсан тул хэрэггүй ээ эгч нь мөнгө авахгүй гэж хэлээд аваагүй юмаа. Намайг ажлаас гарсны дараа Жимс ногоо ШТС-д ***ы дараа түүний ажлыг авсан түгээгч хүүхэн болох *** над руу ярихдаа Орхоныхон надаас орлогын мөнгөнөөс хүүтэй мөнгө зээлэх үү гэж асуугаад надад юу байдаг юм болохгүй гэхээр сүртэй юм танай хуучин ажиллаж байсан *** орлогын мөнгөнөөсөө өндөр хүүтэй мөнгө зээлдэг л байсан гэж надад хэлж байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24, 4-р хх-ийн 122-123/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хүмүүс манай ажил дээр надтай ирж уулзаад ...мөнгө зээлээч гэж ирсэн. Тэгэхээр нь би байгууллагын мөнгө болохгүй гэж хэлсэн. Саруул гараад явсны дараа манай түгээгч *** эгч сүртэй юм бэ урьд нь *** байхдаа мөнгө зээлээд өгч аваад болоод байдаг байсан гэхээр нь би *** гэдэг түгээгчдээ байгууллагын мөнгөнөөс хүнд мөнгө зээлж ёстой болохгүй шүү, асуудалд орно шүү гэж хэлж захиж байсан юмаа. Намайг байхад 2 ч хүн орлогынхоо мөнгөнөөс мөнгө зээлчихээч гэж ирж байсан удаа байгаа. Тэгэхээр би бодохдоо ***ыг шатахууны орлогын мөнгөнөөс хүмүүст зээлдэг учраас ***ыг ажлаас гарсан, намайг шинээр ажилд орчихоод байхад хүртэл надаас байгууллагын орлогын мөнгөнөөс зээлье гэсэн санал тавиад ирж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 27/,

Гэрч Ж.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 2016 оны он сар өдрийг нь санахгүй байна өглөө ээлжээ авах гээд ажилдаа ирэхэд манай эрхлэгч *** нь надад хүн мөнгө зээлээч гэж ирсэн тэгэхээр нь эрхлэгч би мөнгө зээлэхгүй мөнгө байхгүй гэж хэлсэн чинь юун сүртэй юм бэ урд нь танайд ажиллаж байсан Ш.***г, *** нар орлогоосоо зээлүүлээд болдог байсан шүү дээ гэж хэлж ярьсан байсан... Тэгээд манай эрхлэгч надад хэн нэгэн хүн орлогын мөнгө төгрөг зээлээч гэж хүрч ирж асуух юм бол битгий өгөөрэй зээлдүүлж болохгүй шүү гэж захисан юм. Харин манай эрхлэгч дээр мөнгө зээлүүлээч гэж хүн ирсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... ***ы хувьд хааяа “Түр мөнгө зээлүүлээч, шалгалт ирэх гээд байна” гээд мөнгө авч байсан. Дээд тал нь 100.000 төгрөг авч байсан. Тэгээд удаахгүй өгдөг байсан. Би нэхээд авдаг байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 124-125/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай банканд “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбараас 2016.04.15-ны өдрийн 1/170 дугаартай албан бичгээр хандаж “НИК” ХХК-ийн харъяа Дархан-Уул аймгийн Орхон сум дахь ШТС-д суурилуулсан ПОС машины 2015.03.27-ны өдрөөс 2015.12.28-ны өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулгыг авах хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон суманд байх “НИК” ХХК-ийн харъяа “Жимс ногоо” шатахуун түгээх станцад суурилуулсан ПОС машины /терминалын дугаар КР005057/ 2015.03.27-2015.12.28-ны өдрийн дансны гүйлгээг *** банкны мэдээллийн баазнаас терминалын дугаараар татаж хэвлэж өгөхөд нийт 28 хуудас болж байсан. Энэ хуулгыг би өөрөө мэдээллийн баазаас татаж хэвлэсэн тул хуулганы нүүр бүр дээр өөрийнхөө албаны тэмдэг, гарын үсгийг зурж баталгаажуулж өгсөн.

Манай банкны *** дугаарын данс бол “НИК” ХХК-ийн Дархан салбарын харилцах данс юм. Энэ дансанд ямар дугаартай терминалаас хэзээ ямар хэмжээний гүйлгээ хийгдсэн байдал нь манай банкны мэдээллийн баазад анх данс нээгдсэн цагаасаа хойш мэдээлэл бүгд хадгалаатай байдаг.

“НИК” ХХК-ийн Дархан салбарын ПОС машин суурилагдсан станц бүр тус бүрдээ түр данстай. Энэ түр данснууд өөр хоорондоо давхцахгүй. 2015 оны 09-р сард манай банкинд картын системийн шинэчлэл хийгдэхээс өмнө ПОС машин *** визагаар уншигдсан гүйлгээ бүр тухайн ПОС машиныхаа түр дансанд байршиж байгаад тухайн өдрөө эсхүл тухайн өдөр *** банкны дансны гүйлгээний хаалт хийгдсэн бол гүйлгээ хийсэн өдрийнхөө огноо цаг минуттай харагдах мөртлөө маргааш нь *** дансанд татагдаж ордог. Гэхдээ манайхаас гарч байгаа дээрх дансны хуулган дээр бол яг картаар тооцоо хийж, карт уншигдсан он, сар, өдөр, цаг, минут, секундээрээ нарийвчлан харагддаг учраас чанарын хувьд ялгаа байхгүй... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/,

Шинжээч Ц.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Шинжилгээг би “НИК” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт болон ***, Ш.***г нарын өөрсдийн “***“ХХК-ийн Дархан салбартаа гаргаж өгсөн санхүүгийн тайлан, “***” банкны “НИК” ХХК-ийн Орхон сумын “Жимс ногоо” ШТС-д суурилуулсан КР005057 дугаартай терминал машины *** дугаартай түр данснаас *** банкны “НИК” ХХК-ийн *** дугаарын дансанд төвлөрч татагдсан дансны хуулга, ***, Ш.***г нарын “НИК” ХХК-ийн Дархан салбартаа өөрсдийн гаргаж өгсөн шатахуун тослох материалыг тайландаа хавсаргасан терминал машинаас хэвлэгдэн гарсан гүйлгээний баримтууд зэргийг шинжлэн судалж, тооцож дүгнэлтээ гаргасан.

...Миний дүгнэлтээр *** нь 2015.04.01-ний өдрөөс 2015.12.14-ний өдрийн хооронд нийт 52 удаагийн үйлдлээр бүгд 26.603.360 /хорин зургаан сая зургаан зуун гурван мянга гурван зуун жар/ төгрөг, харин Ш.***г 2015.08.03-аас 2015.12.15-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр бүгд 2.437.650 /хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга зургаан зун тавь/ төгрөгийг дутааж ашигласан байдал нь тогтоогдсон болно.

Гэхдээ би дүгнэлтэндээ энэ 2 хүний дутагдлыг саячилсан байдлаар бүхэлчилж бичсэн ба дүгнэлтийн хавсралтдаа дутагдлын дүнг бүхэлчлээгүй, задгай байдлаар тусгасан байгаа болно. Тэгэхээр Ш.***г, *** нар нь өөрсдийн дутагдлаа дүгнэлтийн хавсралтад заасан дүнгээр тус бүр хариуцах ёстой юмаа” гэх дүгнэлт /3-р хх-ийн 198/,

Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт Аудитын газрын санхүүгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 23-05-16/03 дугаартай “...НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбараас Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах Жимс ногоо Шатахуун түгээх станцын түгээгч ***г нар нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, эд хариуцагчийн эрх үүргийн дүрмийг зөрчсөн зөрчил гаргаснаас шалтгаалан тус компанид 29.0 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт дутагдал 29.0 сая төгрөгөөс 26.6 сая төгрөгийг Цэрэндуламын ***, 2.4 сая төгрөгийг Шаргаагийн ***г хариуцах нь зүйтэй.” гэх дүгнэлт /3хх-ийн 191-197/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны 196 дугаартай “Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан 23-05-16/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах Жимс ногоо ШТС-ын 2015.03.28-2015.12.28-ныг хүртэлх хугацааны санхүүгийн баримтаар тус салбарын борлуулалт орлого 498,434,360.00 төгрөг байна. Борлуулалтын орлогоос бэлнээр орлогыг банканд тушаасан 378,074,190.00 төгрөг, *** банкны КР005057 ПОС машины дансны хуулгаар 61,148,650 төгрөгийн орлого орж, зээл болон Петровисын картаар 30,170,510 төгрөгийн шатахуун борлуулж, зөрүү 29,041,010 төгрөгийн дутагдал гарсан.

...Шинжилгээгээр Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах Жимс ногоо ШТС-ын баримтаар “НИК” ХХК-д 2015.03.28-2015.12.28-ны хооронд нийт 29,041,010 төгрөгийн хохирол дутагдал гарсан байна. Үүнээс *** нь 26,603,360 төгрөгийг, Ш.***г нь 2,437,650 төгрөгийг дутагдуулсан байна...” гэх дүгнэлт /5-р хх-ийн 71-86/,

Орхон суман дахь *** банкны КР005057 ПОС машины хуулга /1-р хх-ийн 41-68/, ***ы гаргаж өгсөн борлуулалтын тайлангийн хуулбарууд /1-р хх-ийн 70-78/, Жимс ногоо ШТС-ын зөрүүтэй гарсан *** виза картны орлогын тооцоо, баримтууд /2-р хх-ийн 111-250, 3-р хх-ийн 1-115/, ***ыг Жимс ногоо ШТС-д түгээгчээр ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, /3-р хх-ийн 229-240/, Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /4-р хх-ийн  103-106/, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 101-102/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4-р хх-ийн 107-109/, ***ы 2015 онд авсан цалингийн жагсаалт /4-р хх-ийн 144/, ***ы *** банк дахь *** тоот дансны хуулга /4-р хх-ийн 232-250, 5-р хх-ийн 01-05/, ***ы *** банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний хуулбар /5-р хх-ийн 06-13/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ял шийтгэлгүй /3-р хх-ийн 226/ гэх болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь ***ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа Жимс ногоо шатахуун түгээх станцын түгээгчээр  2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа   нийт 29 610 810 төгрөгийг завшиж их хэмжэээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч ***, хохирогч байгууллагын төлөөлөгч *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *** /1-р хх-ийн 20-21/, *** /1-р хх-ийн 22/, Д.*** /1-р хх-ийн 23-24, 4-р хх-ийн 122-123/, *** /1-р хх-ийн 27/, Ж.*** /1-р хх-ийн 29/, *** /4-р хх-ийн 124-125/, *** /1-р хх-ийн 35-36/, шинжээч Ц.Оюунбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 198/, Дархан Уул аймгийн санхүүгийн хяналт Аудитын санхүүгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 05 ны өдрийн 23-05 16/03 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 191-197/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт /5-р хх-ийн 71-86/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар 100 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг дэвтрийг хэргийн хадаглах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт шүүхэд ирээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан 29 610 810 төгрөгийг "НИК" ХХК-ний Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа "Жимс ногоо" шатахуун түгээх станцад олгох нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч ***ы эзэмшлийн 5 ханатай монгол гэр, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай хуучин хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг аж ахуйн нэгж, байгууллагын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан өмчийг завшиж  үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар шүүгдэгч ***аас 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 5 жил 1 сар хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч ***аас 29 610 810 /хорин есөн сая зургаан зуун арван мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж хохирогч "НИК" ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харъяа "Жимс ногоо" шатахуун түгээх станцад олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ы эзэмшлийн 5 ханатай монгол гэр, Хятад улсад үйлдвэрлэсэн 2 хаалгатай хуучин хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.БАТТУЛГА

                     ШҮҮГЧИД                 Т.ЭНХЖАРГАЛ

                                                       Т.БАТЖАРГАЛ