Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 219

 

Ц.От-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Х.Батчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол,

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар магадлалтай 201609000176 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Баттогтох нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Бо овогт Ц.От- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Аж ахуйн нэгж, байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.От-ыг аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан өмчийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.От-аас 29.610.810 /хорин есөн сая зургаан зуун арван мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж хохирогч “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа “Жимс ногоо” шатахуун түгээх станцад олгуулахаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.От-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Алтанзаяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь заалтад заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд нийт 29.610.810 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гарсан байдаг. Тухайн үед Ц.От- нь түгээгчээр, Д.А-, Ар- нар нь бензин түгээгүүрийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд түгээгч, эрхлэгч нар нь тооцоо нийлүүлэн орлогоо “НИК” ХХК-ийн дансанд тушаадаг ба Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн газрын нягтлан бодогчид ажлын хариуцлагагүй, хяналт шалгалт хийгээгүйгээс болж байгууллагад их хэмжээний хохирол учирсан байдаг. Шүүгдэгч Ц.От- нь учруулсан хохирлоо бүрэн барагдуулхаа шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж үйлдсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаа. Мөн түүний асрамжид бага насны хүүхэд болон 11 настай байдаг. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.8, 55.1.9 дэх заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл тогтоогдсон атал шүүх хохирол төлбөр барагдуулаагүй гэх үндэслэлээр дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүй байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүгдэгч Ц.От-ы эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг жагсаан бичиж түүнийг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй, шүүхээс хэрэгт хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 294 дүгээр зүйлийн 294, 295, 296, 297-д заасан хуулийн заалтыг зөрчсөн байна. Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт Аудитын санхүүгийн шинжээчийн 16/03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нийт хохирол 29.041.010 төгрөгийг тогтоосон байдаг. Үүнээс шүүгдэгч Ц.От- 26.603.360 төгрөгийг, Ш.А- нь 2.437.650 төгрөгийг тус тус дутагдуулсан гэж тогтоосон байхад шүүх шүүгдэгч Ц.От-ыг 29.610.810 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг зөрчсөн, шүүх хохирлын хэмжээг буруу дүгнэсэн байна.

Мөн засвар хийсэн баримтууд дээрээс харахад яг хэний гарын үсэг, бичгийн хэв байсан, тухайн өдөр ямар хүн банканд орлогын гүйлгээ хийсэн зэргийг камерын бичлэгт үзлэг хийх, мөн засвар хийгдсэн баримтууд дээрх бичгийн хэвийг шинжээчийн дүгнэлтээр нарийвчлан тогтоох байсан. Мөнгө тушаасан баримтад 26 удаа засвар хийсэн байдаг бөгөөд Ц.От-, Ш.А- нарын хэнийх нь бичилт байсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байдаг. Тус хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа анхан шатны санхүүгийн тайланг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл тус тайланг ШТС-ын эрхлэгч Алтантуяа, Ш.А- нар гаргасан нь өөрсдийн тайлбар, мэдүүлгээр нотлогддог.

Иймээс нэр дурдсан эрхлэгч нарыг шалгаж шийдвэрлэх шаардлагатай. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг нэг талыг барьж шийдсэн. /ЭБШХ-317.1.1/ Анхан шатны шүүх ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй /ЭБШХ-317.1.2/ хэрэгт чухал ач холбогдол бүхий байдлыг тогтоогоогүй /ЭБШХ-318.2.1/ дүгнэлтэд онцгой ач холбогдолтой баримтаас аль нэгийг нь авч, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэсллийг зааж өгөөгүй /ЭБШХ-319.1.3/ дээрх байдлыг тогтоогоогүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.6, мөн хуулийн 214 зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тодруулж чадсан эсэх зэргийг хяналтын прокурор бүрэн гүйцэд хянаж шалгаагүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315.1.2, 317 1.1, 317.1.2, 317.1.3, 318.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэсэн үйлдлээр зүйлчилж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол нь шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан. Шүүгдэгч нь ногоо тарьдаг бөгөөд жилд 15.000.000 төгрөгийн орлоготой. Мөн шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж бүгд холбогдох бичиг баримтуудыг хавсаргасан байгаа. Мөн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүүхэд өргөж авсан байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд 0-3 насны хүүхэдтэй эхийг хорьж болохгүй гэсэн заалттай бөгөөд шүүгдэгч Ц.От- нь тухайн зүйл заалтад хамаарч байгаа юм. Шүүгдэгч  Ц.От-ий хүүхэд нь одоогоор 1 нас 1 сартай. Иймд хяналтын шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Хэрэг нотлогдсон. Шинжээчийн 4 удаагийн дүгнэлтээр Ц.От-ы завшсан мөнгөний хэмжээ тогтоогддог, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүд ч үүнийг баталдаг. Энэ хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ялыг доош нь татах нь зүйтэй байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь 5 жилээс дээш 10 жил хүртэл хорих ялтайгаас гадна эд хөрөнгө хураах ялтай учраас шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ялыг шүүх эрх хэмжээний хүрээнд бууруулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь хохирол төлөгдөөгүй тул ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ц.От- нь “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа “Жимс ногоо” шатахуун түгээх станцын түгээгчээр 2015 оны 4 дүгээр сарын 01-ээс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа нийт 29.610.810 төгрөг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Ц.От-ыг аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэн хариуцуулсан өмчийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнээс 29.610.810 төгрөг гаргуулж хохирогч “НИК” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа “Жимс ногоо” шатахуун түгээх станцад олгуулахаар шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.От- нь Дархан-Уул аймаг дахь нефть хангамжийн салбарын харьяа “Жимс ногоо” шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос хувьдаа мөнгө завшиж, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд банкны карт уншигч “ПОС” машины биллийн үнийн дүнг давхарлан засаж, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн, орлогын дүнг буруу мэдээлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, тэрээр  2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 26.603.360 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 3.007.450 төгрөгийг, нийт 29.610.810 төгрөгийг завшиж, үрэгдүүлсэн буюу зөвхөн түүний өөрийн ээлжтэй өдөр дээрх дутагдал гарсан болохыг тогтоосон санхүүгийн шинжээчийн 23-05-16/03, 16/04 дугаартай дүгнэлтүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 196, 256 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй, түүнчлэн үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтохын гаргасан “Ц.От-ыг 29.610.810 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх хохирлын хэмжээг буруу дүгнэсэн, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэх, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон байх тул Ц.От-ы үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд Ц.От-ы үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Түүнчлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Эд хөрөнгө хураах” нэмэгдэл ялын төрөл хасагдсан бөгөөд уг ялын төрлийг бусад ялын төрөлтэй дүйцүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Ц.От-аас 100.000 төгрөг хураахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.7 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар магадлалд: “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.От-ы үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.От-аас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Г.Баттогтох нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР           

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН